Алексей Цыденов: Монгол, ОХУ-ын хамтын ажиллагаа тээвэр логистикийн салбарт үргэлжилнэ


ОХУ-ын Владивосток хотноо Азийн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээг тэлэх зорилготой Дорнын эдийн засгийн форум болсон. Уг форумд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Улсын зөвлөлийн дэд дарга Жан Гөүцин, Бүгд найрамдах  ардчилсан Лаос улсын дэд Ерөнхийлөгч Пани Ятхоту, Мьянмар улсын дэд Ерөнхий сайд буюу Ерөнхий сайдын орлогч, Тээвэр харилцаа холбооны сайд Мия Тун Оо зэрэг албаны хүмүүс оролцсон юм.  Мөн дипломат корпусын 12 тэргүүн Дорнын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэв. Энэ удаагийн форумын хүрээнд Монгол-Оросын бизнес харилцааны талаар хэлэлцэх салбар хуралдааны зохицуулагчаар Буриад улсын тэргүүн Алексей Цыденов ажилласан юм. Тэрбээр бидэнтэй форум болон Монгол-Оросын салбар хуралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

-Монгол-Оросын бизнес харилцааны талаар өрнүүлсэн яриаг та хэрхэн дүгнэх вэ?

-ОХУ-ын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа томоохон төслийн нэг нь 880 МВт хүчин чадалтай ДЦС барих ажил юм. “Интер-РАО-экспорт” ХХН-ийн Ерөнхий захирал Максим Сергеев форумд оролцохдоо “Эрчим хүчний хөгжлийн талбарт Монгол Улс ОХУ-ын стратегийн түнш мөн” хэмээн онцлон тэмдэглэсэн.  Мөн тэрбээр “Монголын эрчим хүчний тогтолцоог өнгөрсөн зууны жараад оны үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулсан. Энэ тогтолцоог бүрдүүлэх цахилгаан станцуудыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрэн шинэчилж засварлах цаг нь болсон” гэж хэллээ. Өнөөгийн байдлаар “ДЦС-3”-ыг барих туршилтын төсөл бэлэн болсон бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэх явцад нийт 300МВт хүчин чадалтай гурван шинэ турбин, мөн гурван бойлер суурилуулан тавихаар төлөвлөж, уг байгууламжийн эрчим хүчний нийт хүчин чадал нь 880 МВт байхаар тооцоолсон. Монгол Улсын Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улс ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлсэн. Нийт эрчим хүчний 20 орчим хувийг ОХУ бүрдүүлж байна” гэж бидэнд мэдэгдсэн.  

Хоёр улсын хооронд хэрэгжүүлэх хоёр дахь томоохон төсөл нь тээвэр логистикийн салбарт өрнөх юм. Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ОХУ, БНХАУ, Монгол Улсыг холбосон төмөр замыг шинэчлэн өргөтгөх ажил 2015 онд хүрсэн тохиролцоо хэлэлцээрийн дагуу явагдана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Оросын талыг төлөөлж буй хүний хувьд энэ төслийн хүрээнд өрнүүлж эхэлсэн үйл ажиллагаа нь төлөвлөгөөнөөсөө түрүүлэн өрнөж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Одоо ачаагаа тээвэрлэх л үлдэж байна.

-Хоёр талын хамтын ажилла­гааны хүрээнд ямар асуудлыг чухалчлан үзэж байгаа вэ?

-Оросын зах зээлд мах нийлүүлэх асуудал ихээхэн анхаарал татаж байгаа байх. Монгол Улс мал аж ахуйн салбарт маргаангүй тэргүүлэх байр суурийг эзэлдэг тул чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар махны нийлүүлэлтийг маш богино хугацаанд 50 мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой. Форумын үеэр “Монгол мах дээд зэргийн чанартай, премиум  ангиллын мах тул хэрэглэгчээ олох нь гарцаагүй” гэж Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев дүгнэсэн шүү дээ. Монгол маханд дуртай ямар ч монгол, буриад хүний адил, би ч гэсэн энэ үгтэй бүрэн санал нийлж байна.

Форумын явцад хоёр улсын барааны эргэлтэд эерэг өөрчлөлт ажиглагдсаныг онцоллоо. 2022 оны эхний хагаст барааны эргэлт 40 хувь буюу хоёр тэрбум 600 сая ам.доллар хүртэл өссөн байна.  ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Дмитрий Вольвач “Монголчуудыг Евразийн асар том зах зээлээс салгалгүйгээр Оросын зах зээлд гарснаар хамтран ажиллах асар их логистикийн, төлбөр тооцооны, хамтын ажиллагааны боломж бүрдэнэ. Эдгээр нь зөвхөн хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны боломжоос хавьгүй илүү боломж юм” гэж тэмдэглэсэн. Мөн энэ жилийн хувьд ОХУ-аас эрдэс түлш, хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, малын тэжээл, органик бус химийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж нэмж хэлсэн. Оросод Монголын тансаг зэрэглэлийн нэртэй брэндүүд буюу GOBI, Yalguun Accessories, GOYO, Bodio's, Munkh Cashmere-ийн бүтээгдэхүүнийг  сайн мэддэг ба Оросын томоохон хотуудад өөрсдийн худалдааны төв, жижиглэнгийн худалдааны сүлжээг байгуулахыг санал болгож байгаа.  

-Форумын үр дүнг та хэрхэн дүгнэх вэ?

-Монгол Улстай хөрш газар нутгийг удирдан захирдгаас гадна миний аав буриад хүн учир Монгол Улс миний хувьд онцгой байр суурь эзэлдэг. Манай хоёр улсын харилцааны цар хүрээ улам өргөжиж тэлсээр олон салбарт өрнөж байна. Худалдаа, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбар гээд бүгдийг тоочих аргагүй шахам болсон. Ялангуяа ургамал үржүүлгийн талбарт хамтын ажиллагаа бий болж байгаа нь тэмдэглүүштэй. Манай улсын мод үржүүлгийн төвүүд бут сөөг, модны суулгац нийлүүлэх гэрээ байгуулсаар байна.  Манай улсын иргэдийн ярианд Монгол гэдэг үг ойр ойрхон давтагдаж, улам олон зочин гийчин, бизнес эрхлэгч, хамтран ажиллах түншүүд Буриадыг зорьсоор байна.  Үүнд баярлахгүй байхын аргагүй. Манай хүүхдүүд “Найрамдал” зусланд амрахаар явж байна. Харин монголчууд Байгаль нуурын хөвөөнд амрахаар зочилж байна. Монгол Улс ОХУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой түнш мөн. ОХУ бусад улстай хуурай газраар хиллэж буй хамгийн урт хил нь Монгол Улстай хиллэж байгаа шүү дээ.  Буриад улсын хувьд монголчууд, Монгол Улс нь ахан дүүсийн барилдлагатай, түүхэн үндэс холбоотой найрсаг ард түмэн юм. Манай хоёр ард түмний хоорондын ажил албаны болон нөхөрсөг харилцааны цар хүрээ тэлж байгаад би чин сэтгэлээсээ  баярлаж байна. Монгол хэл буриад хэлний хөгжилд асар их түлхэц өгч байна. Тун удахгүй, маш ойрын ирээдүйд бид хамтын ажиллагааны үр өгөөжийг бүхий л салбарт мэдэрч, хүртэх болно гэдэгт итгэлтэй байна. Манайд ирж зочлоорой.  Та бүхнийг ямагт баяртайгаар угтаж авна.


Б.Номуун

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22