Монголчууд өнө эртээс таван хошуу малаа эрхэмлэж түүний дотроос хонь, ямаагаа “Бурхнаас хайрласан буяны мал” хэмээн дээдлэн бог малынхаа шагайгаар үр хүүхдийнхээ тоглоом наадгайг хийсээр ирсэн билээ. Тиймдээ ч найман настнаас наян настан хүртэл, найр наадмаас эхлүүлээд энгийн үед ч олуулаа тойрч суугаад шагай няслах, шүүрэх, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, шагай таалцах зэргээр биеийн хүч, ур ухаанаа сорьсон олон төрлийн тоглоом наадгайгаар тоглодог уламжлалтай. Шагай нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, овсгоо самбаа суулгах, хуруу гарыг шаламгай болгох, хараа хурцлах зэргээр хөгжилд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд судалгаандаа дурдсаар буй. Түүнчлэн шагайг ганцаар бус олуулаа тоглодог учраас тэр хэрээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлж, хүүхэд өөртөө итгэлтэй хайраар дүүрэн өсөж хүмүүжихэд эергээр нөлөөлдөг байна. Гэвч цаг үе хөгжихийн хэрээр хүүхэд багачууд дэлгэцийн хамааралтай болж эртний уламжлалт тоглоом наадгайгаас аажим аажмаар хөндийрч эхэлсэн нь нууц биш. Зөвхөн нийслэл гэлтгүй орон нутагт ч шагайгаар бараг тоглохоо больсон цаг үе иржээ. Тэр хэрээр бүрэг ичимхий, дуугуй болох. Эсвэл хараа муудах, зан ааш эвдрэх гэх мэт үзэгдэл харагдах болов. Тиймээс бид энэ удаагийн “Бүтээлч Монгол”-ын сурвалжилгаараа эртний сайхан өв уламжлалаа дээдэлж, “Айл бүрийг шагайжуулъя” уриатай үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Мөнх шагай”-г үүсгэн байгуулагч Н.Пүрэвдагвын гэр бүлийг онцолж байна.
Гурван жилийн өмнө коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхэж цэнхэр гараг тэр чигтээ шахам хөл хорионы дэглэмд шилжээд байлаа. Энэ халдварт өвчин Монголыг ч тойрсонгүй дайрав. Ингээд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээр анх хөл хорио тогтоосон билээ. Үүнээс хойш үндсэндээ хоёр жилийн хугацаанд бүтэн хөл хорионы дэглэмтэй байж, зарим аж ахуйн нэгж хаалгаа барихад хүрсэн. Бизнес эрхлэгчид ч хүнд байдалд орсон цаг саяхан. Нийслэлчүүдийн 90 хувь гэртээ “хоригдсон”. Яг энэ үед Н.Пүрэвдагвынхан бизнесээ эхлүүлжээ. Гэртээ шагайгаар тоглож байхдаа Пүрэвдагвын хүү П.Төгс-Амгалан найзуудад нь шагай байдаггүйг сонин хачин болгон ярьснаар айл бүрийг шагайтай болгох бизнес санаа төрсөн байна. Анх 460 мянган төгрөгөөр 8000 ширхэг шагай авч 80 уут болгож зарсан нь амжилтад хүрчээ. Н.Пүрэвдагвын гэр бүл чөлөөт цагаараа монголчуудын уламжлалт тоглоом наадгай болох шагай шүүрэх, морь уралдуулах зэргээр тоглодог нь тэднийг өрхийн бизнесээ эхлүүлэхэд нөлөөлсөн байна. Гэрийн эзэгтэй Ц.Уянга ярихдаа “Хөл хорионы үеэр нөхөр бид хоёрын ажил зогсож, хүүхдүүдийн хичээл ч цахимд шилжсэн. Тиймээс маш их цаг завтай боллоо. Ингээд бид гэртээ байхдаа бие биетэйгээ ярилцаж, тоглож эхэлцгээсэн. Манайх 400 гаруй шагайтай байлаа. Хамгийн их тоглодог тоглоом нь шагай. Хүүхдүүд тоглоомдоо ялагдахаар хор шар хөдлөхөөс гадна бага хүү, охин хоёрт шагай сайнаар нөлөөлж байгаа нь мэдрэгдсэн. Учир нь, шагайг няслахад харааны баримжаа, ижил шагайг түргэн шүүрэх самбаа, гарын хөдөлгөөн гээд зүүн, баруун тархийг зэрэг ажиллуулдаг. Харин шагай таалцахад тооцоолол, мөн бага зэрэг гүйлгээ ухаан шаардагддаг зэргээр шагайн тоглоом нь ерөөсөө л сургалт юм билээ. Мөн айлд шагай байх нь буян хишиг дууддаг гэдэг шүү дээ.
Нэг өдөр хүүхдүүд маань надаас “Ингэхэд ээжээ, айл бүрд шагай байдаг болов уу”, “Шагай хаанаас гардаг юм бэ”, “Шагайг яаж цуглуулах вэ” зэрэг олон асуулт асууж эхлэв. Ингээд дээр дурдсанчлан хамаатан садан, найз нөхөд рүүгээ залгахад ихэнх айлд шагай байгаагүй. Хот гэлтгүй хөдөө аймаг, сумын төвийн айлуудад хүртэл шагай байгаагүй. Тиймээс тэр өдрөө дөрвүүлээ бяцхан төсөл бичээд аавдаа танилцуулснаар одоогийн бизнесээ эхлүүлсэн” гэв. Хэдийгээр хүүхдүүдийн хүсэлтээр бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудсан ч Ц.Уянгад итгэл төрөхгүй байж. Гэтэл тэдний санаачилсан бичил бизнес богино хугацаанд амжилттай болсон. Ердөө долоо хоногийн дотор 80 уут шагайн захиалга авсан нь тэдний санаснаас хол давсан амжилт байлаа. Үүнээс урам авсан гэр бүл өдгөө өрхийн бизнесээ амжилттай үргэлжлүүлж яваа нь энэ. Бизнесээ эхлүүлснээс хойш гурван жилийн хугацаанд 10 мянга гаруй айлыг шагайтай болгожээ. Тэр ч бүү хэл ОХУ-ын Тува, Буриад, Якутаас хүртэл захиалга авдаг болсон байна. Польшид 10, Хятадад дөрвөн жил амьдарсан Ц.Уянга багш мэргэжилтэй бол нөхөр нь техникч. Гэхдээ тэд 1995 оноос хойш мэргэжлээрээ ажиллаагүй. Хилийн чанадад 14 жил амьдраад ирсэн тэд хувиараа ажил хөдөлмөр эрхлэх болсон байна. Ц.Уянга ярихдаа “Шагайн наадгай бол соёлын биет өв. Харин орчин цагийн хүүхдүүд шагайгаар хэрхэн тоглодгийг мэддэггүй юм билээ. Залуу гэр бүлийн 90 хувь нь гэртээ шагайгүй. Тэгэхээр биет өв тасрах дээрээ тулсан байсныг манай гэр бүл аварчээ гэж дотроо сэтгэл өег явдаг. Өнөөдөр ч шагайн хэрэглээ дуусаагүй байна. Орон нутагт ч шагайг маш их авч байгааг харлаа. Манайхаас шагай авсан айлууд буцаад энэхүү наадгайгаар тоглож эхэлснийг харах таатай байна. Тасалдах гэж байсан өв соёлыг буцааж дэлгэрүүлсэн мэт санагддаг” гэлээ.
Шагайг зун тоглодоггүй учраас урин дулааны цагт нөөцөө бүрдүүлдэг гэнэ. Ингээд өвөл, хавартаа шагайгаа борлуулдаг бөгөөд эрэлт ихтэй байсаар байна. Н.Пүрэвдагвынх зав чөлөө гарвал шагай нясалж, шүүрч, морь уралдуулан, алаг мэлхий өрж тоглох дуртай. Ц.Уянга ярихдаа “Миний хувьд бага нас маань Хэнтий аймагт өнгөрсөн учир шагайгаар их нааддаг байлаа. Тухайн үед ч тоглоом хомс, хөдөө амьдардаг хүүхдүүд модоор морь хийх, чулуугаар айл гэр болж тоглох, шагайгаар наадах зэргээр тоглодог байсан л даа. Тиймээс бусад хүүхдүүдийн жишгээр л тоглож өссөн. Би багш мэргэжилтэй учраас шагайн наадгайд ихээхэн ач холбогдол өгдөг. Ялангуяа хүүхдүүдийн хувьд шагай тоглосноор хараа хурц, хуруу гарыг зүгшрүүлэхэд нэн тустай. Мөн авхаалж самбааг ч нэмэгдүүлдэг. Шагай тоглож өссөн хүүхэд сургуульд ороод ч хичээлээ ойлгох, тогтож сууж сурахад ихээхэн нөлөөлнө. Тиймээс ч хүүхдүүдтэйгээ хамт чөлөөт цагаараа шагайгаар тоглоно. Хамтдаа тоглоход гэр бүлийн уур амьсгалыг ч мөн зөөллөж, дулаахан сайхан болгодог” гэв.
Анх бизнесээ эхлүүлэхдээ шагайгаа цэвэрлэхийн тулд ёстой л нэг хөглөж байж. Хөршүүддээ ад үзэгдэхээс эхлээд багагүй зовлон туулсан байна. Гэвч эхлүүлсэн ажлаа орхихгүйн тулд элдэв арга саам хэрэглэсээр өдгөө айлын хашаанд өөрийн гэсэн жижигхэн ажлын байртай болжээ. Н.Пүрэвдагвын гэр бүлийн гишүүн бүр тодорхой үүрэгтэй. Гэрийн эзэн жижигхэн амбаартаа шагайгаа буцалгаж, хатаахаас гадна захиалгаа хүргэнэ. Мөн нийлүүлэлтээ хариуцдаг. Харин ээж Ц.Уянга шагайн уутаа оёдог ажилтай бол хоёр хүү нь шошгоо хадах, шагайн гинжийг хийнэ. Тэгвэл охин нь шагайгаа угааж, цэвэрлэдэг ажилтай. Ээжийн ажил барагдахгүй. Уут оёхоос гадна буцалгасан шагайнаас гарсан тосоор эдийн саван хийдэг гэнэ. Хамгийн хүнд буюу гол ажил нь шагайгаа боловсруулж, цэвэрлэх аж. Энэ тухайгаа ярихдаа “Эхний авсан шагайгаа цэвэрлэх гэж нэлээд ажил болсон. Ер учраа олохгүй яваад байлаа. Санасандаа хүртэл сайн, түргэн цэвэрлэж амжихгүй яваад байсан гэх үү дээ. Бүх л төрлөөр цэвэрлэж үзсэн дээ. Ямартаа ч эхний авсан шагайгаа цөмөөрөө хамжаад амжилттай цэвэрлэж дуусгасан. Ингээд сүүлд учраа олсон. Шагайг маш удаан буцалгах ёстой байдаг юм билээ. 6-7 цаг орчим буцалгасан шагайг 6-7 өдөр хатаана. Ингээд хатсан шагайг цэвэрлээд, хамгийн сүүлд ахин шоотогдож угаадаг” гэв. Айл бүрийг шагайжуулах аянаа анх эхлүүлснээс хойш захиалгаа дийлэхгүй байх үе олон. Гадаадаас ирсэн жуулчид Н.Пүрэвдагвынхад 100 уут шагайн захиалга өгөхөд тэд гэр бүлээрээ гурван шөнө, дөрвөн өдөр нойргүй хонож захиалгыг нь гаргаж өгч байжээ. Тэд бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй ч санхүүгийн асуудалтай тулгарсаар. ЖДҮ-д хандахаар тоодоггүй хэмээн зовлон тоочно. Шагайн наадгайг орчин үетэй хослуулахын тулд “Мөнх шагай”-хан удахгүй гол дүрийн баатартай цахим контент бүтээхээр ажиллаж буй гэнэ. Шагайн баатар нь ази царайтай, мэргэн харвадаг, хурц хараатай, хурдан шалмаг, эрэмгий зоригтой байх аж. Зун шагай тоглоход мал хээл хаядаг тул огт тоглодоггүй. Тиймээс “Мөнх шагай”-хны борлуулалт зуны урин дулаан цагт зогсдог гэнэ. Тиймээс энэ хугацаанд шилний бизнес эрхлэх болжээ. Ингэхдээ урд хөршийн хүнсний ногоо дарах зориулалт бүхий 2-20 литрийн багтаамжтай шил оруулж ирдэг бөгөөд тун эрэлттэй байдаг аж. Монголын өв соёл, уламжлалт тоглоом наадгайг залуу үедээ үлдээхийн тулд идэвхтэй ажиллаж, түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг гэнэ. Биет болон биет бус өв соёл устаж үгүй болох магадлалтай учраас уламжлалаа авч үлдэхэд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг “Мөнх шагай”-хан онцолсон юм.
Б.Тэнүүн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна