Нийслэлийн хамгийн олон хүн амтай томоохон дүүрэг болох Баянзүрхийнхэн энэ оныг “Хүний хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийгмийн бүхий л салбар, төлөөлөлд хүрч ажиллахыг чухалчилж байгаа юм. Дүүргийн удирдлагуудын зүгээс бодлогын цөмд хүн байх ёстой, тэр дундаа өнгөрсөн зууны түүхийг бүтээлцэж, эх орныхоо хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан арвин туршлагатай ахмадуудаа хүндэтгэж, тэдний үгийг сонсон, үйл хэрэгтээ тусгаж байх нь зүйтэй гэж үздэг. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос санаачлан, дүүргийнхээ 43 хороо бүрийн төлөөлөл болсон 5555 ахмад настныг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1990 онд Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэж ирсний дагуу манай улс 1992 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн байдаг.
Баянзүрх дүүргийн ахмадууд баярын өдөр олуулаа уулзаж ярилцан, ажил амьдралаа хэлэлцэн ярилцаж, нэгэн өдрийг сэтгэл тэнэгэр өнгөрүүлсэн юм. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан болон Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд ирж оролцсон юм. Нийслэл, дүүргийн төлөөлөгчид болон Ахмадын хорооны удирдлагууд мөн хүрэлцэн ирж, дүүргийнхээ ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, Э.Бат-Амгалан нээж хэлсэн үгэндээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй.
Ахмадуудынхаа нөр их хөдөлмөрөөр бүтээж, хайрлаж хамгаалж бий болгосон нийгэм, дүүрэг, хот, улсыг бид шат шатандаа нэг зүгт харж, эв нэгдэлтэйгээр сайжруулах учиртай. Ээлтэй нийгмийг хамтдаа цогцлоох ёстой юм. Эх орноо залуу, дунд, ахмад үеийн уялдаа холбоо, хамтын ажлын үр дүнд хөгжүүлнэ” хэмээн онцлоод улс эх орондоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй, төрдөө үнэлүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлээд эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөсөн юм. Ийнхүү арга хэмжээг албан ёсоор нээснээр 55 ээжийн зүгээс Баянзүрх хайрхандаа сүүн цацал өргөхийн зэрэгцээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ардын болон зохиолын дуучид ирж, ая дуугаа өргөв. Ахмадууд маань ч бидэнд үнэтэй сургаалаа айлдлаа. Нэг өдрийг бид хамтдаа сайхан өнгөрүүллээ. Энэ удаагийн цугларалтад хүрэлцэн ирсэн ахмадуудын хувьд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Энэ үеэр дүүргийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Б.Төмөрбат ахмадуудаа төлөөлөн бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Б.Төмөрбат: Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд ахмадуудыг үргэлж бодлогынхоо цөмд байлгадаг
/Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга, Үйлчилгээний Гавьяат ажилтан/
-Манай дүүргийн удирдлага, намын хорооны зүгээс үргэлж хүндээ хүрсэн ажил, арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Баянзүрх дүүрэг 40 гаруй мянган ахмад настантай. Нийслэлийн нийт ахмад настны 25 орчим хувь нь манай дүүрэгт оршин суудаг гэсэн үг.
Тэдгээрээс манай Ахмадын холбоо 12 мянга орчим намын гишүүнтэй. Тиймээс эдгээр ахмадаа баярлуулахын тулд уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээ байгаа юм. Манай дүүргийн намын хорооноос 2015 онд анх Ахмадын баярыг тохиолдуулан, ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ удаад 5555 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Манай дүүргийн хувьд 28 хороотой байж байгаад 43 болж өргөжсөн. Энэ хэрээр дүүрэг, намын хорооны зүгээс зохион байгуулж буй арга хэмжээг нийтэд хүртээмжтэй байдлаар хийх шаардлага үүссэн.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1990 оны арванхоёрдугаар сард Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэж эхэлсэн бол манай улс 1992 оноос хойш буюу энэ жил 31 дэх жилдээ “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ бол ахмадуудын хувьд их сайхан өдөр байдаг. Өөрөөр хэлбэл, манай ахмадууд өөртөө барагтаа анхаарал хандуулдаггүй. Үр хүүхэд, ач зээгээ харж хандах зэргээр өөрийгөө үргэлж хоёрдугаарт тавьдаг. Тиймээс нэг өдрийг өөртөө зориулаад үе тэнгийнхэнтэйгээ уулзаад, найз нөхөд болох, хуучин танилаа олж уулзах боломж байдаг. Энэ ч үүднээс ахмадууддаа цаг гаргаж, нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаад ахмадуудынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Манай дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд маань хүрэлцэн ирсэн байна.
Миний бодлоор УИХ-ын гишүүн хүн ард иргэдийнхээ дунд байх учиртай. Манай дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд иргэдтэйгээ үргэлж эргэх холбоотой ажилладаг. Биднийг хүндэтгээд гишүүд маань хүрэлцэн ирсэнд ахмад хүнийхээ хувьд, ахмадын сонгуульт ажилтны хувьд баяртай байгаагаа илэрхийлье. Ахмадууд бидний хувьд тавын тоо хамгийн чухал тоо байдаг. Сургуульд анх ороход л онц, сайн, дунд гэж дүгнэдэг байлаа шүү дээ. Хамгийн сайн байсан нь тавын тоогоор үнэлүүлдэг. Энэ бэлгэдлээ бодсон ч Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлогын цөм болох “Таван Ш” арга хэмжээ, бүсчилсэн хөгжлийн “Таван цагариг” төсөл зэргийг авч үзэхэд 5555 ахмадыг нэгэн дор цуглуулсан нь өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.
Манай дүүрэг ч УИХ-д таван гишүүнтэй. Энэ бүгдийг бэлгэшээж, өнөөдөр бид 55 ээжээр сүүн цацал өргүүллээ. Ээж бүхэн үр хүүхэд, эх орныхоо төлөө тэнгэр бурхандаа сайн сайхныг даатгаж, хөх тэнгэр, алтан нарандаа залбирдаг. Хэдийгээр ахмад хүн бүрд хүрч ажиллахад хүндрэлтэй ч манай дүүргийн Намын хорооны дарга Э.Бат-Амгалан, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын хувьд маш санаачилгатай ажилладаг.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн шинэчлэлийг дорвитой хийлээ. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд итгэлцүүрээр тэтгэврийг жил бүр нэмэгдүүлж байхаар болсонд ахмадууд бид маш их талархалтай хандаж байгаа. Энэ бодлогын хүрээнд тэтгэвэр авагчдад төрийн зүгээс шударгаар хандах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ ташрамд, ахмадууддаа хандаж хэлэхэд тэтгэврийн хэмжээ бол ажилласан жилтэй, нийгмийн даатгалд хэчнээн төгрөгийн шимтгэл төлсөн бэ гэдэгтэй шууд холбоотой учраас асуудалд бодитоор хандах хэрэгтэй.
Хүн бүр адил хэмжээний тэтгэвэр авна гэж байхгүй шүү дээ. Ер нь энэ жилийн тэтгэврийн нэмэгдлээс гадна төр засгийн зүгээс ахмадууд биднийг олон талаар дэмжиж, бодлогоо чиглүүлж байна. Тухайлбал, ахмадуудаа ядуурлаас гаргах, амьдралыг нь дээшлүүлэх хүрээнд Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд маш их анхаарч байгаа нь бидэнд мэдрэгдэж байна. Мэдээж нэг дор бүх асуудлыг шийдэж, төгс төгөлдөр болгох боломжгүй ч хороо, дүүрэг, төр засгийн зүгээс ахмадуудыг бодлогынхоо цөмд байлгаж, анхаарал хандуулж байгаад бид бүхэн талархалтай явдгаа танай сониноор дамжуулан илэрхийлье.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна