Цалингаа өдөрт нь олгодог цагийн ажил эрэлттэй байна


“Өнөөдөр хаашаа явах бол. Хамт явчих юмсан. Өчигдрийн очсон газар ч дажгүй байсан шүү. Хоёулаа ч гар нийлж, хурдан дуусгасан шүү...” хэмээн хөөрөлдөх залуус 32-ын тойргийн автобусны буудал дээр байрлах жижиг, саарал байшин руу яаравчлан оров. Тодотгож харвал, байшингийн дээд талд “Самушил Монголиа”, “Завтай өдрөө ажиллаад цалингаа өдөртөө ав” гэх хаяг байх нь тэр. Эдгээр үг, өгүүлбэр тухайн газрыг хөдөлмөр зуучлалын төв болохыг бэлэхнээ илтгэнэ. Тодруулбал, тус газар “Самушил Мөрөн” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх салбар.
Дээрх хоёр залуу шиг цагийн ажил хийх хүсэл сонирхолтой, мөн ийм төрлийн ажил хайж, хаана хандах учраа олохгүй байгаа хүмүүст мэдээлэл өгөх үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг тус газраас бэлтгэн хүргэж байна.
Бид энэ сарын 11-ний 08.00 цаг өнгөрч байхад тус газарт очсон юм. Жижиг, саарал байшин нэлээд хөл хөдөлгөөн ихтэй байв. Түүгээр ихэвчлэн эрэгтэйчүүд орж, гарч байлаа. Насны хувьд харилцан адилгүй ч тэдний зорилго нэг. Тодотговол, цаг, өдрөөр ажиллах юм. Ийм зорилго өвөртлөн тус газрын хаалгыг татаж буй хүмүүсийн зарим нь ямар ажил хийх талаарх мэдээлэл авч, улмаар хаана очихоо тодруулаад ухасхийн гарч одох нь тэр.
Харин зарим нэг нь ажлын санал орж ирэхийг хүлээх зуураа халуун цай, кофе ууж өчигдрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлын сонин сайхныг хуучилж суугаа харагдав. Гэхдээ тэдний яриа нэг их удаан үргэлжлэхгүй байв. Учир нь, зуучлалын төвийн менежерийн утас ээлжгүй дуугарч, дуудлага бүрийн дараа хэд хэдээрээ ажилдаа яаран гарч байлаа.

Тэд ажилдаа гарахаасаа өмнө заавал бүртгүүлж, гарын үсэг зурах ёстой. Тухайн бүртгэлд хэн гэдэг хүн ямар байгууллага руу явж байгаа, цалингаа бэлэн эсвэл дансаар авах гэх мэт мэдээлэл багтах бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогч, зуучлагч гурвын ажлыг дүгнэх, мөн эргэх холбоо тогтоох хөшүүрэг болдог байна. Тухайн бүртгэлд өгсөн мэдээллийн дагуу зуучлагч компанийн менежер ажил олгогчоос ажилтанд өгч буй үнэлгээг авч, улмаар ажлын цаг дууссаны дараа цалин урамшууллыг нь олгодог байна. 

Д.Нямсүрэн: Хоёр талын эрх ашгийг хамгаалахыг хичээдэг

“Самушил Монголиа” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг буюу 32-ын тойрог дахь салбарын менежер Д.Нямсүрэн ажил хайгч, ажил олгогч хоёртой утсаар болон биечлэн ярьж, холбогч, зуучлагчийнхаа үүргийг хичээнгүйлэн гүйцэтгэж байлаа. Тэр өөрт нь итгэл хүлээлгэж, сэтгэл гарган ирсэн хүн бүрийг халаас хоосон буцаахгүйг хичээдгээ хэллээ. Түүний ажил ерөнхийдөө 11.00 цаг гэхэд намжиж, бид цөөн хором ярилцах боломж гарав. 
-Ажилтан, ажил олгогч хоёрын дунд зуучийн үүрэг гүйцэтгэхэд ямар саад бэрхшээл тулгардаг вэ. Хоёр талын зүгээс ямар нэгэн асуудал гаргах тохиолдол байх уу? 
-Олон дунд янз бүрийн л хүн байдаг. Ажилтнуудын хувьд зарим нь ажлаа хийдүүлэх гэж оролдох, хүнд, хэцүү гэж голох, ажлаа хийх явцдаа архи уух гэх мэт асуудал гаргах тохиолдол бий. Харин ажил олгогчдын тухайд тохирсон цагаасаа илүү хугацаагаар ажиллуулах, цай хоол, ажлын хэрэгсэл өгөхгүй байх гэх мэт асуудал гаргах тал бий. Ийм асуудлыг бид тухай бүрд нь шийдээд явдаг.  Хэрэв манайхаас гаргасан ажилтан ямар нэгэн асуудал гаргавал тухайн өдрийн 14.00 цагаас өмнө бидэнд мэдэгдэж, тэр ажилтнаас татгалзах, солиулах боломжтой байдаг. Би ажилтан авахаар холбогдож буй хүмүүст хандаж “Та нар хүнийг гадна дүр төрхөөр нь битгий дүгнээрэй” гэж л их хэлдэг дээ. 
-Та бүхэн зуучилж буй ажилтан, ажил олгогч хоёрт ямар шаардлага тавьдаг вэ? 
-Ажилтан, ажил олгогч хоёрын аль аль талынх нь эрх ашгийг хамгаалж, ажиллахыг хичээдэг.  Ажилд гаргаж буй хүмүүстээ аюулгүй байдлын зөвлөгөө өгч, анхаарал болгоомжтой ажиллахыг сануулдаг. Мөн хариуцсан ажлаа бүрэн гүйцэт, сайн хийж дуусгахыг үүрэг болгодог. Ажилд гарч буй хүмүүсийг ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж, ажил цалгардуулахгүйгээр өөриймсөг сэтгэлээр хандаж ажиллахыг л хүсдэг дээ. Ингэж ажилласан тохиолдолд тухайн газраас дахиад ажилтан авах санал орж ирдэг. Заримдаа бүр өмнө нь ажилласан тийм хүмүүсийг явуулаарай гэх зэргээр нэр цохож авах тохиолдол ч бий. Харин ажилтан захиалж авч буй ажил олгогчийн тухайд хүмүүсийн цай хоолыг хангалттай өгөх, тохирсон цагаар ажиллуулах  шаардлага тавьдаг. Мөн ажил олгогчид тухайн ажилтнуудыг бээлий, малгай гэх мэт ажлын багаж, хэрэгслээр хангах ёстой байдаг. 
-Цагийн ажил хийх зорилготой танай төвд хандаж буй хүмүүст та бүхэн болон ажил олгогчид нас, хүйс, ажлын  туршлага гэх мэт ямар нэгэн шалгуур тавьдаг уу
-Бидний хувьд архи уугаагүй байх ёстой гэсэн ганцхан шалгуур тавьдаг. Хэрэв архи үнэртүүлсэн л бол ажилд огт гаргахгүй байх зарчим баримталдаг. Харин ажил олгогчид залуу хүн авахыг илүүд үздэг. Гэхдээ манайд нас, хүйс, бие бялдрын хувьд янз бүрийн хүн ханддаг учраас зохицуулалт хийж гаргадаг. Өөрөөр хэлбэл, ямар ажлын санал орж ирсэн, юу хийхээс нь шалтгаалж, насны хувьд холимог байдлаар явуулах гэх мэт зохицуулалт хийдэг. 
-Эмэгтэй хүн авах ажлын санал орж ирдэг үү? 
-Эмэгтэй хүний ажлын байрны санал харьцангуй бага орж ирдэг. Ерөнхийдөө өвлийн улиралд нэлээд нэмэгддэг гэсэн. Манайх өнөө өглөө /аравдугаар сарын 11/ зургаан эмэгтэйг ажилд гаргасан. Би өнгөрсөн долдугаар сараас эхэлж энэ компанид менежерээр ажиллаж байгаа. 
-Танай салбараас хамгийн олон удаа, тогтмол ажилд гарч буй хэчнээн хүн байна вэ? 
-Энэ салбарыг нээснээс хойш өнөөг хүртэл тогтмол ажилд гарч буй 20 орчим хүн бий. Тэд нарынхаа хэн нь ямар ажилд сайн гэдгийг мэддэг болчихсон. Ажлын санал орж ирэнгүүт түүнийг тийшээ, үүнийг ийшээ явуулъя гээд л шууд хуваарилах жишээтэй. 
Биднийг ийн ярилцах зуур “Хоёр хүн хэрэгтэй байна. Хүн байна уу” гэсээр  нэгэн эмэгтэй орж ирлээ. Түүнийг А.Буянхишиг гэдэг бөгөөд хувиараа барьж буй гараашдаа туслах ажилтан авахаар иржээ. Тэрбээр “Манайх өнгөрсөн хавраас хувиараа байшин, гарааш барьж байгаа юм. Эндээс ирээд л туслах ажилтан авчихдаг. Цаг хэмнээд амар байдаг шүү. Бас найдвартай. Гол нь зөв хүнээ л олж авч чадвал ямар ч асуудалгүй. Гэхдээ олон дунд чадах, чадахгүй, сэтгэлтэй сэтгэлгүй гээд янз бүрийн л хүн байдаг даа. Бид авч буй хүмүүсийнхээ цалин мөнгийг зуучилж буй компанийн данс руу шилжүүлдэг. Тухайн өдрийн ажил дууссаны дараа тэр хүмүүсийн цалинг зуучлагч компани олгох зарчмаар явдаг. Ингэхдээ зуучлагч компани тэр өдрийн хүмүүс ажлаа бүрэн гүйцэт хийсэн эсэхийг биднээс лавлаж тодруулдаг” хэмээн ярилаа. 

Өдөрт 60-70 хүнийг ажил, орлоготой болгодог

“Самушил Мөрөн” ХХК Солонгос, Япон зэрэг хөгжсөн улс орон шиг цаг, өдрийн ажлын үйлчилгээг ийн нэвтрүүлжээ. Тус компанийн захирал Б.Мөнхжаргал ажил хайж буй иргэн, ажил ологч хоёрын цагийг хэмнэх, тэднийг холбох гүүр болох зорилго өвөртлөн одоогоос жил гаруйн өмнө буюу 2022 оны наймдугаар сард өргөн үүдээ нээж байсан бол өдгөө гурван салбартай болж өргөжсөн байна.  Гурван салбар нь бидний хэлж заншсанаар  Яармаг, Цайз, 32-ын тойрогт байрладаг бөгөөд тус салбарын менежерүүд дулааны улиралд өдөрт дунджаар 60-70, хүйтэн сэрүүний үед буюу өвөлд  40-50 хүнийг ажилд зуучилдаг байна. Тухайн компанийн Яармаг дахь салбар орон сууцны хороолол олноор барьж буй газартай ойрхон байрлалтай тул тэд зарим өдөрт 100 орчим хүнийг ажилд гаргадаг аж. Цаашид тус компани талуудын эрэлт хэрэгцээд тулгуурлан, байрлал сайтай газарт дахин салбар нээх зорилготой байгаагаа захирал Б.Мөнхжаргал хэллээ. Тэрбээр “Ар гэр болон бусад тодорхой шалтгааны улмаас тогтмол ажил хийх боломжгүй хүмүүсийг цагийн болон өдрийн ажилд зуучлах, орлоготой болгох зорилгоор анх компани байгуулж, өдгөө гурван салбартай болоод байна. Бид одоогоор жил гаруй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлэхээр шаардлагатай, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэх зэргээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Тухайн газарт бүртгүүлснээр хөнгөлөлт эдлэх гэх мэт давуу талтай болдог юм билээ. Бид ажилтан, ажил олгогч хоёрыг холбогч гүүр болсноор олон мянган хүний ажил, амьдрал ахуйд дэм болсон гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 Ажилтнууд: Тогтмол бус цагийн ажил давуу тал олонтой 

Өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 09.00-19.00 цаг. Гэхдээ тухайн өдөр хэдэн цагт ажилд гарснаас шалтгаалан энэ хугацаа хэлбэлзэх тохиолдол байдаг гэнэ. Цалингийн тухайд эрэгтэй 88000, эмэгтэй 68000 төгрөгийн тогтмол үнэлгээтэй байдаг аж. Үүнээс зуучлагч компани арван хувийн шимтгэл авдаг байна. Тус төвөөр зуучлуулан ажилд гарч буй хүмүүс цаг болон цалин хөлсний тухайд ямар сэтгэгдэл, саналтай байгааг тодрууллаа. 
Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Баттөмөр: -Би саяхнаас энэ газарт хандаж, хэд хэдэн удаа ажилд гараад байна. Ихэвчлэн ганцаараа ажилд явдаг. Тохирсон цагтаа тарж, тэр өдөртөө цалингаа авдаг учраас ямар нэгэн  саад бэрхшээл гардаггүй. Харин аль нэгэн компанид харьяалагдаж ажиллахаар цаг урттай, мөн цалингаа тогтмол өгөхгүй гэх мэт асуудал их байдаг. 
Чингэлтэй дүүргийн иргэн Э.Өсөхбаяр: -Би одоо 100 айл руу ажилд гарах гэж байна. Эндээс өдрийн ажилд хоёр сар орчим гарч байна. Хийх ёстой ажлаа дуусгаад тэр өдөртөө цалингаа авдаг, бас хүссэн үедээ амардаг болохоор цагийн ажлыг илүүд үздэг. Тиймээс би цаашид энэ зарчмаар тууштай ажиллахаар шийдсэн. Одоо би 20 настай. Миний үеийнхэн зарим нь сурч байна. Харин сураагүй зарим нь ажил голж, хойш сууж байна шүү дээ. Бид ажил голохгүй л бол ажлын байр хангалттай байна. 
Баянгол дүүргийн иргэн З.Ганбаатар: -Зуучлалын төвөөр дамжиж би гурав дахь удаагаа ажилд гарч байна. Ерөнхийдөө амар санагдаж байгаа. Ажлаа хийж дуусаад цалингаа авна. Барилгын туслахын ажил түгээмэл байдаг юм билээ. Мөн хувь айлуудын байшин барилга, хашаа хороо янзлах ажил хааяа орж ирдэг. Компанид орж ажиллах нь нийгмийн даатгал төлдгөөрөө давуу талтай байх ч сүүлийн үед барилгын компаниуд цалин мөнгөө тогтмол өгөхгүй байна шүү дээ.  
Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн Д.Ганзориг: -Одоо бид дөрвүүлээ барилгын туслахын ажилд гарах гэж байна. Би зуучлалын газраар дамжуулж өдрийн ажилд гараад гурван сар болж байна. Өдрийн ажлын цалин урамшуулал өндөр. Би үүнээс өмнө барилгын компанид ажиллаж үзсэн. Туслах ажилтны цагийн хөлс 6-8 мянган төгрөг байдаг. Бас цаг урттай. Орон нутагт ажлын байр хомстолтой тул бүгд л Улаанбаатар хотыг зорьж байна. Гэсэн  ч биднийг орон нутгийнх гээд тогтмол ажилд авахгүй эсвэл бага цалинжуулах тохиолдол байдаг. Тиймээс би энэ шийдлийг сонгосон. Ажил хийе гэсэн хүсэл зорилготой хүнд бол ямар ч асуудал гарахгүй.  


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.187
2023/10/27
0
0
Дугаараа
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22