Хагас их наядаар төсөвлөөд ч түгжрэл буурахгүй байгаад иргэд бухимдаж байна. Өнөөдөр бид түгжрэлд хүлэгдсэн Улаанбаатарт амьдарч байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлаас Бээжин, Сөүл рүү дотнын хүнээ үдэж гаргасан эрхэм хүн гэртээ харьж амжаагүй, Яармагийн түгжрэлд гацаж явахад хилийн чанад руу мордсон нь зорьсон газраа хүрсэн байх жишээний. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ өдөр Улаанбаатарт түгжрэлээс үүдсэн 0 зогсолт болно гэдгийг нийслэлчүүд яс махандаа тултал мэдэрч байгаа. Гэвч ажил, сургуулиа таслалтай биш, их хотын хөдөлгөөнд оролцохоос аргагүй. Нийслэлээс энэ сарын 15-ныг хүртэл автомашиныг тэгш, сондгой дугаараар нь ангилан хязгаарлалт хийж, авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зуурын арга хэмжээ авч байна. Улаанбаатарын түгжрэлийн шалтгаан дараах статистикаас тодорхой харагдана.
Улаанбаатар хотод өдөрт автомашин, унадаг дугуй, стүүкер зэрэг тээврийн хэрэгслээр хоёр сая 882 мянган зорчилт хөдөлгөөн хийдэг гэсэн статистик тоо гарчээ. Үүний нэг сая 844680 буюу 64 хувь нь хувийн автомашин, 697 мянга 24 хувь нь автобусаар, 345 гаруй мянга нь явган болон дугуйгаар явдаг байна. Эндээс 64 хувийг эзлээд байгаа 1.8 сая автомашинаар зорчигчдоос 812 мянга буюу 44 хувийг ажилдаа ирж, очдог хэсэг эзэлжээ. 461 мянга буюу 25 хувь нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж, авдаг хэсэг эзэлсэн бол 17 хувь нь амралт, чөлөөт цагтаа, 14 хувь нь бусад асуудлаар автомашинаар зорчдог хэсэг багтсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад эрчимтэй ажилла, ухаалаг санаачилга гарга, зоригтой хэрэгжүүл. Бүх талаар дэмжинэ. Хоттойгоо хамтар. Хоёр алхвал Монгол Улсын Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж дөрөв алхана. Цаг хугацаа гол сорилт шүү. Өнгөрсөн 30 жилийн түгжрэл бүх салбарт бий. Төлөвлөлтгүй хот, замбараагүй барилга, авлигын урхаг угтана. Хүн бүр шүүмжилнэ. Бид санаачилгаараа, бодлогоор, зохицуулалтаараа манлайлах ёстой” хэмээн түгжрэлийг бууруулах асуудлыг анхаарлын төвдөө авсан билээ.
Монгол Улсын сайд Ж.Сүхбаатараар ахлуулсан нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо түгжрэлийг бууруулах бодлогоо боловсруулж, ажлаа эхлүүлээд байгаагийн нэг нь дээрх статистик судалгаа.
Тус хорооныхноос хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Цаашдаа Улаанбаатар хотыг эдийн засгийн эргэлтэд Улаанбаатарыг оруулах, захиргааны арга хэмжээ авч, богино хугацаанд автомашины тоог цөөлөх, иргэдэд хандлагын өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
Өнгөрсөн жил түгжрэлийг бууруулах арга хэмжээнд 420 тэрбум төгрөг төсөвлөснөөс 269 тэрбумыг нь зарцуулсан байна. Энэ жил түгжрэлийг бууруулах арга хэмжээний төсвийг танаснаас бүтээн байгуулалтын ажлууд зогсчээ. Тиймээс шаардлагатай байсан 187 тэрбум төгрөгийг Засгийн газар нийслэлд тодотголоор шийдэж өгсөн байна. Түгжрэлийг бууруулах асуудлаар Үндэсний хорооныхон боловсруулсан бэлэн төсөл, судалгаанаас гадна хэрэгжүүлж эхэлсэн ажилтай, хэлэх үгтэй цогц бодлогоо энэ долоо хоногт танилцуулав. Ингээд түгжрэлийг бууруулахаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг багцлан хүргэе.
Засгийн газар 810 автобус шинээр оруулж ирж, авто замуудыг өргөтгөж байна
Ж.Сүхбаатар сайдын түгжрэлийн эсрэг авах эн тэргүүний бодлого нь нийтийн тээврийн шинэчлэл. Энэ хүрээнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 100 хувь хийж, тохь тухтай, орчин үеийн шинэ автобусыг гол дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчуулна. Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс БНСУ-д үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан, дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхлэх юм. Улаанбаатар хот хоёр шаттайгаар парк шинэчлэл хийж байгаа юм байна. Засгийн газар цахилгаан, дизель хөдөлгүүртэй, орчин үеийн чанартай 810 автобус оруулж иржээ.
Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож өргөтгөн шинэчлэх аж. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм.
Шинээр 12 тойрог замын төлөвлөлт хийж, гүүр, нүхэн гарц барьж байна
Улаанбаатар хотод авто замын хөндлөн гурав, босоо дөрвөн гол магистрал зам бий болгохыг зорьж авто зам, гүүрэн байгууламжууд барьж байна. Зайсангийн гүүр болон Яармагаас Эрчим хүчний гудамж хүртэлх Туулын гүүр зэрэг зам, гүүрийн ажил дуусаж байна. Хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох холбоос зам болон нүхэн гарцыг хийж байна. Шинээр баригдаж буй 225 метр урттай “Зайсангийн хос гүүр” энэ намар буюу есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орно. Уг гүүр 35 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай.
Ерөнхий сайд холбоос зам, шинэ тойрог зам дээр онцгой анхаарч салбарын сайдад ч давхар үүрэг өгч хариуцуулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 12 тойрог замын төлөвлөлтийг хийж байна. Эдгээр тойрог замыг бий болгосноор түгжрэлийг 11.7 хувиар бууруулна гэсэн тооцоо гарчээ.
Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын нэгдүгээр төслийн ажил жигдэрчээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар болсон. Төслийг гүйцэтгэгч “Чайна тисижу сивил инженеринг групп” наймдугаар сарын 4-нд ажлаа эхлүүлсэн байна. Энэ хугацаанд түр гүүрэн байгууламж буюу 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй тулгуур багана, түр тулаас зэргийг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг “Толгойт-Улаанбаатар-2” өртөөний нэгдүгээр зам дээр бэхлэх ажил явагдаж байгаа аж. Дам нурууг төмөр зам дээр байрлуулсны дараа галт тэрэгний хөдөлгөөнийг хаахгүйгээр нүхэн гарцны суурийн ухмал болон их биеийн ажлыг эхлүүлнэ гэнэ.
Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал үүсэхгүй юм. Уг төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг юм.
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийг ирэх 10 дугаар сард хүлээлгэж өгнө
Хан-Уул дүүргийн IV хороо, Баянгол дүүргийн XX хороог дамнасан гурван байршил дахь гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Нийт 483.1 метр урт, 31.26 м өргөн, хоёр талаараа дугуйн зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, зургаан эгнээ бүхий гүүрийн барилгын ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгч “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компани 2022 оны есдүгээр сарын 7-нд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэнэ.
Замын хөдөлгөөний удирдлагын (RFID) систем суурилагдаж дуусжээ. Тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа юм. Үүнд хувь хүний нууцад халдахгүй гэдгийг Ж.Сүхбаатар сайд онцолж байна. 161 уулзвар, байршилд байрлуулж, зорчиж байгаа машиныг бүртгэх гэнэ. Цаашлаад дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой.
Ийнхүү өнөөдөр түгжрэлгүй “Улаанбаатарын төлөө” уриатай зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна