С.Чинзориг: Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд гол бодлогоо чиглүүлж байна



Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Та эрүүл мэндийн салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ  хугацаанд юунд төвлөрч ажиллав. Өнөөдрийн байдлаарх үр дүнгийн талаар ярилцлагаа эхлүүлье?
-Эрүүл мэндийн сайдын албыг хүлээн аваад найман сар болж байна. Энэ хугацаанд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн анхаарал  хандуулж ажиллалаа. Эмнэлэг шүтсэн тусламж үйлчилгээнээс илүүтэй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд салбарын бодлого чиглэлийг илүү хүчтэй, оновчтой болгох зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа. 

Мөн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдлээ. Түүнээс гадна иргэдийг ихээр бухимдуулж байгаа эмийн үнэ, чанарыг дээшлүүлэхийн тулд  төр гадаадын үйлдвэр болон олон улсын байгууллагаас эмийн  шууд худалдан авалт хийх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Түүнээс гадна Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сум, тосгоны Эрүүл мэндийн төвд үүсээд байсан санхүүжилтийн асууудлыг шийдвэрлэсэн. 

Салбарын хэмжээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн аргыг боловсронгуй болгох зорилгоор ЭМДҮЗ-ийн хэд хэдэн тогтоолд томоохон өөрчлөлт оруулсан. Ингэснээр төвлөрлийг сааруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний давхардлыг арилгах, өрх, сумын Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс үзүүлэх тусламж үйлчилгээг илүү өргөжүүллээ.  Эрүүл мэндийн салбарт эмнэлзүйн заавар, стандарт хангалттай ч иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ алдаа дутагдал  гаргах явдал байсаар байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг санаачлан салбарын хэмжээнд мөрдүүлж эхлээд байна. 

-Хууль, эрх зүйн хувьд томоохон шинэчлэл хийжээ.  Анх ажил авахад салбарт тулгамдсан асуудал юу  байв,  шийдвэрлэх гарц гаргалгааг хэрхэн тооцоолж байна вэ?

-Алслагдсан, хүн ам цөөтэй сумын Эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүндэрч, зарим нь өрөнд орсон, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн байсан. Улсын хэмжээний томоохон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд аймаг, дүүргийн хэмжээнд үзүүлэх боломжтой тусламж үйлчилгээнд ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулж байгаа. 

Хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлж ЭМДС-гаас санхүүжилт авах сонирхол ихтэй зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолуудад өөрчлөлт оруулсан.  Салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа Эрүүл  мэндийн багц хуулийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд энэ чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхийг хязгаарлах, тамхины татварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан.

Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалингийн доод жишиг албан тушаалын зэрэглэлээр 616.629- 1.039.119 төгрөг байсныг 1.000.000-1.548.000 төгрөгт хүргэж дунджаар 50 орчим хувиар нэмсэн. Эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэ системийг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Мөн цалин нэмснээр хүн ам цөөтэй сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн санхүүжилт хүрэлцэхгүйд хүрсэн учраас  ЭМДҮЗ-ийн тогтоолуудад өөрчлөлт оруулан төсвийн тохируулгуудыг хийж өглөө. Эмч, сувилагчийн тооны хувьд хангалттай ч хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин дутагдалтай хэвээр байна. Тиймээс бид эмч нарыг ерөнхий мэргэшлээр сургах, сувилагчийг орон нутгийн болон байгууллагын захиалгаар бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд  гэхэд нийт 300 гаруй  туслах сувилагчийг эрүүл мэндийн байгууллагын захиалгаар бэлтгэсэн. Цаашид эрүүл мэндийн салбарын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

-Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн ханиад томуу, халдварт өвчний гаралт өсдөг.  Эрүүл мэндийн салбар өвөлд хэр бэлтгэлтэй байна вэ?

-Эрүүл мэндийн салбарынхан аль хэдийнэ өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан  300 мянган хүн/тун вакциныг, 5.5 тэрбум төгрөгөөр авахаар захиалсан, ирэх аравдугаар сард ирчихнэ.

 Мөн  “Томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээ”-ний аргачлалын дагуу улсын хэмжээнд болон аймаг тус бүрт  бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.  Ингэснээр томуугийн өмнөх улиралд тохиолдсон бэрхшээл, ололттой талыг дүгнэж, ирэх улиралд анхаарах асуудлаа хэлэлцэн, тандалтын нэгжүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, томуугийн дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх,  хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгүүдийн орны менежментийг боловсронгуй зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хийж эхлээд байна.

Улмаар эмч мэргэжилтнүүдийг чадвхжуулах зорилгоор томуугийн харуулдан тандалтын 200 гаруй нэгжийн эмч, мэргэжилтнийг хамруулсан уулзалт, зөвлөгөөнийг ирэх аравдугаар сард зохион байгуулна. Сүүлийн зургаан жилийн вирус судлалын тандалтын мэдээгээр манай улсын хэмжээнд томуу болон томуу төст вирус жилийн турш орчилд байж, хүн амын дунд амьсгалын замын өвчлөлийг үүсгэн, өвчлөлийн дарамтыг нэмэгдүүлдэг.

Өнгөрсөн  жил  томуугийн гурван төрлийн вирус давхар орчилд байж орны ачааллыг 2-3 дахин нэмэгдүүлсэн, энэ жилийн хувьд ч томуугийн А, В хүрээний вирус амьсгалын замын синцитиаль вирус орчилд орж, хүндрэл ихтэй байх хандлагатай байна. Тиймээс вирус судлалын тандалтыг эрчимжүүлэх, хувилбарын болон хилийн тандалтыг идэвхжүүлнэ.

-Улс орон даяар  өрнүүлсэн эрт илрүүлэг маш үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа. Гэтэл эрт илрүүлгийн багцад өөрчлөлт оруулж, зарим шинжилгээг хассан гэх мэдээлэл байна. Цаашид  хэвийн үргэлжлүүлэх үү,  эрт илрүүлгийн шинжил­гээний багцыг хассан уу гэдэгт та салбарын сайдын хувьд хариулт өгнө үү? 

-Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд, хамруулах үйл ажиллагаа хэвийн  үргэлжилж  байна. Наймдугаар сарын 10-ны мэдээгээр улсын хэмжээнд хүн амын 32.4 хувь буюу 1 090 050 хүн хамрагдаад байна. Иргэд зургаан насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан. Насны  ангиллаар авч үзвэл 0-5 насны хүүхдийн 38.9, 6-17 насны хүүхдийн 56.4, 18-30 насны залуучуудын 15.5, 31-45 насны хүн амын 20, 46-60 насны 28.1, 61-ээс дээш насны хүн амын 30.5 хувь нь хамрагдсан байна. 

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багцад өөрчлөлт ороогүй. 18-30 насны бүлгийн иргэд 60 мянган төгрөгийн багцын үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэх бол 31-45 насныхан 130 мянга, 46-60 насныхан 150 мянга, 61-ээс дээш насны иргэд 140 мянган төгрөгийн багцын үзлэг, шинжилгээ, оношилгоо тус тус хийлгэж байна. 

-Эрт илрүүлэгт хамрагдалтыг  цаашид нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч байна. Тухайлбал, "Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх тухай"  тогтоолын дагуу төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч нарын хамтарсан багийг орон нутагт ажиллуулж, иргэдийг эрт илрүүлэгт хамруулан, мэргэжил арга зүйгээр хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд УНТЭ, УГТЭ-ийн эмч нарын баг орон нутагт ажиллаж байна. 

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдтай хамтарсан тушаал гаргаж их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүйгээр эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээг авч байна.  2023-2024 оны хичээлийн жилээс шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах суралцагчдаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт ирүүлэх үзлэг, оношилгоонд заавал хамрагдахыг үүрэгжүүлэх, хяналт тавьж ажиллахыг их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын захирлуудад  чиглэл өгөөд байна.     

-Эрт илрүүлгийн хүрээнд  хүн амын дунд өндөр хувьтай гарсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тухайд яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ. Эрт илрүүлэх чухал ч илэрсэн өвчинтэйгөө хэрхэн тэмцэх вэ гэдэг ч бас чухал болов уу?

-Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдэд хоол боловсруулах тогтолцооны, дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, шээс бэлгийн тогтолцооны, зүрх судасны болон амьсгалын тогтолцооны өвчин өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж, нийт  сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна. Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 2023 онд илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аяныг зохион байгуулж байна.

Мөн хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх ажлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгэм, зан үйлийн өөрчлөлтийн шинэ аргачлалаар явуулж, эрүүл мэндийн мэдлэг, дадлыг олгохдоо тухайн хүний зан үйлийн өөрчлөлтийн үе шаттай нь уялдуулж олгох, хүн хоорондын харилцаанд ялангуяа үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тулгуурлан явуулах. Гэр бүл, хамт олон, салбар, байгууллагын түвшинд эрүүл зан үйлийг дэмжсэн орчин бүрдүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан нийт хүүхдийн 76 хувь нь шүд цоорох өвчтэй байна.  Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 76.4, сургуулийн насны хүүхдүүдийн дунд 82.6 хувьтай байна. Иймд өвдсөнийх нь дараа эмчлэх биш, шүдийг цоорохоос өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд шүд угаах дэмжлэгт орчин бүрдүүлэх зэрэг олон чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх юм.  

-13А маягт шаардлагагүй болсон гэж мэдэгдсэн ч энэ талаарх маргаан үргэлжилсээр байна. Энэ тухайд  ямар нэгэн зохицуулалт хийж байна уу. Эмнэлгүүдийн уялдаа холбооны асуудал уу эсвэл өөр шалтгаан байна уу. Салбарын сайдтай уулзсаных энэ тухайд тайлбар сонсъё?

-13А шаардлагагүй болсон гэх зүйл байхгүй. Энэ бол шинэ зүйл ч биш. Монгол Улс өрхийн Эрүүл мэндийн тогтолцоонд орсон 2000 оноос хойш хэрэглэж байгаа  эмнэлэг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэд ашигладаг маягт шүү дээ. Аливаа улс орон эрүүл мэндийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан, лавлагаа буюу хоёрдогч, гуравдагч шатлалын тусламж үйлчилгээ гэсэн хэлбэрээр зохицуулдаг. 

Өөрөөр хэлбэл, хүн бүр анхан шатны эрүүл мэндийн байгууллагадаа үзүүлээд эмч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дараагийн шатны эрүүл мэндийн байгууллага руу үйлчлүүлэгчээ илгээх ёстой. Гэтэл манай иргэдийн хувьд шууд төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдэд үзүүлэх сонирхол өндөр байдаг. Үүний улмаас өрх, сумын Эрүүл мэндийн төвд бүрэн хэмжээнд үзүүлж чадах тусламж үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авах нь ачааллыг нэмэгдүүлж, нарийн мэргэжлийн, өндөр технологи шингэсэн тусламж, үйлчилгээ авах иргэд цаг хугацаандаа эмчилгээнд хамрагдах боломжийг хааж улмаар хүндрэх эрсдэл үүсдэг.

Ийм учраас эмнэлэгт үйлчлүүлэгч илгээх асуудлыг заавал зохицуулах шаардлагатай. Бид шилжүүлгийг иргэнд чирэгдэлггүй байдлаар цахимжуулах, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, энэ чиглэлээрх холбогдох тушаал журмыг шинэчлэн ажиллаж байна.  


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 13 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 15 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 16 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 16 цагийн өмнө
SDY Calling you... 16 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 16 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 16 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22