Өнөөдөр гоо сайхны зах зээлд хумс заслын үйлчилгээ үзүүлдэг салонууд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь үйлчлүүлэгч, эрэлт их байгааг илтгэнэ. Хэдхэн жилийн өмнө гоо сайхны салонуудын дагуул хэсэг байсан маникюрын чиг хандлага өөрчлөгджээ. Хумс засалчдын ур чадвар артистын хэмжээнд хөгжиж байна. Артистууд мэргэжлийн ур чадвар төдийгүй орчин үеийн арга, стандартыг мөрддөгөөрөө сонирхогчдоос ялгардаг. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг сайн артист болохын тулд зөв суурь мэдлэгээс гадна Монгол Улсад мөрддөг стандартыг баримтална.
Монголд стандарт ус, агаар мэт хэрэгтэй байгааг ярьж, бичдэг. Стандартыг барилга байшин, биет эд зүйлстэй холбон ойлгодог нэгэн байхад огт мэдлэггүй нь ч бий. Эмэгтэйчүүдийн амьдралын салшгүй хэсэг болсон гоо сайхны, тэр дундаа хумс заслын салбар үндэсний стандарттай болжээ. Энэ нь Монгол Улсын Ахуйн үйлчилгээний салбарт хүчин төгөлдөр хэрэгжиж буй 21 стандартын нэг бөгөөд өргөн утгаараа монгол хүн эрүүл байхын гол үндэс юм.
Хумсны толио жижиг зүйл биш
Монголчууд хумсны толион чинээ өчүүхэн гэж ярьдаг. Үнэндээ толио жижиг зүйл биш. Маникюр, педикюрын үйлчилгээнд ороход 3-4 төрлийн багаж ашигладаг. Хэрвээ багажийг ариутгалгүй хэрэглэвэл халдвар авах магадлалтай. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй.
Хумс засал буюу маникюр педикюрын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, салонууд үндэсний стандартаа дагаж мөрдвөл иргэдийн эрүүл мэнд эрсдэлд орохгүй. Энэхүү стандартад хумс засалчид жилд хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх, үйлчилгээ үзүүлэх газар хүлээлэг, ариутгал, ажилчдын, угаалгын өрөөтэй, маникюр, педикюрын хэсэгтэй байхаар тусгайлан заажээ.
Ингэхдээ өрөө тасалгаа үсчин, үйлчилгээний бусад газраас тусгаарлагдсан, цэвэрлэхэд тохиромжтой гадаргуутай шал, тавилгатай байх ёстой. Нөгөөтэйгүүр үйлчлүүлэгчид ч хэрсүү хандан шаардлага хангаагүй салон, гол чадвараа сураагүй хумс засалчаар үйлчлүүлэхдээ бодолтой байж, хувийнхаа багажаар маникюр хийлгүүлж хэвшихийг зөвлөж байна.
Ж.Урантуяа: Стандарттай болсноор салбарын хөгжилд ахиц дэвшил гарна
Энэхүү стандартыг санаачлан боловсруулахад оролцсон “Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо”-ны тэргүүн, олон улсын мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч багш Ж.Урантуяатай уулзсан юм.
Тэрбээр “Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо 2019 оноос хумс засалчийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулж эхэлсэн. Үндэсний стандартыг батлахын тулд Монгол Улсад хэрэгжиж буй арга аргазүйд тулгуурлан хумс засалч, салбарын экспертүүд, Хумс заслын мэргэжлийн зөвлөл, МСҮТ-ийн багш нар, Хөдөлмөр нийгмийн хамгаалал,сургалт үнэлгээ, судалгааны институт, Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллалаа.
Хойд Америк, БНСУ, ОХУ, Филиппин, Сингапур зэрэг олон улсад мөрддөг стандартыг харьцуулж судалсан. Ийнхүү мэргэжлийн MNS6843:2020 стандартаа 2020 онд батлуулсандаа салбарын мэргэжилтнүүд сэтгэл хангалуун явна. Монголын хумс заслын салбар үйлчилгээний болон ажил мэргэжлийн стандарттай болсноор салбарын хөгжилд ахиц дэвшил гарна. Мөн олон улсын мэргэжлийн тэмцээн уралдаан, ажил зуучлал, сургалт, хамтарсан төсөл, үзэсгэлэн яармагт гүүр болох юм” хэмээлээ.
Стандартын зорилго нь хумс заслын үйлчилгээнд тавих шаардлага, түүний үйл ажиллагааны горимыг тодорхойлон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадвар хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний ажилтны эрүүл ахуйн шаардлага, харилцагчийн үйлчилгээний шаардлагыг тогтооход оршино.
Стандартыг таниулах аяны хүрээнд хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, төлөвлөж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг “Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо”-ноос төлбөргүй зохион байгуулдаг.
Хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүрийг стандартын талаарх мэдлэгээ өргөжүүлэн тэлж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн, стандартаа мөрдөж ажиллахыг уриалж байна. Хумс заслын үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү стандартыг үндэслэл болгох аж.
Он цагийн хэлхээс
Тус холбоо нь Монгол Улсын үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хумс урлал, гоо сайхныг дэмжиж ажилладаг цорын ганц байгууллага. Салбартаа хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, томоохон тэмцээн зохион байгуулж, гаднын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхэлжээ.
Нэрийн хуудас:
Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо
Хаяг: Баянзүрх дүүрэг, Зүүн 4 зам
“Somang Plaza” зургаан давхарт 604 тоот
Утас: 976-70147017
Цахим шуудан: info@mbeau.org
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна