Чиндао ба мөрөөдлийн Чайнавуд


 Түрүүч нь №036 дугаарт

Өнгөрсөн дугаарт нийт­лүүлсэн бичвэр хэтэрхий албан ёсны ч юм шиг болсонд гэмшингүй л сууна. Олзуурхууштай нэг  зүйл нь хятадууд хурал хуй гэж хэлбэрдэж удаан суухгүй юм. Нэг хүний илтгэл товч бөгөөд тодорхой. Маш богино. Ярихаасаа хийх нь, хэлэхээсээ харуулах зүйл ихтэй улсын онцлог  юм даа. Иймдээ ч ганц өдөр хуралдаад, аялал жуулчлалын чухал контентуудаа сурталчлахыг илүүтэйд үзсэн байх.  Бидэнд сонирхуулах төлөвлөгөөт газруудын нэг нь Яньтай хотын “Ремеген” био эм бэлдмэлийн үйлдвэр аж. 2008 онд байгуулагдсан уг үйлдвэрт доктор Фан Жяньминь тэргүүтэй 30 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүдийн судалгаагаар дэлхийн жишигт нийцсэн  томоохон 15 төслийг хэрэгжүүлсэн байна. 2021 онд “Telitacicept” болон “Disitamab Vedotin” зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хоёр шинэлэг эмийг зах зээлд гарган, үндэсний эрүүл мэндийн даатгалын системд хамруулжээ. 2022 онд үйл ажиллагааны орлого 597 сая юань байсан бол 2023 оны эхний улиралд 168 сая юаньд хүрчээ. Уг үйлдвэрт коронагийн вакцин үйлдвэрлэсэн эсэх бидэнд сонирхолтой байв. Гэвч уг үйлдвэрт тус вакциныг үйлдвэрлээгүй гэнэ. Бид Яньтай хотоос автобусаар Чиндаог чиглэлээ. Шаньдун мужийн өмнөд хэсэгт орших хотын тухай Хятадын олон ангит киноноос үзэж байснаа дурсан санав. Уг кинонд хотын гаралтай бүсгүй, хөдөөний тариачны хүүтэй Чиндаод хамтын амьдралаа эхлүүлж буй түүхийг өгүүлдэг. Тэс өөр орчинд амьдарч ирсэн хүмүүс хэрхэн биесдээ автаж буй нь сонирхолтой. Язгууртан гаралтай эмэгтэй нөхөртөө нууцлаг эрхтнээ өдөр бүр угаахаас авахуулаад, эхэндээ ахуйн наад захын мэдлэггүйг нь илтгэх “хичээлүүд” орно. Нөхөр эмзэглэж, олзуурхах зэрэг сэтгэл зүйн түмэн өнгөөр хандах авч явцдаа үр хүүхдээ хамтдаа амьдралд сургана. Энэ мэт кинонуудаас мэдээж бидний багаас нэрлэж заншсан “заваан хятад” хүмүүс төлөвшиж ирсэн болов уу. Шороон түмэн хүнийг өөр яаж ч соён гэгээрүүлэх билээ дээ. Уг нь нэг айлын олон хүүхэд гэхээсээ цөөхнийг хүмүүжүүлэх хэцүү гэлцдэг. Олон хүүхэд багаар ажиллаж сурахын зэрэгцээ ядаж л уралдаж халуун хоол идээд, эрүүл саруул бойждог бол ганц нэг хүүхэд амттан гэх хороор угжуулсан, зожигдуу, эрх дураараа болж өсөх тал бий. Улс үндэстэнд ч ялгаа алга аа. Чиндао хот үзэх сургаар нэгэн танил маань “Холливуд шиг Чайнавуд Чиндаод бий. Түүнийг л үзээрэй” хэмээн аминчлан захисан. Хятадын хамаг гоё кино зураг авалт хийгддэг “Чайнавуд”-ыг үзэх сонин л байлгүй яах вэ. Бидний хэлмэрч өвөрмонгол охин Үрлээгээс энэ тухай асуухад “Би судаллаа л даа. Тэр газар руу хүрэхийн тулд та автобусаар бараг цаг орчим явах байх” гэв. Албан ажлаар яваа хүн том толгойлж болохгүй тул дараа, хувиараа аялахдаа үзэх газрын төлөвлөгөөнд оруулаад энэ асуудлыг мартлаа.  
10 гаруй сая  хүн аж төр­дөг Чиндао хот нь аргагүй л дэлхийн анхаарал татсан, загас агнуур, далайн тээвэрлэлт, аж үйлдвэржилт, аялал жуулчлалын хүчирхэг бүс юм. Энэ хотыг Германчууд 99 жилийн хугацаатай түрээслэхдээ хүнийрхсэнгүй. Хот төлөвлөлтийг европ стандартаар хийж, алдарт Цинтао шар айрагны үйлдвэрийг бүтээн байгуул­жээ. Мэдээж тэд худалдааны гармыг дэлхийтэй холбосон нь тодорхой. Чиндаод буудалласан өдрөө бид оройн хоолонд орлоо. Далайн эргийн хотуудаар явсан хүн идсэнээ гайхуулдаг муу хүн болохгүй бол алдас биз. Шив шинэхэн сам хорхой, загас, далайн орхоодой тэргүүтний амтыг яахан мартах билээ. Махан хоолыг бол эх нутагтаа ирээд үргэлж идэх учраас эдгээрийг олзуурхан хүртэж л таарна. Нөгөө талдаа миний хувьд аялал жуулчлалын бизнес эхлүүлж үзэхдээ “Хятад хүнд хоолыг нь яг цагт нь л өгчих юм бол энэ дэлхийн хамгийн амар жуулчид шүү дээ” гэж харилцагч маань хэлж байсан санагдана. Энэхүү заншлаар очсон газар бүрдээ өдөрт гурван удаа яг цагтаа хооллоцгоож, идээний тансгийг хүртэж явахдаа бидэнд зориулж өөрсдөө төдийлөн ач холбогдол өгдөггүй махан хоолыг цэсэнд багтаах даалгавар “дээрээс” өгснийг цухас сонссон юм. Дэлхийн сүйрлийн тухай гайхамшигт бүтээл болох “2012” кинонд хижээл насны хятад эмэгтэй “Идчихээд үхнэ ээ” гээд тахиан толгой тас цавчдаг шүү дээ. Энэ бол хятад гүрний хооллолтын соёлын түмэн утгыг шингээсэн ганц өгүүлбэр. Он цаг улиран одох бүрд хоолны нэр төрөл олширч, таваглах дэг жаяг нь урлагаар бол сонгодог хэмжээнд хүрчихсэнийг бид харсаар байна. Далайн эргийн эл хотуудын ширээнд шинэхэн далайн хүнс, ширээний чимэглэл тэргүүтнийг сэтгэл сэргэтэл соёрхуулах нь нэн таатай. Мөн үдийн хоолны үеэр “Ши дарга ажлын цагаар согтууруулах ундаа уухыг хориглосон” хэмээх үгийг байнга давтан, хундага тус бүрд ундаа аягалаад “Гамбэй” хэмээнэ. Энэ нь цаад утгаараа “Бид хууль дүрмийг ёсчлон биелүүлдэг” гэхтэй агаар нэг сонстоно. 

Хясаан дундах сувд

Чиндао хотод ирсэн оройноо манайхан далайн эргээр зугаалав. Тийш алхах замд биднийг байрлуулсан буудлын наахна ШангриЛа  гэрлэн чимэглэлээр гайхуулсан барилгуудын дунд ихэмсэг оршихыг харваас хотын төвд төвхнөсөн бололтой. Гэхдээ далайн эрэг дэндүү ойрхон юм. Эрэг дагуу худалдааны гудам зэрэгцэнэ. Энд бэлэг дурсгалын зүйлс голчлон, хиймэл, жинхэнэ сувдан ээмэг зүүлт худалдаалж байна. Уг нь юун Тайланд, эндээс жинхэнэ хясаан дундах сувдыг олох боломжтой ч яг түүгээр төрөлжсөн хэсэг бидэнтэй таарсангүй. Бизнес аяллаар явбал төвөггүй олох биз ээ. Эргийн гол талбайд гитар, бөмбөр хоршуулан дарж буй залуухан эр, бүсгүй хоёрын дэргэд бидний нөхөд цуварсаар цуглав. Энд сэтгүүлч Амартүвшин ая дуугаа өргөлөө. Тэр хаана ч шүлэг уншчихдаг, дуулбал дуулчихдаг авьяаслаг нэгэн билээ. Хөөрч догдолсон багийнхан бүжиглэж, дуулж хэсэг саатлаа. 
Маргааш өглөө нь бид 1903 онд байгуулагдсан “Цинтао” шар айрагны үйлдвэрийн гадна ирчихсэн уулга алдан зогсоцгооно. Чиндаог Цинтаогоор, Цинтаог Чиндаогоор төсөөлдөг тул зочдод хамгийн эхэлж үзүүлэх соёлын өв яах аргагүй мөөн. Цинтаогийн бүхэл бүтэн дүүрэгт орон орны аялагчид, дотоодын сонирхогчид хөлхөнө. Гудамжийг тэр чигт нь Цинтаогийн бэлгэдэл болгон тохижуулжээ. Ямар сайндаа “Хүний найзууд цэцгэн дунд, миний найз Цинтао дунд” гэж нүүр номдоо олзуурхан шургуулсан сториноос болж баахан дооглуулах вэ дээ. Цинтао музейд уг шар айргийг үйлдвэрлэсэн анхны “Siemens” брэндийн тоног төхөөрөмжүүдийг бахархалтай залжээ. Цинтао шар айрагны жорыг зохиосон герман эр Хансенийг тэд үргэлж дурсана. “Хансений лаборатори”-ийг тэрхүү түүхт эрдэмтэн амьд сэрүүн ажлаа хийж суугаа мэт бүтээжээ. Цэнхэр хувцастай тариачин эрс буудайн талбайд ажиллаж буй дүр зураг соньхон. Өнөөх Чиндао хотын түүхийг өгүүлсэн кино бодолд амилна. Миний хувьд хамгийн сонирхол татсан нь зар сурталчилгааны хэсэг. Нэрт жүжигчин, хятад эмэгтэйн зураг бүхий постерууд он цагийн сүр хүчийг илтгэнэ. Брэндинг хийж ирсэн түүхийг он дарааллаар зурагт хуудсаар өгүүлжээ. Анх харилцаа холбоондоо ашиглаж байсан телефон аппарат, бичгийн машин, үйлдвэрийн туслах ажилтнууд уламжлалт хувцас тэргүүтэнтэйгээ үйлдвэрийн дамжлагад “амьдаараа” сууж байх нь тэр. Аж үйлдвэрлэлийн өвийг хамгаалах, сурталчлах бодит жишээ юм даа. Хамгийн хөгжилтэй нь эл музейн “Согтуу өрөө”. Үүнийг одоо хэд D-ээр тохижуулсныг хэн мэдлээ. Өрөө рүү оронгуут гуйвалзаж дайвалзаад, хашлаганаас зуурсаар арайхийн гарч ирэхдээ элгээ хөштөл инээлдэнэ, зарим нь алмайрна. Хэт согтвол ийм байдалтай гэсэн хошин сануулга бололтой. Төгсгөлд нь жуулчдыг Цинтао худалдааны танхим угтана. Эндээс Цинтаогийн бэлгэдэл бүхий бүх л бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой. Аяллын сүүлийн шатанд шар айрагны клуб угтаж хүссэнээрээ ууцгаалаа. Энэ нь түүхийн дурсгалт, онцлогтой музей учраас Ши даргын зарлиг үйлчилдэггүй бололтой. 

Төлөвлөлт үү, зөгнөлт кино юу

Бид Чиндао хотын хөгжлөөр битүүхэн бахархаж явсаан. Хот төлөвлөлтийн ордон хэмээх музейд ороход төсөөллөө видеогоор үзүүлж байна аа. Хятадын онцлогтой социализм гэгч нь Чиндао хотыг үндэсний төв, оршин суугчид нь аз жаргалтай, шинэлэг олон улсын хот болгохыг хичээж буйг өгүүлжээ. Ам юугаар бялхана, амьдрал түүгээр далай шиг давалгаалах нь уу гэмээр дүрслэл. Ерөөс зөгнөлт кино мэт төлөвлөж чадаж байна аа. Юм үзээгүй л хүмүүс байгаа биз. Гайхширсан шиг гайхшираад өгье л дөө. Эндээс гараад дэлхийд гайхагдаж буй  “Сүнсэн гарам”-д ирцгээлээ. Дэлхийн хамгийн том хөлөг онгоц ч энд саатаж болох хийгээд тус төслийг 2013 оны аравдугаар сард 13.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар баталснаас өдийд 11.3 тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг дуусгажээ.  Контейнерийн ачиж буулгах хурдаар дэлхийн зургаан удаагийн рекордыг дараалан эвдсэн гэв. Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү далайн тээврийн боомтын үйл ажиллагаанд нэг ч хүн харагдахгүй байгаа нь гайхмаар аа. Энэ бол хиймэл оюун ухаанд суурилсан технологи юм байна. Нийт 1300 ажилтны хөдөлмөрийг орлож байгаа аж. Ачиж буулгах, ангилах гээд бүгдийг нэг ёсондоо робот гүйцэтгэж байна.  
Технологийн дэвшлийг гайхшируулсан аялал үргэлжилсээр “Haier” брэндийн электрон барааны үйлдвэрт хүрлээ. Энэхүү төслийн хүрээнд дээд зэрэглэлийн 400 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.  2022 онд Чиндаогийн “Haier” угаалгын машины борлуулалт 5 тэрбум 280 сая юаньд хүрч, жилийн татварын орлого 131 сая юаниар хэмжигдэн, 1381 хүнийг ажлын байраар хангажээ. “Haier” брэндийг үүсгэн байгуулагчдын тухай киног бид нэгэнт үзсэн шүү дээ. Эндхийн бүтээгдэхүүнийг хараад манайд ямар нь орж ирээд байдгийг ерөөсөө ойлгосонгүй.  
Чиндаогоос Хөх хот руу онгоцоор ирлээ. Энд ёстой хойд зүгийг санагдуулсан хоолоор дайлуулаад “Эрээнэнград” руугаа буцацгаав. “Таваглалт, чимэглэлээ гоё хийхгүй бол хоол зараад хэрэггүй” гэдэг уриа гарчихаагүй байгаа даа. “Зам хурдлуулаад” Эрээнд ирэх ч сайхан шүү. Дөрвөд хошуу дөхөөд ирэхээр нутгийн минь эзгүй тал л санагдана. Бие засах газрууд ч өнгө ижилдүү болоод хувирчихлаа. Буцахад хурдны биш замаар явж, хааяа хээр талд зогсох ч бид хүний нутагт ил задгай бие засахаас жийрхээд байсан. Дүрэм журмаа ягштал биелүүлдэг явдал хүнийг ийм л болгодог юм байна. Түүнээс гадна нийтийн тээврийн хяналт маш сайн. Замд зогссон л бол тэндээ 20 минут заавал зогсох хатуу журамтай. Мэдээж, жолооч нар хэзээ ч дүрмээ зөрчихгүй.
     
Аян замын андууддаа баярлалаа

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XIV форумд гишүүн байгууллагуудаа амжилттай оролцуулсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр танд халуун талархал илэрхийлье. Сэтгүүл зүйн салбарын үе үеийн төлөөллөөс бүрдсэн эвсэг хамт олон энэхүү аяллаас бүрдсэн гэдэгт итгэлтэй байна. Залуустаа үлгэрлэхүйц сониуч, тэвчээртэй, дундаршгүй мэдлэгтэй МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ахмад сэтгүүлч Я.Сумьяа, Гавьяат сэтгүүлч Н.Даариймаа нартаа эрүүл энхийг хүсье. Долгион нийлсэн хамт олондоо баярлалаа.  


 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22