Төрийн автомашиныг хувьдаа ашиглахыг “хазаарлаж”, улсын мөнгийг хэмнэнэ


Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэх зорилтыг Засгийн газар дэвшүүлээд буй. Энэ хүрээнд тодорхой шийдвэр гаргаж, томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг жишээ бол төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэрийг өөрчлөх шийдвэр юм. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашины улсын дугаарыг бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод цэнхэр өнгөтэй болгох талаар заажээ. 

Тиймээс Засгийн газраас энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилго бүхий тогтоол, шийдвэр гаргаж, улмаар Зам, тээврийн хөгжлийн яам энэхүү ажлын салхийг хагалав. Ингэхдээ автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг компаниудаас үнийн санал авч, хамгийн бага зардал санал болгосон компанийг сонгон шалгаруулж, хамтарч ажиллахаа Зам, тээрийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дагуу улсын дугаар хэвлэх албан ёсны эрхтэй 30 компани өөрсдийн саналаа Зам, тээвэр хөгжлийн яаманд хүргүүлсэн байна.

Нэг автомашины дугаар хэвлэх зах зээлийн ханш дунджаар 50 орчим мянган төгрөг байдаг бол санал хүргүүлсэн тухайн компаниудын дундаж үнэ 28-30 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Одоогоор тус яамны ажлын хэсгийнхэн үнийн санал ирүүлсэн компаниудын материалын бэлдэц, хийцлэл зэрэгтэй танилцаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж буй тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө. Мөн эхний ээлжид туршилтын байдлаар төрийн өмчийн 17 автомашины улсын дугаарын дэсвгэрийг цэнхэр өнгөөр сольж, байршуулсан байна. 

Монгол Улсын автотээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчид 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болсон. Гэхдээ эхний ээлжид Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагын 1200 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажил үргэлжилж байна. 

Дээр дурдсан тооны автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр , тоо, үсэг ба хүрээ нь цагаан өнгөтэй байхаар өөрчлөх аж. Ингэж өөрчилснөөр төрийн байгууллагын автомашинуудын хөдөлгөөнд оролцож буй байдал ил тод болох юм. Өөрөөр хэлбэл, төрийн автомашиныг хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор тавьж, автомашины түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах зэрэг ач холбогдолтой гэдгийг албаныхан тодотгож буй.

 

С.Бямбацогт: Иргэдийн хяналт сайжирч, түгжрэл буурна 

Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв хамтран автомашины үзлэг, тооллогыг энэ жил анх удаа улсын хэмжээнд зохион байгуулжээ. Монгол Улсын хэмжээнд нэг сая 400 гаруй автомашин бүртгэлтэй байдгаас энэхүү үзлэг тооллогоор ашиглахгүй байгаа 200 гаруй мянган автомашиныг хасаж цэгцэлсэн байна. Ингэснээр Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд нэг сая гаруй автомашиныг албан ёсоор бүртгэжээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 14 мянган автомашинаас суудлын, ачааны, технологийн зориулалттай болон нийтийн автобусын дугаарын өнгийг солихгүй. Харин замын түгжрэл нөлөөлдөг төрийн автомашины дугаарын өнгийг солино. Үүнд нийтдээ 5300 орчим суудлын, ачааны 2100 орчим автомашин багтаж байгаа бөгөөд үүнээс тодорхой хувь нь орон нутгийнх. Харин Зам, тээврийн хөгжлийн яаманд 1200 орчим автомашин бүртгэлтэй байдаг. Үүнийг аль болох богино хугацаанд хамгийн хямд зардлаар солих ажлыг хэрэгжүүлэхээ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдэж, тэрбээр “Төрийн автомашины зорчилтын тухайд иргэд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. 

Төрийн автомашиныг хувьдаа ашиглаж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг, эхнэр, хүүхдүүд нь аялж зугаалдаг, орой үдэш баар, ресторан хэсдэг гэх мэтээр шүүмжилдэг. Тиймээс дугаарын өнгийг солих нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, төрийн өмчийн автомашин хаана явж, зогсож буй нь ил тод болж,  иргэд, олон нийт хяналт тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, цэнхэр өнгийн дэвсгэртэй улсын дугаартай автомашин аль нэгэн рестораны гадна зогсож байна уу, сургууль, цэцэрлэг рүү хүүхдээ зөөгөөд явж байна уу гэдгийг хянах, мэдээлэх бүрэн боломжтой гэсэн үг. 

Иргэд, олон нийт улсын дугаарын дэвсгэрийнх нь өнгөөр төрийн автомашин гэдгийг танихаас гадна QR код уншуулдагтай адил тухайн дугаарыг нь цахимаар уншуулж, хэн гэдэг дарга, албан тушаалтны эзэмшлийн автомашин болохыг мөн мэдэх боломжийг бүрдүүлнэ. Ингэж хяналт тавьснаар автомашины түгжрэл ч мөн тодорхой хэмжээнд буурна. Хотын төв хэсэгт ялангуяа Сүхбаатарын талбай, Төрийн ордон тойроод автомашины түгжрэл үүсдэг гэдгийг бүгд мэднэ. Энэ түгжрэл бусад авто замынхаа урсгалд нөлөөлж байгаа. Тиймээс төрийн автомашины замбараагүй хэрэглээг ийм байдлаар хязгаарлах нь зүйтэй гэж үзэж, мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор манай яам энэхүү ажлын эхлэл суурийг тавьж, салхийг хагалаад байна” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Дунджаар 20 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой 

Төрийн болон орон нутгийн өмчийн найман мянга гаруй автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг сольсноор ямар хэмжээний хэмнэлт гарах тухайд албан ёсоор бус ерөнхий дунджилсан байдлаар ийм тооцоолол гаргажээ. Нэг автомашин өдөрт 10-12 цагаар хөдөлгөөнд оролцож, сард дунджаар 300 орчим мянган төгрөгийн бензин зарцуулдаг гэж үзвэл жилд 3-4 сая төгрөг болно. Үүгээр нийт  найман мянган автомашиныг тооцвол жилд 30 гаруй тэрбум төгрөг болох нь.

Харин бусад автомашинуудаас ялгагдах өнгийн дэвсгэр бүхий дугаартай болсноор энэхүү тооцоолол гурав дахин багасаж, дунджаар 20 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж. Энэ нь зөвхөн эдийн засгийн хувьд буюу бинзен шатахуун дээр гаргаж буй барагцаалсан тооцоолол бөгөөд түгжрэл ч мөн тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа билээ. 

 

Цэнхэр дэвсгэртэй дугаартай автомашин цагаантай адил эрх, үүрэгтэй байна

Төрийн болон орон нутгийн өмчийн автомашины улсын дугаарын дэвсгэрийг сольсноор автозамын нэгдүгээр эгнээгээр зорчих, торгууль ногдуулахгүй байх гэх мэт давуу эрх эдлэхгүй, харин ч цагийн хязгааргүй өдөр, шөнө хамаагүй хувийн ажилдаа ашиглах зэрэг давуу байдал хязгаарлагдана гэдгийг албаныхан тодотгож байна. Товчхондоо, цагаан дэвсгэртэй улсын дугаартай автомашинтай яг адил эрх, үүрэгтэй байх юм байна. Хэрэв төрийн автомашиныг хувьдаа ашигласан тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хариуцлага тооцох аж.

Тухайн автомашин аль байгууллагынх, ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг улсын дугаарын дэвсгэр өнгөөр нь ялгаж салгах боломжтой байдаг. Тодруулбал, улсын дугаарын дэвсгэр өнгө цагаан бол энгийн автомашин, мотоцикл, чиргүүл, улаан байвал дипломат албаных, хар бол технологийнх, ногоон нь цахилгаан, шар дэвсгэртэй бол нийтийн тээврийн хэрэгсэл юм. Харин үүн дээр төрийн автомашинуудынх цэнхэр өнгийн дэвсэртэй болж нэмэгдэж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтийн хараа хяналтын дор төрийн мөнгийг хэмнэх, автомашины түгжрэлийг бууруулах зорилго бүхий энэхүү ажлыг улсын хэмжээнд ЗГХЭГ, Зам, тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран зохион байгуулах бөгөөд үлгэр жишээ болох үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам эхний ээлжид өөрийн харьяаны автомашины дугаарын дэвсгэр өнгийг сольж, анхдагч болж буй. Цаашид төрийн байгууллагууд Зам, тээврийн хөгжлийн яамны энэхүү жишгээр, ялангуяа тус газрын зарцуулсан төсөв хөрөнгөөс ч бага хэмжээний мөнгөөр, мөн богино хугацаанд өөрсдийн харьяа автомашинуудынхаа улсын дугаарын дэвсгэр өнгийг солих л үлдлээ.  

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22