Шинэ ертөнцийн пап


Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, пап Францисын Монгол Улсад хийх дөрвөн өдрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.  Манай улс Ватикантай 1992 онд дипломат харилцаа тогтоосон билээ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  урилгаар хийж буй энэ удаагийн айлчлал нь 800 жилийн түүхэн дэх том үйл явдал. Шашин бол талцал, тэмцэл биш гэдгийг монголчууд дэлхий дахинаа дахин харуулж буйгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Чингис хаан, түүний залгамжлагчид Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд олон шашин шүтлэгтнүүдийг нэгтгэн захирч, ялгаваргүй хандаж байсан. Өдгөө пап Францисын айлчлалыг төрийн бодлого, дипломат харилцааны өнцгөөс хүлээн авах нь зүйтэй болов уу. Түүний айлчлалыг сурвалжлахаар олон улсын 150 орчим сэтгүүлч, 4000 орчим шүтлэгтэн Монгол Улсад ирж байгаа нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

Ромын пап Францисын жинхэнэ нэр Хорхе Марио Бергольо бөгөөд 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Буэнос-Айрес хотод мэндэлжээ. Италийн цагаачдын гэр бүлээс  гаралтай, үнэн шүтлэгтэн тэрбээр Буэнос-Айрес дахь Вилла Девотогийн семинарт хамрагдав.  Бергольо 1958 онд Иезуитийн сүмд элссэн байна. Тэрбээр  1969 оны арванхоёрдугаар сарын 13-нд сахил хүртэн тахилчаар томилогдов. Санваартны хувьд Берголио зөрүүд ч иргэний боловсролтой нэгэн байлаа.

 Химийн инженер мэргэжилтэй, төрөлх испани хэлнээс гадна итали, германаар чөлөөтэй ярьдаг. Шашны боловсролоо шат дараалалтай дээшлүүлсээр Буэнос-Айрес дахь Гэгээн Иосефийн коллежид католик үзэл санаа, философи судалжээ. Улмаар Испанийг зорьж, 1970-1971 онд Алькала де Хенаресийн их сургуульд үргэлжлүүлэн суралцав. Аргентинд эргэн ирээд Гэгээн Иосефийн коллежид сэтэл судлалын хичээл зааж эхлэв.  Чухамдаа Кардинал Антонио Куарракиногийн туслахаар ажиллаж, нэр хүндтэй болохоосоо өмнө Гэгээн Иосефийн коллежийн ректорын албыг 1980-1986 онд хашсан юм. Тэрбээр 1986 оны Германд докторын зэрэг хамгаалжээ. 

 Сүмийн жинхэнэ эцэгт байх ёстой манлайлах авьяас,хичээнгүй, уйгагүй суралцдаг занг нь  Ватикан үнэлдэг байв. Буэнос-Айресийн хамбаар 1998 онд өргөмжилжээ. Пап II Иоанн Павел 2001 онд  Бергольог Аргентины кардинал болгон өргөмжиллөө.  Бергольо католик сүмийн шатлалын хамгийн өндөр албан тушаалд 61 настайдаа хүрч Аргентины кардинал болжээ. Түүнд  Гэгээн Роберт Беллармин цол хүртээв.  Кардиналын хувиар санваартнуудын чуулган, Ариун ёслолын сахилга батыг сахиулах үүрэгтэй байв.   Хамгийн даруухан санваартны намтар сүү шиг байсангүй.  Жинхэнэ дуулиан 2005 онд дэгдэв.  Кардинал Бергольогийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.  Хүний эрхийн төлөө тэмцэгч Мириам Брегман түүнийг 1976 онд Иезуитийн хоёр санваартныг цэргийн дарангуйлагчдад барьж өгсөн  гэж буруутгалаа. Бергольог цэргийнхэнтэй холбоотой, “Төмөр гвард”-ын гишүүн байсан эсэхийг батлаагүй тул шүүгч Херман Кастелли хэргийг гүтгэлэг гэж үзээд хаажээ. Гэхдээ түүнийг шүүмжлэгчид дарангуйлагч Хуан Пероны үзэл санааг дэмжсэн гэж буруутгадаг.

 Ингээд хэдхэн сарын дараа 2005 оны дөрөвдүгээрт сард II Иоанн Павел нас барж, кардинал папын сонгон шалгаруулалт болох конклавт оролцов.  Сүүлчийн санал хураалтад XVI Бенедикт нэрээр түүхэнд үлдсэн Жозеф Ратзингерт ялагджээ.  XVI Бенедикт 2013 оны хоёрдугаар сарын 28-нд папын ширээнээс буусны дараа Аргентины кардинал дахин конклавт оролцож, олонхын санал авчээ.  Тэр цагаас Латин Америкийн даруухан кардинал бүх католик шашинтны ариун эцэг Францис болсон юм. Ядуусын төлөө санаа тавьдгаараа алдартай Ассизийн Гэгээн Францисын нэрийг сонгосон нь учиртай. Шинэ папыг залах ёслол  2013 оны гуравдугаар сарын 19-нд Ватиканд болов. Францис сэнтийд заларсан анхны өдрөө “Католик сүмүүд мөнгө угаах гэмт хэрэгт оролцдог” гэх хэргийг шалгах тусгай комисс байгуулжээ. Францис даруу байдал, консерватизмаараа ялгардаг.  Тэрбээр Төлөөлөгчийн ордон дахь тансаг орон сууцаас  татгалзаж, зочдын өргөө болох Домус Санта Мартад хоёр өрөө байрыг илүүд үзэв. Ийнхүү Ватиканы тэргүүнд зориулсан  ордонд суурьшаагүй анхны пап болжээ.

 

Арабт айлчилсан анхны пап

 Пап Францис чадварлаг удирдагч төдийгүй гайхалтай уран илтгэгч гэдгээрээ алдартай.  Түүний илтгэлүүд дэлхийн энхтайван, үндэстэн хоорондын харилцаа, бэлгийн цөөнх, хууль бус хүүхдүүдийн асуудлыг хөндсөн байдаг. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний 100 жилд зориулсан илтгэлдээ “Хүссэн хүсээгүй дэлхийн гуравдугаар дайн хэдийн эхэлсэн.  Үүний нотолгоо бол олон улсыг донсолгож буй зэвсэгт мөргөлдөөн, хамгийн тод жишээ нь Сири, Украин юм. Гэхдээ хүн төрөлхтөн хэл, соёл, шашин шүтлэг үл харгалзан  эв нэгдэлтэй байх ёстой” гэжээ. Пап хамгийн алдартай илтгэлүүдийнхээ нэгийг Европын парламентад хэлсэн үг юм. 

 Ватиканы нэрийн өмнөөс дуу хоолойгоо өргөхдөө Ромын пап зэвсгийн, хүний наймааг хүлээн зөвшөөрч болохгүйг анхааруулаад, үнэнийг эрэлхийлэхгүйгээр ардчилал бүх нийтийн эго үзлийн намагт шигддэгийг онцолсон. Энэхүү илтгэлдээ Францис Европыг үндсээрээ хатаж буй улиастай зүйрлэсэн.  Тэрбээр парламентын гишүүдээс  "Европын хүч чадал хаана байна"  гэж асуужээ.  Папын санаагаар бол хүч чадал нь түүхэн өвд зохистой, хүндэтгэлтэй хандах явдал.  Ватикан бол католик шашинтнуудын чухал зүйл бөгөөд папын үг сонирхолтой үзэгдэл байлаа.  Францис анхны гадаад айлчлалаа 2015 онд АНУ-аас эхлүүлжээ. Америкийн тэнгисийн цэргийн Эндрюс нисэх баазад Ромын папыг тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама угтан авчээ. Папад зориулж, Цагаан ордонд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.  

Францис Конгресст үг хэлсэн анхны Ромын пап болсон юм. Тэрбээр илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлтийн тухай дурджээ. Мөн Фидель Кастрогийн 89 насны төрсөн өдөрт оролцохоор 2015 онд Кубад айлчилжээ. Тэрбээр 2016 оны хоёрдугаар сарын 12-нд Гавана хотын нисэх онгоцны буудалд үнэн алдартны патриарх Кириллийг хүлээн авч уулзсан. Энэ бол Ватикан, Оросын сүмийн тэргүүнүүдийн нүүр тулсан анхны уулзалт байлаа. Түүнчлэн Францис Ватиканд 2013, 2015, 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Францис Исламын шашны өлгий нутаг Арабын хойгт айлчилсан анхны пап болов. Канадад 2022 онд айлчлах үеэр эрүүл мэнд нь муудаж, тэргэнцэртэй явах болсон. Тэрбээр папын хувиар 32 улсад айлчилжээ. Францисын айлчлах 33 дахь орон нь Монгол Улс. Тэрбээр  Монголд айлчилсан анхны пап болно. Түүний айлчлалыг 1450 гаруй католик шашинтнаас илүү геополитикийн ач холбогдолтойг хэвлэлүүд онцоллоо. Монгол Улс бол Социалист лагерийн дараах ардчилсан орон бөгөөд газарзүйн хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай улстай нягт харилцаатай. Ромын пап Францис Монголын Төрийн ордонд ОХУ, БНХАУ, БНАСАУ тэргүүтэй Улаанбаатар дахь Элчин сайдын яамны  ажилтнуудыг багтаасан орон нутгийн дипломат корпуст хандан үг хэлнэ.  Түүний илтгэлийг  Москва, Бээжинд мессеж илгээх боломжийг олгосон гэж ажиглагчид үзэж байна. 

 

Түүх сөхвөл

 Дэлхийн хамгийн нууцлаг хэрнээ асар их түүхийн баримт бүхий номын сан Ватиканд бий. Энэхүү номын сан буюу нууц архивт зөвхөн Ромын папын зөвшөөрөлтэй судлаачдыг нэвтрүүлдэг. Тус архивын номын тавиуруудын урт 85 километр бөгөөд 600 архивын нэгж, 40 мянган номын цуглуулгатай аж. Энэхүү нууц архивт Монголын их хаан Гүюгээс Ромын пап IV Иннокентэд 1246 онд илгээсэн захидал, Ил хаан Абагын “Үг мину” зарлиг, Ил хаан Аргунаас IV Николаст 1290 онд илгээсэн зарлиг, Ил хаан Газанаас VIII Бонифаст 1302 онд илгээсэн захидлын эх хувийг 800 жилийн турш хадгалж байна. Ромын төрийн элч Плано Карпини 1246 оны намар их хаан Гүюгт бараалхаж пап IV Иннокентийн албан бичгийг өргөн барьжээ. П.Карпини Монголд анх удаа ирж,  папын захиаг Гүюг хаанд уламжилжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүюг хааныг христийн шашинд орохыг ятгасан байв. 

Монголын талаас хариу бичгээ 1246 оны арваннэгдүгээр сарын эхээр төлөвлөн бичиж перс, латин хэлээр хөрвүүлж хоёр хувь үйлдэж, саррацин хэлнээ орчуулан хавсаргажээ. Захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичсэн байна. Монголын их хаан Гүюг барууны ертөнцийн эзэн гэгдэж байсан Ромын папад  “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээсэн захидлыг илгээжээ. Захидлын дунд болон баруун доод буланд буюу бичээсийн төгсгөлд Монголын их хааны тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь эзэнт гүрний хасбуу тамганы цор ганц дардас юм. Дардсаас үзвэл их хаан 15.5x15.5 сантиметрийн хэмжээтэй тамга барьж байжээ. Гүюг хааны тамганы дардсыг сийрүүлбэл “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны суу залиар ил булхай иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай” хэмээжээ. Гүюг хааны захидлын хуулбарыг Монголын Үндэсний музейд хадгалж хадгалж байна.

 

 

Францисын тухай 10 баримт

  •  Ромын католик сүмийн түүхэнд анх удаа Францис нэрийг авчээ. 
  •  Тэрбээр 266 дахь пап болсон.
  •  Ватиканы тэргүүнээр сонгогдсон анхны европ бус ба иезуит юм.
  •  Даруу зангаараа алдартай.  Тансаг зэрэглэлийн орон сууц,  хувийн тогооч, үйлчлэгчээс татгалзсан Ватиканы анхны тэргүүн.
  •  Оюутан ахуйдаа шөнийн цэнгээний газарт хамгаалагчаар ажилладаг байжээ. 
  •  Аргентинд төрж, өссөн хүн хөлбөмбөг сонирхохгүй, тоглодоггүй бол гутамшиг. Пап Франциск хөлбөмбөгийн фанат, Буэнос-Айресийн “Сан Лоренцо” клубийн шүтэн бишрэгч юм.  Дунд сургуульдаа Аргентины шилдэг хөлбөмбөгчдийн нэг Альфредо Ди Стефанотой нэг ангид суралцаж байжээ.
  •  "Тайм" сэтгүүл түүнийг 2013 оны онцлох хүнээр нэрлэсэн.
  •  Аргентины зохиолч Хорхе Луис Борхес, Леопольдо Маречаль, Оросын зохиолч Федор Достоевскийн үнэнч уншигч. 
  •  Цаазаар авах ялыг бүрмөсөн халах зорилгоор католик сүмийн катехизмыг 2018 оны наймдугаар сард шинэчилсэн.
  •  Түүний тухай  2017 онд “Ядуусын Францис, хөрөнгөтний  Ватикан”,  2018 онд “Дэлхийн хүн”, 2021 онд “Францис” баримтат  кино хийжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 15 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22