​ Амьдрал өрнөж, бизнес цэцэглэсэн Авто худалдааны цогцолбор



Мянган машины зогсоолыг 22-ын товчоон дахь Авто худалдааны цогцолбор руу нүүлгээд  арав орчим жил болж байна. Анх иргэдийн эсэргүүцэлтэй тулж байсан бол одоо тэнд түм түжигнэж, бум бужигнадаг газар болжээ. 

Хотын төвөөс хөдөлж, цагийн дараа 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор буюу Олон улсын худалдаа, логистикийн төвд очлоо. Хот дотор ажлаасаа гэр хүртэл явахад зарцуулдаг цагаасаа нэг дахин бага хугацаа зарцуулав. Хот дотор л түгжирээд нам гацчихгүй бол Авто худалдааны төвийг зорих тийм ч хол биш санагдав. Мөн бас нэгэн бараан бодол өвөртлөн очсон ч тэрхүү төсөөллийг маань Авто худалдааны цогцолборын бодит дүр зураг тас цохив. Нүдэндээ ч итгэхгүй “Хүүе ийм хөл хөдөлгөөнтэй газар байдаг юм уу” хэмээн уулга алдав. 


Би бодохдоо нөгөө олон зогсоол нь эзгүйрч, тоос шороонд дарагдсан ганц нэгхэн автомашин энд тэнд ёрдойж, эл хуль, хүнгүй шахам газар төсөөлсөөр очтол тэс өөр орчин нөхцөл, уур амьсгал угтах нь тэр. Хаа нэгтэйгээс халуун кофены үнэр сэнхийх нь хотын төвийг санагдуулна. Тэртээд харагдах нуур хөдөөг илтгэнэ. Төрөл бүрийн өнгө, загвартай автомашинууд зэрэгц команд авсан мэт зогсоолд ярайна. Тэдгээрийг сонирхон тойрох хүмүүсийг тоолж үл барна. 


Авто худалдааны цогцолборт ирсэн хүн төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээ авах боломж нөхцөлийг бүрдүүлжээ. Ялангуяа, автомашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байв. Тухайлбал, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татварын нэг цэгийн үйлчилгээ гэсэн хаягтай барилгад байрлаж буй Авто тээврийн үндэсний төвийн салбар болон “ХУРДАН”, “ГЭРЭГЭ” киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авахаар урт дараалал үүсгэсэн байлаа. 


Банк, банк бус санхүүгийн байгууллага, татвар, даатгал, тээврийн хэрэгслийн улсын  дугаарын үйлдвэр, нотариат, автомашин, түүний сэлбэг хэрэгслийн худалдаа, авто техникийн хяналтын үзлэгийн төв  буюу авто оношилгооны газар, автомашины угаалга, дугуй засвар, цайны газар, хүнсний дэлгүүр гээд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэгч олон байв. Хотын төвийн томоохон зах, худалдааны төвүүдэд ганц нэг байх ариун цэврийн байгууламж дийлэнхдээ цоожтой байх нь элбэг. Тэгвэл тус цогцолборт нийтийн ариун цэврийн байгууламж нэг бус хэд хэд нээлттэй харагдаж байлаа. Үүгээр ч зогсохгүй “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд тус цогцолборынхон 8000 мод тарьж, ургуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг нэг дороос цогц үйлчилгээ авах бүрэн боломж нөхцөлийг хангасанд түрээслэгч, үйлчлүүлэгч аль аль нь ам сайтай, сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм. Товчхондоо, тэнд амьдрал өрнөж, бизнес цэцэглэж байна.

 Нийтийн тээврийн Ч60 буюу “Сапоро-Авто худалдааны цогцолбор” гэсэн чиглэлд автобус явдаг бөгөөд тус төвийн хашаа руу орж, зорчигчдоо буулгадаг байна. Тийм ч учраас тус цогцолборыг зорин ирж үйлчлүүлэх хүмүүсийн цуваа тасардаггүй аж. Тэдний төлөөлөл болсон эхнэр, нөхөр  хоёр хятад автомашин сонирхож яваатай таарч, сэтгэгдлийг нь сонссон юм. Эхнэр нь “Урьдчилгаа 30 хувиа төлөөд 1.5 хувийн хүүгээр банк бусаар авах нөхцөл их зүгээр санагдаад энэ автомашиныг сонирхоод зогсож байна. 

“Да Хүрээ”-гээс илүү сонголт сайтай санагдлаа. Зай талбай сайтай, цэлгэр орчин нөхцөлтэй учраас автомашин үзээд явахад нэг тийм тухтай, тайван амгалан мэдрэмж төрлөө. Сонирхсон автомашинаа унаж үзэж болох нь бас таалагдлаа” гэсэн бол түүний нөхөр “Явган явж үзэхэд бүтэн нэг өдөр шаардлагатай юм байна” хэмээн инээгээд сонирхсон автомашиныхаа эзэнтэй утсаар яриад үлдэв. 
Энэхүү Авто худалдааны цогцолборыг “хол” хэмээн цааргалах нэгнээс илүү давуу талыг нь олж харж, үйл ажиллагаа явуулах санал хүсэлт тавьж ирэх нь илүү олон аж. 

Тэдний нэг болох Н.Саранчимэг ийм алсын хараа өвөртлөн ирж, Авто худалдааны цогцолбор буюу Олон улсын худалдаа, логистикийн төвийн дарга С.Мөнхбаттай уулзах үеэр түүнтэй цөөн хором ярилцав. Тэрбээр “Би энд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой ирж, даргатай нь уулзаж ярилцлаа.  Ажиллах орчин нөхцөл сайтай, автомашины сонголт өргөн, санхүүгийн хувьд банк, банк бус гээд сонголттой нөхцөл санал болгодог учраас автомашин худалдан авах гэж хүмүүс хамгийн түрүүнд наашаа ирдэг юм байна. Үйл ажиллагаа нь нэлээд өргөжиж байна. Цаашид ч илүү өргөжих ирээдүйтэй газар гэж үзээд энэ цогцолборыг сонгосон юм” хэмээгээд үргэлжүүлэн “Драгон”-ыг хот дотор  Толгойт руу нүүлгэх бус тус Авто худалдааны цогцолбор руу авч ирэх нь хамгийн зөв хувилбар гэдгийг тодотгов. 
“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК 20.4 га талбайд автомашины зогсоол, цахилгааны дэд станц, агаарын шугам, шилэн кабeль, гэрэлтүүлэг, хяналтын камер, зөөврийн сууц, хашаа, худаг зэргийг бүтээн байгуулжээ. Өдгөө нэгдсэн харуул хамгаалалт, иж бүрэн камержуулалтын системтэй үйл ажиллагаа явуулж буй аж. 
Тэртээх 2014 онд иргэд, олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэл дунд өндөр үүдээ нээж байсан Авто худалдааны цогцолбор буюу “Олон улсын худалдаа, логистикийн төв”-ийнхөн “Экологийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлсэн, хөгжлийн уян хатан загвар дээр суурилж, эерэг имиж бүрдүүлсэн үндэсний тээвэр логистикийн тэргүүлэгч компани болох” эрхэм зорилгын төлөө жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, өсөн дэвшсээр өнөөдрийн энэхүү өнгө төрхийг бүтээж, өдгөө ирэх онд арван жилтэйгээ золгох гэж байна.  
Авто худалдааны цогцолбор нийт 6375 автомашины зогсоолтой бөгөөд одоогийн байдлаар тус газарт 600 гаруй худалдаа эрхлэгч, төр, хувийн хэвшлийн 100 орчим аж  ахуйн нэгж, байгууллага үйл ажиллаагаа явуулж байна. Тэдний төлөөллийн сэтгэгдлийг хүргэе. 

“Бодь даатгал” ХК-ийн даатгалын төлөөлөгч Г.Цацрал: 

-Бид 2015 оноос хойш энд үйл ажиллагаа явуулж байна. Анх авто худалдааны цогцолбор маань цөөхөн хэдэн автомашинтай үүд хаалгаа нээж байсантай өнөөдрийг харьцуулашгүй, маш том өөрчлөлт, ахиц дэвшил гарч байна. Жилээс жилд үйл ажиллагаагаа илүү сайжруулж, өргөжүүлж тэлж байгаа. Цогцолборт олон давуу тал бий. Тухайлбал, зай талбай сайтай, чөлөөтэй байх нь үйлчилгээ явуулж байгаа болон үйлчлүүлж буй хоёуланд нь тав тухтай байдаг. Санаагаар болдог бол хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон авто худалдааны газруудыг нааш нь нүүлгэж, нэг дор төвлөрүүлмээр. Энд төр, хувийн ямар ч төрлийн байгууллага үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл дүүрэн бий. 

“Номгон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амгаланбаатар: 

-Анх энэ цогцолборт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйл гарч байсан. Хотоос зайтай, бараг үйлчүүлэгч байхгүй гэх мэт. Одоо бол ямар ч саад бэршээл алга. Бид автомашины дугаар хэвлэдэг компани. Баяр наадам болон эрэлт ихтэй үеэр өдөрт 30-40, бусад энгийн өдөрт 10-20 хүн үйлчлүүлж байна. Автомашины сонголт сайтай, хүнээ татчихсан хувийн болон төрийн байгууллагын бүх төрлийн үйлчилгээ төвлөрчихсөн байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн том, номер нэг авто худалдааны төв болж чадсан. Цаашид улам илүү өргөжих нь ойлгомжтой. Нөхцөл боломж нь ч бүрдчихсэн. Тиймээс хүмүүсийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж буй “Драгон” төвийг нааш нь нүүлгээсэй л бодож байна. 

Авто машин импортлогч, борлуулагч Ц.Гантулга: 

-Би энд ирэхээсээ өмнө вокзалын тэнд зогсоол түрээслэдэг байсан. Энэ төв маань хотын төвөөс бага зэрэг зайтай ч ажил, үйлчилгээ явуулахад ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Түрээс боломжийн, орчин нөхцөл сайтай. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ч тасрахгүй. Энд улсын бүртгэл, даатгал, гоёл чимэглэл гэх мэт авто машинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ байна. Цаашид сэлбэг, засвар үйлчилгээ нэмэгдчихвэл иж бүрэн, цогц авто худалдааны төв болно доо. Энд зай талбай хангалттай учраас үйлчүүлэгчид сонирхсон авто машинаа хол, ойрын зайнд, засмал болон шороон замаар унаж үзэж байж сонгодгоороо давуу талтай. Хотод ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй газруудын хувьд ингэж шалгаж үзэх нь битгийхэл унаж очсон авто машинаа тавих зогсоол ч олдохгүй шүү дээ.  

Дугаартай автомашины борлуулагч Т.Энх-Өсөх

-Би энд гурав дахь жилдээ зогсоол түрээсэлж байна. Сэтгэл хангалуун байдаг. Шинэ, хуучин авто машины сонголт өргөн байна. Орчин цэвэрхэн, зогсоол хүрэлцээтэй, цэвэр агаартай, тоос шороогүй гээд давуу тал олон бий. Хамгийн том давуу тал нь олон улсын гэдэг тодотгол. Энэ бол том боломж, том баталгаа. Эндээс төрийн бүх үйлчилгээг авах боломжтой. Авто тээврийн үндэсний төвийн салбар хүртэл ажиллаж байна. Төвийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. Хэрэв, тухайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлчихвэл түүнийг дагаад Улаанбаатар хот түгжрэл гэх мэт асуудал шийдэгдэнэ.  

Авто машин борлуулагч О.Буянтогтох: 

-Манай нөхөр эхлээд 2018 оноос энд зогсоол түрээслэдэг байсан. Гурван жилийн өмнөөс бид хоёр хамт зогсож эхэлсэн. Энд ирэхээс өмнө бид хоёр “Да Хүрээ” захын ойролцоох зам дагуух жижиг хашааг түрээслэдэг байлаа. Энэ худалдааны төвийн орчин нөхцөл, үйлчилгээ, зай талбай, автомашины зогсоол зэргийг тухайн үетэй харьцуулашгүй. Газар, тэнгэр шиг ялгаатай. Түрээслэгчид төдийгүй үйлчлүүлэгчид “Ямар гоё цэвэрхэн, тав тухтай юм бэ. Сонголт ч сайтай юм” гэдэг шүү.  Энэ цогцолбор чинь өөрөө Олон улсын худалдаа, логистикийн төв шүү дээ. Цаашид илүү өргөжиж, цар хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байдаг. Өнгөрсөн жилийн шинэ жилийн баяраар худалдааны төвийн удирдлагууд ирээдүйн зорилт зорилгоо танилцуулсан. Тухайн үед танилцуулж байсан төслүүдийг хэрэгжүүлээсэй л гэж бодож байна. Манай гэр аравдугаар хороололд байдаг. Тэндээс наашаа ирэхэд түгжрэлгүй үед 20-30 минут, бага зэрэг удаашралтай үед 40 гаруй минут зарцуулдаг. 

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


3
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.252
2023/08/28
0
0
Драгоныг энд шилжүүлэх байсан юм.Бямбацогт мөнгөний ажил хийчихлээ.
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22