Шинэ оюутан: Улаанбаатарт нэг удаа...

unen
22 цагийн өмнө


Их, дээд сургуулиуд амрахаар хотын хөл хөдөлгөөн эрс татарч, автобусанд суусан ч сандал олддог болдог юм. Авто замын түгжрэл  эрс буурч, гудамж талбай ч сэлүүхэн болно. Тэр сайхан зуны гурван сар өнгөрч, наймдугаар сарын сүүлч иржээ. Их, дээд сургуулиуд оюутнаа бүртгэнэ гээд бөөн хөл хөдөлгөөн. Тэр дундаа нэгдүгээр дамжааны шинэ оюутнууд болох улаан хацартай, бор царайтай хүүхдүүд эцэг, эх, ах, эгчээ дагаад л гүйж байна даа. Амьдралынхаа шинэ хуудсыг нээхээр Улаанбаатарыг зорин ирэх шинэ оюутнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Авто вокзалууд хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд зорчигчдын 60 орчим хувь нь их, дээд сургуульд суралцахаар их хотыг зорин ирж буй оюутнууд байх юм. Тэр хэрээр Улаанбаатар хот ч хөдөлгөөнд оржээ. 2023-2024 оны хичээлийн жилд 35 мянга орчим оюутан нэгдүгээр дамжаанд суралцах аж. Үүнээс 90 хувь өнгөрсөн хавар дунд сургуулиа дүүргэж, ЭЕШ-д тэнцсэн сурагчид байгаа юм. Нийслэлд ирж буй шинэ оюутнуудын хотын амьдрал эхлэл тийм ч дардан байдаггүй. Наад зах нь буруу автобусанд суух, зорьсон газраа олохгүй төөрч будилахаас эхлээд бэрхшээл энүүхэнд. Элдэв арга саам хэрэглэж, хөдөөнөөс ирсэн шинэ оюутнуудыг залилдаг бүлэг байдаг нь ч нууц биш. Амьдралдаа шинэ алхам хийхээр их хөлийн газар болох нийслэл хотод ирсэн шинэ оюутныг энэ дугаарын сурвалжилгадаа онцоллоо. Бид түүнтэй уулзахаар ШУТИС-ийг зорьсон нь энэ. Тус сургууль өглөөнөөс хойш хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэр хэрээр сургуулийн хөтөчийн үүрэг гүйцэтгэж буй оюутнууд үүргээ сайн биелүүлж байлаа. Цэгцтэй ч юм. Харин манай сурвалжилгын баатрыг маань Г.Нямбаяр гэдэг. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрж, өссөн нэгэн. 840 км-ийн цаанаас эх орны нийслэлдээ суралцахаар өчигдөр өглөө Улаанбаатарт хотод иржээ. Ирээд удаагүй учир нийслэлтэйгээ бүрэн танилцаж амжаагүй гэнэ. Тэрбээр ярихдаа “Дөрвөн настай байхдаа Улаанбаатар хотод анх удаа ирснээ санадаг юм. Түүнээс хойш нэг ч удаа ирээгүй. Хамгийн хол нь аймгийн төв л орж байсан. Жоохондоо ирсэн учраас юу нь гоё сайхан байсныг санадаггүй. Харин өглөө буугаад явахад хөл хөдөлгөөн дэндүү их байлаа. Ялангуяа түгжрэл нь хэцүү санагдсан. Хөдөө түгжрэл гэдгийг мэдэхгүй болохоор давчдаад байх юм билээ. Гэхдээ дөрвөн жилийг энд өнгөрүүлэх болохоор дасах биз” гэв. Г.Нямбаяр хэсэгхэн хором ярилцаж суух зуураа утсаа байн байн чагнана. Хэн нэгнийг хүлээж буй бололтой. Хүн хүлээж байгаа юмуу гэхэд “Тийм ээ, би уг нь эгчтэйгээ цуг яваа юм. Тэгэхгүй бол ганцаараа хот сайн мэдэхгүй шүү дээ. Намайг сургуулийн үүднээс холдож болохгүй гэж захисан. Тэгээд эгчийг хүлээх зуур тантай тааралдлаа” хэмээнэ. Түүний хувьд ШУТИС-д архитектурын чиглэлээр суралцахаар сонголт хийжээ. Багаасаа зурах дуртай байсан нь түүнийг ийм мэргэжилд хөтөлсөн гэнэ. Энэ тухайгаа ярихдаа “Багаасаа л зурдаг байлаа. Хоббигоо дагахаар архитектураас өөр мэргэжил нүдэнд харагдаагүй. Зурах дуртай гэхээр зураач болж болох юм. Гэхдээ миний сонгосон мэргэжил арай ирээдүйтэй юм болов уу” хэмээн ярилаа. Тэр үнэхээр нүдээ болсон мэргэжил сонгожээ. Ойрын 10 жилдээ энэхүү мэргэжлийн үнэ цэн унахгүй нь гэсэн судалгааны дүн байдаг. Улаанбаатар болон орон нутаг жилээс жилд барилгажиж байгаа учраас түүний сонгосон мэргэжил ойрын жилүүдэд эрэлттэй байх нь ойлгомжтой юм. Хөдөөнөөс ирсэн шинэ оюутантай ярилцах тийм амар биш. Асуусан асуултад ганц, хоёр өгүүлбэрээр, эсвэл ганц үгээр л хариулна. Зураг авахуулахаас цааргална. Манай зочин миний удаан эрлийн эцэст олдсон учраас ихэд олзуурхсан нь энэ. ШУТИС, МУИС, МУБИС-иар дүүрэн шинэ оюутнууд холхих ч ярилцлагаас зугтааж ичингүйрнэ. Харин Г.Нямбаярыг бид ятгаж чадсан юм. Бас ганц л удаа зураг авахуулахыг зөвшөөрсөн. Түүний хувьд угаас зураг авахуулах дуртай биш аж. Тэр сагсан бөмбөг тоглох дуртай. Сумандаа энэ спортоор хичээллэж байжээ. Угаас нуруулаг учраас сагс, волейбол гэх мэт багийн спортоор хичээллэхэд тохиромжтой санагдав. Юуны тулд эрчүүд зонхилсон сургуульд элсэн орсон билээ хичээлийнхээ хажуугаар зав чөлөөндөө спортоо орхихгүй байхыг, бас сурч мэдэхийн төлөө хичээхээ ч ярилаа.

 

Хотод буусан өглөө

 

Нэг шөнийг замд өнгөрүүлсэн Г.Нямбаярын нүдэнд хамгийн түрүүнд өртсөн зүйл нь түгжрэл. Зурагт, сошиалаар л харж байсан түгжрэлээ бодитоор үзсэн тэрбээр “Удахгүй дасах байх даа” гэж бодсон гэнэ. Хотод ирж ахындаа ачаа бараагаа тавиад л эгчийн хамт  ШУТИС-ийг зорьсон тэрбээр тааваараа хотоор явж үзэх хүсэлтэйгээ ийн ярилаа. “Хотын өглөө гэж бужигнасан л байдаг юм байна. Багадаа ирж байсан би анх удаа Улаанбаатарт ирж байгаагаас өөрцгүй. Өнөөдрийн /өчигдөр/ хувьд сургууль дээрээ бүртгэлээ хийлгээд л таарах бололтой. Замд шөнийг өнгөрүүлсэн болохоор эртхэн амрах тухай бодож байна. Хичээл орохоос өмнө тухтай хотоор явж үзнэ ээ. Олны хөлд дарагдсан хотод үзэх газар олон байгаа байх. Зах зухаас нь танилцаж л явна. Бүх зүйл цэгцрээд завтай болохоороо хотоор зугаална. 1-2 удаа ах, эгчээ дагаад явчихад цаашдаа алзахгүй ээ. Явах автобусны чиглэлээ л мэдсэн байхад асуудалгүй биз” хэмээн хэвлүүхэн ярина. Ямартай ч түм түжигнэж, бум бужигнасан хотын өглөө түүнд таалагдсан бололтой. Түгжрэлээс бусад нь. Өөрийнх нь хэлсэнчлэн хүссэн, хүсээгүй түгжрэлдээ дасан зохицох биз. Олон өнгө сүлэлдсэн Улаанбаатарын өглөө ч уг нь аятайхан шүү.

 

Айдас

 

Түүнд сэтгэл дотроо тээж буй бяцхан айдас бий гэнэ. Тэр нь ангийн хамт олон. Газар газраас янз бүрийн ааш, араншинтай хүүхдүүд цуглаж байгаа болохоор бага зэрэг айж байгаагаа хуучиллаа. “Шинэ хамт олон, найз нөхөдтэй болно гэхээр догдолж байна. Хурдан хичээл эхлээсэй. Ангийнхантайгаа танилцах юмсан гэж бодогдох юм. Гэхдээ айдастай. Олны дунд ямар ч ааш зантай хүүхэд байгаа юм билээ. Найзлах хүнээ л зөв олох юм шүү. Хотынхон хөдөөний хүүхдүүдийг хэрхэн хүлээж авах бол. Яаж хандах бол гэдэг нь сонин бөгөөд айдастай байна. Өөрөөр ч юунаас айх билээ. Аюулгүй улсын тоонд ордог шүү дээ” гэв. Түүний хэлснээр нээрээ л олон янзын ааш аягтай хүүхдүүд нэг дор цугларна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг хэдхэн сарын дотор мэдэж болох биз.

 

Хотод амьдрах газартай догь эр

 

Улаанбаатарт ирсэн шинэ оюутнуудын өмнө хамгийн түрүүнд тулгамддаг нэг асуудал нь орон байр. Тав тухтай амьдрах сууц хайх марафон энэ өдрүүдэд үргэлжилж байна. Дотуур байрууд шинэ оюутнуудаа хүлээж аваад хөл хөдөлгөөн ихтэй байгаа бол байранд орох шаардлагаа хангаж чадсан нэг, хоёрдугаар дамжааныхан хөл хөөрцөг болох тэр дүр зургийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутны байрны үүдээс харж болно. Шинэ оюутнууд тааваараа, дураараа байхыг илүүд үздэг. Айлд аль болох төвөг учруулахгүй гэж тэр. Эцэг, эх нь ч тиймэрхүү бодолтой. Нийслэлд эрт хөл тавьснууд нь байрандаа орж чадсан бол хожимдсонууд нь түрээсийн орон сууц, нийтийн байр, хашаа байшин сураглаад завгүй. Эрэлтийг дагаад үнэ өсдөг бичигдээгүй хууль энэ төрлийн бизнес эрхлэгчдэд ч хамааралтай. Дотуур байрны үнэ 200, түрээсийн байрны үнэ 150 мянгаас дээш төгрөгөөр нэмэгджээ. Харин манай сурвалжлагын дүр Г.Нямбаяр үүнд огт санаа зовоогүй учраас оройтож хотод ирсэн нь энэ. Гурван хүүхэдтэй айлын дунд хүү болон мэндэлсэн тэрбээр хотод эгчийнхээ гэрт байх гэнэ. Нэг ёсондоо төрсөн эгчийндээ байх тийз авсан түүний хувьд байр, сууцны асуудалд санаа зовохгүй додигор сууна. Мань эрийн нууцхан хүсэл нь дотуур байранд байх. Гэвч гэр бүлийн “хурлаар” хэлэлцэж шийдсэн учраас тэр зөрөх эрхгүй. Гэхдээ төрсөн эгчийнх гэдэг учиртай.

Улаанбаатарт ирээд эхний өдрөө ч өнгөрүүлж амжаагүй яваа хоймор нутгаас ирсэн шинэ оюутны нэг өдөр иймэрхүү. Г.Нямбаяртаа сурлагын өндөр амжилт хүсье. Сонгосон мэргэжилдээ эзэн болоорой. Хотод болгоомж хэзээд илүүдэхгүй гэсэн нөхөрсөг зөвлөгөөнд тэр “Баярлалаа. Болгоомжтой байхыг хичээнэ” хэмээв.

Б.Мөнхзул 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 10 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 13 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 13 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 13 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 13 цагийн өмнө
SDY Calling you... 13 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 13 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 14 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 14 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 14 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22