Г.Ануужин: Төрийн дуулал эгшиглэхэд хүмүүсийн ачийг хариулж буй мэт мэдрэмж төрсөн



Спортоор хичээллэж, амжилт гаргана гэдэг амар ажил биш. Амжилт гаргахын тулд залуу насаа золиослохоос эхлээд олон зүйлийг хойш тавих хэрэг гарна. Гэхдээ тухайн тамирчин сонирхдог спортоо олж хичээллэнэ гэдэг аз жаргал юм. Энэ  удаагийн зочноор Монголын хүндийг өргөлтийн үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Ануужинг урилаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 

-Юуны түрүүнд баяр хүргэе. Азийн аваргад түрүүлсэн хоёр дахь тамирчин болж байна. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баярлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аваргад Гавьяат тамирчин М.Анхцэцэгийнхээ араас алтан медаль авсан хоёр дахь тамирчин болсондоо баяртай байна. 


-Олимпын эрхийн оноо өгсөн гэдгээрээ олон орон оролцсон, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Товчхон мэдээлэл өгөөд ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Олимпын эрхийн оноо цуглуулах ёстой дөрвөн тэмцээний нэг юм. Тэр утгаараа олимпод өрсөлдөхөөр зорьж буй бүх орны тамирчид оролцсон, өндөр чансаатай тэмцээн боллоо. Хэчнээн мундаг тамирчин байсан ч олимпын эрхийн онооны тэмцээндээ оролцохгүй бол Парисыг зорино гэсэн ойлголт байхгүй. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос “Заавал оролцох ёстой тэмцээн” гэж заасан учраас бүх улсын шилдгүүд цуглалаа. 400 гаруй тамирчин гэдэг их тоо. Чансаа өндөр, ширүүн өрсөлдөөнтэй байсан. Хүндийг өргөлтийн бага болон дунд жинд азиуд ноёлдог гэдэг утгаараа өрсөлдөөн их байв. Ази, дэлхийн дээд амжилтуудыг эвдсэн тэмцээн болж өндөрлөлөө.

 Манайхаас гурван эрэгтэй, найман эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосыг зорьсон. Олимпын жин тус бүрдээ оноо авах нь чухал. 59 кг-д Э.Энхтамир маань дэлхийн чансааны топ 15-д багтлаа. Энэ нь олимпын эрх авахад ойртсон гэсэн үг. Гавьяат тамирчин М.Анхцэцэг мөрний бэртлээ сэдрээхгүй гэдэг үүднээс өөрийгөө тултал дайчлаагүй. Заавал оролцох ёстой тэмцээн учраас өрсөлдөж хүрэл медалийн тавцанд зогслоо. Миний бие тивийн аварга болж байна. Э.Энэрэл 71 кг-д Монголын дээд амжилтыг шинэчилсэн. Хонгорзул, Эрдэнэзул, Очир-Эрдэнэ, Амарбаяр зэрэг тамирчин хувийн амжилтаа ахиуллаа. Товчхон дүгнэхэд, бид маш сайхан амжилт үзүүллээ. Олимпын эрх авахад нэг алхмаар урагшилсан. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багш маань тамирчдаа маш сайн бэлтгэсэн. 


-Тамирчны мөрөөдөл нь тив, дэлхийн аваргад Төрийн дууллаа эгшиглүүлэх байдаг шүү дээ. Өнгөрсөн жил М.Анхцэцэг гавьяатыг тивийн аваргад түрүүлэхэд та бичлэг хийгээд зогсож байсан. Харин энэ удаа өөрөө түрүүллээ. Төрийн дуулал эгшиглэх мөчид ямар сэтгэгдэл төрөв?
-2022 оны Азийн аваргад хүрэл медаль хүртсэн. Тэр үед дараа жил заавал Азийн аварга болно гэж бодсон. Мөнгө, хүрэл медаль хүртэх гоё мэдрэмж байдаг. Гэхдээ монгол хүн монгол тамирчны хувьд Төрийн дууллаа сонсоно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй юм билээ. Хүслээр болдог бол зааланд байгаа бүх хүнд сонсогдтол Төрийн дууллыг чанга дуулмаар санагдсан. Өмнөд Солонгосын Жинжү хотод байдаг монголчууд маш гоё хүлээж авсан. Бүгдээрээ тамирчдаа дэмжиж, бидэнд бүх талаар тусалсан. Холбооны удирдлагууд, удирдах зөвлөлийн ах нар, Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууд олноороо цуглаж, гоё орчин бүрдсэн байхад Төрийн дууллаа эгшиглүүлэх үнэхээр сайхан байсан. Хүмүүсийн ачийг бага ч гэсэн хариулсан мэт мэдрэмж төрсөн шүү. Миний алтан медаль аваад баярлахаас илүү тамирчдаа дэмжсэн хүмүүсийг аз жаргалтай байгааг харах үнэхээр сайхан байлаа. Хүмүүсийн аз жаргалтай байгаа нь намайг илүү их баярлуулж, хайраар дүүргэсэн дээ. 


-Хүндийг өргөлтөөр хичээллээд 10 жил болжээ. Бага хугацаа биш. Энэ хооронд олон амжилт үзүүлсэн байна. Ер нь хөнгөнөөс хүнд рүү орсон шалтгаан юу вэ?
-Анх хөнгөн атлетикийн гурвын харайлтын төрлөөр Б.Гунгаа, Ц.Болдбаатар багш нарынхаа удирдлагад хичээллэж эхэлсэн юм. Энэ бол миний спортын суурь. Гурван жилийн хугацаанд гурвын харайлтаар хичээллэж байгаад 2013 оноос хүнд рүү урвасан. Өвөл Б.Гунгаа багшийнхаа хамт хүндийг өргөлтийн зааланд орж хүчний бэлтгэл хийнэ. Тэр үед “Тэмцээнд оролцох гээд хүн бүрдүүлэх хэрэгтэй байна. Оролцож өгөөч” гэж Д.Чинзориг багш маань санал тавьсан. Намайг “Чи эвсэлтэй юм. Хүндийг өргөлтийн мэргэжлийн тамирчин шиг гүйцэтгэл сайтай техник хийж байна. Чамд маш том ирээдүй байна” гэж хэлсэн нь намайг бодлоо эргүүлэхэд хүргэсэн. Надад боломж байна гэдэг үүднээс хүндийг өргөлтөөр Д.Чинзориг, Я.Дөрвөнжин багш нарынхаа удирдлагад хичээллэж эхэлсэн. 

Харин 2017 оноос Ц.Хосбаяр багшийнхаа удирдлагад үргэлжлүүлж байна. Хүндийг өргөлтийг гаднаас харвал хүч, тамир ихтэй хүн л өргөөд байгаа мэт ойлголт төрдөг. Гэтэл штангийг хүч чадлын бус цэвэр техник, мэдрэмж, сэтгэл зүйн спорт юм гэдгийг ойлгосон. Штанг амьгүй. Тэгэхээр тэр амьгүй зүйлийг хэрхэн өргөх нь цэвэр миний техник, бэлтгэл, сэтгэл зүйгээс хамаарна. Бусдын хамаарлаас бус зөвхөн өөрөөс шалтгаалж амжилт үзүүлэх эсэхээ шийдэх нь надад сонирхолтой санагдсан. Багш нартайгаа учирсандаа маш их талархаж явдаг. Хүн тууштай байж хөдөлмөрлөөд хичээвэл хүссэндээ хүрч чадна гэдэгт итгэдэг. Энэ спортод тууштай байх шалтгаан бол миний аав. Аав маань намайг хүндийг өргөлтөөр дөнгөж хичээллэж эхэлж байх үед бурхан болсон. Би аавынхаа Ганзориг гэдэг нэрийг дэлхийн тавцанд дуудуулахыг хүссэн. Аав минь надад хүч өгсөн. 


-Монголын хүндийг өргөлтийн нэгэн цаг үеийг Гавьяат тамирчин Н.Баярмаа гэдэг хүнээр л төсөөлдөг, төлөөлүүлдэг байлаа. Улсын хэмжээнд ганцхан тамирчин­тай гэх ойлголттой явсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ спорт арай өөр түвшинд хүрсний тод жишээ та бүхний амжилт юм. Яг одоо цаг үед энэ спортын төлөө хүчин зүтгэж байгаа тамирчны хувьд хөгжлөө хэрхэн харж байна вэ?
-Бид маш азтай. 2013 онд Монголд хүндийг өргөлтийн спорт хоёр дахиа шинээр мэндэлсэн гэхэд болно. Ц.Хосбаяр багш, Ц.Хасбаатар, С.Үенбаатар, Ч.Даваадорж, О.Батсайхан тэргүүтэй ах нар энэ спортын хөгжлийг дахин шинээр эхлүүлэхээр гар нийлсэн. Биднийг хэний ч мэдэхгүй аавын хүүхдүүд байхад энэ ах нар л байгаа бүхнээ зарцуулсан шүү дээ. Бидэнд тулгуурлан хүндийг өргөлтийг өөр түвшинд хөгжүүлэхээр зориг шулуудсан ах нар маш их дэмжлэг өгч байлаа. Өсвөрийн тэмцээн байнга зохион байгуулдаг, тэр нь медаль, шагналын мөнгөтэй. Эндээс хүүхдүүд урам авч байгаа юм. Яг энэ үеэс алхам алхмаар хөгжсөөр өнөөдрийн түвшинд хүрсэн гэж хардаг. Тиймээс хүндийг өргөлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан ах нартаа бид баярлаж, талархах ёстой. Энэ хүмүүсийн уйгагүй зүтгэл байгаагүй бол хүндийг өргөлт ийм түвшинд хүрэхгүй байсан. Үүнээс гадна Гавьяат тамирчин Н.Баярмаа эгчийг заавал дурсах ёстой. Энэ хүн тухайн үедээ шантраад больсон бол магадгүй бид энэ спортыг сонирхож орохгүй байсан юм билүү. Н.Баярмаа гэдэг хүн Монголын нүүрийг тахалж явсан шүү дээ. 

Нэг ёсондоо бидний амжилтын инфлюэнсер юм аа. Ганцаараа эрэгтэйчүүдтэй штангаар хичээллээд зогсоно гэдэг тэсвэр, тэвчээртэйн шинж. Энэ хүний замаар бид өнөөдөр зааландаа багтаж шингэхгүй болтлоо олуулаа штанг өргөөд зогсож байна. Хүндийг өргөлтийг Н.Баярмаа эгч аварсан гэхэд буруудахгүй болов уу. Ц.Хосбаяр багш маань өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл завсар зайгүй ажиллаж байна. Заал, дэвжээ хүрэлцэхгүй болтлоо олуулаа болжээ. Энэ бол хүндийг өргөлтийн хөгжил юм. Хүүхдүүд хүндийг өргөлтөд олноороо хүч түрэн орж ирсэн гол шалтгаан нь манай Анхаа шүү дээ. Бэлтгэл хийж эхэлсэн хүүхдүүд “Анхцэцэг эгч шиг болно” гэдэг. Би найзаараа цаг ямагт бахархаж, хүндэлж, үлгэр дуурайл авна. Хүндийг өргөлтийн тамирчдад ханддаг хандлага, харах өнцөг хүртэл өөр болсон нь үнэн. Анхаагийнхаа араас Азийн аварга болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. 


-Аливаа спортод амжилт гаргахад санхүү, ивээн тэтгэгч чухал. Наанадаж тэмцээн уралдааны зардлаас эхлээд. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байв?
-Дээр дурдсан манай холбооны ах нар л бүхнийг зохицуулж яваа даа. Дээр нь мэдээж гэр бүлийнхэн минь миний мөнхийн санхүүжүүлэгч явсаар ирлээ. Бүх цаг үед тусалдаг, дэмждэг. Үүнээс гадна БТСУХ, Үндэсний багийн албыг дурдахгүй өнгөрч болохгүй. 2017 оноос хойш багаар нь дэмжсэн. Манай тамирчид амжилт гаргах тусам орон тоо нэмэгдсээр л байна. Мөн ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, мөн МҮОХ-г дурдмаар байна. Түүнчлэн “Сантис” боловсролын төв болон Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлийнхөн бий. Ер нь энэ спортын хөгжлийн төлөө, тамирчдынхаа амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүмүүсийн хүчинд зардал мөнгөнд нэг их санаа зоволгүй өдийг хүрчээ. Бүгдэд нь “Монголын үнэн” сониноороо дамжуулан баярлаж явдгаа хэлье. 


-Хүндийг өргөлтийн спортыг орхих шийдвэр гаргах хүртлээ шантарч үзсэн үү?

-2019, 2020 онд бэртэлтэй байлаа. Бэртлээс болоод юу ч хийж чадахгүй байх хэцүү. Тамирчин хүнд хоёр жил нь 20 жил шиг л урт хугацаа. Хоёр жилийг барна гэдэг үнэхээр хүнд санагдсан. Сэтгэл санаагаар унасан ийм үед үхлээс бусдыг нь л боддог юм билээ. Тэр үед миний хань надад маш их урам өгдөг байлаа. Адилхан хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан хүний хувьд намайг бүх талаар дэмжиж, хүч өгнө. Хажууд байгаа хүн маань урмаар тэтгээд байхаар шууд хаях зориг, зүрх хүрдэггүй. Мэдээж багшийн дэмжлэг асар их байв. Багшийн хэлсэн “Тамирчин хүн зовлонгүйгээр амжилтад хүрдэггүй юм. Чи энэ давааг л давбал чамайг асар том амжилт хүлээж байгаа шүү” гэсэн үг надад их нөлөөлсөн. Намайг аргадаж нэг, загнаж нэг үзсэн дээ. Түүнчлэн бэлтгэлийн найзууд “Жаахан л тэвч, хүлээ” гэж хэлнэ. Миний эргэн тойрныхон намайг надаас илүү дэмжиж, надад итгэсний хүчинд өдий зэрэгтэй явж байна. Хэрвээ тийм биш байсан бол хэдийнэ спортоо орхисон биз. 


-Таны гэр бүлийн хүнийг хүндийг өргөлтөөр хичээллэдэг гэж сонссон?
-Өмнө нь хичээллэдэг байлаа. Одоо бол намайг дэмжээд л явна. Хоёулаа тамирчин байвал ар гэрийн амьдрал зогсоно. Тиймээс миний хань дуртай спортоо орхиж, намайг дэмжсэн. Миний ханийг Гантулга гэдэг, олон улсын хэмжээний мастер цолтой. Нягтлан бодогч мэргэжилтэй, хоёр, гурван орны хэлээр чөлөөтэй ярина. Миний хамгийн сайн зөвлөгч, найз, сэтгэлзүйч. Надад хэрэгтэй бүхнийг судалж, шинжлээд л явдаг. Ийм ханьтайдаа миний ар амьдрал зогсохгүй, зөвхөн карьертаа анхаараад явж байна. Ханийн дэмжлэг далай шиг их учраас би өнөөдөр юунд ч санаа зовохгүй амжилтын төлөө зүтгэж байгаа нь энэ. Мөн хоёр талын гэрийнхний дэмжлэг их. Аав минь намайг амжилт үзүүлээд эхлэх үед дэргэд байгаагүй ч үргэлж дээрээс охиноо харж байгаа байх. Тив, дэлхийн тавцанд аавынхаа нэрийг гаргаж яваадаа баяртай явдаг. Аавдаа амласан амлалтаа бага багаар биелүүлж байна гэж боддог. Аавынхаа нэрийг дуудуулах мөчид би илүү хүчтэй болдог юм. 


-Дасгалжуулагчийг тань онцлохгүй байхын аргагүй. Ц.Хосбаяр багш хэр хатуу вэ?
-Маш сайн дасгалжуулагч, менежер, сэтгэлзүйч гэж хэлнэ. Аргадах үедээ аргадна, хатуу үг хэлэх үедээ хэлнэ. Мэдрэмж өндөртэй хүн л дээ. Багш хатуу байсны хүчинд бид өдий зэрэгтэй яваа юм. Бусдаас үг сонсож сурсан. Багшийнхаа хатуу үгийн ачаар хаана ч очсон сэтгэлийн хаттай болж хүмүүжжээ. Анх хатуу үг сонсоод дотроо гомддог байсан бол одоо эрч хүч авч байгаа юм чинь. Загнах үедээ дэндүү хатуугаар загнана. Тэр үгийг нь даахгүй уйлдаг байлаа, анх. Одоо бол хүч ордог. Эрч хүч сулрах үед багшдаа загнуулахад хийморь сэргэж байгаа юм. Хайр нь дотроо, хал нь гаднаа хүн шүү дээ, миний багш. 


-Багшийн хэлсэн хатуу үгнээс болж бэлтгэлээ орхиод гарч явсан үе бий юү?
-Ёстой байхгүй. Хэрвээ тэгсэн бол өдийд хүндийг өргөлтийн зааланд орох эрхгүй болсон байгаа шүү дээ. Багш яаж ч хатуу үгээр загнасан заалнаас гармааргүй санагддаг. Манай тамирчдаас багшийг “Бүх юмаа аваад зайл” гэхэд заалыг орхиод гарсан хүн нэг ч байхгүй. Багшийн үгийг даах хэмжээнд хүртлээ чамбай болсон. 


-Тэмцээний өмнө өөрийнхөө сэтгэл зүйг яаж бэлддэг вэ. Хэрхэн төвлөрдөг юм бол?
-Олон арга хэрэглэж үзсэн. Сүүлд спортын сэтгэлзүйч Золзаяа эгчтэй хамтарч ажиллах хугацаанд их зүйлд суралцсан даа. Суурь бэлтгэл хүчний бэлтгэлтэй зэрэгцсэн тохиолдолд амжилт гардаг юм байна гэдгийг мэдэрлээ. Сэтгэл зүйгээ удирдаж сурснаар өөртөө итгэлтэй болсон, амжилт ахисан. Сэтгэл зүйн тал дээр асуудалтайгаа ойлгоогүй бол өнөөдрийн амжилтад хүрэхгүй. Би сэтгэл хөдлөл ихтэй, түүнийгээ дарж чаддаггүй байсан. Харин өнөөдөр сэтгэл зүйгээ удирдаж сурснаар миний амжилтад ахиц гарч байгаа юм. 


-Тэмцээн, бэлтгэлээс бусад үед юу хийж байна вэ. Чөлөөт цаг гардаг уу?
-Одоохондоо чөлөөт цаг гэж алга. Зав гарвал унтаж, биеэ амраахыг илүүд үзнэ. Бие, тархиа амраахын тулд ном уншдаг. Олимп дөхсөн, эрхийн онооны тэмцээнүүд тулсан энэ цаг үед зөвхөн бэлтгэлд л анхаарал хандуулна. Жилийн 365 хоногийн талаас илүүд нь байрладаг. Ийм байхад яаж чөлөөт цаг гарах вэ. Дэлхийн аварга дөхсөн энэ үед надад нэг цаг, минут, секунд бүхэн үнэ цэнтэй. Одоо олимпын эрхийн оноо авах гурван тэмцээн үлдсэн. Тэр бүгдэд амжилттай оролцохын тулд өөр зүйлд цаг гаргах зав алга даа. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 17 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 19 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 19 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө