Зохиолч, яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч гээд олон тодотгол зүүж болох ч түүний нэрийн өмнө “Авралын сахиус” хэмээх төгс төгөлдөр утга бүхий Сүрэнжав гэдэг овог нь байхад л хангалттай. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэмээх онгод, авьяас нь халгиж цалгисан гайхамшигтай найрагчийн ууган охин болж төрсөн нь түүний ирээдүйн амьдрал, ажил мэргэжлийг тэр чигт нь зурж, чиглүүлээд өгчихсөн мэт санагддаг. Ш.Сүрэнжав найрагч тэртээ 1979 онд алс холын Москвагаас охиндоо зориулан
Онгодын минь гал цахилсан бамбар
Оргилолт булаг-сэтгэлийн минь уулгалал
Охин минь! гэргийн минь залуугийн зураг
Үйл хэргийн минь үргэлжлэл
Үнэндээ миний залуужсан сүнс
Чиний од
Чамайг ширтэж
Чанх дээр чинь гэрэлтэж байна хэмээн бичиж байжээ. Нэгэн цагт ийнхүү “Онгодын минь гал цахилсан бамбар, үйл хэргийн минь үргэлжлэл” хэмээн бахархан, өхөөрдөн бичиж байсан охиныхоо “Өдөр шиг шөнө” номын өмнөтгөлийг бичихдээ их найрагч бээр “Үлгэр, үнэн хоёрын завсар сэтгэл минь үүлгэртэвч зүрхэнд минь үл мэдэг аялгуу хангинасаар буйг мэдэрнэм. Энэ бол ямар нэгэн хөөр баярынх бүлгээ. Яагаад гэвэл үзэгний дороос ундрах үгийн шид надаар үл дууснам. Миний үйл хэргийн үргэлжлэл охин минь билээ гэх бодлын ариухан атлаа яруухан хөг дуурьсал эгшиглэнэм бүлгээ” хэмээн догдлол, бахархал дүүрэн бичээд
Охин минь
Холыг зорь
Холхыг мөрөөд!
Чиний од
Миний од хэмээн адисласан байдаг.
Ийм л адис жанлавтай найрагч аавын охин уран бүтээлийн онгод, хийморь, олз омог дүүрэн явахаас аргагүй. Нэр алдар шигээ утга гүн, агуулга өргөн, сайтар билгийн сахиус мэт үгсийг аав нь түүний номд эрхшээн соёрхсон ажгуу. Эдүгээгээс 20 гаруй жилийн тэртээ Сүрэнжав найрагчийн шүншигт үгстэй хамт уншигчдын гар дээр тавьсан “Өдөр шиг шөнө” түүвэр нь тууж, өгүүллэгийн арваад ном, хоёр роман, орчуулгын мөн арав гаруй номыг араасаа дагуулжээ. Түүний бүтээлийн гурван боть түүвэр нь удахгүй хэвлэгдэнэ. Мөн олон жилийн хөдөлмөр шингээж орчуулсан япон ардын үлгэрүүдийг нь “Адмон” ХХК хэвлэхээр болоод байгаа аж.
Амьд домгуудын амилуулсан хит
Сүрэнжавын Хишигсүрэн хэмээх энэ нэрийг уншигчид анх “Үнэн”, “Өнөөдөр”, “Соёл-Эрдэнэ” зэрэг сонины хуудаснаас уншсан бол хожим “Эмзэг сэтгэлийн уянга”, “Өдөр шиг шөнө”, “Зуун горхины мэлмэрээ” зэрэг өгүүллэг, тууж, яруу найргийн номуудын хавтаснаас харж дахин танилцсан юм. Удалгүй Японы сонгодог яруу найраг, өгүүллэгийн олон орчуулгын дор Сүрэнжавын Хишигсүрэн гэсэн нэр олонтаа үзэгдэх болжээ. Эдүгээ түүний шүлгүүд Японы далайн эргийн өндөр зэрэглэлийн зочид буудлуудын хананд сийлээстэй байх нь олонтаа гэнэ. Хаданд ч юм уу, эсвэл хананд шүлгээ сийлүүлэх нэг хэрэг. Хүний сэтгэлд “сийлэх” аваас тэр мөнхийн бүтээл билээ. С.Хишигсүрэн найрагчийн шүлгүүд тийм хувь тохиолыг олсон нь нэг бус аж.
“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан “Хожуу хайр”, “Харанга” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын “Зуу зуун жил чамайгаа хайрламаар байна” гэдэг хоёр дууг нэрлэхэд хангалттай.
Чи минь наддаа хүрээд ирсэн
Чин хүслээ бэлэглээд ирсэн
Харин тэгэхдээ хожимдож ирсэн
Хайрын дуутайгаа надад ирсэн
Хорвоод чамайгаа би чинь мартахгүй
Хайрынхаа дээдээр мөрөөдөж явъя даа
Холын хоёр дотно уулс шиг
Хоёр биенээ холоос харж
явъя даа
Хайрлаж явъя даа...
Энэ бол эдүгээгээс 35 жилийн тэртээ 1988 онд зохиосон “Хожуу хайр” дуу. Удаах дуу нь 20-оод жилийн өмнөх хит. Үг нь хүн бүрийн зүрхэнд бий.
Зуу зуун жил би чамайгаа хайрламаар байна
Зуу зуун би зөвхөн чамаараа хайрлуулмаар байна
Мянган мянган жил ганцхан чамайг энхрийлмээр байна
Мянга мянган жил оддын доор
би чамайг хайрламаар байна...
Монголын рокийн амьд домог болсон энэ хоёр хамтлагийн аливаа тоглолтод дээрх хоёр дуу дуулагдахгүй өнгөрнө гэж үгүй. Фэнүүд нь ч энэ дуунуудыг сонсож байж л салдаг. Үгийн шид, эгшгийн увдис найрсан цогцолсон болохоор арга ч үгүй биз. С.Хишигсүрэн найрагч “Зуу зуун жил чамайгаа хайрламаар байна” уран бүтээлийн цэнгүүнээ эдүгээгээс таван жилийн өмнө зохион байгуулж байв.
Утга соёлын улаа нэхэгч
Тэрбээр 1982 онд МУИС-ийг төгсжээ. 1994 онд Япон улсын Токиогийн соёлын ажилтны сургуулийг дүүргэсэн байна. Ийнхүү Япон улс, япон хэл, соёл, уран зохиолтой анх танилцсанаар хожим тэнд ажиллаж, амьдрах, уран бүтээлээ туурвих учиг, сэжим хөвөрчээ. Саппорогийн олон улсын дээд сургуульд Монголын соёл, утга зохиол сэдвээр лекц уншиж, Японы яруу найргийг шимтэн сонирхож, эх хэлнээ хөрвүүлж эхэлсэн байна. Анх Канэко Мисүзү гэдэг яруу найрагчийн жижигхэн шүлгийн түүврийг уншаад маш их таалагдаж, Японы яруу найрагт татагджээ. Канэко Мисүзү бол 1903-1930 онд амьдарч байсан яруу найрагч. 26-хан настайдаа ертөнцийг орхисон. Амьд сэрүүндээ ердөө 512-хон шүлэг бичсэн гэдэг. Түүнийг нас барснаас хойш 50-аад жилийн дараа бүтээлүүд нь Японы утга зохиол, яруу найргийн эрдэнэсийн санд оржээ. Японд Канэко Мисүзүг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Түүний бүтээлүүд яагаад хагас зуун жилийн дараа дахин амилах болов гэдэг нь сонирхолтой. Язаки гэдэг оюутан эртний “Хүжин тохо” гэдэг эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрээс ганцхан шүлгийг нь олж уншаад түүний шүлгийг судалж эхэлсэн гэдэг. Ингээд Япон даяар Канэко Мисүзүг яруу найргийн тэнгэрт “Сэрсэн гүнж” гэж нэрлэх болсон аж. С.Хишигсүрэн найрагч Мисүзүгийн уран бүтээлийг судалж, доктор хамгаалахаар материал цуглуулж, төрсөн нутагт нь хүртэл очиж байв. Ийнхүү Японы яруу найргийг сонирхон судлах, эх хэлнээ хөрвүүлэх ажилд тэрбээр шимтжээ. Японы Канэко Мисүзүгийн шүлгүүдэд Шаравын Сүрэнжав гуайнхтай адилхан мөрүүд тааралдах жишээтэй. Тухайлбал, түүний “Модод тэнгэрт залбирдаг” гэдэг шүлэгтэй адилхан “Мод” гэдэг шүлэг япон найрагчид мөн бий аж. Үүн лүгээ адил Таникава Шюнтарогийн шүлгүүдэд Мишигийн Цэдэндорж гуайн шүлгүүдтэй төстэй мөрүүд байдаг гэнэ. Энэ бүхнийг ажиглаж, мэдэрч, тэр хэрээрээ монгол, япон найрагчдын бүтээлийг хоёр хэлнээ харилцан хөрвүүлэх утга соёлын улаачийн ажилд цаг заваа зориулсаар 20 гаруй жил болжээ.
Миний аав Шаравын Сүрэнжав
Тэрбээр ийм нэртэй ном хэвлүүлсэн. “Онгодын цагт би тэнгэрийн харьяат” хэмээн бичсэн их найрагчийн охин ийн бахархахаас яах вэ. Уг номд бага наснаас эхлээд ажил амьдралын анхны гараагаа эхлэх хүртэлх дурсамжуудаа нэхэж сүлжин томохдоо аавынхаа дүрийг өөр хэн ч бичиж чадахааргүй нарийн зурж, сийлж урласан байдаг. Уг номын хуудсуудыг хамтдаа эргүүлье.
...Хол мөртлөө ойр, ойр мөртлөө хол “Зүрхний минь тарни, зүүдний минь тэнгэр” аав минь билээ. Хүмүүс яруу найрагчийн эрх шар охин гэдэг ч би бээр бодохдоо хамгийн зөөлөн сэтгэлтэй аавынхаа “нүдний харцаар өссөн охин” шүү дээ. Уучлаарай! Нүдний харцаар өссөн гэдэг нь худлаа, огтоос худлаа ч байж мэднэ. Ээж, хааяа харцаараа өсгөнө гэсэн нь харцаар нь хөдөлдөг болчихсон юм биш үү гэж аавыг шоглодог. Өөрийнхөө бүтээлийг сэтгэл амгалан уншиж суухдаа их л хөөрч баярладаг аав минь охиндоо тэгж баярлан бахархсан нь хэчнээн олон бол?! гэж хааяа би эмзэглэдэг шүү хэмээсэн мөрүүд уг номд бий.
...Намрын зүсэр борооноор аавын мөрөн дээр суугаад уйлж явлаа. Аав, “Чи юунд уйлаав! Мөрөн дээр минь мордоостой, мөнгөлөг бороонд нороостой. Чамаас азтай охин энэ хавьд л алга” гэлээ. “Би алим идмээр байна” гэж хошуугаа цорвойлгон уйлахад аав морь шиг цогьж, “Тэр амархан. Ердөө л тав алхаад дэлгүүр хүрчихнэ. Уг нь би эхлээд Да багшийнхаар орох ёстой юмсан. Муу зэвхий дандаа намайг дийлдэг хойно” гэсээр дэлгүүр хүрлээ. Тэгээд за өөрөө сонго! хэмээн нүүр шиг том том улаан алимнуудыг заав. Би мөрөн дээрээс нь хуруугаараа тэр тэр гэхэд аав, за чи битгий уначихаарай! Энэ үү, энэ үү? гээд гараараа заан шилэв. Би хүссэн алимаа идээстэй, нулимс хатаагүй хэр нь инээж явлаа. Тэгээд Дамдинсүрэн гуайнд очсон чинь гэрээ цоожлоод гараад явчихсан байв. Аавыг цагаасаа хоцорлоо гээд мань хүн гараад явчихаж. Хоёулаа хойноос нь нэхэн гүйцнэ ээ гээд Энхтайваны гүүрээр шогших, алхах зэрэгцэв. Замд Ообоо буюу яруу найрагч Очирбат гуай тааралдаж, “Алхан хээтэй алхаагаар алим барьсан охинтой, адтай найрагч хааш одох гэж яарнам” хэмээн алиалах, асуух зэрэгцүүлэхэд “Од сарыг сэрээсэн, онгод цог өвөрлөсөн Ообоо найрагч хаа очоод, хааш одох нь вэ?” хэмээн тэд инээд ханиад болон уулзаад аав, явдал учраа тоочиж дараа уулзахаар болзоод саллаа. Түүний дараахнаас нь л “Алим барьсан аавын охин” гэж хөгжмийн зохиолч Дарамзагд гуай намайг нэрлэсэн бөлгөө. Одоо ч тэр үеийн дуртгал болох аавын мөрөн дээр мордоостой, мөхөөлдөс бариастай Дамдинсүрэн гуай гурвуулаа Сүхбаатарын талбайд авахуулсан хар цагаан зураг байдаг билээ...
...Аав надад “Чи миний хамгаас хайртай, эрххэн шар охин” гэж үргэлж хэлдэг. Би ч түүнд нь итгэдэг байлаа. Гэтэл Өлзийд, бас Өнөрөөд энэ үгээ хэлж байхад би сонсоод нэг л урам хугараад явчихав. “Хуурамч аав” гэж гомдосхийн бодлоо. Голын эрэг дээр жаал сууж уйлав. Хүн бүхэнд энэ үгийг хэлдэг байх нь гэж тунив. Гэтэл Өлзий ч бас аавын хамгаас хайртай эрххэн бор охин гэдэгтээ туйлын итгэлтэй, баяртай байх. Өнөрөө ч “ангаахай шар охиндоо л хамгаас хайртай” гэдэг үгэнд бардам явдаг бөгөөд бусдад гайхуулах дуртай ажээ. Бид гурав аавын хэнд нь илүү хайртайг улаан нүүрээрээ тулж шалъя хэмээн хэлэлцэн тохиролцож гараа атгалцан голын эргээс гэрийн зүг хурдлав. Оройн хоолны дараа аавын өвөр дээр Өнөрөө гарч суугаад “Танаас бид гурав асууж лавлах асуулт байна. Та яг үнэнээр нь хариулаарай” гэж тулгав. Аав “Айхавтар гурван охин доо. Юу л сэдээ бол доо! За яахав асуу” гээд хошуу цорвойн Өнөрөөг үнслээ. Өлзий баруун гар талд нь, би зүүн гар талд нь гарч суудлаа эзлээд нүд рүү нь эгцлэн харж Өнөрөө хэлээ хазан асуулаа. “Та бид гурвын хэнд нь илүү хайртай вэ?” гэлээ. Тэр агшинд гэрт чив чимээгүй болж, галын өрөөний цагийн чаг чаг дуугарах авиа бидний бяцхан зүрхний цохилттой хоршив. Аав бид гурвыг хэсүүлэн харж хэцүү асуултад унаснаа мэдрэн буй бололтой хэсэг чимээгүй боллоо. Тэгээд өвөр дээрээ суугаа Өнөрөөг үнсэн “Хамгаас хайртай охин” гэв. Яг энэ агшинд нуруугаар хүйт оргин нулимс зангиртал аавын хөл ширээн доогуур миний хөлийг удаан гишгэн “Хамгаас хайртай” гэж дохио өгөв. Би ч баярлаад учиргүй баярлан суугаа Өнөрөөгөө өрөвдөв. Тэгээд Өлзийгэө харвал тэрбээр маш сэтгэл хангалуун инээж сууна. Мэдээж Өнөрөө бүхнээс баяртай, амаа ангайн инээнэ. Би дотроо бяцхан шар дүүгээ ихэд хайрлан нялх болохоороо ганц сайн хуурагдлаа даа гэж бодов. Харин Өлзийг яагаад хачин баяртай байгаагийн учрыг бодовч олсонгүй. Ямар ч атугай надад л илүү хайртай гэж баттайяа итгэв. Ийн тэр оройны бид гурвын үгсэн тохирсон сорилтыг аав чадамгай давах нь тэр. Хэдэн өдрийн дараа бид гурав юунаас ч болов аавтай үгсэн хуйвалдах хэрэг гарлаа. Нээрэн тийм. Хүүхэлдэйн театрын урд эгнээний суудалд сууж жүжиг үзэхсэн гэснээс үүдсэн хэрэг. Хойд эгнээнд бол аавтай, аавгүй суудал олдоно. Ингээд аавын хамгийн хайртай охин нь ааваас гуйвал бүтнэ гэж ам нийллээ. Өнөрөө ч баттайяа “Би л хэлэх нь! Тийм үү” гэлээ. Өлзий хажуунаас “Би хэлнэ” гэв. Би ч бас эгчирхэн үлдсэнгүй. Адармаа хөдлөн “Би хэлнэ” гэснээс болж маргав. Өнөрөө “Яагаад та хоёр өөрсдийгөө хамгийн хайртай охин нь гэж бодож байгаа юм. Нүүрэн дээр чинь аав надад хэлж, намайг үнссэн биз дээ” гэж нүүрээ улайлган уурслаа. Өлзий ч мөчөөгөө өгсөнгүй “Тэгж яривал чамайг бага нь гэж өрөвдсөн мэдэв үү! Миний гарыг аав чанга атган нүд ирмэн хайртай гэдгээ нотолсон. Яахав дээ гэж тэр өдөр би чамд хэлээгүй” гэлээ. Би яагаад ч юм хорсон уйллаа. Тэр хоёр учир үл ойлгох тул Хишгээд бага хайртай учраас атаархаад уйлж байна хэмээн намайг аргадав. Гэтэл бид гурвыг аав ямархан овжноор хуурсныг ойлгон гашуун нулимсаа залгиж эхэр татан уйлж суулаа. Дахиад л гурвуулаа ааваас чанд хатуугаар асууж хууртахгүйг хичээв. Аавд ч эл бүгдээ хэлж, та бид гурвыг хуурсан байна гэсэн ял тулгав. Аав хэсэг бодсоноо “Гурван нармай. Та нар ямар миний эхнэрүүд үү? Гурвууланд чинь миний цус гүйж байгаа болохоор хэнийг нь хэн гэж илүү онцлох ёстой юм. Яасан муухай улс вэ?” гэж уурслаа. Хэдий гомдолтой ч нээрэн бид гурваас хэнийг нь ч гэж онцлох билээ дээ хэмээн цайлганаар инээлдэв. Хожим нь Өнөрөө намайг Москвад сурч байхад захиандаа “Хамгаас хайртай энхрийхэн эгч минь! Таныгаа санах, үгүйлэхийн шаналлыг зөндөө амсаж байна. Багадаа марган муудалцдаг байсан асуултын хариугаа ч энэ удаад бид хоёр оллоо. Аав маань бид гурвын дундаас чамд илүү хайртай юм байна. Шөнө ганцаараа босож суугаад дэрэн дороо хийсэн чиний захидлыг хацартаа наан хамгаас хайртай эрххэн охин минь гэж үглэн үнсэж, уйлж суухыг үзлээ. Энэ удаад огт атаархах сэтгэл төрсөнгүй. Харин аавыгаа зөндөө өрөвдлөө” гэж бичсэн байлаа. Түүний дараа Өнөрөөг Хятад улсад доктор цол хамгаалахаар удаан хугацаагаар явахад ирүүлсэн зурагнуудыг нь өмнөө эгнүүлж тавиад багынх нь зургийг үнсэн хамгаас хайртай ангаахай охиныг минь бурхан өршөөж муу юмнаас хамгаалах болтугай хэмээн энхрийлэн үнсэж, ганцаараа ярьж, уйлан байхыг нь миний бие харсан бөлгөө. Мөн Өнөрөө бид хоёр Өлзийг аавын суманд эмчээр явахад нь аав шөнийн цагаар өндийж суугаад “Тэнгэр муухайрах нь. Нөгөө муу бор охин маань зүгээр л байдаг байгаа даа. Муу “69” нь хөдөө хээр сууж осгож үхэх вий” хэмээн бид гурвын хэнийг нь ч гэж онцлохгүйгээр “Хамгаас хайртай охид” нь гэдгээ ээлж ээлжээр ааваасаа асуултгүйгээр ойлгож өөрсдөөсөө ичих сэтгэл төрснөө нуухгүй.
Зураг дээр: С.Хишигсүрэн нөхөр монгол судлаач, эрдэмтэн Тадонари Мацудагийн хамт
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна