Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн явцын талаар БШУЯ-наас мэдээлэл хийж, хэрхэн бүртгүүлж, баталгаажуулах талаар танилцуулав. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдана.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Эхний бүртгэл энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 20-нд дуусах юм. Харин хоёр дахь бүртгэл есдүгээр сарын 11-нд эхэлж, арав хоног үргэлжилнэ. Нэгдүгээр үе шат буюу цахим бүртгэл дууссаны дараа энэ сарын 21-25-нд эцэг, эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээлэл очих юм байна. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир “Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 20-нд буюу энэ долоо хоногт дуусгавар болно. Үүний дараа нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн багтаамжид тааруулан, тухайн хүүхдийн хаягийн дагуу хамгийн ойр хамран сургах тойргийн цэцэрлэгийг санал болгож хариу илгээнэ. Санал болгож буй цэцэрлэгийн талаарх мэдээллийг e-Mongolia-гаар дамжуулахаас гадна бүртгэлтэй утасны дугаарт нь илгээнэ. Ийм мэдээлэл авсан эцэг эх, асран хамгаалагчид санал болгосон харьяа цэцэрлэг дээр нь очиж гэрээ байгуулна. Ингээд тухайн хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болж байна гэсэн үг. Бүх зүйл тухайн эцэг эх, асран хамгаалагчийн бүртгэлтэй хаягаас хамаарна. Тиймээс цахимаар бүртгүүлэхэд хаяг тодорхой, үнэн зөв байх ёстой гэдгийг анхаарах шаардлагатай. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар тухайн иргэний 180 хоногоос дээш хугацаанд амьдран сууж буй хаягийг байнгийн оршин суух хаяг гэж үздэг” хэмээгээд хаягийн зөрчилгүй байхыг сануулав.
Цахимаар бүртгүүлэх заавар:
E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
“Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд энэ сарын 20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товч дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Дээрх зарчмаар энэ сарын 16-ны байдлаар 94 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илгээжээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302.226 суралцагч байгаагаас 142 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхэд өнгөрсөн жилийнхээс 2000 орчмоор нэмэгджээ.
Хоёр дахь бүртгэлийн тухайд хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэт шилжих хөдөлгөөн хийж буй хүүхдүүдийг хоёр дахь бүртгэлээр буюу есдүгээр сарын 11-нээс бүртгэх юм байна. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Энэ жил цэцэрлэгийн бүртгэл дээр хаягжилт нэлээд цэгцэрсэн. Өнгөрсөн жилийн мөн үеийн нэгдүгээр бүртгэлтэй харьцуулахад хаягийн шилжилттэй холбоотой санал гомдол багассан. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, шилжих хөдөлгөөн хийж буй хүүхдүүдийг дахин бүртгэх зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн цахим бүртгэлийн хоёрдугаар шат ирэх есдүгээр сарын 11-нд эхэлнэ. Өнгөрсөн жил 129 түрээсийн байрыг засаж, тохижуулсан. Түүнчлэн 270 гаруй цэцэрлэг дээр хамран сургах тойргийг нэмэлтээр тогтоож 15 мянган хүүхдийг хамруулсан. Мөн байгууллагын цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээ зэрэг бусад үйлчилгээг ашиглан 5000 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 2000 орчмоор нэмэгдсэн. Тиймээс хүсэлт гаргасан хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж нээлттэй. Гэхдээ зарим хороодын ачаалал хэт өндөр байгаа ч бид тохиромжтой зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэв.
Энэ хичээлийн жилд суралцах 781178 сурагчаас 73900 нь зургаан настан
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл энэ сарын 15-нд эхэлсэн. Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах юм. Эцэг эх, асран хамгаалагчид e-Mongolia системээр нэвтэрч урьдчилсан хуваарилалтыг баталгаажуулах ёстой. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирнэ. Тодруулбал, е-Mongolia системд нэвтэрч, үйлчилгээ цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ. Дараа нь “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл” үйлчилгээг сонгосноор дэлгэцэнд сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ. Тухайн мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана. Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “тийм” товч дарснаар таны хүсэлт илгээгдэнэ.
Дээрх зааврын дагуу хүсэлт илгээсний дараа долоон төлөв харагдах юм байна. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир “Хянаж байгаа төлөв нь тухайн хүүхдийн мэдээлэл хамран сургах тойргийн сургуульд нь очсон элсүүлэх шийдвэр гаргахыг хүлээж буйг илтгэнэ. Одоогоор 40 гаруй мянган хүүхдийн хүсэлт ийм төлөвтэй байна. Гэхдээ үүний дийлэнхийг орон нутгийн сургуулийн бүртгэл эзэлж байна. Дараагийнх нь бүртгүүлэх боломжтой, түтгэлзүүлсэн, түр түтгэлзүүсэн гэсэн гурван төлөв тухайн сургуулийн элсэлтийн комиссын гаргасан шийдвэр. Хэрэв бүртгүүлэх боломжтой төлөвтэй харагдаж байвал тухайн сургуульд хүүхдээ хамруулах бол “тийм” гэдэг хэсгийг дарж баталгаажуулна. Зарим иргэн санамсаргүй байдлаар “үгүй” гэсэн товчийг дарах тохиолдол гарч байна. Ийм тохиолдолд бид тухайн сонголтыг нь нэг удаа буцаах боломж олгож байгаа. Гэхдээ ийм санамсаргүй алдаа гаргахгүй байж хаа хаанаа чирэгдэл учруулахгүй байх хэрэгтэй. Түр түтгэлзүүлсэн шийдвэр ямар тохиолдолд гардаг вэ гэхээр тухайн хүүхэд бүртгүүлсэн хаяг дээрээ амьдарч байгааг нотлох шаардлагатай бичиг баримт, мэдээлэл хангалтгүй тохиолдолд ийм төлөвт шилжинэ. Ийм төлөвтэй байгаа бол тухайн сургууль руу холбогдох, очиж уулзаж шийдвэрлүүлэх ёстой. Түтгэлзүүсэн тохиолдолд мөн тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаж, асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн тайлбарлав.
Ерөнхий боловсролын сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 781178 сурагч суралцана гэсэн тоон мэдээлэл байна. Энэ сарын 16-ны байдлаар 5000 орчим хүүхэд бүртгэлээ баталгаажуулсан бол 32000 гаруй хүүхдийн хүсэлт бүртгүүлэх боломжтой гэсэн төлөвт шилжсэн байдалтай байгаа аж. Өнгөрсөн жил 39313 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байсан бол энэ жил 35866 хүүхэд шинээр элсэн суралцах юм байна.
Салбар яам болон Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн цахим бүртгэлд хамрагдаж буй эцэг эх, асран хамгаалагчийн оршин суугаа хаягийн мэдээлэл үнэн зөв, тодорхой байх тохиолдолд ямар нэгэн зөрчил гарахгүй болохыг сануулав.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна