Б.Дөлгөөн: Төрийн чадамжийг сайжруулж байж нийгэмд тулгарч буй олон асуудлыг шийднэ


Шинэ cэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв” УТҮГ-ийн гүйцэтгэх захирал, хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номыг орчуулан олон нийтэд хүргээд байгаатай холбогдуулан энэ сэдвийн хүрээнд ярилцлаа. 

 

-“Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” номоо гардан аваад буй цаг үед тантай ярилцаж байна. Ярилцлагаа энэ сэдвээр эхлүүлье. Төрийн алба чадамжтай байхын тулд онолын тодорхой аргачлал, зөвлөмж бий юү. Таны орчуулгын номд энэ талаар хэрхэн тусгасан байдаг бол?

-Ерөнхийд нь дүгнэхэд иргэд талаасаа төрийн үйлчилгээг авснаар энэ үйлчилгээнд сайн, муу гэх үнэлгээ өгнө. Нэг ёсондоо иргэд үйлчилгээ авахдаа төрсөн сэтгэгдлээр үнэлэх нь байна шүү дээ. Хоёрдугаарт, төр талаасаа хийх ёстой ажлыг хэр сайн биелүүлж байгаагаар үнэлж болно. Өөрөөр хэлбэл, төрийн аль нэг байгууллага тэр байгууллага байгуулагдсан зорилгодоо хэр хүрч ажиллаж чадаж байна гэдгээр хэмжих юм. Энэ бол тухайн байгууллагын чадамжийг илэрхийлэх ёстой болохоос 100 хүсэлт бичиг ирлээ, ийшээ тийшээ цохлоо, 90 хувьд нь хариу өглөө гэдгээр огт хэмжигдэх ёсгүй. Энэ номыг өнөөдөр байгаа тогтолцоогоо сайжруулж, хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд зориулж орчуулсан. Төрийн алба байтугай нэг байгууллагыг сайжруулна гэдэг хэн нэгэн хүн ганцаар хийх биш, харин байгууллага бүрд байгаа сайжруулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл дээр тулгуурлаж хийдэг ажил. Заримдаа хэдий хүсэл байвч, арга аргачлал дутвал хийсэн ажлууд хий дэмий үрэн таран болох эрсдэлтэй. Харин арга аргачлалаа мэдээд ашиглаж чадвал амжилтад хүрэх магадлал өснө. 

-Өнөөдрийн нийгэмд хариуц­лагын тухай асуудлыг өндөр түв­шинд хөндөх болсон. Энэ тухайд номд ямар агуулгыг багтаасан бэ?

 -Энэ талаар номд бас тодорхой тусгасан байгаа. Ер нь хариуцлагыг дотор нь “сийрэг хариуцлага”, “нягт хариуцлага” гэж нэрлэж, ялгаж ойлгоно. “Нягт хариуцлага” нь бичигдээгүй, албан бус хэм хэмжээгээр тогтдог, яах аргагүй язгуур шинжтэй үйл явц байдаг. Харин “Сийрэг хариуцлага” нь салбарын албан ёсны байгууллагууд дотор бүрэлдэж, цаасан дээр бичигдэж болно. Амжилттай яваа байгууллагуудыг шинжлээд харвал дотоод, гадаадын аль алинд нь “сийрэг” болон “нягт” хариуцлагын хослол дээр тулгуурлан ажилладаг гэж үздэг юм байна лээ. Банкууд сая хувьцаагаа гаргах үед “нягт хариуцлага”-тай брокер дилерийн компаниуд харилцагчид дээрээ мөнгө олох боломж байсан ч , ёс зүй зааж үйлдэл хийгээгүй байдаг. Харин улаан цайм харилцагчдаасаа мөнгө олж байгаа компаниуд харагдсан даа. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Монголд энд хэлээд байгаа “нягт хариуцлага” ихээр дутагдаж байгаа. Харин үүнийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг том сорилттой бид тулаад байна. “Нягт хариуцлага”-ыг бүрдүүлэх нь төрийн чадамжийг сайжруулах арга замын нэг. Нэг ёсондоо манай нийгэмд тулгарч байгаа олон асуудлыг төрийн чадамжийг сайжруулж байж л шийднэ. 

-Улс орны хөгжлийг юугаар, хэрхэн хэмждэг юм бэ. Хөгжилд нөлөөлдөг хүчин зүйлс мэдээж харилцан адилгүй байх. Тэгвэл Монголын төрийн чадамж ямар түвшинд байна вэ. Олон улстай харьцуулж үзвэл та хэрхэн дүгнэх вэ?

-Дэлгэрүүлж яривал дуусахгүй л болов уу. Тэгэхээр товчилъё. Миний бие Харвардын их сургуульд Магистрт сурч байхдаа аливаа орны улс улсын хөгжлийг хэмжих дөрвөн гол суурь хэмжээс байдаг гэдгийг сайтар ойлгосон. Эдийн засаг, нийгэм, улс төр болон төрийн чадамж. Бид макро хэмжээсээр зөвхөн экспорт, төлбөрийн тэнцлээр, өрхийн түвшинд өрхийн орлогоор, машинтай, машингүй, орон сууцтай үгүйгээр хөгжлөө тодорхойлохоос гадна төрийн чадамж гэдэг бол хөгжлийн томоохон чухал хүчин зүйл юм байна гэдгийг хаана хаанаа сайтар ойлгох хэрэгтэй. Тэр түвшинд гээд ерөнхийд нь эрэмбэлэхээсээ илүү, төрийн чадамж нь сайжирч байна уу, унаж байна уу гэдэг дунд хугацааны хандлага маш чухал. Энэ талаар хийсэн судалгааны нэг нь Харвардын их сургуулийн профессор Ланд Бриджетийн Дэлхийн 130 гаруй оронд хийсэн судалгаанаас харахад төрийн чадамж нь удаан сайжирч байгаа, хурдтай сайжирч байгаа, удаан буурч байгаа, хурдтай буурч байгаа гэдэг дөрвөн ангиллаар чадамжийг гаргаж ирсэн. 2017 онд хийсэн уг судалгаанаас харахад Монгол Улсын төрийн чадамж нь тухайн үедээ “хурдтай буурч байгаа” гэдэг дүгнэлт гарсан байдаг. Харин 2020 онд гаргасан судалгааг харахад “удаан буурч байгаа” гэдэг ангилалд шилжсэн. Сая хэлсэнчлэн хөгжлийг хэмжих дөрвөн хэмжээс бий. Нэг хэмжээсээр ухарч байхад, нөгөө хэмжээсээр өсөж болно. Эдийн засгийн хэмжээсээр бид урагшилж өгсөж байгаа. Харин Монгол Улсын төрийн чадамж нь буурч байна. Ерөнхий хандлагыг харахад төрийн чадамж үргэлжлэн унавал яваандаа эдийн засгийн хувьд өсөлттэй байсан ч, тухайн улс хөгжлийн тодорхой үе шатанд очоод төрийн чадамжаасаа болж эдийн засгийн хамаг амжилтаа эрсдэлд оруулж мэднэ. Өнөөдөр залуус “Гадаадад орчин нөхцөл сайхан байна бид өөрсдийгөө хараач” гэж их ярих болж. Хөгжсөн орнуудтай өөрсдийгөө харьцуулж, болохгүй байгаа зүйлийг эсвэл хоцорч байгаа зүйлээ харах хэрэгтэй. Гэхдээ энэ хоцорч байгаа зүйлийг бүрдүүлэх гэж жишээлбэл Голланд улс хэдэн жил болсон бэ. Япон улс хэдэн жилийн дараа хүрэв гэдгийг бодож үзвэл бид асуудлыг илүү бодитоор харж чадна. Илүү хурдтай хөгжихийн тулд төрийн чадамжаа гарцаагүй анхаарахгүй бол болохгүй.

-Та төрийн чадамжийг л онцлоод байна. Яагаад тийм чухал юм бэ гэдэг дээр илүү төвлөрч тайлбарлана уу?

-Бид төрийн чадамжаа сайжруулж байж төлөвлөсөн бодлогоо илүү амжилттай хэрэгжүүлэх учраас л илүү анхаарал өгөөд байгаа юм. Нэг тайлан уншиж байхад 2000 онд АНУ-н Мелцерийн Хорооноос гаргасан дүнг харахад Дэлхийн банкны хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөрийн 50 гаруй хувь нь бүтэлгүйтсэн үр дүнтэй гэж дүгнэсэн байсан. Тэгвэл яагаад гэдгийг судлаад гаргаад ирсний цаана гурван үндсэн шалтгаан байдаг юм байна. Нэгдүгээрт, төсөл хөтөлбөр эсвэл бодлогын хүрээнд хийж буй ажиллагаа нь тухайн асуудлыг шийддэг байх ёстой. Түүнээс биш хэн нэгний үндэслэл нотолгоогүй санаан дээр тулгуурлаж болохгүй. Хоёрдугаарт, тэр бодлого үйл ажиллагаа нь улс төрийн дэмжлэг авах ёстой. Гуравдугаарт, үүнийг хэрэгжүүлэгч байгууллага тэр хэмжээний хүндрэлтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх түвшний чадамжтай байх ёстой. Монголчууд бид ирэх 10 жилийн хугацаанд хэрхэн хөгжих хөгжлийн бодлогоо тодорхойлсон нь Шинэ сэргэлтийн Бодлого. Энэ бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн чадамж, цаашлаад төсөл, үйл ажиллагаа хариуцаж буй байгууллагуудын чадамжаа сайжруулахаас өөр арга үгүй. Тиймээс ч Шинэ сэргэлтийн бодлого боловсруулах үйл явцад төрийн чадамжийг сайжруулахаар төрийн бүтээмжийн сэргэлт гэж зургаан сэргэлтийн нэгээр оруулсан. 

-Таны харж байгаагаар Шинэ сэргэлтийн бодлогын нэг нь төрийн бүтээмжийн сэргэлт зайлшгүй байх учиртай юм байна гэж ойлголоо. Тэгвэл төрийн бүтээмж, төрийн чадамж хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Төрийн чадамж бол төрийн байгууллагуудын чадамжийн дундаж юм. Тэгвэл төрийн байгууллагын чадамж гэдэг нь тухайн байгууллага анх байгуулагдсан зорилгодоо хүрч ажиллаж байна уу гэдгээр хэмжигдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Бичиг цаасанд хариу өгснөөр биш шүү. Учир нь байгууллага нэг асуудлыг шийдэх эсвэл нэг үйлчилгээг хүргэх гэж байгуулагдсан байгаа. Харин Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төрийн бүтээмжийн сэргэлтийг харвал цаанаа гурван үндсэн чиглэлтэй. Нэгдүгээрт, төрийн чадамжийг сайжруулах, хоёрдугаарт, авлигыг бууруулах, гуравдугаарт, дижитал болгох. Ялгааг бол би хувьдаа ингэж л тодорхойлж байгаа.

-Тэгвэл төрийн чадамжийг хэрхэн бүрдүүлэх вэ. Таны хувьд Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийг удирддаг. Та бүхэн энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Төрийн чадамжийг бүрдүүлнэ гэдэг дэлхий дээрх хамгийн хүнд ажлуудын нэг гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Хөгжлийн эдийн засагт нийт үйл ажиллагааг хувийн хэвшил байна уу, төр байна уу хамаагүй таван ангилалд хувааж үздэг. Гүйцэтгэхэд хамгийн хүнд ажлыг “асар хүнд” гэсэн ангилалд оруулдаг. Энэ ангилалд хэрхэн хийх нь тодорхойгүй, нэг ёсондоо гарын авлага гэхээр зүйл байдаггүй, олон хүнийг хамарсан, үүрэг хариуцлага ногдуулж буй төрлийн үйл ажиллагааг оруулдаг. Төрийн чадамжийг бүрдүүлэх нь “асар хүнд” ангилалдаа ордог. Учир нь Голланд эсвэл Сингапур ингэж төрийн байгууллагын чадамжийг сайжрууллаа гэсэн туршлага байж болох ч, энийг Монголд шууд буулгаж хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, “асар хүнд” ангилалд орсон ажлыг гүйцэтгэхэд гадаадын “сайн туршлага”-ыг нэвтрүүлэх боломжгүй. Тэгээд ч төрийн байгууллага тус бүр магадгүй өөр замналаар чадамжаа сайжруулах болов уу. Тиймээс оношлоод, шийдэл гаргаад, хэрэгжүүлж үзээд, алдаа дутагдал дээрээсээ суралцаад, шийдлээ сайжруулаад, сайжруулсан шийдлээ хэрэгжүүлээд явна гэсэн үг. Ингэж алхам алхмаар явах шаардлагатай болдог. 

-Тэгэхээр төрийн чадамжийг ямар замаар, хэрхэн сайжруулах вэ. Та бүхэн энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулж байх явцад надад яг ийм ажил эсвэл үйл ажиллагаа явуулснаар төрийн чадамжийг бүрдүүлэх боломжтой юм байна гэсэн судалгаа, эсвэл тэгэх болов уу гэдгийг харуулсан нотолгоо байгаагүй. Тиймээс “Хурдасгуур” төвд томилогдож ирснээс хойш энэ чиглэлд нэг жилийн турш манай төв дөрвөн судалгааг ТАЗ, Сэлэнгэ аймгийн Тамгын газар зэрэг газартай хамтарч гаргасан. Бид төрийн чадамжийг нэмэгдүүлэх ажлыг хоёр түвшинд харж байгаа. Нэгдүгээрт, байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт төрийн албан хаагчдын чадварыг сайжруулах. Байгууллагын чадамж, албан хаагчдын чадвар хоёр бол тэс ондоо зүйл. Энэтхэгийн Матьяа Парадеш мужид хийсэн судалгаагаар хамгийн сайн эмч нар улсын эмнэлэгт ажилладаг гэдгийг тодорхойлсон. Эдгээр улсын эмч нарын чадвар дандаа хувийн эмнэлэгт ажилласан болон ажиллаж байгаа эмч нараас илүү. Гэхдээ иргэд эдгээр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмчид очоод үзүүлэхээр хамгийн муу чанарын үйлчилгээг авдаг. Тэгсэн атлаа тэр эмч нар хувийн эмнэлэгтээ очоод ажиллахаар хамгийн сайнаар ажилладаг нь тогтоогдсон. Энэ бол байгууллагын чадамж, хувь хүний чадварын ялгаа гэхэд болно. Төрийн чадамжийг сайжруулах нь байгууллагын чадамжийг сайжруулах, мөн төрийн албан хаагчийн чадварыг ч нэмэх хоёр түвшинд явна. Байгууллагын түвшинд бол хариуцлагын болоод урамшууллын тогтолцоо, соёл болоод эдгээрийг хэрэгжүүлэх менежментийг сайжруулснаар бүрдүүлнэ гэж бид үзэж байгаа. Харин төрийн албан хаагчийн хувьд “Хурдасгуур” төв дээр бид төрийн албан хаагчийн хувьд төр орох, ажиллах, төрийн албанаас гарах гэсэн гурван мөчлөгт харж байгаа. Нэгдүгээрт, төрийн албанд Монголын төр яг хэрэгтэй чадвартай хүнээ авч чадаж байна уу. Хоёрдугаарт, төрд ажиллах хугацаанд тухайн төрийн ажлыг хийхэд шаардагдах чадвар, өнөөдөр тухайн албан дээр буй албан хаагчийн чадвар хоёрын зөрүү хэр байна вэ, мөн зөрүүтэй байлаа гэхэд зөрүүг багасгах чиглэлд ажиллаж байна уу зэрэг орно. Гуравдугаарт, ажлаас гарах. Энэ мөчлөгийн хэсэгт Монголын төр сайн албан хаагчдаа авч үлдэж байна уу, жилд ажлаас гарах төрийн албан хаагчдын тоо өсөж байна уу буурч байна уу, ямар шалтгаанаар гарч байна зэрэг асуудал багтана. 

-Төрийн албанаас хүмүүс ямар шалтгаанаар гараад байна вэ. Энэ талаар та судалж үзэв үү?

-Харамсалтай нь Ковидоос хойш төрийн албанаас гарах хувь хэмжээ өсөж байгаа нь төрийн чадамжид сөргөөр нөлөөлж байна. Бид гарч байгаа болон төрийн алба руу орж байгаа албан хаагчдын мэдээлэл дээр тооцоо судалгаа хийсэн. Ингэхэд төрийн албанд орж байгаа албан хаагчид дунджаар төрийн албанаас гарч байгаа албан хаагчдаас чадварын хувьд бага байна. Энэ бол бид анхаарч, арга хэмжээ авах ёстой зүйл болоод байгаа юм. Манай төвөөс хүмүүс төрийн албанаас яагаад гарч байгаа учир шалтгааныг судалгаагаар гаргаж ирсэн. Төрийн албанаас гарч байгаа гол гурван шалтгаан нь цалин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дарамт юм байна гэдгийг тогтоосон. Ажлын ачааллыг бид дотор нь хоёр ангилж байгаа нь чиг үүргийн болоод чиг үүргийн бус гэж хоёр хувааж байгаа. Судалгаанаас бид төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай юм байна гэдэг зөвлөмж гаргасан. Хувийн хэвшлийн дундаж цалин, төрийн албан хаагчийн цалингийн ялгаа 2017 оноос хойш огцом нэмэгдсэн нь нөлөөлж байна. Харин ажлын ачааллын хувьд чиг үүргийн ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ЗГХЭГ болон ЦХХЯ-тай хамтраад процессын дахин инженерчлэлийн ажлыг хийж эхлээд байна. Яг одоо бол чиг үүргийн бус ажлыг хэрхэн бууруулах вэ гэдэг рүү орж амжаагүй явна. 

-Процессын дахин инженерчлэлийн ажлаас ямар дүгнэлт гарсан бэ? 

-Бидний хийж буй процессын дахин инженерчлэлийн ажлын гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн хурднаар, хамгийн төвөг багатай хүргэхэд оршиж байгаа юм. Янз бүрийн дүрэм журам, эсвэл хэрэгтэй хэрэггүй мэдэгдэхгүй шат дамжлагуудыг арилгах зорилгоор бүх шат дамжлагыг зурж байгаа гэсэн үг. Улмаар эндээс төр талдаа хэрэггүй дамжлагуудыг бууруулснаар ажлын ачаалал буурна, харин иргэн талдаа үйлчилгээ илүү хурдан хүрэх болно. Энэ ажлыг эхний ээлжид НДЕГ, ХХҮЕГ гэсэн хоёр агентлаг дээр хийж байгаа. Уг ажлын хүрээнд гурван аймаг, нийслэлийн дүүрэг болон сум дээр ажиллаад дууссан. Ажлын байрны зураг авалт, чиг үүргийн шинжилгээ болон эрсдэлийн судалгаануудаас цуглуулсан дата мэдээлэл дээр яг одоо ажиллаад, боломжит хувилбаруудыг гаргаж байна. 

-Дүгнэлт гарсан уу?

-Эцсийн дүгнэлт гараагүй учир хэлэхэд эрт байна. Бидний ажлаас харахад зарим нэг төрийн үйлчилгээг авахын тулд иргэдэд чирэгдэл их учир байгаа нь тодорхой байна. Нэг жишээ дурдахад нурууны ясны сүрьеэ оноштой, Улаанбаатарт амьдардаг иргэн харьяа аймгаасаа очиж тахир дутуугийн тэтгэврээ авахын тулд өөрийн биеэр очих ёстой болдог. Ингээд аймаг руу явдаг, аймгаас дахин сум руу. Гэтэл эмнэлгийн хяналтын хуралд ирэхэд нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаагүй тул эхлээд үзүүлэх шаардлага тавьсан учир буцаж суманд очиж хоноглоод маргааш нь эмнэлэг ороход эмч сургалттай байсан тул үзүүлж чадаагүй буцаж сум руугаа явсан байх жишээний. Ингэж явсаар амралтын өдөр таарсан тул сумандаа хоёр хоноод дараачийн даваа гарагт аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Ингээд хуралдаа орох гэтэл эмнэлэг хяналтын хурал тухайн долоо хоногт болохгүй хэмээн хойшилсон. Мэдээж эцэстээ зорилго биелсэн ч гэлээ нийтдээ 14 хоногийн хугацааг зарцуулсан байна. Хаана ч ингэж чирэгдэл учруулж болохгүй. Тэгэхээр энэ мэт хэт олон дамжлагатай, чирэгдэл учруулсан, дутуу төлөвлөлттэй зүйлсийг өөрчилж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан хүргэх шинэчлэл хийнэ. Бидний процессын дахин инженерчлэл гээд байгаа зүйл бол эхний ээлжид энэ хоёр байгууллага дээрх үйлчилгээг шинэчилнэ. Эндээс суралцсан, мөн тогтоож илрүүлсэн үндэслэл нотолгоонд суурилж байж 2024 оноос бусад төрийн үйлчилгээ рүү нэвтрэх болно.

О.Гэрлээ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
0
care
1
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22