ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
-Төсвийн тодотголын хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Энэ шийдвэрт хэчнээн хүнийг, хэрхэн хамруулсан бэ?
-УИХ-аас тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай 394.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын 2023 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн энэ оны төсөвт тодотгол хийж, нэмж тусгаж баталсан. Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газрын энэ оны зургадугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан. Энэхүү итгэлцүүрийг 2014 оноос хойш шинэчлэн батлаагүй байсан. Харин 2014 онд шинэчлэн батлахдаа 2011 он суурьтайгаар батлан мөрдөж ирсэн. Шинэчлэн баталсан итгэлцүүрийн дагуу 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодож, үүний дараа Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг арван хувиар нэмэгдүүлэн өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоод байна. Энэхүү нэмэгдэлд нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны, хөдөлмөрийн чадвар, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагч бүгдийг хамруулсан.
-Тэтгэврийг арван хувиар нэмэгдүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ хэдэн төгрөг болсон бэ?
-Тэтгэвэр авагчдын тэтгэврийг дээр дурдсанаар хоёр үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталснаар шимтгэл төлсөн хэмжээ, ажилласан жилийн хугацаанаас хамаарч 161 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдэж, тэтгэврийн зөрүүг тодорхой хэмжээнд ойртуулсан арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээний үр дүнд нийт дундаж тэтгэврийн хэмжээ 559.2 мянган төгрөгөөс 685.6 мянган төгрөгт хүрсэн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 550000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440000 төгрөгт хүргэж өсгөлөө.
-Тэтгэврийг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг нэг дор хэрэгжүүлсэн юм байна. Тэгвэл цаашид нэмэгдлийг ямар байдлаар тооцох вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 1995 оноос хойш 37 удаагийн тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн хэмжээг өөрчлөх, үүнээс 1997 оноос хойш тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг долоон удаа шинэчлэн тогтоох арга хэмжээг тус тус авсан. УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд итгэлцүүрийг жил бүр Засгийн газар шинэчлэн баталж байхаар, тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуульд тус тус тусгасан. Тэгэхээр цаашид тэтгэвэр бодох итгэлцүүрийг жил бүр шинэчилж, зөвхөн тухайн жилд шинээр тэтгэвэр тогтоолгосон хүнд ашиглана гэсэн үг.
-Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой гомдол санал хэр гарч байна вэ. Тухайн хүмүүсийн гаргасан гомдол саналыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой гомдол, санал манай яам болон харьяа нийгмийн даатгалын байгууллагад нэлээд ирдэг. Бид судалж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэж ажилладаг. Хууль, эрх зүйн орчинд тусгагдаагүй асуудлаар ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдөл, гомдол, саналын дийлэнх хувийг тэтгэврийн хэмжээ бага, нэмэгдүүлэх, зөрүү ойртуулах зэрэг асуудал эзэлж байсан. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар маш их өргөдөл, санал, гомдол ирж байна. Иймд тэтгэвэр авагчид маань итгэлцүүр болон тэтгэврийн нэмэгдлийг эхлээд харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж шалгуулах эсвэл нийгмийн даатгалын цахим хуудас, e-Mongolia плотформоос шалгах боломжтой.
-Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалингаа өөрчлөн тогтоолгох боломжтой зохицуулалт бий. Үүнийг тодруулна уу?
-Хэрэв тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин бага гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа өөрчлөн тогтоох боломжтой”. Тэгэхээр тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох эрхтэй. Мөн тэтгэвэр авагч тэтгэврээ цалингүйгээр тогтоолгосон бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэснийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн “Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/136 дугаар тушаалаар баталсан жишиг цалингийн хэмжээг үндэслэн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой. Энэ тохиолдолд жишиг цалин нь тэтгэвэр авагчийн 1995 оноос өмнөх ажилласан хугацаанд хамаарах юм.
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Хуулийн гол зорилго, ач холбогдол юу вэ. Хэзээнээс, ямар байдлаар хэрэгжүүлж эхлэх вэ?
-Энэхүү хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг баталснаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэх, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, гишүүн өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зарцуулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.
-Хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэн болон албан байгууллагад ямар нэгэн нэмэлт дарамт учрах уу. Аль эсвэл одоо төлж буй шимтгэлд нь хуваарилалт, зохицуулалт хийх үү?
-Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах үндсэн зарчим бол сайн дурын үндсэн дээр байх юм. Тэгэхээр ажил олгогч ямар нэг байдлаар ажилтнаа шахах, шаардах ёсгүй. Мөн одоо төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс тусдаа байх юм. Түрүүн хэлсэнчлэн ажил олгогч, ажилтан хоёр тохиролцож хувийн тэтгэврийн санд шимтгэлээ төлнө. Мөн ажил олгогч, ажилтны хувийн нэмэлт тэтгэврийн санд төлөх шимтгэлд татвар болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй тул нэг талаараа энэ нь том дэмжлэг болно.
-Өөрийнх нь хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэх үү. Аль эсвэл хуулийн дагуу албан журмаар хамруулна гэсэн үг үү?
-Хувийн нэмэлт тэтгэврийн санд төлөх шимтгэл нь нийгмийн даатгалын шимтгэлээс тусдаа ажилтан, ажил олгогч тохиролцсоны үндсэн дээр шимтгэл төлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Манай улсын хувьд хувийн нэмэлт тэтгэврийн даатгалыг сайн дурын хэлбэрээр нэвтрүүлэхээр зорьж байна.
-Хувиараа нийгмийн даатгал төлдөг хүмүүс хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломжтой юу. Энэ тухайд ямар зохицуулалт байна вэ?
-Хуулийн төсөлд нийгмийн даатгалын санд шимтгэл төлж, даатгуулсан иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдахаар тусгасан. Нийгмийн баталгаагаа давхар хангах хүсэл, сонирхолтой иргэд бүгд хамрагдах боломжтой гэсэн үг.
-Малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр болсонд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуульд ийм зохицуулалт оруулж буйн ач холбогдол, давуу тал юу вэ?
-Монгол Улсад 223 мянга орчим малчин бий. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2022 онд “Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн талаарх зан үйл судалгаа”-г хийсэн байдаг. Уг судалгаанд малчид нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тул богино, урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах, богино наслах болон бусад төрлийн эрсдэлд өртөх магадлал өндөр болохыг дурдсан. Учир нь, малчид хатуу ширүүн орчинд ажиллаж, амьдарч, эрүүл мэнд, боловсрол, санхүү зэрэг нийгмийн үндсэн үйлчилгээг шууд авах боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс энэхүү судалгааны зөвлөмжид Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сайн дурын даатгалд хамрагдахыг зөвшөөрсөн. Монгол Улсын хүн амын бүх бүлгийг нийгмийн хамгаалалд хамруулах нь тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад туслах болно. Гэсэн хэдий ч сайн дурын даатгал нь тавьсан зорилгодоо хүрэхгүй байгаа нь малчид нийгмийн даатгалд хамрагдахгүй төрийн нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлд оруулж байгааг дурдсан байдаг.
Хэрэв малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхгүй, цаашид энэ байдлаар явахад ирээдүйд малчид халамжийн сангаас тэтгэвэр авч эхэлнэ. Энэ нь улсын төсвөөс буюу татвар төлөгчийн мөнгөнөөс ирээдүйд 13.5 их наяд төгрөгийн зардал гаргах тооцоолол хийсэн. Иймд малчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь тав хүртэл жил төлнө гэсэн зохицуулалт тусгасан. Малчдын дийлэнх хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд тэдний нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөж, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэх тул нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх зайлшгүй шаардлагатай.
-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцснаар цаашид хамрагдалт хэдэн хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн малчдын 20 гаруй хувь нь л нийгмийн даатгалд хамрагдаж байна. Бид ирээдүйд малчдын хамралтын түвшинг 40 гаруй хувьд хүргэхээр тооцоолсон. Үүнд жилдээ 40.5 тэрбум төгрөг шаардагдах юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь тал хувийг төрөөс хариуцсан ч үлдсэн хувиа малчин өөрөө төлөхгүй байх тохиолдолд яах вэ. Үүнд ямар шийдэл байна вэ?
-Малчин өөрөө сайн дурын даатгалд даатгуулах гэрээ байгуулсан, нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож шимтгэлээ төлсөн тохиолдолд улс 50 хувийг нь төлнө гэсэн зохицуулалт бий. Шимтгэл төлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батлахаар мөн тусгасан байгаа.
-Сүүлийн үед төрийн байгуулагууд иргэнд илүү ойртох зорилгоор үйлчилгээгээ цахимжуулж байна. Танай байгууллагын хувьд энэ тухайд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчид нийгмийн даатгалын 34 төрлийн үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид үзүүлж байна. 1995 онд баталж, одоо мөрдөж байгаа нийгмийн даатгалын багц хуулийн дагуу батлан мөрдөж байгаа дүрэм, журам, зааварт иргэн заавал цаасан баримт бүрдүүлэн биечлэн очиж үйлчилгээ авдаг байсныг үе шаттай өөрчилж, цахимжуулах ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар эрчимтэй хийж байна. Ингэснээр одоогоор 34 төрлийн үйлчилгээнээс 24-ийг цахимжуулж, e-Mongolia цахим системд 16 үйлчилгээг холболоо. Ингэж цахимжуулснаар ажил олгогч, даатгуулагч, иргэн цаг хугацаа, шатахуун, унааны зардлаа хэмнэж улмаар замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Мөн нийгмийн даатгалын ажилтны ажлын ачаалал буурснаар хууль тогтоомжийг сурталчлах, сургалт хийх, сургалтад хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх, үйлчилгээг чанартай хүргэх зэрэг боломж бүрдсэн. Давхардсан тоогоор нийгмийн даатгалын үйлчилгээ 2022 онд гэхэд 8.2 сая удаа цахимаар авсан байна. Цахимжуулсан 16 үйлчилгээг сонгон судлахад иргэд, аж ахуй нэгж байгууллага жилд 12.4 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан.
-Тухайлбал, иргэд ямар үйлчилгээг цахимаар авч болох вэ?
-Цахимжуулсан ажлын талаар дурдвал нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжсан. Ингэснээр нийгмийн даатгалд даатгуулагч 1.1 сая иргэн нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүнд сурталгүй, чирэгдэлгүй авах, шимтгэл төлөлт, өр үүсгэж байгаа эсэхийг тогтмол хянах давуу тал бий болсон. Ажил олгогчийн хувьд дэвтэрт сар бүр бичилт хийж, нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсон. Тэтгэврийн дэвтэр бүрэн цахимжсанаар 2021 оноос эхлэн тэтгэвэр тогтоолтын хуудсыг цахимжуулж, 488 мянган тэтгэвэр авагч тэтгэврээ хэрхэн бодсон тухай мэдээллийг дэлгэрэнгүй харах, шалгах, хянах боломж бүрдсэн. Тэтгэвэр авагчдыг картжуулсанаар тэтгэврээ авах гэж заавал банк орох шаардлагагүй болсон. Эмнэлгийн хуудас буюу листийг мөн цахимаар олгож эхэлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэрийг гаргаж, улмаар эрүүл мэндийн байгууллагуудын ашигладаг E-Health системд хөгжүүлэлт хийж цахим лист олгох нөхцөлийг бүрдүүлсэн.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна