Халуун кофетой “Өглөөний галт тэрэг”


Англи, италичуудын амьдралын хэв маяг болсон  кофены соёл Монголд өргөн дэлгэрч байна. Сүүлийн үед явуулын,  сэдэвчилсэн кофе шопууд хөгжиж, борголд дурлагчдад үйлчилж байгаа билээ. Үүний нэг төлөөлөл бол  “Өглөөний галт тэрэг” кофе шоп юм. Анх 2022 онд О.Энхбаяр гэх залуу, гэр бүлийн хүнийхээ хамт суурин кофе шоп нээж байжээ. Гэвч түрээс, ус, цахилгааны төлбөр гэх мэт урсгал зардлын мөнгө өндөр гарч байсны улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ. Дахин шинэ өнгө төрхөөр эргэн ирсэн нь “Өглөөний галт тэрэг” нэртэй сэдэвчилсэн явуулын жижигхэн кофе шоп юм. Хоолны машин шиг хүнд оврынх биш учраас хаана ч очиж халуун кофегоор үйлчлэхэд тохиромжтой ажээ. Явуулынх гэдэг утгаараа хүн хаана байна тэнд очиж үйлчлэх боломжтой. Мөн суурин кофе шоп шиг өдөр тутмын зардал гардаггүй гэнэ. 

Итали кофены амт

Аливаа кофе шопын нэрийн хуудас бол амт байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл  “Өглөөний галт тэрэг”  кофе шоп, амт чанарын шалгарлаараа Европтоо эхний гуравт багтдаг Италийн “Essse” брэндийн кофены амтаар олон үнэнч үйлчлүүлэгчидтэй болжээ. Энэ кофены брэндтэй албан ёсоор хамтран ажилладаг. Кофены үрээ каргогоор авахаас зайлсхийдэг. Учир нь, кофены амт чанар, ялангуяа кофены үрэнд нөлөөлдгөөс гадна стандартад нийцдэггүй ажээ. Тиймээс хамтран ажилладаг  “Essse” брэндээс чингэлгээр, стандартын дагуу тээврээр авчруулдаг юм байна. Кофены амт олон төрлийн хольцгүй. Кофены үрээ агаараар шарсан учраас их уусан ч цээж хорсгодоггүй нь тэдний кофены онцлог юм. Суурь кофе буюу эспрессогоор дагнан, дахин давтагдашгүй нэг л амтыг гаргадгаараа  солонгос, америк  кофеноос ялгардаг ажээ. 
Халуун шоколад ууж зогсохдоо, тэднийхээр үйлчлүүлж буй хүмүүсийг ажиглалаа. Олонх нь тэдний кофены үнэ болон амтанд маш сэтгэл хангалуун байсан. “Өглөөний мэнд, авдгаасаа авъя” гэж хэлэх хүмүүсийг харвал үнэнч үйлчлүүлэгч нар гэдэг нь илт байлаа. 
 
Үйлчлүүлэгчдэдээ хамгийн ойр кофе шоп

Улирал, цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаарч, байршил болон цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулдаг гэнэ. Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа эхлэх хүртэл “Баянбулаг” автобусны буудал дээр байрлаж,  өглөө 6:30-10:30 хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа. Баянбулагт байрлаж буй нь хэд хэдэн шалтгаантай гэв. Юун түрүүнд тэдний  зуслангийн байшинтай  ойрхон байдаг. Төв рүүгээ чиглэлтэй  байрлал сарын нэг сая төгрөгний төлбөр төлөхийг шаарддагаас үүдэн, одоогоор Баянбулгын  байршлыг  сонгожээ. Ажиллах цагийн хуваарь нь тэдний зорилгын эх үндэс юм гэнэ шүү. Энэ талаараа  үүсгэн байгуулагч О.Энхбаяр ийн хүүрнэв. “Бидний хамгийн том зорилго бол хүмүүст хамгийн хэрэгтэй үед нь хүрч үйлчлэх. Монголд өглөө эрт ажилладаг кофе шоп, үйлчилгээний газар  ховор байдаг. Олон хүн өглөөний цайгаа ууж чадалгүй гэрээсээ гардаг. Тэр хэрэгцээг л нөхөхийг хүссэн. Тиймээс л өглөөний цагийг сонгож ажилладаг” гэв. Түүний энэ үгийг батлах гэсэн шиг 09:20 цагийг хүртэл тэднийхээс хүний хөл тасарсангүй. Ар араасаа цуварсаар л... Энэ цагийг хүртэл тэдний цэс халуун уух зүйлээр дүүрэн байсан. Өглөөгүүр хүмүүс  халуун кофе уудгийг анзаарсан гэж тайлбарлав. Би үнэхээр очсон цагаасаа мөстэй кофе буюу хүйтэн уух зүйл авсан хүн нэгийг ч хараагүй. Өдрөөр ажиллах шаардлага гарвал хүйтэн кофе шэйк, смүүтээ гаргадаг гэв. Энэ бүгдээс үзэхэд, үйлчлүүлэгчдээ нарийн сайн ажиглаж судалжээ. 
Төлөвлөсөн, зорьсон ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үйлчлүүлэгчдээ халуун кофегоор дайлаад үддэг залуу гэр бүлд аз жаргал хүсээд сурвалжилгаа төгсгөе.

А.Даваадулам

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 22 цагийн өмнө
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 22 цагийн өмнө
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо Өчигдөр
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … Өчигдөр
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… Өчигдөр
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв Өчигдөр
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов Өчигдөр
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно Өчигдөр
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо Өчигдөр
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна Өчигдөр
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… Өчигдөр
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… Өчигдөр
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … Өчигдөр
Эх орон -Эх дуудаж байна Өчигдөр
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье Өчигдөр
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ Өчигдөр
Төгрөгийн тухай зарим тоо Өчигдөр