Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хоёр башё дараалан тавин хувийн амжилт үзүүлсэн, “ирээдүйн ёкозүна” хэмээн үнэлүүлж буй Хокүсэйхо Э.Даваанинж эх орондоо ирж, түр хугацаанд амраад буцлаа. Хокүсэйхо доод гурван зиндаанд өвдөг шороодолгүй 21 дараалан ялж, найман башё барилдаад жюүрёод дэвшиж байсан юм. Гэвч баруун өвдөгний гэмтлээс болж макүшитад эргэн унаж байв. Тэрбээр 204 см өндөртэй нь АНУ-ын Акэбоно, Болгарын Котоошюү нартай ижилхэн дээд зиндаанд дэвшсэн хамгийн өндөр шинэ сүмочийн амжилт болж байлаа.
Гэхдээ одоо ч өсөлт нь зогсоогүй байгаа нь гайхалтай. Хокүсэйхо Э.Даваанинжийн хувьд 2023 оны тавдугаар сарын байдлаар 90 барилдаан хийж 56 даваа авчээ. Дээд зиндаанд хоёр башёд барилдахдаа 17 даваа авсан түүнтэй Монголдоо ирээд удаагүй байхад нь хэсэгхэн хугацаанд ярилцлаа. Хокүсэйхог Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан, жуух бичгээр шагнасан юм.
-Эх орондоо тавтай морил?
-Баярлалаа. Удаан хугацааны дараа төрөлх нутагтаа ирэх сайхан байна. Цөөхөн ч гэсэн хэд хоногт эх орондоо сайхан амарч байгаад буцна.
-Багагүй хугацааны дараа эх орондоо ирлээ шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцах уу?
-Хамгийн сүүлд зургаан жилийн өмнө Монголдоо ирсэн юм. Би 15 настай байсан. Тэр үед мэргэжлийн сүмод ороогүй байлаа. Өвөө, эмээ дээрээ ирсэн юм. Өнөөдөр бол мэргэжлийн сүмогийн хамгийн дээд зиндаанд гараад зогсохгүй дажгүй амжилт үзүүлээд эх орондоо ирлээ. Маш гоё байна. Нисэх онгоцны буудалд буугаад явахад сэтгэл их хөдөлсөн шүү.
-Өнгөрсөн башёг найман даваатай дуусгалаа. Барилдаануудын талаар юу хэлэх вэ?
-Макүүчи зиндаанд гарснаас хойш ямар ч байсан хоёр башё барилдлаа. Хоёуланд нь тавин хувийн амжилтаа үзүүлсэн. Макүүчигийн дээгүүр эрэмбэтэй монгол ах нартайгаа барилдлаа. Хэдийгээр тавин хувийн амжилтаа үзүүлсэн ч 10 давна гэсэн зорилгодоо хүрч чадаагүй нь харамсалтай. Гэхдээ тавин хувийн амжилтаа хийсний дараа эх орондоо ирэх гоё байна, урам авлаа.
Найм дахь өдрийн барилдаанд озэки асан Асанояматай барилдсан. Японы сүмочдоос аварга цолонд хамгийн ойр бөх гэж яригддаг байсныг та бүхэн мэдэх биз. Унтахынхаа өмнө энэ хүнийг хэрхэн давах тухайгаа нэлээд бодсон. Асанояма баруун золговол бяраа маш сайн гаргадаг. Ер нь баруун талтай бөх. Тиймээс өөрөө эхэнд нь зүүн золгох төлөвлөгөөтэй байсан. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга болон Мэйсейг давлаа. Өөрөөс дээгүүр эрэмбэтэй сүмочдыг даваад маш их урам авсан.
-Цаашид ямар зорилго тавьсан бэ?
-Мэдээж аварга болох. Гэхдээ үүнээс өмнө комүсүби, сэкивакэ, озэки гэсэн цол бий. Энэ бүгдэд хүрэхийн төлөө өөрийгөө улам ихээр дайчилж барилдана. Зорилгодоо хүрэхийн тулд нэн түрүүнд бэртэхгүй байх шаардлагатай. Дараа нь бэлтгэл сургуулилалтаа улам чамбайруулж, өөрийнхөө үндсэн барилдааныг дэвжээнд гаргах хэрэгтэй.
-Та сүмогийн бага дөрвөн зиндаанд түрүүлсэн анхны монгол бөх шүү дээ. Доод зиндаануудад барилдах хэцүү байсан уу?
-Мэргэжлийн сүмод орохоос өмнө нэг жилийн дотор жюүрёод дэвших зорилго тавьсан байлаа. Зорилгоо ч биелүүлж нэг жилийн зургаан башёд амжилттай барилдан жюүрёод дэвшин цолондоо хүрч чадсан. Жюүрёод дэвшсэний дараа бүх чадлаа дайчилж, богино хугацаанд макүүчид дэвших хүсэл маань талаар болоогүй. Амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно.
-2020 оны гуравдугаар сард та мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж байлаа. Тэр үеийг дурсвал?
-Анх сүмогийн дэвжээнд гарч түүхээ эхлүүлсэн цаг саяхан мэт санагдаж байна. Бүх доод зиндаанд түрүүлж чадсан нь миний түүхийн эхлэлийг улам баяжуулсан гэх үү дээ.
-Анх сүмогоор барилдах хэцүү байв уу?
-Юм бүхний эхлэл амаргүй байдаг шүү дээ. Хэцүү байсан үе бий. Гэхдээ тэр хүнд хэцүүг давсны хүчинд би өнөөдөр дээд зиндаанд барилдаж байна шүү дээ.
-Шантраад сүмогоос болих тухай бодож байсан уу?
-Шантарсан ч сүмог орхих тухай огт бодоогүй. Зорилго тодорхой байсан учраас хүнд хэцүү бүхнийг тэсвэр тэвчээрээрээ даван туулсан. Цаашид ч шантрахгүй. Аварга цолонд хүрээд та бүхэнтэйгээ баяртайгаар уулзана.
-Тэгвэл дээд зиндаанд гарахад юу бодов?
-Багштайгаа хамт ингээд хэвлэлийн хурал хийгээд суух гоё байлаа. 15 жилийн өмнө Хакүхо аваргатай санамсаргүй тааралдаад аваргын үгийг сонсоод сүмо бөх барилдаж эхэлсний хэрэг гарсан учраас маш их урам авсан.
-10 хоногийн дараа долдугаар сарын Нагоя башёгийн банцүкэ гарна. Банцүкэг хэрхэн таамаглаж байна вэ?
-Тийм ээ, энэ сарын 26-нд банцүкэ гарна. Ирэх башёд 10-аас олон даваа авахын төлөө хичээх болно.
-Заавал сүмод барилдах болсон шалтгаан юу вэ. Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Би долоон настайдаа Японд очиж байлаа. Их аварга Хакүхотой Өмнөд Солонгосын онгоцны буудал дээр уулзсанаас хойш л сүмоч болох хүсэл миний толгойноос гараагүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд сүмогоос өөр спортын тухай огт бодож байсангүй. Багшийнхаа зөвлөснөөр тухайн үед Японы шилдэг сүмочдыг бэлтгэсэн Тоттори Жёохокү сургуульд суралцаж, Р.Гантөгс багшаараа сүмо заалгаж эхэлсэн. Энэ ташрамд, намайг сүмод анх оруулсан их аварга Хакүхо М.Даваажаргал багшдаа баярлалаа. Цаашид таныхаа үгэнд сайн орж, тань шиг том аварга болж ачийг нь хариулахаа амлаж байна. Аварга болох нь миний мөрөөдөл учраас тууштай зүтгэнэ ээ. Багшийнхаа заасан бүхнийг сайн сурч, ухаантай байя.
-Бэртлээс болж макүүшитад эргэн унасан шүү дээ. Хэрвээ бэртэлгүй байсан бол гэж бодсон уу. Магадгүй тавдугаар сард комүсүби цолтой ч барилдаж болохоор байлаа шүү дээ?
-Миний хувь төөрөг юм байлгүй дээ. Тухайн үеийн сэтгэл санаа тогтворгүй байдал зэрэг нөлөөлсөн. Болохгүй барилдаан хийснээс болж бэртсэн учраас цаашид тийм алдаа гаргахгүйн төлөө хичээнэ. Одоо бэртэл гэмтэл гайгүй сайхан явж байна. Энэ эрчээрээ урагшилна даа.
-Аварга Тэрүнофүжи, шинэ озэки Кирибаяма, сэкивакэ Хоошёорюү, тэгээд та. Сүмог улам үзүүштэй, сонирхолтой болгож, сүмо үздэг монголчуудын тоо эргээд нэмэгдлээ. Монголынхоо сүмо сонирхогчдодоо хандаж юу хэлэх вэ?
-Миний барилдааныг өдөр бүр алгасалгүй үзээрэй. Намайг сайн дэмжээрэй. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүй барилдаж, аварга цолтойгоор Монголын ард түмэнтэйгээ уулзахыг хүсэж байна. Тэр болтол намайг сайн дэмжиж, урам өгөөрэй.
-Баярлалаа. Хүссэн цолондоо хүрээд дахин уулзахын ерөөл дэвшүүлье?
-Тэр ерөөл бат оршиг. Ярилцсанд маш их баярлалаа.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна