Монголын үндэсний бөхийн холбоо, PSN сувагтай хамтран зохион байгуулсан “Алтан цом”-ын барилдаан өндөрлөж, Архангайнхан цом өргөсөн бол Булганы бөхчүүд үзүүрлэсэн билээ. Лиг дөнгөж эхлэхэд Булганы багийг хол явна гэж хэн ч таамаглаагүй. Эхнээсээ л шижигнэсэн зургаан начнаар багаа бүрдүүлж, дуустал нь зүтгүүлсэн. “Алтан цом”-д үзүүрлэсэн Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хилчин” спорт хороо, “White event hall” компанийн бөх, улсын начин Э.Сумъяабаттай ярилцлаа.
-“Алтан цом”-ын барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Булганы баг цом өргөж чадаагүй ч бөх сонирхогчид, үзэгчдийн хүлээлтээс давсан амжилт үзүүллээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. “Алтан цом”-ын тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Цом өргөх зорилготой байсан ч финалын барилдаанд нэг л болж өгсөнгүй. Анх өнгөрсөн оны наймдугаар сард ийм барилдаан болох гэж байгааг мэдсэн. Тэгээд есдүгээр сард багаа бүрдүүлээд л оролцсон доо. Анхнаасаа л өөрсдөдөө итгэлтэй байсан шүү. Хүмүүс л биднийг дутуу үнэлсэн болохоос биш манай багийнхан “Алтан цом” авна гэдэгтээ итгэлтэй байсан. Ерөөсөө л цом авахын төлөө энэ барилдаанд оролцсон хэрэг. Сайн ч баг бүрдсэн гэж боддог. Бүрэлдэхүүн ч харьцангуй залуу байлаа. Хамгийн залуу нь улсын начин Б.Түвшинтөгс. Бид хоорондоо 3-4 насны л зөрүүтэй. Бараг үе тэнгийнхэн. Тэгэхээр анхнаасаа санаа нэгдэж, нэгнээ сайн ойлгодог байсан. Хоорондоо их дотно. Төрсөн ах, дүүс шиг учраас нэг цул болоход хялбархан байлаа.
-Эхнээсээ л үзэгчдийг шуугиулсан. Увс, Өвөрхангай гээд оноолт хатуу эхэлсэн ч торох зүйлгүй ялсан байдаг. Эхлэл ямар байсан бэ?
-Увс гэлтгүй бүх өрсөлдөгч чанга байлаа. Увсын бөхчүүдтэй анх учраа таарахад хүн бүр хувийн ажиллагаагаа сайжруулах тактиктай гарсан. Барилдаан эхнээсээ л төлөвлөгөөний дагуу болсон. Бүгд санасандаа хүртэл барилдсан даа. Ер нь анхнаасаа хувийн ур чадвараа харуулахыг багш нар зөвлөсөн юм.
-Тэгвэл финалд Архангайн хүчтэнүүдтэй барилдахад жаахан сандарсан уу, догдолж байв уу. Нэг л болсонгүй дээ. Юун дээр алдав. Барилдааны дараа ямар дүгнэлт хийсэн бэ?
-Нэг их сандарсан зүйл байхгүй дээ. Бүгд л бэлтгэлээ сайхан тааруулсан байлаа. Эхний тойрогт 4:1-ээр ялсан, төлөвлөгөө ёсоор боллоо. Яг энэ эрчээ хадгалах юм шүү гэж улсын заан Д.Баасандорж багш хэлсэн. Гэтэл дараагийн тойрогт нь 5:0-дуулсан. Бүгд шоконд орсноо нуухгүй. Гуравдугаар тойрог эхлэхээс өмнө дасгалжуулагч нар “Одоо нэг хичээгээд үз. Юу чаддагаа харуул” гэсэн. Ингээд энэ тойргийн барилдаан бидний санаснаар болж 3:2-оор илүүрхэж, онооны харьцааг 8:7 болголоо. Энэ эрчээ хадгалахын тулд дөрөвдүгээр тойрогт илүү хичээх шаардлага гарсан. Гэвч манайхны барилдаан санаснаар болоогүй, 4:1-ээр ялагдсан. Ингээд л үндсэндээ хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Сүүлийн тойрогт 5:0-ээр ялаад түрүүлэх боломж цаасан дээр байсан ч бодит байдал тэс өөр шүү дээ. Юу болоод өнгөрснийг үзэгчид бүгд харсан учраас өөр юу хэлэх билээ. Мэдээж алдаа, оноогоо багаараа ярилцаж дүгнэлгүй яах вэ.
-Финалын барилдааны өмнө нутагтаа сэргэлтийн бэлтгэл хийгээд ирсэн шүү дээ. Бэлтгэл таарсангүй юу?
-Бэлтгэл маш сайхан таарсан. Гэхдээ тухайн өдрийн аз, од гэж нэг зүйл байдаг даа. Тэр нь тохироогүй юм шиг байна.
-“Алтан цом”-ын барилдаан бөхчүүдийг жилийн турш байнгын формтой байхад үр дүн өгөх шиг боллоо. Үзэгчийн хувиас харахад өгөөжтэй барилдаан болж өндөрлөлөө. Таны хувьд?
-Тэгэлгүй яах вэ. Өгөөжөө өгсөн сайхан барилдаан боллоо шүү дээ. Хүн бүр, бөхчүүд надтай, тантай адилхан бодолтой яваа байх. “Алтан цом”-д амжилттай барилдахын тулд манай багийнхан гурван удаа нэгдсэн бэлтгэлд гарлаа. Тэр бэлтгэл үр өгөөжөө өгч бид “Алтан цом”-д амжилттай оролцлоо. Өмнөх жилүүдэд багаараа, дэвжээгээрээ наадмаас наадмын хооронд ингэж олон удаа бэлтгэлд гарсан тохиолдол байхгүй. Ер нь наадмын өмнө л дэвжээний бөхчүүд нэгдэж бэлтгэл хийдэг байсан. Бусад үед нь тус тусдаа, хувьдаа л бэлтгэлээ базаадаг байсан шүү дээ. Тэгвэл энэ жил арай өөр байв. Манайхны бэлтгэл сайн, жигд байсан.
-Бас бөхчүүдийн барилдааны ур чадвар ч сайжирч, ахиц дэвшил гарсан байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Барилдааны өмнө багуудаа судална. Бөхчүүдийн барилдааныг судална. Тэгэхээр өрсөлдөгчийнхөө барьц, байрлалд нь орохгүй, давуу тал олгохгүйн тулд судалгаатай барилдсан. Эндээс хувь хүний ур чадвар, барилдааны арга барилд өөрчлөлт гарч байгаа нь дамжиггүй. Ер нь бөхчүүдтэй хэрхэн барилдахаа сайтар судалж, тооцдог болсон.
-Улсын цолонд хүрснээс хойш хувийнхаа чадварт хэр анхаарал хандуулж байна вэ?
-Мэдээж ур чадвар, барилдааны агуулгаа улам сайжруулахын төлөө хичээж байна. Бөхийн өргөөнд болсон барилдаанд боломжийн амжилт үзүүллээ. Хүний барилдааныг сайн судалсан. Барьцны барилдаанаа сайжруулах тал дээр нэлээд ажиллаж байгаа. Цаашид хариу мэхэнд орохгүй байхад анхаарал хандуулна. Ялангуяа аймгийн арслан Э.Мөнхжаргалтай хийсэн барилдаанд дүгнэлт хийж байна. Жүдогийн хүн багахан зайд маш гоё мэдэрч давсан. Тэр байдлыг давтуулахгүйн тулд ажиллана.
-Булганы хоёр дэвжээг нэгтгэсэн нь энэ жилийн онцлог байв уу?
-Нэгтгэх ч юу байх вэ. Анхнаасаа л нэгдмэл байсан шүү дээ. Улсын заан Д.Баасандорж багш “Хилчин” спорт хорооных. Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу багш “Алдар”-ынх. Бэлтгэлд гарахад тус тусын багшаа дагадаг байсан. Энэ нь бөх сонирхогчдод Булганы бөхчүүд хоёр хуваагдлаа гэсэн ташаа ойлголт төрүүлсэн байх. Түүнээс биш нэг цул шүү дээ.
-Улсын аварга О.Хангайтай бэлтгэл хийж байгаа. Их зүйлд суралцаж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Барьц, золгооны барилдаанаа сайжруулах тал дээр гол анхаарлаа хандуулж байна. Барилдаан бүрийн дараа аваргатай ярилцдаг. Энэ бол маш том давуу тал. Нэг алдаагаа хоёр давтахгүйн тулд хамтдаа бэлтгэл хийж, ярилцаж, шинэ хувилбар давтдаг. Энэ нь ч надад өгөөжтэй байна.
-Цол дагаж бяр гэдэг. Таны барилдаан эрс сайжирсан. Тиймдээ ч Бөхийн өргөөнд зохион байгуулдаг барилдаанаас анхны түрүүгээ авлаа. Тэр Мэдрэмжээсээ хуваалцаач?
-Маш гоё мэдрэмж. Их спортын тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээнд түрүүлээд төрийн дууллаа эгшиглүүлэх мэдрэмж гайхалтай байдаг. Яг түүн шиг. Түрүүлээд алтан соёмбот төрийн далбаагаа найм тойрох сайхан байсан. Тэр барилдааныг гэр бүлийнхэн маань ирж үзсэн болохоор сэтгэлд ойр, мартагдашгүй дурсамжуудын нэг болж үлдсэн. Огшмоор юм билээ.
-“Алтан цом” болон бусад барилдаанд оролцож, завгүй явсаар нэг мэдэхэд улсын наадам хаяанд иржээ. Э.Сумъяабатын үнэнч фэнүүдийн хувьд цолоо батлах, цаашлаад ахиулна гэсэн итгэл дүүрэн яваа байх. Наадмын бэлтгэлдээ хэзээнээс гарах вэ?
-Маргаашаас /өчигдөр бэлтгэлдээ гарсан/ улсын аварга О.Хангайтай бэлтгэлд гарна. Булганы бөхчүүд бэлтгэлдээ гарах үед нь нутгийнхантайгаа нэгдэнэ дээ. Энэ жил миний бэлтгэл жигд сайн байгаа. Формоо алдахгүй, улам чанаржуулж наадамтайгаа золгохыг хүсэж байна. Бэлтгэл сайн байхад “Алтан цом” нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Сэргэлтийн бэлтгэлд хэд хэд гараад ирэхээр өөр болдог юм билээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад жигдхэн байсан шүү. Сэргэлтийн бэлтгэл ямар хэрэгтэй вэ гэдгийг мэдэрсэн.
-Нутгийнхаа бөхчүүдтэй анх наадмын бэлтгэлд гарах ямар байсан бэ?
-Эхэндээ их сүрддэг байлаа. Хаана, юунд ирэв гэж бодох энүүхэнд. Гэхдээ наадмын бэлтгэл их гоё. Ажил хийж сурна, эрэмбэ дараа гэж юу байдгийг мэдэрнэ. Үг даадаг болно. Ганц нэг ороолгуулна. Хамгийн гол нь ах, зах, дээд, доод цолтноо хүндлэх зан төлөвт маш сайн сургадаг. Анх 2012 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” баазад бэлтгэлд гарч байлаа. Эхлээд хэцүү ч сүүлдээ дасна. Том цолтнуудын барилдахыг харж баясна. Хэзээ энэ хүмүүс шиг барилддаг болох бол гээд л бодно. Залуу хүүхдүүд бэлтгэл дууссан бол хамгийн хурднаараа байр руугаа гүйнэ. Бүх зүйлээ янзалдаг. Ах нар гоё гоё юм яриад л үлддэг. Хэзээ энэ хүмүүс шиг болох бол гэсэн юм бодоод л... Залуу бөхчүүд ийш тийшээ дураараа явахгүй. Бүх зүйлээ асууна. Дөрөв, таван жил завсаргүй гүйсэн. Аймгийн цол авснаас хойш гайгүй болсон доо.
-Бөхчүүд наадмын өмнөх орой догдлоод нойр нь хүрдэггүй, унтаж чаддаггүй гэж ярих юм билээ. Олон ч ийм бөхтэй тааралдсан. Та харин хэр догдлов. Бүтэн нойртой хонож чаддаг уу?
-Ер нь сэтгэл хөдлөл багатай хүн шүү. Тайван талдаа гэх үү дээ. Наадмын өмнөх орой зарим хүн гэгэлзэж, догдлоод нойр нь хүрдэггүй бол би эсрэгээрээ. Ёстой бөх гэгч нь унтана даа. Сандрал багатай учраас сайхан амрахыг л илүүд үздэг.
-Бага насны тань талаар яриулмаар санагдлаа. Хөдөө өссөн хүүхэд барилддаг, ноцолддог байсан биз. Үндэсний бөхөд амьдралаа зориулахад нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
-Миний бага нас ерөөсөө л хөдөө өнгөрсөн. Орхоны гуравдугаар багт мал маллаж өслөө. Эхэндээ зуны амралт болохоор хөдөө гарч, өвөө, эмээгийнхээ дэргэд байдаг байсан. Хожим 2006 онд аав, ээж минь ч мал дээр гарснаар миний бага болон өсвөр нас тэр чигээрээ хөдөөтэй салшгүй холбоотой болсон. Дээд ахтайгаа насаар ойролцоо учраас байнга барилдана. Орой морь мал аргамжих гэж гараад хоёр, гурван цагаар ч хамаагүй барилддаг. Хонинд явахдаа ч барилдана. Ингэж л бага насаа өнгөрүүлсэн дээ. Магадгүй үүнээс бөх болох сонирхол төрсөн юм болов уу. Гэхдээ би барилдаж, ноцолддог л байснаас биш 2008 он хүртэл бөх болох тухай ямар ч бодолгүй байлаа.
-Тэгвэл бөхийн ойлголттой болж, үндэсний бөхөд эргэлт буцалтгүй ороход юу нөлөөлөв. Нэг шалтгаан байгаа даа?
-2008 онд олимпын аваргатай болоод л улс орон даяар хөл хөөрсөн шүү дээ. Түүнээс өмнө бөхийн талаар ойлголтгүй, мэдлэг тааруу. Хар ухаанаар л ноцолддог. Олимпын аваргатай болсноос хойш өөрийн эрхгүй бөх сонирхож эхэлсэн. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2010 онд Булган аймгийн өсвөрийн барилдаанд зодоглохдоо шөвгийн дөрөвт шалгардаг юм. Тэр медаль л надад маш их урам өгсөн. Үндэсний бөхөөр барилдах сэдлийг улам асаасан гэх үү дээ. Медаль авсны дараа Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир багш надтай уулзаад, “Чи намар над дээр ирж бэлтгэл хийгээрэй. Бөх болохоор юм байна” гэсэн. Ингэж багшаараа анхны “А” үсгийг заалгаж, бөхөд дуртай болсон доо. Бөхийн спортоор хичээллэж эхэлснээ гэрийнхэндээ дуулгахад маш их дэмжсэн.
-Бөхийн өөр төрлөөр хичээллэсэн биз?
-Жүдогоор хичээллэдэг байлаа. Жүдо, чөлөөт бөхөөр тэмцээнд оролцож байсан ч сүйдтэй амжилт гаргаагүй. Дээд тал нь гурав ялаад л тэмцээнээ дуусгана. Тэмцээн алгасахгүй орохыг хичээдэг тийм л хүүхэд байсан.
-Үндэсний бөхөөр барилдаж эхэлснээс хойш сэтгэлд тод үлдсэн наадам юу вэ?
-Мэдээж өнгөрсөн жилийн улсын наадам. Гэхдээ 2012 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын наадамд түрүүлж сумын заан цол авч байсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй. Анхны цол, анхны том амжилт гэдэг утгаараа сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Ер нь хүний анхны амжилт л хамгийн гоё биз дээ. Үүнээс өмнө дунд сургуулийн сурагч хэд хэдэн сумын наадамд барилдахдаа гурав, дөрөв давна.
-Тэгвэл сэтгэлд хоногшсон барилдаанаа нэрлэвэл?
-2018 оны наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодож байсан. Тэр барилдаанаа мартдаггүй. Би ер нь түүхт ойгоор одтой байдаг юм шиг. Сумынхаа 60 жил, аймгийн 80 жилээр түрүүлсэн, өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор улсын цолонд хүрлээ. Өөр нэг сонин тохиолдол гэвэл шинэ хүнээ өлгийдөж авсан жилдээ цолоо ахиулдаг. Анхны хүүхдээ төрөхөд аймгийн арслан болж байлаа. Хоёр дахь хүүхэд төрөхөд улсын начин болсон. Хэдхэн сарын өмнө охинтой боллоо. Магадгүй цолоо ахиулах ч юм билүү. Ер нь шинэ хүүхдүүд цол дагуулж ирдэг юм шиг байна.
-Хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Нэг их шүтлэгтэй биш. Харин уул, ус, байгальдаа илүүтэй сүсэглэж, залбирдаг даа. Гардаг овоотой. Түүндээ байнга гарна. Миний хүүхэд нас өнгөрсөн газар бий.
-Тамирчин, бөх хүн амжилт гаргахын тулд ар тал найдвартай байх ёстой. Ар гэрийг найдвартай дааж явдаг гэргий тань спортын сэтгүүлч. Ялангуяа жүдо, чөлөөт гээд л бөхийн спорттой ойр хүн. Бөхийн спортыг мэддэг, гадарладаг хүнээр ар талаа даалгахын давуу тал их биз?
-Тэгэлгүй яах вэ. Би үндэсний бөхөөр хичээллэж явсныхаа ачаар сайн ханьтай учирсан. Анх “Цэнгэлийн манлай” нэвтрүүлэгт оролцож танилцаж байлаа шүү дээ. Миний хань чинь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сурвалжилж явсан бөхөд дуртай, элэгтэй хүн. Заримдаа тааруу барилдаад ороод ирэхэд сэтгэл засах тал дээр сайн мэргэжилтэн гэж боддог. Надад маш их урам өгдөг. Сэтгэлээр унасан үед сайн сэтгэл зүйч болж чадна. Үргэлж намайг ойлгож, миний талд явдаг ханьдаа баярлаж явдгаа энэ ташрамд хэлье.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Наадмаар цолоо ахиулахыг хүсье?
-Маш их баярлалаа. Намайг дэмждэг фэнүүд болон үргэлж тусалж, дэмждэг хүмүүсийнхээ итгэл, дэмжлэгийг амжилтаараа хариулж, улам сайн барилдахын төлөө хичээх болно.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна