​ 22-ын Авто худалдааны цогцолборыг ашиглаж, түгжрэлийг бууруулах боломжтойг иргэд хэлж байна



Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, нийслэлд хөл хөдөлгөөн эрс нэмэгдэв. Ялангуяа өглөө, оройн цагаар автомашины түгжрэл үүсэж, иргэд, олон нийт бухимдаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн зорчигч тээврийн үйлчилгээний  газар буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Драгон” авто вокзалыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал хөндөгдөж, шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсаар байна.

 “Драгон” автовокзалыг одоо байгаа газраас нь баруун тийш буюу олон нийтийн мэддэгээр Толгойтын “Номин агуулах” худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэх гэж буйд тухайн хэсгийн оршин суугчид төдийгүй иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс “Автомашины түгжрэл, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж буй “Драгон”-ы одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулж, дээрдүүлэх бус улам дордуулсан нүүлгэлт хийх гэлээ” хэмээн эсэргүүцэж байна.    
Тэгвэл тухайн тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх гарц шийдэл, нөхцөл боломж 22-ын Авто худалдааны цогцолбор буюу Олон улсын худалдаа логистикийн төвд бий аж. “Драгон” авто вокзалыг тус логистикийн төв рүү нүүлгэх тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан тул үүний дагуу тус газрынхан найман га газрыг чөлөөлөн бэлдсэн байжээ.  Авто худалдааны цогцолбор өөрийн эзэмшлийн 137 га газартай бөгөөд одоогоор үүний 100 гаруй га талбайг ашиглаагүй,  чөлөөтэй байгаа аж. Их хэмжээний зай талбайтай, орох, гарах гарц чөлөөтэй, түгжрэл үүсгэхгүй гэх мэт давуу талтай газар руу нүүлгэн шилжүүлэх үү аль эсвэл хот дотроо буурь сэлгэж, түгжрэл, бөөгнөрлийг нэг цэгээс нөгөө рүү аваачих уу гэдэг сонголтын өмнө ирэв. Энэ тухайд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

 
Хамгийн боломжит хувилбарыг сонгож, нүүлгэх нь зөв

Ж.Онон:

-“Драгон”-ыг нүүлгэх нь зөв гэж бодож байна. Нүүлгэснээр авто машины түгжрэл ялангуяа тэр хэсгийнх, мөн уулзварынх тодорхой хэмжээгээр буурах нь ойлгомжтой. Баруун аймгуудаас орж ирсэн автобус шууд “Драгон” руугаа ордоггүй. Төв замаар явж байгаад зүүн гар тийшээ эргэж байж зогсоол руугаа ордог учраас тэр хэсэгт нэлээд түгжрэл үүсдэг. Үүнээс гадна дотогшоо зогсоол руугаа ороод бас зай талбай муутай. Чөлөөтэй ч эргэх боломжгүй. Жижиг тэргэнд хүндрэлтэй байдаг юм чинь том, урт автобусанд бол эргэлт хийх бүр асуудалтай. Автобусанд хүн суулгах, ачаа дайхаар ирсэн жолоочид зогсоол олдохгүй. Төлбөргүй битгий хэл төлбөртэй нь ч олдохгүй шүү дээ. Одоо байгаа газрыг өргөтгөх ямар ч боломжгүй. Тэгэхээр хамгийн боломжит хувилбараар нүүлгэх нь зөв шийдэл. Гэхдээ хот дотроо нүүлгээд бол дэмий. Хамгийн гол нь одоогийн нөхцөл байдлыг сайжруулсан нүүдэл хийх хэрэгтэй.   

Мөн хүн олноор цуглардаг, автомашины түгжрэл үүсгэдэг газруудтай дүйх хэмжээний газрыг шинээр барьж байгуулах шийдэл бас байж болох юм шиг санагддаг.  

 1000 машины зогсоолыг шиг  зоригтой алхам хэрэгтэй байна

Т.Сайнболд:

-Сүүлийн үед түгжрэлийг бууруулах зорилгоор томоохон их, дээд сургууль, зах, худалдааны төв, автомашины худалдаа үйлчилгээний газруудыг хотын төвөөс гаргах тухай асуудал нэлээд яригдаж байна. “Драгон” төв буюу орон нутгийн зорчигч тээврийг ч гэсэн нүүлгэх гэж байх шиг байна.  Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ хотоос хэтэрхий хол зайтай газар нүүлгэчихвэл хүндрэл гарч магадгүй. Томоохон газруудыг нүүлгэх талаар өмнө ч гэсэн хөндөж ярьж, хотын удирдлагууд холбогдох шийдвэрийг гаргаж байсан санагдаж байна. Гэхдээ яг бодитоор хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн зүйл одоогоор алга. Хэдэн жилийн өмнө 1000 машины зогсоолыг чөлөөлж, түрээслэгчдийг нь 22-ын “Авто худалдааны төв” рүү нүүлгэн шилжүүлж байсан. Түүн шиг зоригтой шийдвэр гаргаж, дорвитой алхам хийх хэрэгтэй. “Нарантуул” зах, зарим нэг их, дээд сургууль гэх мэт бөөгнөрөл их үүсдэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудыг нүүлгэх нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь тодорхой тооцоо судалгаанд үндэслэж, боломжит хувилбарыг сонгох хэрэгтэй. Яригдаад байгаа тухайн газруудыг нүүлгэснээр түгжрэл хэдэн хувиар буурах вэ, нүүлгэн шилжүүлж байршуулсан хэсэгт дэд бүтэц, тог цахилгаан бий юү, нийтийн тээврийн автобус явдаг уу гэх мэт олон асуудлыг тооцоолж, шийдвэрлэж чадаж байвал болох л хувилбар. 


Түгжрэл, бөөгнөрөл үүсгэдэг газруудыг нүүлгэхийг дэмжиж байгаа

Ц.Бурмаа:

-Хүмүүсийн бөөгнөрөл, авто машины түгжрэл үүсгэдэг том том газрыг нүүлгэхийг дэмжиж байгаа. Энэ бол зөв шийдвэр.  Нэг хэсэг хүний бус нийтийн эрх ашгийн төлөө л ажиллах хэрэгтэй шүү дээ.  Хоёр хоногийн өмнө зурагтаар “Драгон” төвийг нүүлгэх тухай мэдээ үзсэн. Одоо байгаа газарт нь үйл ажиллагаа явуулж буй зарим хүн нүүлгэхийг эсэргүүцэж байгаа харагдсан. Тэр бизнес эрхлэгчид бусдыг бодохгүй, өөрсдийн эрх ашиг, орлогыг л нэгдүгээрт тавьж байна гэсэн үг. Бодит нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Одоо байгаа тэр хэсэг бол үнэхээр зай талбай багатай, автомашины зогсоол ч байхгүй. Тэр байтугай орон нутаг руу хүн тээвэрлэдэг автобусны зогсоол нь ч хангалттай биш байдаг юм билээ. Эхний автобус явахаасаа хэдхэн минутын өмнө гарч ирээд хүнээ аваал бушуухан хөдөлдөг. Тэр хооронд дараагийн автобус нь хүлээгээд зогсож байх жишээтэй. Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Драгон” төвийг  нүүлгэх гэж байгаа хэдий ч мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгчдийн нөхцөл сайжрах, түүгээр үйлчлүүлэгч иргэд ая тухтай байх боломж давхар бүрдэнэ шүү дээ. 

Түгжрэлийг бууруулъя гэвэл   “Драгон”-ыг хотоос  нүүлгэх хэрэгтэй

Ц.Бямбадорж: 

-Энэ, тэр газрыг хотоос гаргана. Нүүлгэнэ гээд л яриад байх юм. Яагаад өөр зохицуулалт хийж болохгүй гэж. Аль нэгэн газрыг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой хэмжээний төсөв мөнгө шаардлагатай. Тэрийг улсаас л гаргах байх. Түүний оронд тэр мөнгөөрөө хотоос зайтай шинэ бүтээн байгуулалт барьж, ашиглалтад оруулж, бизнес эрхлэгчдийг тэр газар руу очихыг уриалах, очсон хүмүүст нь урамшуулал олгох байдлаар түгжрэлийг бууруулж болохгүй гэж. Дагуул хот байгуулах тухай яриад л байсан. Одоо таг чимээгүй. Гэнэт л “Драгон” төвийг нүүлгэх гээд эхэллээ. Би хувьдаа нүүлгэхийг дэмжихгүй байгаа. Би Увс аймгаас энэ сарын 20-нд ирсэн. Хэрэв хаа нэг тийш нь хол нүүлгэчихвэл хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс наашаа хот руу яаж орж ирэх юм бэ. Олон зохицуулалт хэрэгтэй. Хэрэв, нүүлгэчихвэл иргэдэд ямар нэгэн хүндрэл учруулахгүй үүднээс бүх талаас нь зохицуулалт хийх байх л даа. Яг үнэндээ аль нэгэн зах, их, дээд сургуулиудыг хотын төвөөс гаргахаас илүү даацтай, дорвитой шийдэл хэрэгтэй л гэж бодож байна. 

Томоохон зах, худалдааны төвийг Авто худалдааны төв рүү нүүлгэх хэрэгтэй

Ц.Чанцал: 

-“Драгон”-ыг нүүлгэх тухай мэдээг зурагтаар харсан. Хоёрын хооронд хот дотор нүүлгэн шилжүүлээд яах вэ дээ. Ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Толгойтын тийшээ нүүлгэх юм шиг байна билээ. Зурагтаар харж байхад тэр газар нь одоо байгаагаасаа ч илүү зай талбай багатай санагдсан. Тэр орчмын хүмүүс ч бас хэлж ярьж байсан. Ерөнхийдөө түгжрэл, бөөгнөрлийг нэг цэгээс нөгөө цэгт аваачиж байгаа л үйлдэл. Үнэхээр нүүлгэх гэж байгаа юм бол үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон үйлчилгээ авагч иргэн аль алинд нь хүндрэл чирэгдэлгүй байх зохицуулалт хийж, хот дотор биш бүр хотоос гаргах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол одоо байгаа хуучин байршилд нь үлдээсэн нь зөв. Яагаад гэвэл, гурав, дөрөвхөн буудлын цаана аваачих ямар ч шаардлагагүй.  Сайжруулах гэж байгаад улам дордуулж байснаас дасаж сурснаараа хуучин газартаа байж байсан дээр биз дээ.  22-ын товчоо тийш авто машины  маш то зах байдаг шүү дээ. Тийшээ нүүлгэж яагаад болохгүй гэж. Хотоос  зайдуу, түгжрэл үүсгэхгүй байршлыг сонгоод томоохон зах, худалдааны төвөө төвлөрүүлчихэж болдоггүй юм болов уу гэж боддог. 

Тооцоо судалгааны дагуу нүүлгэх байршлыг сонгох нь зөв

М.Элчгэрэл:

 -Хичээл сургууль эхлэх дөхсөн учраас хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдээд автомашины түгжрэл үүсэж эхэлсэн байна. Ялангуяа ажил эхлэх, тарах үеэр бол түгжрэл маш их байдаг. Ийм байхад хичээл сургууль эхлэхээр үүнээс ч илүү түгжирнэ л гэсэн үг. Түгжирч, хамаг цаг хугацаагаа зам дээр өнгөрүүлэхээс үнэхээр залхаж, хаширч байна. Тиймээс “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Барс” гэх мэт томоохон зах, худалдааны төв, мөн их, дээд сургуулиудыг нүүлгэх нь зөв гэж бодож байна. Энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Гэхдээ бүгдийг нь биш эхний ээлжид зарим нэгийг нь жишээ байдлаар зүүн, баруун зах руу нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Ямар ч хүнд шинэ зүйл эхэндээ таагүй, болохгүй мэт санагддаг ч тодорхой хугацааны дараа дасан зохицдог. Тиймээс хотын удирдлагууд ямар ч шийдвэр гаргасан түүнийг бүх хүн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Хэрэгжүүлж эхлээд тууштай байж чадвал хуучнаа мартаж, шинэ зүйл хуучин болно. Гэхдээ яг тийшээ, ийшээ нүүлгэх нь зөв, буруу гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл, хэсэг бүлэг хүний бус нийтийн эрх ашигтай холбоотой асуудал учраас  тооцоо судалгааны үндсэнд шинээр суурьшуулах байршлыг сонгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэн нэгний эрх ашигт нийцүүлж нэг газарт нүүлгэчихээд дараа нь энд биш байж, одоо тийшээ, ийшээ нүүлгэнэ гээд байж болохгүй шүү дээ. 

Өнөөгийн нөхцөл байдал

Драгон төв нь 14 аймгийн 800 гаруй нийтийн тээврийн автобус хүлээн авдаг. Өдөрт дунджаар Улаанбаатар хотоос 24 чиглэлд 65 нийтийн тээвэр 1185 зорчигч тээвэрлэдэг. Орон нутгаас 24 чиглэлд 68 тээврийн хэрэгсэл 1507 зорчигч ирдэг. 

Драгон төв нь 31 ширхэг автобусны зогсоолтой бөгөөд зогсоолын хүрэлцээ муутайгаас үүдэн тухайн хэсгийн 1-р эгнээгээр автобуснууд дараалал үүсгэн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг. 

5 шар орчмын дундаж хурд 13-18 км цаг байдаг  бөгөөд 10 цаг, 14 цаг, 16 цаг орчимд авто замын түгжрэл /хөдөлгөөний ачаалал/ хамгийн дээд цэгтээ хүрдэг. Энэ нь дундаж хурдыг 50 хувиар бууруулж хөдөлгөөнд ачаалал үүсгэснээр 15-30 минутын хугацаанд хөдөлгөөний дундаж хурдыг 6- 8 км цагийн хурдтай болгодог. Энэ ид ачааллын үеийг хэвийн түвшинд аваачихын тулд 30-40 минутын хугацаанд цагдаагийн биет зохицуулалт хийгддэг байна. 

Сүлжмэл ХК-ийн урд талын зорчих хэсгийн буцаж эргэлт хэсэгт түгжрэл үүсгэдэг нь Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж байна.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22