Хэвлэл мэдээллийн форумын үеэр “Монголын үнэн” сониныг онцоллоо


Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум  энэ сарын 18, 19-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Жининь хотноо “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч: Орчин үеийн хамтын хөгжил” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Дэлхийн олон орны сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ийнхүү жил бүр чуулж, хамтын ажиллагаагаа хэлэлцдэг тухайгаа чуулганд илтгэл тавьсан Хятадын хэвлэл мэдээллийнхэн онцолж байв. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн уламжлалт форум нь цар тахлын үед цахимаар хуралдаж ирсэн. Цар тахлын дараа БНХАУ-д зохион байгуулж буй анхны форум учраас ихээхэн ач холбогдол өгсөн нь зохион байгуулалтаас илт анзаарагдана. Энэ удаагийн форумыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Монголын талаас хэвлэл мэдээллийн 40 байгууллагын төлөөлөл оролцов. Форумд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн дарга, холбооны дэд дарга Лью Сьян “Хоёр тал хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр, ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зуран, хамтарсан сурвалжилга хийх ажлыг төлөвлөн, Монголын 1000 гаруй сэтгүүлчийг Хятад улсад айлчлуулсан” тухай дурдав. Мөн тэрбээр “Интернэт, хиймэл оюун ухаан, 5G сүлжээ, том дата зэрэг мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг дагалдан хэвлэл мэдээллийн бүтэц, сурталчилгааны арга зүйд өөрчлөлтүүд гарч, хоёр улс хэвлэл мэдээллийн цогц хөгжлийн чиг хандлага, арга замыг идэвхтэй судалж байна” хэмээлээ. 

“Синьхуа” агентлагийн дэд нарийн бичгийн дарга Шюй Шаньна үг хэлэхдээ “Энэ оны долдугаар сарын 25-нд “Синьхуа” агентлаг, Бээжин хотын Ардын засгийн газар, Хятадын иргэдийн гадаадтай нөхөрсгөөр харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Шинээр хөгжиж буй зах зээлтэй улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааны анхдугаар форум Бээжинд амжилттай болж өндөрлөлөө. Энд гадаадын 300 гаруй орны зочид хүрэлцэн ирж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Миний бие Монголын мэргэжил нэгт хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг Бээжинд хүрэлцэн ирж, хөгжиж буй орнуудад орчин үеийн шинэчлэлд хамтын хүчээр хүрэх талаар зөвлөгөө өгөх хоёр дахь форумд урьж байна” хэмээлээ. БНХАУ-ын Ардын “Өдрийн сонин”-ы Африкийн төвийн салбарын ахлах сэтгүүлч Ян Өү “МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонинтой 2023 оны зургадугаар сард Ардын “Өдрийн сонин”-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай дурдлаа.  
Хоёр өдрийн турш үргэлжилсэн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум амжилттай өндөрлөлөө. Энэхүү форумаас гарсан нэг үр дүн бол 2024 онд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл  эх орондоо зохион байгуулахаар болов. Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэх талд онцгой анхаарч буй энэ цаг үед Хятадын талын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг бүр олноор уриасай гэж бодогдоно. Форум амжилттай өндөрлөж, Яньтай, Чинтао хотын бүтээн байгуулалт, аялал жуулчлалын цогцолборуудтай танилцахаар Улаанцав буюу Жининь хотын нисэх онгоцны буудлыг зорив. 

КҮНЗИЙН СУРГААЛыН ӨЛГИЙ НУТАГТ

Нисэх онгоц Яньтай хотод хоёр цагийн дараа газардлаа. Газардмагц хөлс цутгаж, амьсгал давчдаж эхлэх нь тэр. Улаанцавын уур амьсгал Улаанбаатартай төстэй. Янзгүй нялуун үнэртэй Яньтай бол тийм биш ээ. Ер нь далай тэнгистэй, чийглэг газар ирэх бүр эх газрын хүмүүст ийм л мэдрэмж төрдөг. Бид байрлах буудлын бөөрөнхий хэлбэртэй, шилэн дээвэртэй хүлээлгийн танхимд орж ирмэгц хөгшин Европ хийц илт мэдрэгдэнэ. Ор, хөнжлийн даавуу нь хүртэл чийгтэй мэт санагдав. Далайтайгаа ойр, эргэн тойрон цэцэрлэгт хүрээлэнтэй. Хятадын энэ л хэсэгт ургадаг том том сарнай цэцгүүдийг өглөө сэрээд харж нүд баясав. Шандунь муж нь 100 гаруй сая хүн амтай, хойд бүсийн эдийн засгийн хөгжлийн тулгуур төв юм. 708 мянган хүн амьдардаг Яньтай хот бол энэ мужийн нэг хэсэг.     
“Хайер”, “Вэйчай”, “Ваньхуа” зэрэг Хятад болон дэлхийд алдартай хэд хэдэн аж ахуйн нэгж Шандунь мужид бий. Сүүлийн 10 жил “Галууны нислэг” аж үйлдвэрийн кластерыг буй болгож, нийт хөрөнгийн хэмжээ нь 7.2 их наяд юаньд хүрчээ. “Галууны нислэг” кластерын 217 тэргүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулан дэмжиж, үйл ажиллагааны нийт орлого нь 2.6 их наяд юаньд хүрсэн байна. Дэлхийн квантын шинжлэх ухааны анхны туршилтын хиймэл дагуул “Мози”-ийг Жинань хотод хиймэл дагуулыг дэлхийн бөмбөрцөгтэй холбох туршилтыг хийжээ. Далайн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтээр улсдаа хоёрт, боомтын ачаа тээвэрлэлтээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж. Энэ бол Күнзийн сургаалын өлгий, Хятадын соёл иргэншлийн бэлгэдэл болсон нутаг юм. “Күнз, Мэнзийн өлгий нутаг, ёс зүйн орон” гэгддэг бөгөөд Күнз, Мэнз, Мөзы, Гуань Жүн, Сүнь Ү, Сүнь Бинь, Лю Ше, Ли Чинжао, Шин Чижы, Пү Сунлин, Ван Ши Жы болон бусад нэрт түүхэн зүтгэлтнүүд тус нутагт төржээ. Тайшань уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёл, байгалийн өвд, Чюйфүгийн “Күнзийн гурав” (Күнзийн харш, Күнзийн сүм, Күнзийн ой), Их татмал гол, Чи гүрний үеийн цагаан хэрэм зэргийг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Дэлхий даяар усны бохирдол, хомстлын асуудал яригдаж буй ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд далайн эрэг орчмын усны чанар тогтвортой сайжирч буй үзүүлэлтийг бахархан ярилаа.  Үүний үр дүнд шувууны төрөл зүйл 187-371 болж, дорнын цагаан өрөвтас үржүүлдэг хамгийн том газар болжээ. Шаньдүн нь газарзүйн байрлалын давуу тал, аж үйлдвэржилтдээ тулгуурлан, гадаад харилцаагаа өргөтгөж, сурталчилгааны ажлыг шат дараатайгаар гүйцэтгэж байна. 

Дарсны хот-ЯНЬТАЙ

Яньтай нь Шаньдүны зүүн хэсэг, Шар тэнгис, Бөхай тэнгистэй хиллэдэг.  Хятад улсын далайн эрэг дагуух нээлттэй хотуудын нэг юм.  Яньтай нь далайн эрэг дагуу боомттой болохоор цэцэглэн хөгжжээ. Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа зэрэг далайн “эрдэнэс”-ээр баялаг. Яньтайн шинэхэн далайн өргөст хэмх, сам хорхой, загас тэргүүтэн нь гайхалтай сайхан амттай. Яньтай боомтыг 1861 онд нээжээ. “Жанюй”, “Алтан гадас”, “Саньхуань” зэрэг олон зуун жилийн түүхт брэндүүд нь гадаад, дотоодод алдаршжээ. Жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэдэг дарсны өлгий нутаг юм. 1892 онд үүсгэн байгуулсан “Жанюй” дарсны үйлдвэр энэ нутгийн бахархал төдийгүй үүсгэн байгуулагч нь  улсынхаа төсвөөс давсан хөрөнгөтэй явсан үе бий. 1915 онд Панамын алтан медаль хүртсэнээс хойш эл дарсны үйлдвэрийн амжилт өссөөр байгаа гэв. Бид энэхүү музейн зурагт самбаруудаас үйлдвэрийн үе үеийн өв залгамжилсан захирлуудын түүхийг уншсан билээ. Музейг үзсэний дараа худалдааны тэнхимээс жуулчид олон нэр төрлийн дарс, брэнд худалдан авч заншжээ. Ийнхүү худалдан авалт хийгээд гадаах асарт тухлахдаа энд тэндээс багсайтал ургасан усан үзмийг байгальд нь амсах завшаан олдсон юм. 
Хятадын номер нэг дарсны брэнд Яньтай алим нь 13 жил дарааллан Хятадын жимсний салбарын номер нэг брэнд болж, Лайян лийр, Яньтай интоор, Лүнкөү вермишель,  Лүхуа самрын тос, Лүнда махан хүнсний бүтээгдэхүүнээр алдаршжээ. Газрын гүн дэх баялгийн тухайд бас л хувь хишигтэй нутаг юм. Чүнь, Чюй, Сун гүрний үеэс Линлүнгийн алтны уурхайн олон зуун ордоос жил бүр олон мянган лан алт олборлож иржээ. 1880-аад онд Шаньдүний анхны алт олборлох уурхай Жаоюаньд нээгдсэн. Яньтай хотын онцлох байгалийн цогцолбор нь Яньтай уул юм. Хотын хойд захад байрладаг, AAAA зэрэглэлийн аялал жуулчлалын сонирхол татам тогтоц юм. Уул, далай, хот, боомт хосолсон өвөрмөц үзэмж энд л байдаг. 600 гаруй жилийн түүхтэй тус хотын бэлгэ тэмдэг юм. Яньтай уултай зэрэгцээд  Чаоян гудамж оршино. Чаоян бол орчин үеийн Яньтай хотын худалдааны хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Барууны хэв маягийн барилгууд, зуу зуун жилийн өмнөх гудамжнуудын өнгө төрхтэй хоршино. Үүнээс улбаалаад Сүө Чэн Ли түүхэн барилга байгууламжууд төвлөрсөн, уламжлалт соёлтой хуучин гудамжаар бид зорчив. Зоогийн газар, дэлгүүр, кофе шоп, шар айрагны мухлагууд гээд саатмаар газар олон.  
Яньтайд ирсэн хоёр дахь өдрөө бид “Кея” бренд дарсны үйлдвэрийг зорилоо. Эл үйлдвэрийн тариалалт, үйлдвэрлэлийн талбай нийтдээ Тянь Ань Миний талбайг 10-ыг нийлүүлсэнтэй тэнцэнэ гэж хөтөч тайлбарлав. Дарсны үйлдвэр нь Европын дундад зууны үеийн барилгуудын архитектурын хэв маягтай, Хятад дахь анхны бренд дарсны үйлдвэр аж. Дарсны үйлдвэрийг тойрсон өргөн уудам усан үзмийн талбайд ургац хураалтын үеэр гараар ургац хураадгийг эс тооцвол бүх тоног төхөөрөмж электрон хувилбарт шилжжээ. Яньтайн өргөн уудам гудмаар давхиж явахад уг үйлдвэр андашгүй. Уулнаас уул руу сүлжилдсэн нүсэр байгууламжийн архитектур нь торхон хэлбэртэй учраас тэр. Дарсны зоорин давхарга манайх шиг энэ төрлийн үйлдвэрлэлийн мэдэгдэхүүн багатай хүмүүст нэн сонин. Царс модоор хийсэн дарсны савууд бүхий хонгилоор алхацгаав. Үйлдвэрээ ийнхүү аяллын чухал контент болгосон явдал Яньтайн ирээдүйг тодотгоно. Их гүрний хүмүүс нь “Яньтай яах вэ. Хүн ам багатай жижиг газар” гэж буй ч энд харьцангуй эко аялал ноёлох шинжтэй.
Үргэлжлэл бий.


 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22