Ү.Анхбаяр: Камерын төвтэй болсноор гэмт хэргийн гаралт 41 хувиар буураад байна


 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа.

 

-Чингэлтэй дүүргийг “Ногоон бүс” болгох зорилгоор иж бүрэн камержуулалтын ажлыг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар гэмт хэргийн гаралт, илрүүлэлтэд ямар эерэг үр дүн гарав?

-Одоогоос яг жилийн өмнө буюу 2022 оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн I хорооны 61 цэгт, 148 камер суурилуулснаар “Ногоон бүс” болгосон байдаг. Дараа нь II хорооны 58 цэгт, 138 камер, III хорооны 59 цэгт, 158 камер байрлуулсан. Энэ ажил маш амжилттай, үр дүнтэй байсан учраас бусад хороог үе шаттайгаар камержуулах нь зүйтэй гэдэгт дүүргийн удирдлагууд санал нэгдсэнээр одоо ч үргэлжилж байна. Цаашид энэ ажил дараагийн үе шат руу шилжин үргэлжилнэ. “Ногоон бүс” болгосон хороодод гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт илтэд нэмэгдсэн. Тухайлбал, бүрэн камержуулсан хороодын энэ оны эхний есөн сарын нөхцөл байдлыг өмнөх оны эхний есөн сартай харьцуулахад 4391 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 2.2 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил 28.6, гудамж талбайд танхайрах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах төрлийн хэрэг, зөрчил 40.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болсон согтуу 17 хүнийг 103-т хүлээлгэсэн өгсөн бол 177 хүнийг ар гэрт нь, 119 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Энэ нь хүний амь нас, эрүүл мэнд эрсдэхээс камерын хяналтын тусламжтайгаар урьдчилан сэргийлсэн нэг хэлбэр. Түүнчлэн алга болсон, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны зургаан хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Эдгээрийг дандаа камерын хяналтаар илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авсан гэсэн үг. “Ногоон бүс” болгосон хороодод 2022 оны эхний есөн сард 151 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны есөн сарын байдлаар 89 болтлоо буурсан дүн гарсан. Энэ нь 41 хувиар буюу нэг жилийн хугацаанд 62 гэмт хэргээр багассан үзүүлэлт.

-Камер суурилуулах цэгийг тодорхойлоход цагдаагийнхан хамгийн чухал оролцоотой. Та бүхний хувьд тодорхой тооцоо, судалгааны үндсэн дээр камер байршуулах цэгийг тогтоодог болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Камержуулалтын ажлын бүх шат дамжлага тодорхой тооцоо, судалгааны үндсэн дээр өрнөдөг. Шаардлагатай цэгт байрлуулах ёстой шүү дээ. Тийм учраас хамгийн чухал нь гэмт хэрэг зөрчил үйлдэгддэг буюу давтан гараад байдаг хяналт шаардлагатай цэгүүдийг хамгийн эхэнд сонгодог. Харин энэ цэгийг сонгохын тулд тухайн хороог хариуцсан эрүүгийн мөрдөгч, хэсгийн байцаагч, хорооны цагдаа, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч мөн СӨХ-ныхон баг болж ажилладаг. Оршин суугчид, иргэдээс ч саналыг авдаг. Ингээд камер байршуулах цэгийг тогтоосны дараа инженер техникийн ажилтнууд холбогдох тооцооллоо хийж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэн камер суурилуулдаг. Камеруудын байршлын хувьд нэг нь нөгөөгөө дагаж харж байрладаг. Ингэж байж хяналт нь тасралтгүй үргэлжилдэг, гэмт хэрэгтний явсан мөрийг тасралтгүй бичиж үлддэг гэсэн үг.

-Камерын хяналтыг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, бууруулах зорилгоор ашиглахаас гадна урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр камерын хяналттай бүс шүү гэдэг мэдээлэл хүмүүст буруу зөрүүг хийж болохгүй гэдэг сэрэмжлүүлэг өгдөг болов уу?

-Урьдчилан сэргийлэх ажилд эерэг үр дүн гаралгүй яах вэ. Алга болсон, ар гэрээсээ төөрсөн хүүхдийг олоод байна гэдэг ерөөсөө л камерын тусламжтайгаар хийсэн ажил шүү дээ. Жишээлбэл, алга болсон хүүхдийг багцаа баримжаагүйгээр харанхуйгаар хайх, камерын бичлэг үзээд олж авах хоёрын хооронд асар их ялгаа бий. Цаг хугацаа хэмнэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах гээд маш чухал ач холбогдолтой. Хүйтний улиралд биеэ авч явах чадваргүй болтлоо согтож гудамжинд сууж байгаа, эсвэл унасан хүнийг ч гэсэн холбогдох газарт нь хүлээлгэж өгөөд байна гэдэг нь осгож хөлдөхөөс авахуулаад амь нас нь хохирохоос хамгаалж байгаа хэлбэр. Нөгөө талаас “Камер ажиллаж байна” гэдэг хаягжуулалт хийж, хүмүүст мэдээлэл хүргэх нь урьдчилан сэргийлэх том ажил болж байна. Магадгүй тэр бичгийг хараад хэн нэгэн этгээд ямар нэгэн гэмтэй үйлдэл хийх гэж байсан бол татгалзах тохиолдол ч гарах боломжтой. Нөгөө талаар юу болсныг үнэн бодитоор харуулах тохиолдол ч бий. Энэ тухайд нэг жишээ татахад, өнгөрсөн хавар бусдад зодуулсан байж болзошгүй, тархины гэмтэлтэйгээр Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн иргэн нас барсан тохиолдол гарсан. Тухайн үед хохирогч хоёр хүнтэй хамт архи уусан байдаг. Энэ тохиолдолд ар гэрийнхнийх нь зүгээс хамт архи уусан хүмүүсийг хардаж, сэжиглэх бүрэн үндэслэлтэй байсан. Гэтэл хэргийг шалгах явцад камерын бичлэг шүүж үзэхэд хохирогч хоёр хүнтэй хамт архи уусан нь үнэн боловч автобусны буудлын орчимд 8-9 удаа унасан байдаг. Ингэж унах бүрдээ толгойгоороо хүчтэй савсан. Сүүлдээ босож чадалгүй тэндээ хэвтээд үлдсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон. Хамт архи уусан хүмүүс нь зодсон гэж хардахыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ бол хүн амины хэрэг болоод хувирчихна шүү дээ. Харин камерын бичлэгт тод үлдсэн учраас хэн нэгэнд зодуулаагүй буюу өөрөө удаа дараа унасны улмаас толгойдоо гэмтэл авсан байна гэдгийг бичлэг шүүгээд мэдчихэж байгаа юм.

-Танай дүүргийн хувьд камер­жуулалтын ач тус аль хорооны, аль хэсэгт илүү өндөр үр дүн үзүүлж байна вэ?

-Манай дүүргийн хувьд байшин болон гэр хороолол хосолсон. Дулааны улиралд жуулчин олноор зорчдог төвийн хороодод халаасны хулгайн гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, Их дэлгүүр, Мөнгөн завьяа, Ард кино театр, Баруун дөрвөн зам орчмыг нэрлэж болно. Эдгээр бүс нутгийг бүрэн камержуулснаар гэмт хэргийн гаралт эрс буурсан дүн мэдээтэй байна. Тухайлбал, Их дэлгүүрийн зүүн урд талын явган хүний гарцаар гарч явсан гурван эмэгтэйн нэгийнх нь халаасыг ухаж, гар утсыг нь хулгайлсан хэрэг гарсан. Энэ этгээд хулгайн гэмт хэрэг үйлдчихээд хойшоо гарч яваад гар утасны “Теди” төв ороод өнөөх утсаа ченжид зарсан байдаг.

Түүний энэ бүх үйлдэл эхлэхээс дуусах хүртлээ буюу бүх процесс нь камерт үлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн явсан зам мөрийг тэр чигт нь тасралтгүй бичиж авсан байна гэдэг камерын байршлыг зөв тодорхойлохын ач холбогдлыг бүрэн илтгээд өгч байгаа юм. Бас нэг кейс. I хорооны нутаг дэвсгэрт байрлах обьектод нэвтэрч хулгай хийсэн этгээд “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талд түрээсэлж байсан байрандаа хулгайлсан эд зүйлээ аваад орсон. Энэ бүх процесс мөн л эхлэхээс дуусах хүртэл бүгд камерын бичлэгт үлдсэн байдаг. Өнгөрсөн жил гарсан зам тээврийн бас нэг ноцтой хэрэг бий. Баруун дөрвөн замаас зүүн тийш зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч зам дээр биеэ авч явах чадваргүй буюу согтсон байдалтай сууж байсан хүнийг дайрч, улмаар дугуйн дороо чирч явсаар амь насыг нь хохироосон. Баруун дөрвөн замаас “Бөмбөгөр” хүртэл чирсэн байсан. Энэ хэргийг мөн л камерын тусламжтайгаар тээврийн хэрэгслийн номерыг тогтоож цаг алдалгүй илрүүлсэн.

-Камержуулалт хүмүүсийн зан төлөвт тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу. “Айхгүй ч аягүй” гэдэг шиг камерын бүс шүү гэж бодохоор гэмт хэрэгтэн жишээлбэл, үйлдлээ хянана гэж байх уу?

-Байлгүй яах вэ. Дээр дурдсан тоон мэдээлэл энэ асуултын хариулт болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн гаралт буураад байна гэдэг нь өөрөө гэмт хэрэгтний сэдлийг дараад байна шүү дээ. “ССTV ажиллаж байна” гэдэг хаягжилтыг байршуулж байгаагийн зорилго нь ерөөсөө л энэ юм. Камерын хяналттай болсон гэдэг мэдээлэл авсан хүнээс буруу, хууль бус үйлдэл гаргах магадлал багасдаг. Ерөөсөө гэмт хэргээс гадна хувь хүн, албан байгууллагад ч нөлөөтэй. Гудамжид хогоо хаяхаас авахуулаад зүй бус бүх үйлдэл нь бичигдэн үлдээд байна шүү дээ.

-Камержуулалтын нэгдсэн төвтэй болсны ач холбогдлыг нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй ажилладаг хүний хувьд та хэрхэн дүгнэх вэ?

-Улсын хэмжээнд камер­жуулал­тын тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Манай улсад ч гэлтгүй дэлхий нийтэд иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нэг хөшүүрэг, шалгарсан арга нь камержуулалтын систем болчихоод байна. Тийм учраас манай улсад ч тулгамдсан асуудал учраас цаашид үе шаттайгаар камержуулах ажлыг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай. Дүүрэг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг манай дүүргээс харж болохоор байна.

Камержуулаад орхих бус цаашдын засвар үйлчилгээ, техникийн шинэчлэл, программ хангамж зэргийг цогцоор нь харж, төсөв хөрөнгийг зардал тооцоондоо тусгаж хийх шаардлагатай нь харагддаг. Манай дүүргийн хувьд “Нийтлэг үйлчилгээний газар” энэ бүх ажлыг хариуцдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс 24 цагийн хяналт тавьдаг камерын хэрэглэгч байгууллага гэсэн үг. Ийм эргэх холбоотой байсан цагт камерын хяналтыг утгаар нь хэрэгжүүлэх боломжтой. Камержуулалтын нэгдсэн төвтэй болсон нь бидэнд ч үр дүнтэй ажил болсон. Тухайлбал, камерын хяналтыг өмнө нь цагдаагийн хэлтсийнхэн хариуцдаг байсан. Тухайн үед цагдаагийн хэлтсийн дөрөв дөрвөн албан хаагч ээлжээр камераа хянаж ажилладаг байсан. Харин “Камерын хяналтын нэгдсэн төв”-тэй болсноор I, II хэлтэст үүрэг гүйцэтгэдэг байсан алба хаагчдыг нэг төв дээрээ төвлөрүүлэн ажиллуулснаар хүний хүчийг зөв зохион байгуулалтад оруулах боломжтой болсон.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22