Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг


Монголд шинэ тутам хөгжиж буй рафтингийн спортын тухай  “Адреналин” клубийн тамирчин Ч.Должинсүрэнтэй ярилцлаа.

-Рафтингийн спорт Монголд хөгжөөд удаагүй ч олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Та ямар шугамаар экстрим спортын энэ төрөлтэй холбогдов?

-Уулын  ширүүн, боргиот урсгалтай голд дөрөв, зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг болон өрсөлддөг рафтингийн спорт манай улсад шинэ тутам хөгжиж байна. Экстрим спортын төрөл. Монголд гэлтгүй дэлхий нийтэд шинээр хөгжиж байгаа ч хүмүүсийн сонирхлыг их татдаг. Монголын рафтингийн холбоог 2013 онд байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон улсын чанартай тэмцээнд хэд хэд оролцож туршлага хуримтлууллаа. Би 47 настайдаа экстрим  спортоор хичээллэж эхэлсэн. Урьд нь бүжиг, йога гэсэн урлагтай хосолсон эмэгтэйлэг төрлийн спортоор хичээллэдэг байв.  Монголын рафтингийн холбооны ерөнхийлөгч П.Алтангэрэлтэй гэр бүлийн найзууд. Таван жилийн өмнө “Чи йога, бясалгалын багш байх аа. Найзууддаа хичээл заалгах гэсэн юм” гээд холбогдлоо. Би ч зөвшөөрч, өдөр товлоод уулзтал тамирчин маягийн бадриун хүүхнүүд угтсан. Йогоор хичээллэж жин хасах сонирхолтой эмэгтэйчүүд гэж бодсон чинь  рафтингийн тамирчин болохоор бэлтгэл хийж байсан юм билээ.  Йога ч хийгээгүй, резин таталтын тэмцээн болж, ямар ч ойлголтгүй атлаа түрүүлсэн. Тэгээд сэлүүр бариад л анхны хичээлээ эхэлсэн. П.Алтангэрэл “Чамайг тамирчин болох суурьтайг анзаараад хуурч авчирсан. Үнэнээ хэлсэн бол чи зүрхшээгээд ирэхгүй байсан” гэсэн юм. Ингэж л рафтингийн спорттой танилцаж, хичээллэж эхэлсэн.

-Спорт хүнийг шинээр нээдэг гэдэг. Рафтингаар хичээллэхийн давуу талаас дурдана уу?

-Би хүч тамир, авхаалж самбаа шаардсан рафтингаар хичээллээд тэс өөр хүн болсон. Амьдралын хэв маягаа ч өөрчилсөн. Сэтгэл ханамжтай, эрч хүчтэй болоод ирэхээр энэ спортдоо дурладаг. Тэр гоё мэдрэмжүүдээ бусдад амсуулахсан, ойр дотнынхоо хүмүүсийг рафтингаар хичээллүүлэхсэн гэж бодох болсон. Уулын голын боргионоос үүссэн, нүдэнд харагдаад байхгүй усан бөмбөлөг агаарт тогтдог. Өөрөөр хэлбэл, рафтингийн тамирчид усан бөмбөлөг дунд сэлүүрдэж байдаг. Байгалийн чийглэг орчинд, эрүүл агаарт өдөржин бэлтгэл хийхээр астма, бронхитыг анагаадаг эрүүл мэндийн ач холбогдолтой. Илүүдэл өөхөө шатааж, галбирждаг шүү. Голын боргио хөдөөгийн соргог сайхантай хослохоор хүн алжаалаа тайлж амардаг. Хэдийгээр  экстрим спортоор хүч тамир зарцуулж байгаа ч сайхан байгаль нь бясалгалын төгс орчин бүрдүүлдэг.

-Казахстанд  болох тэмцээнд манайхаас хэдэн баг оролцох  вэ. Азийн аварга  шалгаруулах анхны тэмцээн учраас зэрэглэл олгох уу?

-Азийн рафтингийн холбоог байгуулснаас хойш тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстанд анх удаа зохион байгуулж  байна. Тэмцээн  ирэх сарын 13-19-нд болно.  Монголын рафтингийн холбооноос тамирчдынхаа чансаа тогтоох, зэрэг ахиулах сорилыг сар бүр гаргадаг. Спортын зэрэг олгох журам боловсруулж байгаа. Дэлхийн аварга, олон улсын чанартай тэмцээнийг дөрвөн төрөлтөөр зохион байгуулдаг. Ойрын зайн ганцаарчилсан, ойрын зайн хосолсон, бартаат замын буюу голын урсгал дагаж сөрж туг сүлжих, 10-15 км зайд уралддаг даун ривер гэсэн төрөлтэй. Үүнээс холын зайд уралддаг даун ривер хамгийн хэцүү төрөл. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад манай опен баг урсгал сөрж туг сүлжих төрөлтөөр дөрөвдүгээр байр эзэлсэн. Зуны гуравхан сард  бэлтгэл хийдэг бидэнд энэ бол яриангүй амжилт. Дөрвөн улирлын бэлт­гэл хийдэг Аргентин, Бразил, Англи, Ирланд, АНУ, Япон улсын багтай өрсөлдөхөд амаргүй байсан. Бэлтгэлээс илүүтэй тэд уралдаад сурчихсан баг тамирчид. Гэхдээ бид тэсвэр хатуужил, тэсрэлтээрээ бусад багаас дутахгүй  байж, монголчууд рафтингийн спортоор амжилт гаргах нөөц бололцоотойг харуулсан. Манай тамирчид туршлага­жиж, залуужиж байгаа учраас амжилтаа ахиулна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад манай багт 50-аас дээш насны хоёр эмэгтэй багтсан. Дэлхийн аваргад оролцсоноос хойш үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Ковидын үе таарсан ч бид бэлтгэлээ базаагаад өнгөрсөн жилийн дэлхийн аваргад оролцлоо. Манай улсаас опен эмэгтэй, мастер эмэгтэй, опен эрэгтэй төрөлд гурван баг явсан. Опен гэдэг нь холимог насны ангилал. Мастерт 40-өөс дээш насны та­мирчид оролцдог.


-Та нэг завин дээр гарах багийн гишүүдээ ямар шалгуураар сонгодог вэ?

-Баг хамт олон хүнийг хүчирхэг, өөртөө ит­гэлтэй болгодог. Ба­гийн гишүүддээ нас, туршлага гэсэн шүүлт тавьдаггүй. Багийн спорт хүмүүжлийн ач холбогдолтой. Нэг завин дээр гарсан л бол бусдынхаа төлөө цохилох зүрхтэй, нэг хүн шиг нэгддэг. Амжилт, амь насаа хүртэл даатгаж байгаа шүү дээ. Тэр утгаараа амьдрал дээр ч сайхан нөхөрлөдөг. Улсын хэмжээнд 1989 онд аравдугаар анги төгсөгчдийн “Монгол 89”  групп бий. 4000 гаруй гишүүнтэй.  Энэ группийн гурван эмэгтэй Азийн аваргад оролцох багт нэгдсэн. Фитнесийн бэлтгэлээ базааж, биеийн хүчний сууриа сайн, зөв тавьсан. Мөн “Монгол 89”  группээс эрэгтэй баг бүрдсэн ч мэдүүлгээсээ хоцорсон. Гэхдээ ирэх долдугаар сард улсын аварга, наймдугаар сард “Их Алтай” олон улсын тэмцээнд оролцох боломжтой. Бид гол мөрөн хөлдсөн гээд өвөл бэлтгэлээ цалгуурдуулахгүй фитнесээр хичээллэдэг. Фитнесээр хичээллэдэг хүмүүсийг завинд урихад алзахгүй. Рафтинг фитнестэй спортын маш гоё хослол болдог. Биеийн хүчний суурьтай, мэдрэмжтэй хүн рафтингийн спортод гологдохгүй, олон тэмцээн уралдаанд шинэддэггүй.

-Дөрвөн улиралтай манай оронд байгалийн орчинд бэлтгэл хийх боломжгүй. Та бүхэн бэлтгэлээ хаана базаадаг вэ. Рафтингийн спортын суурь нь юу вэ?

-Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй. Сонирхсон спортдоо илүү чимэггүй бодитоор дурлах хэрэгтэй. Тэгж чадвал спортоос сэтгэл ханамж авна. Сэтгэл санаагаа удирдах нь рафтингийн туршлагатай тамирчдын давуу тал юм. Дэлхийн аваргын тэмцээн 19 хүртэл, 25 хүртэл, 25-40 хүртэл, 40-өөс дээш гэсэн насны ангилалтай. Оролцогчдын олонх нь 60-аас дээш насныхан байдаг. Энэ спортод дурлаж, нэг баг болсон нь илэрхий. Экстрим спортын төрөл атал уралдахдаа ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй тайван сэлүүрдэх туршлагатай тамирчдаас их зүйл сурсан. Монголын рафтингийн тамирчид Ховд аймгийн Шижигтийн хавцал, Архангайн Суман, Чулуут голд бэлтгэл хийдэг. Уулын түргэн урсгалт боргиот гол учраас Шижигтийн хавцалд олон улсын тэмцээн зохион байгуулсан. Дэлхийн аваргад 2022 онд оролцохдоо бид хүчний бэлтгэлээ Хөвсгөл нуур, Суман голд хийлээ. Ер нь тогтмол усанд бэлтгэл хийхэд хүч шаарддаг.

-Экстрим спортууд олимпын төрөлд багтах болсон. Дэлхийн рафтингийн холбоо олимпод багтах хүсэлт гаргасан уу?

-Дэлхийн рафтингийн холбооноос олимпын төрөлд багтах санал тавьсан.  Одоогоор эцэслэн шийдээгүй. Харин олон жилийн өмнөөс дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулсан гэдэг утгаараа хоёр хүний каноэ завийн төрлийг олимпод оруулах тухай яригдаж байгаа.  Хэрвээ каноэ завь олимпын төрөлд багтвал манай  “Адреналин” клубийн хоёр дасгалжуулагч олимпод оролцоно.

-Рафтингийн дасгалжуулагч багш Монголд олон байдаг уу?

-Манай холбоонд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дөрвөн клуб байдаг. Би “Адреналин” клубт харьяалагддаг. Клубийг үүсгэн байгуулсан Б.Банзрагч 30 настай, Монголын рафтингийн холбооны дээд зэрэглэлийн дасгалжуулагч.  Мөн Түвшинжаргал гэж туршлагатай дасгалжуулагч байна. Тэд 2013 онд олон улсын тэмцээнд баг болж оролцсон. Багш нар маань бусдад үлгэрлэх, багаа дасгалжуулахдаа сайн. Манайх хүний нөөц, баг тамирчид болон гаднын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоёр автобус, таван завь, хэрэгсэл, бүрэн хэмжээний кемптэй үндэсний хамгийн том клуб.

Манай спортын холбоо болон клуб завь сэлүүр, шаардлагатай  хэрэгслээр үнэ түрээсгүй хангаж шинээр эхлэн суралцагчдадаа онол практик, мэргэжлийн сургалтууд, ерөнхий болон бие бялдрын дасгал хийлгэдэг.  Уснаас айдаггүй хүн ховор. Айдсаа давах ур чадвар эзэмшиж, кайф авч, жинхэнэ утгаар нь аялж зугаалж  өрсөлдөж хөгжилдөж, адерналин ихээр хуралдуулах спортоор мэргэжлийн түвшинд баг хамт олон болж хичээллэнэ гэдэг гайхамшиг байдаг. Хамгийн чухал нь эрүүл мэнд, нас, бие бялдар, сэтгэлийн чанар сайжирч, үр дүн нь таньд үлдэнэ. Адерналин биед ихээр хуралдсанаар бусад Эндоперон даавруудтай хавсран бидний аз жаргалыг тэтгэж байдаг. Энэхүү утга учиртай нэрээр нэрлэсэн “Адерналин”   клубт  олон хүн нэгдэж, дэлхийн оргил өөд хамт сэлүүрдээсэй гэж хүсэж байна.

-Балба улс рафтингийн спортыг аялал жуулчлал, эдийн засгийнхаа  нэг хэсэг болгосон. Манайд тийм боломж бий юү?

-Манайд рафтингийн спортод суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Алтай Таван Богдоос эх авсан уулын ширүүн урсгалт  боргиот гол олон бий. Байгалийн өвөрмөц тогтоцтой учраас гаднынхан Монгол орныг сонирхдог. Бид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. ОХУ-ын Барнаул хотын рафтингийн холбоотой хамтран ажиллаж эхэлсэн. Азийн аваргад оролцохоосоо өмнө Оросын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.219
2024/07/29
0
0
Гайхалтай спортын eртөнцөөр аялахаар шийдлээ..
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 17 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 17 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 18 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 18 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 19 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 19 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө