Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ё.БАСХҮҮТЭЙ ярилцлаа.
Тэрбээр дэлхийн хошой медальтан болсон Монголын гурав дахь эрэгтэй жүдоч юм. Жүдогоор дэлхийн аваргаас хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн тамирчин Монголд зургаа бий.
Тэдний нэг нь Ё.Басхүү юм. Ярилцлагыг нь хүргэе.
-Дэлхийн аваргын хошой медальтнуудын эгнээнд багтсанд баяр хүргэе. Хэдийгээр тэмцээн дууссан ч ярих зүйл ихтэй болж өндөрлөсөн. Эн- дээс ярилцлагаа эхлүүлэх үү?
-Баярлалаа. Хүссэн медалиа авсан учраас сэтгэл хангалуун байна. Мэдээж түрүүлэх зорилгоо биелүүлж чадаагүй ч хошой медальтан боллоо. Дөрөв дэх дэлхийн аваргадаа барилдаж хоёроос нь медаль авсан. Нэг тавдугаар байртай. 2019 онд анх удаа дэлхийн аваргад зодоглохдоо тав- дугаарт байрт орсон. Ингээд 2021 онд дутуугаа гүйцээж хүрэл медалийн тавцанд зогсож байлаа. Харин өнгөрсөн жил алдаа гаргаад тэмцээнээ эрт дуусгасан. Тэгвэл энэ удаа алдаагаа засаж, багш нартайгаа сайтар ярилцсаны хүчинд хоёр дахь удаагаа медалийн тавцанд зогссон. Яг л өөрийнхөө барилдааныг гаргасан.
-Жоширо Марүяматай өмнө барилдаад ялагдаж байсан. Сая дахин таарлаа. Юу бодож гарсан бэ?
-Өөрийнхөөрөө л барилдлаа. Надад угаасаа нэг зан чанар байдаг. Ерөөс айж, бэргэх асуудал байдаггүй. Ямар ч аварга байж болно. Би ялсан ч, ялагдсан ч тултал барилдана.
-Жүдо бөхөд хэзээнээс дуртай болсон юм бэ?
-Улсын гарьд М.Баяржавхлан ах “Жүдогоор барилдах зүгээр шүү” гэж байсан юм. Дунд сургуулиа 2011 онд төгсөөд хотод ирлээ. Ингэж жүдогоор хичээллэх сууриа тавьсан түүхтэй. Улсын гарьд М.Баяр- жавхлан ах намайг Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь оруулсан. Тухайн үед би 18 настай байж. Жүдогийн А үсэг заасан хүн бол яалт ч үгүй Ц.Шийрэв багш. Таван сар орчим хичээллээд “Женко” клубийн Б.Энхбаяр багш дээр очсон доо. Тэндээсээ цалинжсан. Жүдогоор есөн жил хичээллээд дэлхийн медальтан болсон. Хүний хүссэн дуртай зүйлд хэзээ ч нас оройтохгүй юм билээ.
-18 нас хүртлээ жүдогоос өөр спортоор хичээллэсэн юм уу?
-Ёстой үгүй. Үндэсний бөхөд дуртай. Би чинь Завхан аймгийн Нөмрөг сумын хүүхэд. Сумын төв дээрээ найзуудтайгаа барилдана. Ер нь барилдах сонирхолтой л байсан. Жүдотой амьдралаа холбосон маань М.Баяржавхлан гарьдтай салшгүй холбоотой. Магадгүй энэ хүн надад жүдогийн талаар бага сага ойлголт өгч, Ц.Шийрэв багш дээр дагуулж ирээгүй бол өнөөдрийн амжилт байхгүй шүү дээ. Жүдотой танилцсанаас хойш уйгагүй зүтгэсний хүчинд өдий зэрэгтэй боллоо. Хамгийн чухал нь сайн сурах хүсэл тэмүүлэл, зорилго, мөрөөдөлтэй байх хэрэгтэй.
-Налайхаас бэлтгэлдээ явдаг байсан тухай өмнө нь ярьсан. Тэр үед нойрноос болж бэлтгэлээ таслах, эсвэл хоцрох үе байв уу?
-Тийм ээ, Налайхаас явдаг байлаа. Хол байх тусмаа хүн хоцордоггүй юм билээ. Гэрээсээ маш эрт гарна. Өглөө 09:00 цагт “Женко” клубийн бэлтгэл эхэлнэ. Цасан шуургатай өдөр л явах хамгийн хүнд санагддаг байсан. Ядаж байхад манай ахынх автобусны буудлаас хол. Том ах “Басхүү цасан шуургатай байна. Өнөөдөр бэлтгэлдээ явах хэрэггүй. Нэг өдөр сайхан амар” гэнэ. Би “Үгүй ээ. Бэлтгэл тасалж болохгүй. Багш нар загнана” гээд гүрийгээд алхдаг байв. Өглөө гэрээсээ хоол хийлгэж аваад гарна. Тэр хоолоо өдөр иднэ. Өдрийн хоёр цагийн бэлтгэлд орох хоорондоо унтаж амарч сэргээлт авч байгаа нь тэр. Тэгж явсаар хоёр жил болсон. Өсвөр, залуучуудын тэмцээнд ороод медаль хүртэх болсон. Тэгсэн ах чамайг хотод ойртуулж өгнө гээд Налайхаас Бэлхэд авчирсан. Ах “Чамайг илүү амжилт гаргавал бэлтгэлд чинь ойрхон газар байлгана” гэж амласан. Би ч дажгүй амжилт гаргаж, хэд хэдэн тэмцээнээс медаль хүртэв. Ах хэлсэн амандаа хүрч III-IV хороолол руу нүүлгэсэн. Бэлтгэлээ таслах дургүй. Ямар ч бэрхшээл тулгарсан бэлтгэлдээ явна. Бэлтгэл тасалж болохгүй гэдэг зарчимтай. Бэлтгэлээ тасалбал миний амжилт буурах юм шиг санагдаад болохгүй. Сэтгэлийн мухарт байгаа амжилт гаргах юмсан гэх хүсэл мөрөөдөл бэлтгэл таслахад үгүй болох вий гэх айдастай. Бэлтгэлээ таслахгүйн тулд аав, ээж хоёроо хүртэл хуурч явлаа. Дуртай болохоор бэлтгэлээс хоцрох, таслах гэсэн ойлголт огт байхгүй шүү.
-Тэгвэл спортоо орхих тухай бодол толгойд орж ирж байх юм уу?
-Ёстой үгүй. Юун орхих улам л дуртай болж байгаа юм чинь. Гаргасан амжилт бүрээсээ урам аваад л урагшилна. Жүдогоор хичээллэж эхэлсэн 11 жилийн хугацаанд болих тухай нэг ч бодож байгаагүй. Барилдаад баймаар л санагддаг. Гоё шүү дээ, энэ спорт. Хөлсөө гаргах тусам улам дурлана.
-Нээрээ юу юугүй олимп хаяанд ирлээ. Догдолж байна уу?
-Өөртөө том хариуцлага үүрүүлж яваа. Олимпын медальтан болж жүдогийн тамирчин болсны зорилгоо биелүүлэхийн төлөө уйгагүй хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж байна даа. Тамирчин болгоны мөрөөдлийн ноён оргил нь олимпын медаль байдаг шүү дээ. Би авч чадаагүй тэр олимпын медалийг авахыг хүсэж байна. Парисын 2024 оны олимпын наадамд барилдахын төлөө, олимпын эрх авахын тулд хичээж бэлтгэлээ хийж байгаа. Үгээр хэлэх бус үйлдлээрээ үзүүлнэ дээ.
-Анх олон улсын медалиа Хөх хотын гранпригаас авсан байдаг. Тэр анхны том амжилт гэдэг утгаараа сайхан дурсамж үлдээсэн биз?
-Тэгэлгүй яах вэ. Миний сэтгэлд тод үлдсэн. Энэ тэмцээнд их хичээж байгаад явсан. Хөх хот явах зардалд 300 мянган төгрөг дутдаг юм. Тэгээд ээжийн утсыг ломбарданд тавьсан. Надад мөнгө байхгүй болохоор цагаан кимоно захиалан авч чадаагүй. Тэгээд ганцхан хөх кимонотой. Бүс сэмэрсэн, өмд уранхай. Их хөгийн амьтан явлаа. Дур эзнээ голохгүй гэдэг шиг. Одоо бодоход их ичмээр. Ц.Цогтбаатар бид хоёр нэг өрөөнд орсон юм. Цогоог унтаж байхад нь нууцаар бүс, өмд, табчик, цүнхийг нь аваад гарсан. Өөр надад ямар ч арга байхгүй байсан л даа. О.Балжинням багш уурлаад “Чи ямар хариуцлагагүй юм” гээд загнасан. Би “Ингэж гэр орныхоо хүмүүсийг зовоож, тэмцээнд орж байгаа юм чинь хичээж, сайн барилдах хэрэгтэй шүү” гэсэн бодолтой. Хөх хотын гранпригийн сугалаа гарлаа. Оросын дэлхийн аваргын хүрэл медальтай Якоб Шамиловтай таарсан байв. “Үүнийг хожих хэрэгтэй. Заавал хожино шүү. Тэгвэл би медаль хүртэж чадна” гээд өөртөө даалгавар өгөөд л дэвжээнд гарсан. Аз болж би хөх кимонотой барилдсаар тэмцээнээ дуусгасан. Оросын Якоб Шамилов, Японы Такайчи нарыг ялж хүрэл медаль хүртсэн. Шагналын 1000 ам.доллароо аваад мөн ч их баярласан даа. Ээж, ах хоёроо зовоож ирснээ бодохоор гэр рүүгээ их яарч билээ.
-Монголын 60, 66 кг-ын жин дотооддоо өрсөлдөөн ихтэй шүү дээ. Эндээс цойлж гарч ирнэ гэдэг амаргүй байсан байх. Улсын аваргад анх барилдахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Улсын аваргад анх удаа оролцохдоо 60 кг-д барилдсан. Хүрлийн төлөө хожигддог юм. Дараа жил нь дахиж 60 кг-даа барилдсан ч хол яваагүй. Ингээд 66 кг-д барилдах шийдвэр гаргалаа. Гэтэл бас л болж өгдөггүй. 66 кг-ын жинд хоёр ч улсын аваргад оролцож байж хүрэл медалийн тавцанд зогсож байсан даа. Хэдийгээр дэлхийн хошой медальтан болсон ч гэлээ би улсын аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрийг хүртэл түрүүлж үзээгүй л явна. Тэгэхээр манай дотоод өрсөлдөөн ямар байгаа нь илт биз дээ. Дотоодоос гарч ирнэ гэдэг чанга шүү. Улсын аваргад түрүүлнэ гэдэг чинь тив, дэлхийд түрүүлсэн хэмжээний байх шүү. Энэ миний л бодол. Зөвхөн одоо гэлтгүй үеийн үед 60, 66 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн сайн байсаар ирсэн. Ийм өрсөлдөөнөөс гарч ирсэн хүн дэлхийд сайн барилдах нь зүй ёсны хэрэг юм даа.
-Жин хэр хасдаг вэ?
-Гайгүй шүү. Тодорхой хэмжээнд хасна. Жингээ гайгүй сайн барьдаг гэж боддог. Юу юугүй хоолны дэглэм барихгүй ч оройдоо аль болох бага иднэ. Дээрээс нь чихэр, шоколад мэтийн чихэрлэг зүйлсийг өөртөө сайн хориглоно.
-Тамирчин хүнд сэтгэл зүй их чухал. Танд энэ талд анхаардаг уу?
-Дэлхийн аваргад явахаасаа өмнө сэтгэлзүйч Золзаяа эгчтэй ажилласан. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мултарч ирснээс хойш хамт ажиллаж байгаа юм. Миний болохгүй байгаа бүхнийг хэлж өгсөн. Золзаяа эгчтэй ажилласнаас хойш би зөвхөн барилдах ёстой юм байна гэдгээ маш сайн ойлгосон. Барилдахаас өөр юу ч хийх шаардлагагүй. Барилдааны өмнөх орой холбогдсон. Тэгээд л барилдсан. Элдэв зүйл бодож саналгүй сайхан барилдлаа. Ялах л ёстой гэсэн зорилготой. Дээр цухас дурдсан даа. Надад айж, эмээх, сандрах зан чанар байдаггүй. Шинэ тамирчидтай барилдахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Тэд эвгүй. Бусдаар бол аваргуудтай барилдаж үзээгүй биш. Унаж, давдаг л хорвоо. Барилдаж үзсэн хүмүүсээсээ бол айж, сандрах шаардлагагүй.
-Монголын жүдо сонирхогчдын хамгийн дуртай тамирчин болжээ. Дайчин, эрэмгий барилдаанаараа. Хувь хүний зан чанар барилдаанд нөлөөлж байна уу?
-Магадгүй шүү. Би эхлүүлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг. Аливаа зүйлд гараа дүрсэн л бол буцааж татаж авах дургүй. Тултал нь явж, эцсийг нь үзмээр санагддаг. Аав, ээж, ах нар ийм зантай учраас ген нь надад удамшсан юм шиг байна. Ялангуяа миний ээж аливаад шаргуу, дайчин зантай хүн байдаг.
-Бөхийн удамтай юу?
-Миний ах аймгийн начин цолтой. Ээжийн талд барилддаггүй ч бяртай хүн олон байсан гэлцдэг. Аавын талд ч ялгаагүй. Унаган бяртай хүн олон байсан юм билээ. Тэр хүмүүсийн ген надад ч ирсэн байх. Үүнээс гадна улсын гарьд М.Баяржавхлан ах манай төрлийн хүн.
-Тамирчдад цаг зав хомс юм шиг байдаг. Жилийн 365 хоногийн талаас илүүд нь бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гээд явдаг. Чөлөөт цаг гарч байна уу?
-Чөлөөт цагийг аль болох гэр бүлээрээ өнгөрүүлэхийг хичээдэг. Эхнэр, хүүхдэдээ цаг зарцуулж сайн аав, хань байхыг хичээж байна. Үүнээс гадна сагсан бөмбөг тоглох дуртай. Боломж олдвол хааяа зааланд сагс тоглоод явахаас буцахгүй. Мөн дунд ахтайгаа ойр байдаг.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
-Баярлалаа. Намайг дэмждэг, надад итгэдэг бүх хүнд талархал илэрхийлье. Жүдо мандтугай.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна