​ Г.Уянга: Гэр бүлийн бүтцийг төрийн бодлогоор хамгаалах хэрэгтэй



УИХ-ын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг “Санхүү, банкны эмэгтэйчүүд”-ийн энэ удаагийн чуулганаар хөндсөн “Бидний ажил, амьдралын тэнцвэрийг хангах сайн туршлага, санаачилгууд” сэдэвт хэлэлцүүлгийг чиглүүлсэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Г.Уянга /доктор/-тай ярилцлаа. 

-Чуулганы үеэр хөндсөн ажил, амьдралын тэнцвэрт байдлын асуудал сонирхол татсан сэдэв байлаа. Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр буюу бай­гууллагууд ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг  хангаж чадаж байна уу? 
-Ажил, амьдралын тэнцвэрт байдал гэдэг асуудал манай улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Эл асуудалтай холбоотой тунхаг бичгүүдийг НҮБ-аас гаргасан байдаг. Япон улсад төрөлт хэт буурсан. Хятад улсад хувийн хэвшлийн компаниудын тоо эрс нэмэгдсэн зэргээр ажил, амьдралын тэнцвэрт байдал алдагдсан жишээ олон бий. Мөн сүүлийн үеийн залуучуудын ажилд хандах хандлага өмнөх үеийнхээс өөр болсон. Ажиллахын тулд амьдардаг байсан үе амьдрахын тулд ажилладаг болсон гэх мэтээр үзэл хандлага өөрчлөгдөж байна. Энэ мэт олон асуудлыг Санхүү, банкны эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн. Би энэ үеэр ажил амьдралын тэнцвэрт байдлын талаарх хэлэлцүүлгийг чиглүүлсэн. Банк санхүүгийн салбарт ажиллаж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байна. Ер нь уул уурхайгаас бусад салбарт эмэгтэйчүүд давамгайлах хандлагатай. Эмэгтэйчүүд гэр бүл зохиох, үр хүүхэд төрүүлэх, цалин урамшуулал нь хангалтгүйгээс өөр сонголт хийх, бусад салбарын ажил сонирхох зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж боловсон хүчний тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс тухайн байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашлаад ажил, амьдралынх нь тэнцвэрт байдлыг хангахын тулд олон шинэлэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, зарим банкны удирдлагууд жирэмсний амралттай ажилчдадаа зориулж тусгайлсан хөтөл­бөр хэрэгжүүлж, цахим сургалтад хамруулах, дотоод журмаараа эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцөл мөн цагийг уян хатан байдлаар шийддэг сайн туршлага олон бий. 


-Та ажил амьдралын тэнцвэрт байдалтай хол­боотой судалгааг албан ёсоор хийж байсан уу. Ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Монголын ахуй уламж­­лалаас үүдэн айл гэрийн дотоод асуудал эмэгтэйчүүдийн нуруун дээр явдаг. Байгалийнхаа жамаар хүүхэд төрүүлж, өсгөнө, хоол унд хийнэ, гэр орон цэвэрлэнэ гэх мэт ар гэртэй холбоотой олон ажлыг тэд амжуулдаг. Гэтэл нийгмийн харилцаанд орж ажил хийсэн тохиолдолд эрэгтэй, эмэгтэй яг адилхан цагаар ажиллаж, шаардлага биелүүлдэг. Тухайн хүний ажил гэр бүлд нь саад болдог уу эсвэл гэр бүл нь ажилд нь саад болдог уу гэдгийг судалгаагаар тогтоож,  дүгнэлт гаргадаг. Үүний дагуу би зочлохуйн үйлчилгээ буюу зочид буудлын ажилчдын дунд судалгаа хийж байсан. Тэдний хувьд ажил нь гэр бүлд нь саад болдог гэсэн дүгнэлт гарсан. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, ажлын ачаалал ихтэй, илүү цагаар болон ээлжилж, хонож ажилладаг тул түүнд нь гэр бүлийнхэн нь дургүйцэх хандлагатай байдаг юм билээ. Гэр бүлийн харилцаанд асуудал, үл ойлголцол үүсэхэд ажил мэргэжлийг нь оролцуулж, маргалдах жишээтэй. Нэгэн байгууллагад сургалт орсны дараа нэг эмэгтэй надтай уулзаад “Манай нөхөр миний ажлыг огт ойлгож, хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөө буудал руугаа явах гэж байна уу гэх зэргээр доромжилдог...” гээд уйлаад ярьж байсан тохиолдол бий.   

  
-Ийм жишээ буюу ажил нь гэр бүлд нь саад болж буй тохиолдолд яах ёстой вэ. Ямар гарц шийдэл байж болох вэ? 
-Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсан­тай холбоотойгоор байгуул­лагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болов уу. Цагийн уян хатан нөхцөл санал болгох  зэрэг механик зохицуулалтаас гадна ажилтнуудынхаа гэр бүлтэй хамтарч ажиллах нь хамгийн чухал гарц шийдэл болдог. Байгууллагуудын хүсэлтийн дагуу би гэр бүл, харилцаа хандлагын талаар сургалт ордог. Нэгэн байгууллага ажилтнуудаа гэр бүлийнх нь гишүүдийн хамт сургалтад хамруулж байсан тохиолдол бий. Тэгэхээр ажил нь гэр бүлд нь саад болж, үл ойлголцол маргаан дагуулж байвал тэднийг хамтад нь сургалтад хамруулах нь илүү үр дүнтэй. Одоо цагт “Би чамд цалин өгч байгаа учраас ямар ч нөхцөлд чи ажлаа хийх ёстой” гэдэг хандлагаар хандаж болохгүй.  


-Ажил олгогч нар ажилтныхаа ажил, амьд­ралын тэнцвэрт байдлыг хангаснаар тухайн байгуул­лагад цаашлаад нийгэмд ямар эерэг өөрчлөлт гарах вэ? 
-Нийгмийн үндсэн нэгж бол гэр бүл. Гэр бүл тогтвортой байснаар олон эерэг өөрчлөлт гарна шүү дээ. Сүүлийн үед салалт их болсон. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад хайр халамжаар дутсан, хатуу, харгис ирээдүйг бий болгох эрсдэлтэй. Тиймээс салалт бол хувийн асуудал, эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэх хандлагаар хандаж болохгүй. Үүнд төрийн бодлого хэрэгтэй гэж боддог. Би Япон улсад олон жил ажиллаж, амьдарсан. Тухайн үед ажиглагдсан нэг зүйл бол япончууд  гэр бүлийн асуудлыг нийгэмтэйгээ уялдуулж, холбодог юм билээ. Залуу хүн ажилд ороод ажиллах явцдаа гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон тохиолдолд цалин урамшууллыг нь нэмдэг. Хэсэг хугацааны дараа хүүхэд нь өсөж том болсон үед хэвийн хэмжээнд нь буулгах жишээтэй. Япон эхнэрүүд ажил хийдэггүй. Хүүхдээ харж, ар гэрийнхээ ажлыг л амжуулдаг. Гэхдээ нөхрийнх нь цалин хувийн бус гэр бүлийнх нь дундын дансанд орох зарчимтай. Япончуудын хувьд салалт бол нийгмийн, маш том асуудал. Хүүхдийн хүмүүжил, харилцаа хандлага, цаашлаад ирээдүйд нь сөргөөр нөлөөлнө гэж үздэг учраас хосууд эхнэр нөхөр болохоосоо эхлээд бүх зүйлд хариуцлагатай ханддаг. 


-Манай улсад гэр бүл салалт нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Гэр бүлийн харилцаа хандлагатай холбоотой сургалт явуулдаг хүний хувьд та эл асуудалд ямар шийдэл хэрэгтэй гэж хардаг вэ? 
-Төрийн бодлогоор гэр бүлийн бүтцийг хамгаалах ёстой болов уу. Холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар аав, ээжийг хариуц­лага­жуулаасай гэж боддог. Сэтгэлийн хөөрлөөр хоёр хүн хамт амьдарч хүүхэдтэй болж, улмаар үл ойлголцол гарч, маргаан үүсэхэд тухайн бэрхшээлийг даван туулахын оронд амар хялбар шийдэл хайж салж болохгүй. Ер нь хүмүүсийг салсан хойно нь үүссэн асуудлыг нь ярих бус алдаа гаргахаас нь өмнө сануулж, түүнээс урьдчилан сэргийлэх нь чухал гэж боддог.  Хайр гэдэг хоёр хүний сэтгэлийн хөдлөл, дурлал биш. Хайртай хамт хариуцлага, сахилга бат, тууштай байдал байдаг. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиас нь эхэлж хосуудын харилцаа хандлага, аав, ээжийн үүрэг хариуцлага гэх мэт өргөн хүрээний мэдлэг мэдээллийг өгч, ойлгуулдаг болоосой гэж хүсдэг. 


-“Санхүү, банкны эмэг­тэй­чүүд”-ийн энэ удаагийн чуулганаар ялангуяа таны чиглүүлж удирдсан сэдэвтэй холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх ямар санал шийдэл гаргасан бэ? 
-Шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд “Аавуудын долоо хоног” гэх мэт ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн олон шинэ заалт багтсан. Тиймээс төр, хувийн хэвшлийн байгууллагууд аль аль нь хуулийн хэрэгжилтийг хангахын тулд, нөгөө талаасаа өөрсдийн санал санаачилгаар ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангахад ихээхэн ач холбогдол өгдөг болсон. Гэхдээ цаашид илүү сайжруулах шаардлагатай тул чуулганаас тунхаг бичиг гаргасан. Түүнд олон асуудлыг тусгасан. Тухайлбал,  НҮБ-ын “Хүний эрх ба хариуцлагатай бизнес”-ийн зарчмуудыг банк, санхүүгийн салбарт 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байх, эмэгтэйчүүдийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж буй байгууллагуудын сайн туршлагаас өөрсдийн нөхцөл, боломжид нийцүүлэн даруй хэрэгжүүлж, хүний нөөцийн бодлогодоо албан ёсоор тусгах гэх мэт санал шийдлийг тухайн тунхаг бичигт багтаасан. 

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 13 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 14 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 14 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22