1960-аад он. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургууль. Цэл залуухан хөгжмийн багш арваадхан настай бяцхан шавийн хамт урлагийн үзлэг давтана. Шавь нь баян хуур хөгжмийн аялгуунд хэзээ язааны догь уран сайханч шиг цолгиун шингэн дуугаар хэвлүүхэн эвлэгхэн гэгч дуулах нь өхөөрдмөөр. Ногоон хөвөнтэй дээлтэй тэр л жаахан хүү хожмоо Монголын хүүхдийн дууны урлагийн хойморт суудалтай, хосгүй авьяастан гэдгийг дуу хөгжмийн багш нь мэдэж, мэдэрч байсан буй за. Тиймдээ ч хэвлүүхэн тоодгор бор хүүг онцолж дотночлон, хөгжмийн цагаан толгой зааж, өөрийн зохиосон хүүхдийн дуунуудаа түүгээр дуулуулж байсан хэрэг. Улмаар зохиосон дуунуудаа Монголын радиод бичүүлэх болоход өнөө ногоон дээлт хүүгээр аккардион, баян хуур хөгжим тоглуулжээ. Ийнхүү багш, шавь хоёрын уран бүтээлийн гэгээн зам Өмнөдэлгэрийн сургуулийн дан цагаан байшингаас эхэлж, өргөн дэлгэр Монгол орон даяар эгшиглэн дуурьсжээ. Урлагийн алтан шаргал харгуйн эхэнд дуу, хөгжмөөр уулзан учирсан багш, шавь хоёр бол “Туждаа хамт явах юм сан”, “Эх орон танаа”, “Зүлэг байвал услаарай”, “Хүүгийн бодол” зэрэг олон сайхан дууны эзэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Цогоо, Монгол Улсын Гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандах нар байлаа. Хөгжмийн зохиолч Баянмөнхийн Цогоо хэмээх авьяас билэгт хүмүүн хүний орчлонд богинохон насалсан ч гэлээ мөнхийн бүтээлүүдээ туурвин үлдээж, басхүү уран бүтээлийг нь залгамжлах нэгэн гайхамшигт авьяастныг урлагийн замд ийнхүү хөтлөн оруулж ирсэн гавьяатан ажээ.
1975 он. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангийг төгсөж, Нийслэлийн 52 дугаар дунд сургуульд дуу хөгжмийн болон зөвлөх багшаар тасралтгүй 30 жил ажиллахдаа тэрбээр “Бага насаа хайрлаж явна”, “Арван зургаан нас”, “Өрөөнд тагтаа орж ирлээ”, “Бөөн баяр”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Үерхэл чамайгаа нандигнана”, “Сурагчийн жилүүд”, “Зуун зууны ерөөл”, “Дэлхий дүүрэн бага нас” зэрэг хүүхдэд зориулсан 500 гаруй дууны аялгууг туурвижээ. Мөн “Гэртээ ирлээ”, “Насны хайр”, “Аав л ээж л хоёр минь”, “Алтан нар”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Гангар цагаан Сутай” зэрэг 100 гаруй нийтийн дууны аялгуу болон “Хойт эх”, “Ариусал”, “Нандин судар”, “Наргиа” зэрэг хүүхдийн киноны хөгжмийг зохиосон байна.
Л.Галмандах багш “Мөнгөн хонхны дуу-3” /1986/ болон Монголын хүүхдийн шилдэг дууны таван цуврал номыг эмхэтгэж, өөрийн бичсэн дууны “Ая дуутай арван зурвас”, “Дуу хөгжим дээр нэмэх нь би, чи, тэнцүү амьдрал”, “Бяцхан найз чамдаа”, “Дэлхийн сайхан цэцэрлэг”, “Хэрвээ би шидтэн бол” зэрэг арав гаруй ном хэвлүүлжээ. Монголын радио, телевизэд зориулсан 150 гаруй нэвтрүүлэгт оролцож сонин, хэвлэлд 200 гаруй өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилга бичсэн аж.
1983 оны зургадугаар сар. Монголын радиогийн дуу бичлэгийн студид Ажилчны районы 52 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Галмандах шавь Т.Ариунаагийн хамт ирж, хүүхдийн зохиолч С.Надмидийн шүлэг “16 нас” дуугаа бичүүлжээ. Сурагч Т.Ариунаа гэж үсээ хоёр салаа сүлжсэн жаахан шар охин уг дууг тун ч эвлэгхэн дуулж. Сайн багшийн сайн шавь, сайхан уран бүтээлчийн нөмөр нөөлөгт ийн авьяасын нахиа дэлгэн өсөж өндийж байгаагаа анхны уран бүтээлээрээ зарлан тунхаглав. “16 нас” дуу тэр дороо л эх орны өнцөг булан бүрт эгшиглэж, 16 нас хүрч иргэний паспорт гардахаар догдлон буй охид, хөвгүүдийн зүрх сэтгэлийг долгисуулан цангинаж эхэлжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Би Галмандах багшийнхаа шавь болсондоо баярлаж бахархаж, талархаж явдаг. Багшаараа үнэхээр бахархдаг. Би Галмандах багшийнхаа хамгийн азтай шавь нь. Багшийн маань дуу юугаараа онцлог вэ гэхээр багш хүүхдийн зүрх сэтгэлийг маш сайн ойлгодог байсан. Дандаа инээж явдаг. Биднийг хэзээ ч загнаж байгаагүй.
Хүүхэд бүрд тохирсон арга барилаар хичээлээ заадаг. Галмандах багшийн тэр арга зүй маш онцлог. “16 нас” дууны шүлгийг хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмид гуай үнэхээр сайхан бичсэн. Тэр шүлэгт Галмандах багш маань гайхамшигтай аялгуу зохиосон. Иргэний паспорт авч эх орныхоо дуудлагаар илгээлтийн эзэн болох, ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх гэж буй тэр л хүүхдүүдийн зүрх сэтгэл, гэгээн догдлол энэ дуунд тэр чигээрээ бий” хэмээн багшийнхаа тухай дурсчээ.
1986 оны гуравдугаар сар. Ажилчны районы 52 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Галмандах их л яарч сандарсан эсвэл догдолж хөөрсөн байдалтай сургуулийн жижүүрийн утсаар холын дуудлага хийж байв. Шугам муу байсан уу, нэлээд чанга ярих аж.
-Түмээ, найз нь сургуулийнхаа жижүүр дээрээс ярьж байна. Нөгөө дуу чинь болчихсон шүү.
-Өө, тийм үү. Яасан хурдан хийчихээ вэ?
-За, би чамд сонсгоё...
Энэ яриа 30 гаруй жилийн тэртээ болжээ. Үе үеийн хүүхдүүд дуулж өссөн “Бага насаа хайрлаж явъя” хэмээх сайхан дуу ингэж төрсөн түүхтэй. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргал энэ дууны шүлгийг бичээд дотнын анд Гавьяат багш Л.Галмандахад өгчээ. Тухайн үед хэн хэн нь гавьяат хэмээх алдар хүртээгүй залуухан уран бүтээлч байсан хэрэг. Гэхдээ гар нийлж хэд хэдэн дуугаа олны хүртээл болгоод амжсан, ид л туурвиж бүтээхийн онгод гийсэн залуус байв. “Бага насаа хайрлаж явъя” шүлгээ Л.Галмандах багшид үлдээгээд З.Түмэнжаргал найрагч хөдөө ажлаар явжээ. Гэтэл хоёр гурав хоногийн дараа л хөгжмийн зохиолч аялгууг нь төрүүлсэн гэдэг. Ингээд хөдөө яваа найздаа шинэ уран бүтээлээ утсаар сонсгосон ажээ.
“Галаа маань 52 дугаар сургуулийнхаа жижүүр дээрээс ярьж байна гээд дуугаа сөөнгөдүү хоолойгоор дуулаад л. Тийм сайхан, ийм сайхан бага насаа би хайрлаж явна аа гээд. Холбооныхон бид хоёрыг галзуу хүмүүс л гэж бодсон байх” хэмээн З.Түмэнжаргал найрагч хожим дурссан байдаг. Ийнхүү хүүхэд багачуудын сүлд дуу мэндэлжээ. Ташрамд дурдахад, уран бүтээлээрээ нөхөрлөж, уран бүтээлдээ мөнхөрсөн хоёр уран бүтээлчийн мэндэлсний 70 насны ой энэ жил тохиож байгаа билээ.
1953 он. Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Байц хэмээх газар айлын 11 хүүхдийн ууган нь болон мэндэлжээ. Галмандах гуайн аав нь Балданбрайбун хийдийн 6000 ламын сор нь болсон Лувсанцэрэн гэж алдартай лам байжээ. Балданбрайбун хийд 1930-аад онд шатаад хаагдахад Лувсанцэрэн гуай хийдийн сахиусыг ууланд нууж үлдээсэн аж. Лам байснаасаа болж арван жил шоронд суугаад нутагтаа ирсэн байна. 1980-аад онд Балданбрайбун хийдийн сахиусыг гаргасан хүн бол Лувсанцэрэн гуай. Галмандах багш тийм том хүний үр сад байв. Тиймээс ч тэрбээр цагаасаа өмнө төрсөн, бурханлаг, оюунлаг, дэлхийн цараатай сэтгэж, мэдэж, мэдэрдэг хүн байжээ.
Галмандах багшийн дуунууд үг, ая нь энгийн, хүүхэд тогтооход хялбар, тэгсэн атлаа хэзээ ч мартагддаггүй тийм нэгэн увдислаг шидтэй. Түүний дуунуудад эх орон, ээж, аав, анд нөхөрлөл, хайр дурлал, өв уламжлал, хэл соёл, арван жилийн сургууль, амьдралын гараа гээд бүхий л сэдэв, агуулга бий. Дуу хөгжмөөрөө дамжуулан тэрбээр Монголын бүхэл бүтэн үеийг хүмүүжүүлсэн юм. Өнөөдөр ч гэсэн Галмандах багшийн дуунуудыг хүүхэд багачууд амнаасаа салгалгүй дуулсаар байгаа билээ.
Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын тухай хөгжим судлаачид, уран бүтээлийн анд нөхөд, шавь нарынх нь дурсамжийг хүргэе.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг: Галмандахын бүтээлүүд хэзээ ч хуучрахгүй
-Галмандах бол ховорхон заяасан авьяастан. Баянмөнхийн Цогоо гэж сайхан хөгжмийн зохиолч түүний бяцхан авьяасыг нь нээсэн алдартай, гавьяатай хүн. Нэгэн сонинд Галмандахын тухай “Өмнөдэлгэрийн хөвөнтэй дээлт, Багшийн сургуулийн ногоон дээлт, цэргийн хөгжмийн түрүүч, хүүхдийн зуслангийн бүрээч, 52 дугаар сургуулийн хөгжмийн багш” гэж бичсэн байсан. 52 дугаар сургуулийн хөгжмийн багш гэдэг нэрээрээ энэ хүн алдаршсан. Тэр л сургуульдаа багшилж, уран бүтээлээ туурвиж явсан. Галмандахын хүүхдийн дуунууд олон. Монголын радиогийн алтан фондод түүний 100 гаруй дуу нь бий. Хүүхдийн дуунаас гадна насанд хүрэгчдэд зориулсан дуу ч олныг бичсэн. “Гангар цагаан Сутай” дуу нь уралдаанд түрүүлж анх олонд хүрч байсан дуу. “Гэртээ ирлээ”, “Насны хайр”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” гээд олон дуутай. Гэхдээ Галмандахыг хүүхдийн дууны уран бүтээлч гэдгээр нь илүү мэддэг. 1925 онд “Бүхий олон багачууд” дуу зохиогдож, 1940-өөд онд “Тэгвэл хоёулаа”, “Хургачин”, 1950-иад онд “Өнчин хөх ишиг” зэрэг дуу гарч, 1960-аад онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимидорж гуай хүүхдийн дууны уран бүтээл хийж эхэлсэн. Т.Чимиддорж гуайн дараа хүүхдийн дуу тасрахын даваан дээр Л.Галмандах, С.Батболд хоёр гардаж авсан. Б.Шарав зэрэг хөгжмийн зохиолчид хүүхдийн дуу хийсэн. Гэхдээ гол зонхилох бүтээлүүдийг Л.Галмандах хийсэн. Би Галмандахынхаа уран бүтээлийг “Улаан бүч” чуулгынхаа багачуудаар дуулуулж байлаа. Олон бүтээлийг нь радио,телевизээр ярьж байлаа. Галмандах хүүхдийн сэтгэлээр амьдарч байсан хүн. Хүүхдүүдтэйгээ нөхөрлөдөг, хүүхдийн сэтгэлийг ойлгодог учраас бүтээл нь хүүхдүүдэд маш ойрхон байдаг. Аялгуу нь хүүхдэд зохицсон байдаг. Галмандахын дуунууд их сонин. Өөрөө яг хүүхэд шиг сэтгэж тэдэнтэйгээ бужигнаж явдаг учир тэр байх. Тэгэхдээ багш гэдэг зангаа хэзээ ч гээдэггүй, хүүхдүүдээ хүн болгох, урлагийн нарийн нандиныг мэдрэх талаас их зүйл зааж байсан. “Дэлдэн чихэр” дуу л гэхэд нүдээ аньсан ч, харсан ч чихэр харагддаг, шүдээ өвдөхийг ч мэдэхгүй чихэр идчихсэн байдаг тухай өгүүлсэн. Энэ бол хүүхдийн сэтгэхүй. “Тоглоомууд минь ядраа байлгүй” гээд л цэцэрлэгийнхний дуулдаг олон дуу бий. Хүүхдийг бүр бага наснаас нь урлагаар дамжуулж хөгжүүлж байсан ийм хүн.
Сургуулийн тухай “Зуун зууны ерөөл”, “Бага насны он жилүүд” гэх мэт олон дуу байна. Эргээд багштайгаа уулзах сайхан аа гээд л тэр их хайр, энэрэл, гэгээн сайхан дурсамжийг өгүүлдэг. “Төгсөгчийн уянга”, “Сүүлчийн хонх” гээд сайхан дуунууд байна. Сургууль гэдэг бидний амьдралын хамгийн нандин чухал хэсэг гэдгийг дуугаараа ойлгуулж байсан. Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж минь”, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны шүлэг “Торойсоор үлддэг миний ижий”, “Бурхан жолооч аав” гээд хэчнээн сайхан дуунууд байна вэ. Аав ээжийн хайрыг ингэж хүүхдээр дуулуулж сэтгэхүйд нь суулгаж байсан байна.
Найрамдал нөхөрлөлийн тухай “Манай хотын хонх” гээд дуу бий. “Амгалан цэнхэр дэлхий”, “Өрөөнд тагтаа орж ирлээ” зэрэг дуугаараа дэлхий дахиныг хамарсан ухамсрыг хүүхдэд төлөвшүүлж байсан. Өв уламжлалын тухай бас олон дуу зохиосон.“Би сургуульдаа тэмээгээр явдаг”,“Чингис хаан хүүхэд байсан” гэдэг ч юм уу. “Тоглоомын тойрог” гээд 13 цуврал дуу хийсэн. Шагай тоглох тухай, морь уралдуулах, цагаан тэмээцэх зэрэг ардын уламжлалт тоглоомын тухай дуу хийсэн байх жишээтэй. Галмандах бол ингэж хүүхдийн сэтгэлээр амьдарч, хүүхдийн сэтгэхүйгээр сэтгэж бүтээж явсан хүн. Өөрөө тийм гоё хүн байсан учир бүтээл бүр нь хүүхдэд хүрдэг. Галмандахын бүтээл хэзээ ч хуучрахгүй. Энэ дэлхий дээр хүүхэд байгаа цагт дуулагдсаар байх болно. Мартахын аргагүй, мартагдах ч үгүй хүн бол Галмандах.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат: “Гэртээ ирлээ” дууг нь Германд анх дуулж байлаа
-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзангийн шүлэг “Гэртээ ирлээ” дууг нь анх Д.Сосорбарам гавьяат бид хоёр Германд очиж дуулсан. Тэнд анх дуулахад хүмүүс сайхан хүлээж авсан. Харин ээж, аавын тухай ороогүй байна гэж байсан юм. Тэгээд Монголдоо буцаж ирээд Данзан гуайд хэлээд ээж, аавын тухай бадаг нэмсэн. Их сайхан дуу болж түгсэн.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр: Бүхэл бүтэн үеийг дуугаараа хүмүүжүүлсэн
-Галаа багш бид хоёр нэг сургуулийн төгсөгчид. Галмандах багш сургууль дээрээ “Нарны дуулал” гэж хамтлагтай байсан. Монголын бүхэл бүтэн нэг үеийг хөгжим, дуугаараа хүмүүжүүлсэн хүн. Хөгжмийн зохиолчид хүүхдийн дуу хийдэг л дээ. Би ч бичиж байсан. Эхлээд хүүхдийн дуу бичиж батлуулж байж дараа нь уран бүтээл рүүгээ ордог тийм үе байсан. Дан хүүхдийн уран бүтээл дагнана гэдэг их бахархууштай. Монголчуудын соёл, хүмүүжил, ёс заншил, хэл бүгд Галмандах багшийн хүүхдийн дуугаар илэрч гарч ирдэг. Монголын хүүхдийн дууны мастер Галмандах багшид хүрэл хөшөө босгох хэрэгтэй. Галаа багш хүүхдийн дууг бичихдээ өөрөө санаагаа эхэлж олдог. Тэгээд яруу найрагчдаа хэлдэг. Хүүхдүүд дотроо хүүхэд юм шиг л явж байдаг хүн байсан. Тодорхой арга барилтай хөгжмийн зохиолч. Уран бүтээлчээс гадна агуу багш байлаа.
Монгол Улсын Гавьяат багш, хөгжмийн зохиолч С.Батболд: Хүүхдийн дууг таслалгүй авч явсан гавьяатан
-Галаа багш хүүхдийн хөгжмийн боловсролд асар их хувь нэмэр оруулсан хүн. Дуу хөгжим зохиогоод зогсохгүй нийтлэлүүд хүртэл их бичдэг байсан. Тухайн үеийн “Залуучуудын үнэн” сонинд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ, дуугаар хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг сэдвээр нийтлэл бичиж, хүмүүсийг сэрээж, сэргээж байсан. “Утга зохиол” сонинд хүүхдийн хөгжим ямар байх ёстой юм бэ гэх мэт сэдвээр нийтлэл бичсэн. Хүүхдийн дууны ном олныг гаргасан. 1990-ээд оны хүнд үед хүүхдийн дууны түүвэр гаргаад л явж байсан. Хүүхдийн дууг таслалгүй авч явсан гавьяатай, хүүхдийн дууны урын санг арвижуулахад асар их хувь нэмэр оруулсан хүн. Галаа багш нэрт сурган хүмүүжүүлэгч байсан. Галмандах багшийн сургалтын арга зүй өвөрмөц. Хүүхдийн уран зохиол ярина. Жүжиг, яруу найраг ярьж дуу хөгжмөө түүнтэй холбож хичээл заадаг, хичээлээ заахдаа шүлэглээд л эхэлнэ. Бас олон цуврал нэвтрүүлгүүд телевиз, радиогоор хөтлөн явуулж байсан.
Галмандахын Тунгалаг: Би аавынхаа хэд хэдэн дууг дуулсан
-Аав хүүхэд бүхэнд зориулж дуу зохиодог байсан. Тиймээс дууг нь хүүхэд бүхэн дуулдаг. Би аавынхаа хэд хэдэн дууг дуулсан. Монголын радиогийн нэвтрүүлгийн дуу гэх мэт. Би зургадугаар ангид байсан юм. Нэг өдөр аав сургууль дээр ирээд “Миний охин аавдаа нэг дуу дуулж өгөөч” гэсэн. Тэгээд бид хоёр Монгол телевиз рүү автобусаар явсан юм. Аав автобусанд явж байхдаа дууныхаа үгийг надад өгөөд л “Миний охин үгээ цээжилчих” гэсэн. Тэр нь “Азын нахиа” гэдэг дуу байсан. Би ч дууныхаа үгийг автобусан дотор бараг цээжилчихээд буусан. Студид нэг том чихэвч зүүгээд л, дуугаа бичүүлсэн. Хүүхэд байсан болохоор их сүрдэж байсан. Эргээд бодоход хамгийн дурсамжтай бүтсэн дуу тэр юм даа. Тэгж “Азын нахиа” нэвтрүүлгийн дууг бичүүлсэн. “Азын нахиа” нэвтрүүлгийн анхны дугаарт би өөрөө очиж дуугаа дуулж, бичлэг хийлгээд. Надад нэвтрүүлгийн дууг дуулсан гэж их гоё биеийн тамирын цамц, чихрийн цуглуулга өгсөн. Уран бүтээлийн шагнал учир их гоё санагдаж байлаа. “Азын нахиа”-гаас гадна радио нэвтрүүлэгт бас нэг дуу дуулж байсан.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна