Хичээлийн шинэ жил эхэллээ. Бүрэн шинэчлэгдсэн боловсролын салбарынхан шат шатандаа бэлтгэл ажлаа базааж, 2023-2024 оны хичээлийн шинэ жилээ эхлүүлж, гараанаас хөдөллөө. Энэ удаагийнх өмнөх жилүүдийнхээс нэлээд онцлогтой. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд хэлэлцсэн Боловсролын тухай багц хуульдаа алх цохиж, албажуулсан. Ингэснээр боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилээс шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулна. Энэ хүрээнд хамтын оролцоотойгоор үр дүнд суурилсан менежментээр сургалтын чанарт ахиц дэвшил гаргах зорилт дэвшүүлжээ.
Багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг төр хариуцна
Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд Засгийн газраас онцгойлон анхаарч буй. Тодруулбал, багш мэргэжлээр суралцах оюутан болон дотооддоо магистрт суралцах багш нарын сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахын зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлыг цогцоор нь хийж хэрэгжүүлэхээр болов.
Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин энэ онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.
Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл ингэж бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.
Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлжээ
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 307 сургуульд 384676 хүүхэд суралцаж, 23 мянга гаруй багш, ажилтан ажиллах тоон мэдээлэл бий. Зургаан настнуудыг цахимаар бүртгэж, эцэг эхийнх нь оршин суугаа хаягийн дагуу харьяа сургуульд нь хуваарилалт хийсэн. Энэ хичээлийн жилд 38356 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэж, сурагч болох хүсэлтээ цахимаар гаргав.
Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэдэг болох бодлого зорилтын хүрээнд шинээр сургууль барьж байгуулах, өргөтгөх, түрээслэх зэрэг зохицуулалтыг салбар яам болон Боловсролын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2023 он гарснаас хойш нийслэлд долоон сургууль, хоёр бага сургуулийг ашиглалтад оруулжээ. Мөн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлсэн байна.
Сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гурван улирлаар хичээллэж байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн дөрвөн улирлаар хичээллэхээр болж буйгаараа онцлогтой.
УИХ-аас баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “Хичээлийн жил есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ” гэж заасан. Тиймээс энэхүү хуулийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг ийн өөрчилжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 1-6-нд буюу нэг долоо хоног амарна. Хоёрдугаар улиралд найман долоо хоног хичээллэн I-IX ангийнхан гурван долоо, X-XII ангийнхан хоёр долоо хоног амрах юм. Гуравдугаар улиралд есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна. Харин дөрөвдүгээр улиралд бага ангийн сурагчид найм, дунд ангийнхан ес, ахлах ангийнхан арван долоо хоног хичээллэхээр байна.
Хувийн сургуулиудын хэрэглэдэг платформыг бүх сургуульд ашиглана
Төрийн өмчит ерөнхий боловсролын бүх сургуулийн тав болон зургадугаар ангид "Pearson English", гурав болон дөрөвдүгээр ангид “Eduten” платформыг хэрэгжүүлнэ. Тус хоёр платформыг 2022-2023 оны хичээлийн жилд хэсэгчилсэн байдлаар сургуулиудад туршихад багш болон сурагчдад эерэг өөрчлөлт гарсан тул энэ хичээлийн жилээс ийнхүү бүх сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.
Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг туршилтаар хэрэгжүүлэхэд сурагчдын математикийн ур чадварын хөгжилд эерэг нөлөө үзүүлжээ. Тухайлбал, математикийн ур чадвар дунджаар 21.7 хувийн ахицтай гарсан нь туршилтад хамруулаагүй бүлгийнхээс ойролцоогоор дөрвөн хувиар илүү үзүүлэлт аж. Дэлхийн 170 гаруй улс оронд туршсан тус платформыг манай улсын хувийн хэвшлийн томоохон сургуулиуд хэрэглэдэг байсан бол одоо улсын сургуулиуд ийн ашиглахаар болсон нь энэ хичээлийн жилийн бас нэгэн онцлог шийдвэр болж байна. Харин дижитал платформ болон танхимын сургалт хосолсон хэлбэртэй, олон улсын жишгийн дагуу боловсруулсан агуулгатай "Pearson English" хөтөлбөрийг гурван шаттайгаар хэрэгжүүлж, 2025-2026 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлж дуусах юм байна.
14 цэцэрлэгийг Шинээр ашиглалтад оруулав
Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Эдгээр цэцэрлэгт 15147 багш, ажилтан ажиллаж, 142798 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. Засгийн газар, харьяа яамны зүгээс хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт дэвшүүлснээр хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг хуваарилах зэргээр тодорхой зохицуулалт хийн ажиллаж буй. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд багтаан 27 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаас одоогоор нийслэлийн хэмжээнд шинээр 14 цэцэрлэг үүдээ нээжээ. Эцэг, эхчүүдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, цаг завыг нь хэмнэх, танил талаа ашигладаг байдлыг таслан зогсоож, тэгш хүртээмжтэй байлгах үүднээс цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулдаг болсон. Энэ удаад ч мөн адил хоёр үе шаттай цахимаар зохион байгуулахад 302 мянган хүүхэд бүртгүүлжээ.
Боловсролын багц хууль: Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо
Боловсролын тухай багц хуулийн төслийг өнгөрсөн долдугаар сард баталж, наймдугаар сарын 3-нд хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн хуулиар хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжил, үнэлгээний тогтолцоо, салбарын санхүүжилт, хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгах зэргээр боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч рүү чиглэсэн томоохон зургаан өөрчлөлт оруулсан. Тухайлбал, боловсролын салбарыг чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Мөн сонгууль бүрийн дараа өөрчлөгддөг хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг хязгаарлаж, багшийн эдийн засаг, нийгмийн баталгааг бүрдүүлж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Түүнчлэн бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын багш эхний тав, дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
Хүүхдийн эрх, үүргийн тухайд нэг гараанаас ижил тэнцүү суралцах боломжийг бүрдүүлэхийн тулд таван настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулна. Харин өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай хүүхэд долоон настайдаа сургуульд элсэж болно.
Дээд боловсролын байгууллагын тухайд голлох зохицуулалт нь их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангахад чиглэжээ. Тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэнд томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Суралцагчийн хувьд ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцах эрхтэй. Мөн тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна