Намар цаг ногоочин, тариаланчдын хувьд баярын сар гэлтэй. Халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан ургацаа хураах, түүнийхээ ашиг шимийг хүртэх нь тэдний жаргал. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг хөлс хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн тарьсан жимс ногоо нь ургаад урамтай. Намрын налгар өдрүүд ирж, шинэ ургацын, Монголын хөрсөнд тарьсан жимс, хүнсний ногоог хаа сайгүй зарж эхэлсэн. Нийслэлийн иргэд гэрээсээ гараад л тариаланчдаас нь чанартай, эх орны хөрсөнд ургасан шинэ ногоог хямд үнээр худалдан авахыг эрмэлздэг.
Тэр хүсэл нь намар цагт биеллээ олдог. Иргэд бөөн бөөнөөр нь ногоо худалдан авч гэртээ янз бүрийн аргаар хадгалдаг цаг. Төр, засгийн удирдлагууд ч үүнийг нь дэмжиж нийслэлийн 31 байршилд шинэ ургацын хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гаргаж байгаа юм. “Алтан намар-2023” арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй ногооны үзэсгэлэнг зорилоо. Тэнд манай сонины энэ дугаарын сурвалжилгын гол дүр ногоогоо борлуулж буй. Тэднийг Доржсүрэнгийн Бямбадорж, Дэмчигийн Даваа гэдэг. Сүхбаатар дүүргийн VIII хорооны оршин суугч.
Нарийн ногооны импортыг багасгах зорилго өвөртөлсөн нь
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 онд БНХАУ-аас жимс, нарийн ногоо импортолж бизнесийн гараагаа эхлүүлснээр тэдний одоогийн хүлэмжийн аж ахуйн түүх эхэлнэ. Гэрийн эзэн Д.Бямбадорж бүрэн дунд боловсролтой ч гүйлгээ ухаан сайтай, юмханаар юмыг болгочих чадвартай нэгэн. Харин гэргий Д.Даваа ХААИС-ийг агрономичийн мэргэжлээр дүүргэжээ.
Тэд зах зээлд шилжсэн нийгэмд хэрхэн хөлөө олох талаар хоорондоо удаан ярилцсаны эцэст жимс, нарийн ногооны салбарыг сонгосон аж. Эрсдэлтэй ч гэрийн эзэгтэйн эзэмшсэн агрономичийн мэргэжилд тулгуурлан импортолсон жимс, ногоогоо аль болох хаягдал багатай байлгах талд гол анхаарлаа хандуулсан байна. Ингээд 10 жил импортын жимс, нарийн ногоо худалдаалсан тус гэр бүл нэг л өдөр “Яагаад нарийн ногоог дотооддоо, эх орныхоо хөрсөнд ургуулж, тарьж болохгүй гэж. Агрономич мэргэжлийн ашиг тусыг үүн дээр л гаргах ёстой юм байна” хэмээн шийдсэнээр газар тариалангийн салбарт эргэлт буцалтгүй оржээ.
Тэрхүү цаг хугацаа бол 2008 он юм. Тухайн оны намар монголчууд анхны олимпын аваргуудаа угтан хэдэн өдөр баярлан цэнгэсэн бол Д.Бямбадоржийнх анхны ургацаа хураах гээд завгүй байсан цаг үе. Зүгээр ч нэг газар тариалан эрхлэхийг тэд хүсээгүй. Энэ салбарт жинтэй хувь нэмэр оруулахын тулд “Ногоон өндөрийн хишиг” нэртэй компани байгуулж, анх өргөст хэмх, улаан лооль тэргүүтэй цөөн төрлийн нарийн ногооноос гадна бусад тариаланчийн нэгэн адил төмс, байцаа, лууван, манжин, сонгино зэрэг бүдүүн ногоо тариалж эхэлсэн байна.
“Ногоон өндөрийн хишиг” бол гэр бүлийнхний итгэлцэл дээр байгуулсан компани учраас эхний хэдэн жил зөвхөн Д.Бямбадорж, Д.Даваа нарын үр хүүхэд, дүү нарт л хамааралтай байж. Компани байгуулсан гол зорилго нь нарийн ногоог эх орныхоо хөрсөнд тариалах байсан учраас нэг их удалгүй энэ салбарт хүчээ хаях болжээ. Өнөөдөр тэд 500 мкв хэмжээтэй гурав, 240 мкв хэмжээтэй 27, 700 мкв талбайтай гурав, 400 мкв талбай бүхий хоёр ширхэг, нийт 35 хүлэмжтэй, 14 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулах болтлоо өргөжсөн байна. Бууцай, юуцай, брокли, цоо байцай, өргөст хэмх, улаан лооль, салатны байцай, цагаан лууван, ногоон сонгино зэрэг 10 гаруй нэр төрлийн зөвхөн нарийн ногоо тариалж эхэлсэн аж.
Энэ тухайгаа гэрийн эзэгтэй Д.Даваа ярихдаа “Манайх нарийн ногооны тариалалтаараа Монголдоо анхдагч юм. 2008 онд ханийнхаа хамт зоригтой шийдэл гаргасан нь өнөөдөр оносон байна. Хэдийгээр хүлэмжийн аж ахуй эрхлэх манайх шиг эрс тэс агаартай оронд хүндрэлтэй ч бид чадсан. Тиймдээ ч өнөөдөр дотоодын нарийн ногооны 15 хувийг дангаараа хангаж байна. Энэ бол бидний 15 жилийн хөдөлмөр юм” гэв. Харин гэрийн эзэн Д.Бямбадорж “Анх газар тариалан эрхлэхэд хэцүү зүйл их байсан. Чадахгүйгээс чадах хүртлээ зүтгэсний үр дүнд өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Одоо хийсэн бүтээснээ харахад үнэхээр сайхан байдаг.
Хүнсний ногооны салбарт тодорхой орон зайг эзлээд, өөрсдийн хувь нэмрээ оруулж яваагаа бодохоор гэр бүлээрээ бахархах сэтгэл төрдөг юм” хэмээн ярилаа. Хүлэмжийн аж ахуйн ажил дөрөвдүгээр сараас эхэлдэг аж. Яг энэ үед ногоогоо тариалснаар тэдний их ажил эхэлнэ. Улмаар арваннэгдүгээр сарыг дуустал Монголд ургуулсан нарийн ногоогоор нийслэлчүүдийн хэрэгцээг хангаж байгаа нь бахархалтай. Нийслэлчүүд нарийн ногоог тэр бүр хоол, хүнсэндээ хэрэглэдэггүй байсан цаг үе саяхан. Монголчуудын иддэг хүнсний ногоо манжин, лууван, төмс, байцаагаар хязгаарлагдана. Баярын ширээнд нийслэл салатнаас өөр хөнгөн зууш харагддаггүй байсан үе мөн л саяхных. Гэтэл өнөөдөр есөн зүйлийн өнгө алагласан ногоогоор ширээгээ чимэглэдэг болж.
Төмс, байцай, лууван, манжингаас илүү нарийн ногоо монголчуудын гол хэрэглээ болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл жилийн дөрвөн улирлын турш урд хөршөөс импортолдог байсан нарийн ногоог өвлөөс бусад цагт эх орны үржил шимтэй, эрүүл хөрсөнд ургуулсан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэнэ гэдэг монголчуудын хувьд дэвшил гэлтэй. Хүнсний салбарт гарсан нэгэн хувьсал яах аргагүй мөн. Үүнд манай сурвалжилгын хоёр гол дүр онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Д.Даваа өөрсдөдөө тулгардаг бэрхшлээ ийн ярьж байна. “Бид цаашид хавар, намар, зун гэлтгүй өвөл ч гэсэн Монголынхоо хөрсөнд ургуулсан шинэ ногоог хэрэглэгчдэд хүргэдэг болох зорилготой. Нарийн ногоог дулаан орчинд тариалах ёстой. Монголд зун өдөртөө дулаан ч шөнөдөө хүйтэн хонодог.
Нарийн ногоо тарьдаг хүмүүсийн хувьд том бэрхшээл нь цаг агаар юм. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг бодож байна. Түүнчлэн борлуулалтын сувгууд хүндрэлтэй шүү дээ. Намрын улиралд энд, тэнд янз бүрийн үзэсгэлэн гарч байна. Харин бусад үед нь яах вэ гэдэг том асуудал. Үүнийг шийдчихвэл зөвхөн манайх гэлтгүй нарийн ногоо тариалдаг хүмүүст дэм болно. Үйлдвэрээ ашиглалтад оруулбал хүнсний аюулгүй байдалд санаа зовохгүй болж бас нэг дэвшил гарах юм” хэмээн ярих нь ойрын жилүүдэд нарийн ногооны ядаж л 50 хувийг дотооддоо хангахын төлөө зүтгэж буй гэдэг илэрхий.
Өнөөдөр нарийн ногооны хэрэглээний 30 орчим хувийг монголчууд дотоодоосоо хангадаг болсон. Тэгвэл ойрын хугацаанд 50, цаашлаад 100 хувь хангадаг болбол нэг ч гэсэн зүйлээр бид импортоос хараат бус болох боломжтой юм. Тариалалт эхэлснээс хойш нэг сарын дараа тухайн жилийнхээ анхны ургацыг хураадаг байна. Түүнээс хойш өдөр бүр ургац хураах бөгөөд хураалт дууссаны дараа хүлэмжээ сайтар цэвэрлэсний эцэст дараагийн тариалалт эхэлнэ.
Ургацаа тарина, хураана, борлуулна. Ингээд бодохоор тэдэнд хоногийн 24 цаг ч багадахаар завгүй ажилладаг аж. Малчид мандахын улаан нарнаас эхлээд жаргах хүртэл сүү саалиа саах, боловсруулах, малын өтөг бууцаа цэвэрлэх зэргээр нэгэн өдрийг завгүй өнгөрүүлдэг. Тэгвэл тариаланчид ч яг үүнтэй ижил гэнэ. Мандахын улаан нарнаар талбайдаа гарч үдшийн бүрийд гэрийнхээ барааг хардаг аж. Энэ тухай гэрийн эзэн Д.Бямбадорж ярихдаа “Ёстой чөлөө завгүй л ажиллана. Ингэж байж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ шүү дээ.
Үүнийг хоёр, гурвуулахнаа хийх ямар ч боломжгүй. Өргөжих тусам хүн хүчний асуудал гарч ирнэ. Яг ид ургац хураалтын үед цагийн ажилтан хөлсөлдөг. Бусдаар бол манайх үндсэн 14 ажилтантай. Бүгд мэргэшсэн. Мэргэжилдээ эзэн болсон хүмүүс. Бусдыг цалинжуулаад эхлэхээр зөвхөн өөрийгөө гэхгүй ажилчдаа бас бодож эхэлнэ. Цалин хангамжаас эхлээд тусалж дэмжих юу байна, тэр бүхнээр нь тусална. Энэ бол итгэлцэл. Аливаа байгууллага ажилчдаа тогтвортой ажиллуулах, ажлын байраа хадгалах эх үндэс юм. Ер нь тууштай ажиллах ажлын байр чухал шүү дээ” гэв.
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ
Тэд энэ төрлийн бизнес эрхлэхдээ төр засгийн элдэв төрлийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж үзээгүй гэнэ. Анх жимсний бизнес эрхлэхдээ суурь хөрөнгөөрөө эхлүүлсэн. Харин өнөөдөр жимсний бизнесийнхээ ашиг орлогоос газар тариаландаа зарцуулдаг байна. Тэгвэл төрөөс ногоочдод үзүүлж буй бодит дэмжлэг нь үнэгүй асар. Бага гэлтгүй энэ дэмжлэг ногоочдод тодорхой хэмжээний дэм болдог тухай тэд ярьж байна. Д.Бямбадорж, Д.Даваа нар цаашид эх орныхоо, тэр тусмаа нийслэлийн хөрсөнд усан үзэм, алим, тоороос эхлээд импортоор оруулж ирдэг хэд хэдэн төрлийн жимс тариалж турших гэнэ. Туршилт амжилттай болбол Монголын хөрсөнд тариалах боломжтой жимсийг дотооддоо нутагшуулах зорилготой аж.
Монголд нарийн ногоо тариалж эхэлсэн анхдагч гэдэг утгаар нь Д.Даваагаас иргэд маш их зөвлөгөө авдаг юм байна. Түүний фэйсбүүк мессенжер, гар утас үргэлж завгүй. Энэ тухай ярихдаа “Хүмүүс өнөөдөр хашаандаа жижиг гэлтгүй хүлэмжтэй болж. Өрхийнхөө нарийн ногооны хэрэглээг хангах хэмжээний ногоогоо өөрсдөө авдаг болсон байна. Би үүнд маш их баярладаг. Хүлэмжээ хэрхэн хамгаалах, үрсэлгээ хийх, тариалалтаа яаж хийх зэргээр хүмүүс надад их хандана, зөвлөгөө авна.
Тэр бүгдэд зав зайгаараа хариулж, туслахыг хичээдэг. Наанадаж цонхны доор жижигхэн хүлэмж барихад л тухайн өрх багадаа л хагас жилийнхээ нарийн ногооны хэрэглээг хангах боломжтой болно шүү дээ. Тиймээс өрх бүр ногоо тариасай. Жимс, жимсгэнийн мод, бут ургуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэв. Тус гэр бүл өнөөдрийн байдлаар 30 гаруй тонн нарийн ногоо, 15 тонн өргөст хэмх, 12 тонн улаан лооль хураасан бөгөөд нийслэлийн өнцөг булан бүрд хүргэж байгаа аж. Хавраас намрын улиралд дотоодын нийт зах зээлийн 15 хувийг дангаар хангадаг гэхээр тэдний нөр их хөдөлмөрөөр бахархахгүй байхын аргагүй. Монголд нарийн ногоо тариалж эхэлснээр иргэд хямд үнээр, эрүүл хөрсөнд ургасан баталгаат хүнсийг хэрэглэх боломжтой болсон.
Импортын ногооноос хоёр дахин бага үнээр хэрэглэгчдэд нийлүүлж байгаагаа тэд ярьж байна. Импортын ногоо хаягдал ихтэй байдаг бол Монголынх бага. Зардалд хэмнэлттэй учраас үнэ ч хямд байдаг аж. Д.Бямбадоржийнх малын бууцыг бордоо болгон ашигладаг гэнэ. Тэрбээр “Бид аль болох эрүүл хөрсөнд ургуулсан ногоог хэрэглэгчдэд нийлүүлдэг. Гэтэл иргэд үүнд итгэдэггүй. Бас Монголд тариалсан гэхээр эргэлздэг. “Үнэн үү, үнэхээр Монголд ургуулсан гэж үү” гээд гайхна. “Худлаа ярьж, хужаа ногоо зарлаа” хэмээн уурлана. Ер нь элдэвтэй ш дээ. Намрын улиралд үзэсгэлэн худалдаа гарахаар иргэд төдийгүй тариаланчид дуртай байдаг.
“Алтан намар”, “Намрын ногоон өдрүүд”-ийг тэсэн ядан хүлээнэ шүү дээ. Яагаад гэвэл тэнд нэг ч импортын бүтээгдэхүүн байдаггүй. Бүгд Монгол. Тэндээс иргэд их хэмжээгээр худалдан авалт хийж хөлдөөж, даршилж хадгалан өвөл, хаврын турш хэрэглэдэг. Тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн орлого ашиг ч өсдөг. Тиймээс үүнийг хүлээдэг болсон байна” гэв. Завгүй хүмүүст олдсон багахан цаг завыг нь ашиглан ийн саатсан нь энэ. Арваннэгдүгээр сарыг дуустал тэд амрах завгүй хөдөлмөрлөнө. “Үнэндээ зуны амралт гэж юу байдгийг бараг мартах шахаж. Бидний хөдөлмөрлөдөг гол сарууд учраас тэр. Ашиг орлого гэхээсээ илүүтэй иргэддээ аль болох эрүүл хүнс нийлүүлэхийн төлөө зүтгэсээр яваа шүү.
Үүнийг зөвхөн ашиг орлого гэж битгий хараасай. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал”-д бид ч хувь нэмрээ оруулахаар хичээж байна” гэсэн гэрийн эзэгтэй Д.Даваа эгчийн үгээр энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөе.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна