Б.Чинзориг дэлхийн медальтан боллоо



Цаг хугацаа хурдан аж. Хоёрхон жилийн өмнө “Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг эхний тойрогтоо ялагдал хүлээхдээ “Хэлэх үг олдохгүй байна. Үнэхээр харамсалтай байна. Уучлаарай л гэж хэлье. Тактик бэлдэж гарч ирсэн боловч хоёрдугаар үед бага зэрэг тактикаа алдлаа. Та бүхнийхээ итгэлийг алдсанд уучлаарай” хэмээн уйлж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Аргагүй биз. Түүний 16 жилийн хөдөлмөр талаар өнгөрсөн учраас тэр. Тэгвэл тэр өнөөдөр Монголын спорт сонирхогчдыг баярлуулж, өөрөө баярын нулимс унагаж байна. Учир нь, сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа дахь удаагаа оролцохдоо ийнхүү медалийн болзол хангалаа. Илүү тодруулбал, зургаан удаа ДАШТ-ий рингэнд гарахдаа гуравт нь медалийн төлөө өрсөлдөж шалгарсны эцэст дэлхийн медальтан болж байгаа юм. 63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн оосроос атгаад буй. Б.Чинзориг боксын спортоор 18 жил хичээллэснийхээ үр шимийг өнөөдөр хүртэж байна. Шүүгчийн будилаан, мань хүний жижиг алдаанаас үүдэн өмнөх тэмцээнүүдэд санасандаа хүрч чадаагүй бол энэ удаад тэр зорилгоо биелүүлэв. Тэрбээр анх 2005 онд 13 настайдаа боксын спортод хөл тавьж, анхны гараагаа “Алдар” спорт хорооноос эхэлсэн түүхтэй. “Алдар” спорт хороонд сагсан бөмбөгийн секцэд явдаг байх үед найз Б.Гансүх нь боксоор хичээллэдэг байжээ. Найзынхаа бэлтгэлийг харахад түүнд бокс илүү сонирхолтой санагдсан тул сагсан бөмбөгөө орхиж ширэн бээлий өмсөхөөр шулуудсан байна. Энэ бол түүний замналын эхлэл. Энэ тухайгаа тэр ярихдаа “13 настай өсвөр үеийн хүүхдийг хөнгөн төрлийн спортоор төсөөлөх атал манай найз амь тэмцтэлээ бэлтгэл хийж, хэсэгхэн амрахдаа хэвтэж, жингээ хасахын төлөө маш их ачаалалтай, ядарч бэлтгэл хийж байв. Өсвөр насны хүүхдийг ингэтлээ өөрийгөө зовоох сонирхолтой байгааг өмнө нь хараагүй учраас боксоор хичээллэж үзмээр санагдсан юм. Бас авьяастай байсныг ч хэлэх үү, хичээллээд жил болсон найзыгаа гурван сарын дотор л зоддог болсон доо” хэмээн дурссан удаатай. Б.Чинзориг зөвхөн “зодолдоод” зогсохгүй тал бүрийн авьяастай, элдэвтэй нэгэн. Хөгжим ч тоглоно гээд бод. Олимп, дэлхийн аварга Н.Төгсцогт, Солонгост мэргэжлийн боксоор шуугиулж яваа М.Нандин-Эрдэнэ нарыг дасгалжуулсан Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлагад 18 жил бэлтгэл хийж буй тэрбээр дэлхийн аваргын анхны медалийн болзлоо хангасны дараа “Маш их баяртай байна. Өнгийг нь хувиргахын төлөө илүү их хичээх болно. Намайг үргэлж дэмжсээр ирсэн Монголын  ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй үргэлжлүүлэхийг хичээнэ” хэмээн товчхон сэтгэгдлээ хуваалцлаа. Тэр МУИС-ийн Эдийн засгийн ангид сурдаг байсан ч тэмцээн, уралдаанд оролцохын хажуугаар сурах хүндрэлтэй байсны улмаас төгсөж чадаагүй байна. Өдгөө 33 настай тэрбээр сагсан бөмбөг тоглох, амьд хөгжмийн тоглолт, сонгодог урлаг үзэх дуртай. Б.Чинзориг 2014 онд Армийн дэлхийн аварга болж, амжилтын гараагаа эхлүүлсэн. Тэрбээр энэ тухайгаа “Аваргын төлөө 2013 оны дэлхийн аварга Эвертон Лопестой тулалдсан. Хүндхэн тоглолтын эцэст шүүгчийн саналаар 3:2 харьцаагаар ялж байлаа. Лопес хүч багатай боловч, маш хурдтай, гүйцэгддэггүй онцлогтой тамирчин.  Нийт дөрвөн тоглолт хийснээс хамгийн хэцүү нь алтан медалийн төлөөх тоглолт байсан” гэж дурссан юм. Ширэн бээлийтэн маань бэлтгэлгүй үедээ амьд хөгжмийн тоглолт үзэх сонирхолтойгоос гадна сонгодог театрын үнэнч үзэгч гэнэ. Тэрбээр улсын есөн удаагийн аварга. Хамгийн сүүлд өнгөрсөн жил боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 67 кг-д олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй гал гарсан ширүүн тулаан хийснээр буулгаж авсан юм. Түүнд хожигдлууд нь хүнд тусдаг гэнэ. Өөрөө дурлаж бокст орсон хэрнээ орхих тухай ч бодож байсан гэдэг.

“Хүүхэд байхад маш их шантардаг байлаа. Үеийнхэн тоглоод л, амралт зугаалга, тоглоом гээд явна. Би чаддаггүй. Тэд нараас хоцроод байгаа юм шиг санагдана. Найзууд жаргаад байхад би энд зовоод гэж бодно. Тэгээд орхих тухай хүртэл бодож л явлаа. Харин шигшээ багт орсноос хойш шантарч байснаа санахгүй байна. Гэхдээ том хожигдлууд хүнд тусдаг даа. Байнга эерэг байж мэдээж чадахгүй. Ялагдаад хэд хоног гутарна. Өөрийгөө ажиглана. Өрсөлдөгчдийнхөө өмнөх тоглолтыг үзнэ. Гол оноо авч байгаа цохилтуудыг нь харж тактик боловсруулна.  Хэцүү санагдсан үеэ давах гэж хэд хоносны дараа буцаж бэлтгэлдээ ороод юун дээр алдсанаа эргэцүүлж, дахин алдахгүйн тулд бэлтгэлээ хийнэ. Тамирчин хүний гол сайжрах мөч бол энэ. Бага байхдаа тэмцээний өмнө сөрөг бодлууд их боддог байсан. Олон тэмцээнд ороод ирэхээр туршлагажаад сэтгэл зүйгээ хянаад эхэлдэг” хэмээн ярьж байлаа. Б.Чинзоригийг дэлхийн рингнээс медаль авахыг Монголын спорт сонирхогчид удаан хүлээсэн. Эцэст нь тэр зорилгоо биелүүлэв. Удаан хүлээлээ, түүнийг дэлхийн медальтан болохыг. Одоо олимп үлдэх шив.

Б.Чинзоригоос гадна Б.Мишээлт медалийн болзол  хангасан юм. Түүний өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальтай, өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө тулалдсан тамирчин. Б.Мишээлт ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн монгол боксчин болж байна. У.Мөнх-Эрдэнэ 2009, 2013 оны ДАШТ-д 64 кг-д медаль авсан бол тэрбээр энэ жил 67 кг-д медалийн болзол хангав. Улсын аваргад гурав түрүүлсэн тэрбээр 2019 онд Монголын боксын холбооны шилдэг тамирчин болж байлаа. Түүний хувьд 60 кг-аас 69 кг-руу жин өгсөж улсын аварга болж байсан авьяаслаг нэгэн. Манай хоёр тамирчны хувьд ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авчирлаа. Монголын боксчдоос П.Сэрдамба цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан гэдгээрээ онцлог. Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байжээ.

Эцэст нь, сонирхогчдын боксын ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Нийт 5.2 сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн арван тамирчин хүч үзэж буй. Мөн Орос, Беларусийн тамирчид оролцож буйгаараа онцлогтой. Тэднийг эсэргүүцэж АНУ, Канад, Герман, Их Британи, Украин, Дани, Шинэ Зеланд тэргүүтэй 21 улс орон тамирчнаа илгээгээгүй юм. Энэ удаагийн дэлхийн аваргын алтан медалийг 200 мянга, мөнгөн медалийг 100 мянга, хүрэл медалийг 50 мянган ам.доллар тус тус дагалдана.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 19 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө