Төв аймаг нийслэлийн хүн амын хүнсний бүтээгдэхүүнийг хангагч гол аймгийн хувьд Засгийн газрын “Хүнс экспортлогч” улс болох зорилтыг хангах, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд том хувь нэмэр оруулах амбицтай ажиллаж байна. Аймгийн “Хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө”-ний дагуу ХАА-н үйлдвэрлэлийг зургаан чиглэлээр хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны чиглэлийн кластер үйлдвэрүүд хөгжөөд эхэлжээ. Стратеги төлөвлөлтийн хүрээнд боловсрогдсон төслүүд сумдад хэрэгжиж үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээж байгаа аж.
Аймгийн ИТХ болон ЗДТГ улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа болох Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагтаа цаг алдалгүй үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлээ тодорхойлж, эдийн засгаа сууриар нь тэлэх алхмыг эхлүүлж, 2022 онд "Хөгжлийн түүчээ-Төв аймаг" эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулсан юм.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна
Аймаг жилд 90-100 сая литр сүү, 1.4-1.6 сая ширхэг арьс, шир бэлтгэж байгаа ч арьс шир, сүү боловсруулах томоохон үйлдвэргүй, 100-150 мянган тн төмс хураан авч байгаа боловч төмс боловсруулах үйлдвэргүй байгаа. Одоогоор зах зээлийн энэхүү орон зайг ашиглан орон нутгийн нөөцөд тулгуурласан сүү, мах, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс, шир, гурил, тэжээлийн болон хөдөө аж ахуйн бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Хураан авсан төмс, тэжээлийн ургацаар улсдаа дахин тэргүүлэв
Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид 2021 онд 435.8 мянган тн ургац хураан авч улсдаа тэргүүлсэн бол 2022 онд 307.5 мянган тн ургац хураан авч, хураан авсан төмс, тэжээлийн ургацаар улсдаа дахин тэргүүлэв. Аймгийн хэмжээнд 2022 онд 3920 га-д усалгаатай тариалан эрхэлж буй. Усалгаатай талбайн хэмжээ өнгөрсөн жилээс 320-га-аар нэмэгдэж, 8.8 хувиар өслөө.
Эрчимжсэн аж ахуйгаар улсдаа тэргүүн байрт эрэмбэлэгдэв
“Хоршооны үйл ажиллагаанд гэрээт менежментийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд Монгол-Японы хоршоологчдын зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд 2021-2022 онд гурван үйлдвэр, 47 цех, 187 анхан шатны хоршоо, найман дундын хоршоо шинээр байгуулагджээ. 2022 оны эцэс гэхэд Төв аймаг 5.1 сая толгой мал тоолуулж, малын тоо толгойгоор улсдаа гуравт, Эрчимжсэн аж ахуйгаар улсдаа тэргүүн байрт эрэмбэлэгдэх болов.
Хоёр үйлдвэр, 70 цехийг хөнгөлөлттэй зээлд хамруулаад байна
Аймгийн удирдлагууд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ санхүү, зээлийн бодлогоор дэмжиж байна. 2021-2023 онд 1051 иргэн, ААН-ийг тусгай сан болон эдийн засгийн сэргээх хөтөлбөртэй холбон 25.2 тэрбумын зээл олгожээ. Мөн хоёр үйлдвэр, 70 цехийг хөнгөлөлттэй зээлд хамруулаад байна.
“Бэлчээрийн МАА-н үр өгөөжийг дээшлүүлж, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах мал мах, сүү бэлтгэлийн тогтолцоо бий болгох зорилготой “Сүү, мах, хүнсний ногоо, хонь хяргах таримал тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийг сумдын хоршоодоор дамжуулан амжилттай хэрэгжүүлж байна.
Аймгийн удирдлага баялаг бүтээгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулалт, зах зээлээр дэмжин, түншлэлийн харилцааг өргөтгөх зорилгоор жилд таван удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ үеэр давхардсан тоогоор, жилд 2250 баялаг бүтээгч 2.4 тэрбумын орлого олсон байна.
Аймгийн хэмжээнд 256 үйлдвэр, цех, өрхийн 600 гаруй үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрээс онцлон танилцуулж байна. Мөн ТЭЗҮ нь бэлэн болсон өндөр технологи бүхий зарим үйлвэрүүдийн тухай товч мэдээлэл хүргэе.
Бүрэн найрлагат хорголжин тэжээлийн үйлдвэр Батсүмбэр суманд баригдана. Үйлдвэрийн хагас автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг ОХУ-ын "Дога арго" үйлдвэрээс авна. Үйлдвэр жилд 10.7 мян.тонн хорголжин багсармал тэжээл бэлтгэнэ.
Өндөр технологитой, 50 мянган толгой гахайн үржүүлэх евро-стандартын цогцолбор үйлдвэр Баяндэлгэрт байгуулагдана. 50 сая.ам долларын хөрөнгөөр баригдах цогцолборыг даган 400 ажлын байр бий болно. Жилд 18 мянган тонн мах бэлтгэн дотоодын зах зээлийг ханган, бүтээгдэхүүнээ экспортолно.
Нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох евро-стандартын эко барьцуулагч үйлдвэрлэх цардуулын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдав. тус үйлдвэр сэлгэн тариалалт болон жил бүрийн эрэлтээс давсан төмсний нөөцийг хүлээн авч, жилд 50-80 мянган тонн техникийн сорт боловсруулах хүчин чадалтай.
Аймгийн эдийн засгийн найман бүсээс ирэх ноолуурыг хүлээн авч, жилд 4000 тонн ноолуур боловсруулах үйлдвэр Сэргэлэн суманд байгуулагдаж байна. Барилгын гүйцэтгэлийн ажил 80 хувьтай явагдаж байна.
Баяндэлгэр, Аргалант сумын тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн 800 үнээ бүхий Монголын сүүний анхны кластер 20 ферм ажиллуулж байна.
Сэргэлэн суманд "Таванбогд" группын махны чиглэлийн эрчимжсэн үхрийн ферм ашиглалтад орлоо.
Эрдэнэ суманд ажилладаг "Мон пеллест" ХХК-ийн хонины ноосон органик био бордооны үйлдвэр бүтээгдэхүүнээ Герман, АНУ-д экспортод гаргаж байна.
Эрүүл монгол мах эко" ХХК-ийн орчин үеийн өндөр технологи бүхий мал төхөөрөх, боловсруулах, үйлдвэр 2022 онод Лүн суманд нээгдлээ. Үйлдвэр хоног 2500 бог, 500 бод төхөөрч, боловсруулах хүчин чадалтай.
Ноос угаан, ээрч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Монгол ноос" ХХК-ийн кластер, пальтоны үйлдвэр Зуунмод хотод ашиглалтад орлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна