Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, яндангийн тоог багасгах хүрээнд нийслэлийн айл өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөр зарлаад 10-аад жил болсон байна. Энэ хугацаанд хот танихын аргагүй өөрчлөгдөж, нэг л мэт цементэн ширэнгэн дунд нийслэлчүүд амьдрах болсон. Дахин төлөвлөлт Улаанбаатарт хэрэгтэй ч орон сууцны хороолол хаа сайгүй сүндэрлэж, замбараагүй болсон нь үнэн. Тэдний дунд барьсан барилгаа товлосон хугацаандаа ашиглалтад оруулдаггүй, иргэдийн мөнгөөр гараа угаадаг жижиг компаниуд ч цөөнгүй. Тэдний нэг нь А.Ганбаатар захиралтай “Орхоны шугуй” компани. Тус компани барилга угсралт, зураг төслийн чиглэлээр байгуулагдсан.
Тэгвэл тус компанийн Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцанд байр захиалсан иргэд манай сонинд хандсан юм. Учир нь, дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд байраа захиалсан иргэд одоо болтол орон сууцандаа орж чадалгүй эрүүл мэнд, хөрөнгө санхүүгээрээ хохирчээ. Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу эл явдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын талбайг зорилоо.
Уншигчдад илүү ойлгомжтойгоор тайлбарлавал нийслэлийн IV дунд сургуулийн зүүн талд энэхүү барилга сүндэрлэж байгаа аж. Манай сонины редакцид хандсан Д.Урантогос гэх эмэгтэйтэй холбогдсоор өнөөх барилгаа олж очлоо. Гаднаас нь харахад ашиглалтад ороход тун дөхсөн мэт. Барилгын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд өдгөө 80 гаруй хувьтай болсон байна. Гадна фасадаа хийж, хашаа хайсаа босгожээ. Учир явдлыг нарийн мэдэхгүй хүний нүдээр харвал юу юугүй ашиглалтад орох нь ээ.
Барилгын гадаа иргэд ганц, нэгээрээ цувж нэмэгдсээр 12:00 цагийн орчимд 30 гаруй хүн цуглах нь тэр. Цугласан иргэдийн яриаг сонслоо. Захирал болох А.Ганбаатар гэгч нь утсаа огт авдаггүй, захиалагч нартай нүүр тулж уулздаггүй нэгэн аж. Уулзах гэхээр элдэв шалтаг хэлж инженерүүдээ захиалагчдын өмнөөс илгээдэг.
Өвөрхангай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Амгалангийн хүү Ганбаатар ажилчдаараа дамжуулан орон сууц захиалсан иргэдэд хэлүүлдэг ганцхан үгтэй гэнэ. “Та нарыг тэвчээртэй хүлээж байгаад баярлалаа. Наадмаар, Шинэ жилээр, Хүүхдийн баяраар түлхүүрийг тань гардуулна” гэдэг аж. Ерөөсөө баяр ёслолыг товлож цаг хугацаа заадаг. Захиалагчид эхэндээ түүнд нь итгэж “Баяраар шинэ байрандаа орох нь” хэмээн баярладаг байжээ.
Уг нь анх захиалга авахдаа “2019 оны дөрөвдүгээр улиралд буюу арванхоёрдугаар сарын 31 гэхэд ашиглалтад орно” хэмээн гэрээ байгуулсан. Дөлгөөн нуур орчим бол хотын А бүс. Тиймээс иргэд хотын төвд ойрхон байрыг хямд үнээр авч байгаадаа олзуурхан уухайн тас, бараг уралдах шахам захиалга өгчээ. Иргэдээс захиалга авахдаа метр квадратын үнийг 1.45 сая төгрөгөөр борлуулалт хийсэн байна. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох ёстой орон сууц дөрвөн жил өнгөрсөн ч дотор засал, сантехник зэрэг нь “түүхий”. Гадна фасад, орчин нь ч эхнээсээ муудаж эхэлжээ. Барилгын ажлын гүйцэтгэл бараг 80 хувьд хүрсэн хэрнээ юун дээр гацсаныг сонирхлоо.
Ерөөсөө л мөнгө. “Орхоны шугуй” компанийн барьж буй орон сууцанд захиалга өгсөн иргэдийн 95 хувь нь төлбөрөө бүрэн төлсөн аж. Тиймээс тэдэнд дахин мөнгө босгож ажлаа үргэлжлүүлэх, захиалагчдыг хохиролгүй болгох арга олдохгүй өдий хүрсэн юм шиг. Захирал болох А.Ганбаатар гэгч нь захиалагчдын өмнө тавих тайлбар байхгүй учраас утсаа огт авдаггүй, мессеж бичээд ч хариу өгдөггүй нэгэн болж хувирчээ. Тус компанийн байр захиалсан зарим иргэн ийн ярьж байна.
Манай сонинд анх хандсан иргэн Д.Урантогос ярихдаа “Энэ компани анх 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл хүлээлгэлээ. Хөрөнгө мөнгөгүйн улмаас барилгын ажил бүрэн зогссон. Захирал нь биднээс зугтаад уулздаггүй. Ерөнхий инженер А.Алтансүх нь “Удахгүй орно” гэсээр дөрвөн жил бидэнд чирэгдэл үүсгэж, худлаа хэллээ. Уг барилга 2018 онд сууриа тавьсан юм билээ. Намайг захиалга өгөхөд 60 хувийн гүйцэтгэлтэй байсан. Тиймээс удахгүй ашиглалтад орох юм байна гэдэгт итгээд захиалга өгсөн. Тухайн үедээ метр квадратыг нь 1.5 сая төгрөгөөр захиалсан юм. Дотор засал дутуу, сантехникийн ажлаа хийгээгүй учраас улсын комисс хүлээж авах ямар ч боломжгүй. Би 42 м.кв байр захиалсан. 40 гаруй сая төгрөгөөр хохироод сууж байна. Яахаа мэдэхгүй барилгын үүдээр өдөр бүр эргэлддэг ажилтай л боллоо” гэв.
Ингээд л III сургуулийн хажууд байх хуучин байраа зараад энд нэг өрөө байрны захиалга өгсөн. Ингэхдээ метр квадратыг нь 2.6 саяар бодож надад зарсан. Уг нь 1.45 сая байсныг Цогбаяр гэгч залуу надад дамласан байна. Шинэ байранд орох гэж байгаа учраас мөнгөн дээр юу ч бодоогүй. Би мөнгөө 100 хувь төлсөн. 85 сая төгрөг тушаасан. Энэ байранд зуучилсан Цогбаяр гэдэг залуу одоо утсаа ч авахаа больсон. Нэг ёсондоо намайг луйвардсан. Би цагдаад хандана. Хөгшин хүнийг луйвардаж олон сая төгрөгийн хохирол учруулсанд гомдолтой байна. Нэг өрөө байр нь дуусч байгаа учраас та яаралтай мөнгөө өгчих гэж шавдуулсаар бэлэн мөнгө авсан” гэв. Л.Даваа гуай 2022 оны арваннэгдүгээр сард гэрээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон байргүй явж байгаа аж.
Тэрбээр саяхныг хүртэл байр түрээсэлж байсан бөгөөд түрээсэнд 9.2 сая төгрөг зарцуулжээ. Сүүлдээ түрээсийн мөнгөө дийлэхгүйд хүрч охиноо, ачтайгаа хамт эгчийндээ, өөрөө найзындаа толгой хоргодох болж. “Өнөөдөр оръё гэсэн ч орох оронгүй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу боллоо. Өндөр настай надад үнэхээр хэцүү байна. Яахаа мэдэхгүй дэмий л энэ байр хэзээ ашиглалтад орох бол гэж чимээ чагнасаар цөхөрлөө” хэмээн уйлж сууна.
“Цогбаяр гэдэг хүүд үнэхээр гомдож байна. Шинэ байранд орох яаран танихгүй хүний үгэнд итгэж өөрийн хөрөнгөө зарсан өөрийгөө зүхэж сууна. Олон удаа өргөдөл бичлээ. Энэ компанийн захирал ерөөсөө олдохгүй юм. Бидэнтэй огт уулздаггүй. Би мөнгөө авъя гэтэл “Өгөх боломжгүй. Та хүнээс худалдаж авсан” гэж хэлээд ам таглачихлаа. Давхар намайг луйвардсан Цогбаяр гэдэг хүүг би цагдаад өгнө” хэмээв. Тэгвэл иргэн Д.Цогбадрах “Би 2019 онд энэ байрны цутгалт наймдугаар давхар дээрээ явж байхад нь захиалга өгсөн. Бүрэн цутгамал учраас чанартай байр ашиглалтад орох нь гэж бодсон нь эндүүрэл болж. Одоо хүртэл байрандаа орж чаддаггүй.
Анх урьдчилгаа 20 сая төгрөг өгсөн. Ингээд графикийн дагуу сар бүр 2.5 сая төгрөг тушаасаар төлбөрөө 100 хувь төлсөн. Захиалснаас хойш тав дахь жилдээ орлоо, энэ байр. Ирэх бүрд ажил хийж байгаа дүр эсгэдэг. Мөнгөгүй компанид сүүлдээ ажиллах хүн ч олдохоо байлаа. Эзэнгүй л барилга байдаг болж. Үе үе сошиалаар том том мэдэгдэл тавина. Ерөөсөө тэмдэглэлт өдрийг товлож захиалагчдыг хуурсаар өнөөдөртэй золгож байна. Энэ янзаараа бол 2023 ондоо ч ашиглалтад орохооргүй байна. Хуурамч мэдэгдэл сошиалаар дүүрэн. Яаралтай хохирол барагдуул л гэж хэлмээр байна. Уг нь 200 гаруй айлын орон сууц ч идэвхтэй хөөцөлддөг 30 гаруй хүн л байна. Бидний үгийг сүүлдээ нохой хуцахын чинээ тоохоо болилоо. Бид А.Ганбаатарын гэрийн гадаа хүртэл очиж жагсаж байлаа шүү дээ. Тоохгүй юм билээ.
Энэ хүний барааг нэг ч хараагүй. Утас руу нь мессеж бичихээр “Улсын комисс хүлээж авсны дараа таныг байранд нь оруулна” гэж даапаалж байгаа байхгүй юу. Байр захиалснаас хойш түрээсэнд би 20 гаруй сая төгрөг зарцуулжээ. Дүрмээрээ бол алданги энэ тэрээ төлүүлэх ёстой. Тэр дүүрч. Байрандаа л хурдан ормоор байна” гэв.
Иргэдийн ярианаас сонсоход “Орхоны шугуй” компанийнхан өнгөрсөн онд л гэхэд 3-4 удаагийн мэдэгдэл гаргаж, захиалагчдыг тайвшруулах, цаг хожих арга хэмжээ авчээ. Хохирогч иргэдийн хамт тус компанийн хяналтын инженер Балжиннямын руу утас залгахад “Удахгүй очно. 100 айл дээр ажилтай явна. Очоод тайлбар өгье” гэсэн боловч сүүлдээ утсаа салгаад таг чиг болов. Хохирогчдын нэг болох Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт хотод амьдардаг. Тэрбээр уг байрны зарыг олж харснаар борлуулалтын компани дээр нь очиж уулзжээ. Ингээд 2019 онд байраа захиалж, гэрээ хийсэн байх юм. Тухайн үедээ метр квадратын үнийг 1.45 сая төгрөгөөр тооцсон аж.
Тэрбээр “Гэрээ хийж байхад барилгын ажил тавдугаар давхар дээрээ явж байсан. Ашиглалтад орох эцсийн хугацаа арванхоёрдугаар сарын 31 гэж байсан. Энэ хүмүүст хэлдэг шалтагаа надад ч хэлж байгаа юм. Аргаа бараад ах нь өөрөө ирж байрныхаа цэвэрлэгээг хийлээ. Бага сага засвар хийж байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ үүгээр мэдэгдэе. Би эрүүл мэндээрээ хүртэл хохирч явна. Өнөөдрийг хүртэл хөлсний байраар явлаа. Одоо надад байр хөлслөх мөнгө алга. Тэтгэврийн зээлээс эхлээд мөнгө олох боломжтой бүхий л аргаа хэрэглэж, байдгаа шавхаж би энэ байрны төлбөрийг 100 хувь төлсөн. Хурдан байрандаа ормоор байна” гэв.
“Пийс апартмент” гэх орон сууцанд захиалга өгсөн залуу гэр бүлийн төлөөлөл болох М.Дөлгөөн “Энэ компани ажилладаг гэх нэг хүн надад уг байрыг зарсан. Дотор нь ажилладаг хүн асуудалгүй байх гэж бодоод итгэл үнэмшилтэйгээр авсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид байнга шаардаж, шаардлага хүргүүллээ. А.Ганбаатар гэх захирлынх нь гэрийн үүдэнд хүртэл жагсаж явлаа. Ажлын цаг заваа энэ барилгад зарцуулж байна. Гэр оронгүй учраас хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгээс хол амьдарч байна.
Уулзах бүрд итгэл төрүүлээд буцаадаг байсан. Одоо цөхөрч байна, итгэх арга алга. Бид чадахынхаа хэрээр энэ хүмүүсийн ажлыг дэмжлээ, хүлээлээ. Аргаа бараад нөхөртэйгөө хамт өөрөө байрныхаа дотор заслыг хийсэн. Өдөрт хоёр, гурван хүн л ажиллаж байдаг. Ажилчдынхаа цалинг өгдөггүй. Ийм л дампуу газар байна. Миний хувьд төлбөрөө 100 төлсөн. Бидний өгсөн мөнгө хаашаа алга болдог юм бүү мэд. Аудитын шалгалт оруулмаар байна. Миний хувьд 1730000 төгрөгөөр байраа авсан. Манайх өмнө нь амьдарч байсан байраа зараад энд захиалга өгсөн. Гэтэл одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй хоцорлоо.
Монгол Улсын Гавьяат багш цолтой Амгалан хэмээх аавынхаа нэр төрийг шороотой хутгаж яваа Ганбаатар та ичээрэй” хэмээн ярьж байна. Хүүгээ шинэ байранд оруулах санаатай Х.Рагчаа гуай нэг сумаар хоёр туулай буудах зорилготой байж.
Өөрийнхөө гэртэй ойрхон хүүдээ байр захиалсандаа олзуурхсан тэрбээр давхар өөртөө дулаан гарааш захиалжээ. Түүний хувьд 2018 оноос хойш уг байрны барилгын явцыг ажиглажээ. Ингээд 2021 оны зургадугаар сард метр квадратыг нь хоёр сая гаруй төгрөгөөр тооцож байр захиалсан байна. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч бүх зүйл байдгаараа. Барилгын ажлын явц хоёр жилийн өмнө захиалга өгөхөд ямар байсан яг тэр хэвээрээ байгаад Х.Рагчаа гуай бухимдаж байна.
Ийнхүү 200 гаруй иргэнийг хохироосон нэг орон сууц өнөөдөр царцсан хөрөнгө болоод үлдэж байна. Хэзээ ашиглалтад орох нь бүрхэг хэвээр. Удахгүй хүүхдийн сургууль, цэцэрлэг орно. Цаашлаад хүйтэрнэ. Орон байраа зарах нь зарж, мөнгө зээлэх нь зээлж “Орхоны шугуй” компанийн барьж буй “Пийс апартмент”-д захиалга өгсөн иргэд хаана, хэнд хандахаа, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй өдийг хүрчээ. Тэд нийлж шүүхэд өргөдөл өгөхөөр зэхэж.
Өнөөдрийг хүртэл компанийн удирдлагуудад хандсан 5-6 удаагийн өргөдөл бичиж, мэдэгдэл хүргүүлсэн ч нөгөөдүүл нь нүдэн балай, чихэн дүлий явна. Иргэдэд шинэ байр захиалахдаа компанийн танилцуулга, туршлага зэргийг нь шалгаж, найдвартай газарт захиалга өгөөрэй гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс уг сурвалжилгыг бэлтгэлээ.
Б. МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна