Монгол Улсын хүн амын тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 3 457.548 болж өмнөх оноос 47.6 мянгаар нэмэгджээ. Жилийн дундаж өсөлт 1.4 хувь болсон бөгөөд 55 наснаас дээш насны эмэгтэй, 60 наснаас дээш насны эрэгтэй ахмад настан 9.5 хувийг эзэлж 364593 мянгад хүрчээ. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 байгаа бол эмэгтэйчүүдийнх 76.7 байгаа юм. Хүн амын дундаж наслалтыг тодорхойлохдоо насжилтын хүснэгт байгуулдаг.
Уг хүснэгтийг хийснээр хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал, тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах дундаж хугацаа зэргийг тодорхойлдог. Тухайлбал, 60 настай эрэгтэй цаашид дунджаар 17.4, эмэгтэй 23.2 жил наслах тооцоо гарсан байдаг ажээ.
2030 оны төсөөллөөр ахмад настны эзлэх хувь хүн амын нийт тоотой харьцуулахад 12.9 хувь байхаар хүн ам зүйн тооцоолол гарч байна. Монгол Улсын нийт өрх 941531 байгаа бөгөөд үүнээс 47.1 мянга буюу таван хувийг ахмад настны өрх эзэлж байна.
Улсад 2022 оны эцсийн байдлаар нийт өндөр насны болон цэргээс тэтгэвэрт гарсан 485.3 мянган хүн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Үүнээс 401168 хүн бүрэн тэтгэвэр авдаг бол 84159 хүн нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагч байгаа аж. 2023 оны хагас жилийн байдлаар нийтдээ 84.1 мянган ахмадууд бүх салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм.
Дундаж тэтгэвэр 2016 онд 310.7 мянга байсан бол 2017 онд 312.9 мянга, 2018 онд 346.1 мянга, 2019 онд 376.9 мянга, 2020 онд 422.9 мянга, 2021 онд 548.4 мянган, 2022 онд 557.9 мянган, 2023 оны шинэ итгэлцүүрийн шинэчлэлээр 683.2 мянган төгрөг болж дундаж тэтгэвэр үе шаттай нэмэгдсэн байна. Энэ жилдээ 40272 хүн шинээр тэтгэвэр авч эхлэхэд 5.4 тэрбум төгрөг зарцуулах бол шинэ итгэлцүүрээр нэмэгдсэн нийт ахмадуудад 175.2 тэрбум, нийтдээ 180.6 тэрбум төгрөгийг зарцуулах юм.
Монголын ахмадын холбооноос ирүүлсэн судалгаанд ахмадын ордон 21, ахмадын өргөө 188, ахмадын төв 18, ахмадын танхим 214 ажиллаж байна. МАН-ын гишүүн ахмадууд Монгол Улсын нийт ахмадуудын 26.9 хувийг эзлэж байна. МАН-ын гишүүн нийт ахмадуудын 65.6 хувийг эмэгтэйчүүд, 34.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Аймгуудын дотор хамгийн олон ахмад намын гишүүнтэй аймаг нь Хөвсгөл, харин хамгийн цөөн намын ахмад гишүүдтэй нь Говьсүмбэр аймаг байна. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон намын ахмад гишүүнтэй дүүрэг нь Сонгинохайрхан дүүрэг бол цөөн гишүүнтэй дүүрэг нь Багахангай ажээ.
МАН-ын нийт ахмад гишүүдийн 6.8 хувийг Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, 5.8 хувийг Хөвсгөл аймгийн ахмадууд, 5.5 хувийг Өвөрхангай аймгийн ахмадууд эзэлж байгаа бол хамгийн цөөн 0.2 хувийг Багахангай дүүргийн МАН-ын ахмад гишүүд бүрдүүлдэг аж.
Н. АНХБАЯР
/МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны улс төрийн ахлах ажилтан/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна