Чингис хааны мэлмий гийсний 861 жилийн ойд
Нэгэн зүйл: Чингис хаан “Мөнх тэнгэрийн хүчин дор” суут томьёолол дэвшүүлэн төв үзлээ байгаль нийгмийн тэнцвэрийн хууль болгосон. Энэ нь орчлон ертөнц тэнцвэрийн хуулиар орших, хүний хорвоо амьтан ургамал бүх юмс үзэгдэл тэр хүчний нөлөөнд тэнцвэрээ олох жам ёсыг нээжээ. Энэ томьёолол Галилео, Коперник нарын одон орны судлал И.Ньютон, А.Эйнштейн нарын физикийн нээлтүүд, Ч.Дарвины хувьслын онол, атомч Р.Фэйнман, дундад зууны соён гэгээрлийг өдөөн дуудсан дуудлага байв.
Олон мянганы өмнөөс монголчууд нэгдүгээрт, удам угсааг цэвэр ариун хүчтэй байлгахын тулд байгаль цаг уурын онцгой нөхцөлтэй газар нутаг олж уух ус, агаар, орон гэр, хоол хүнс, хувцсандаа анхаардаг байжээ. Хоёрдугаарт, хүн бол дээд төрлийн амьтан учраас мөнх тэнгэр шигээ бурхдын оролцоо, зөн совин давамгайлан дээд ертөнц рүү тэмүүлж буй бурханлиг онцгой бодгал хэмээнэ. Их сартваахь Чингис хааны “Мөнх тэнгэрийн хүчин дор” суут томьёолол монголчуудын Долоон бурхан одны шүтлэг, Алунгоо эх, Дува сохор, сахиусан тэнгэр зэрэг шинжлэх ухааны тайлбар хүлээсэн үлгэр домог, ёс заншилд ихээхэн нууцлаг учир зүй бий.
“Монголын нууц товчоо”, “Лу-Алтан товч”, “Судрын чуулган” болон олон зохиолд монголчууд түүний манлай хүмүүс тэнгэр өөд тэмүүлэн тэнгэрийн хүч увдисыг шингээж авсныг өгүүлжээ. Чингис хааны өмнөх есөн үеийн Боданчарын эх Алунгоо “Шөнө бүр наран саран мэт туяат “хүн” гэрийн тооноор гийгүүлэн ирж миний хэвлийг илэн таалаад гарч одох агаад тэрхүү гайхамшигт ид шидээр миний хөвгүүд төрсөн” гэдэг. Гэрэл туяагаар домогт Алунгоо хатны ариун хэвлийгээс төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж явсаар их Нирун-/нуруу/ монгол болжээ. Монголчуудын нуруу өргөн тавиу зузаан, олон уулзах бэхэлгээ сайн, тэнгэрийн тамга хөх толботойн учир ийн буюу.
Хамаг Монголын Хабул, Хотул хаад ван Тоорил, Хадаан тайш зэрэг тэр үеийн боловсрол, удам угсаа хүмүүжил сайтай гэр бүл, хүмүүсийн орчинд Монголын Хүннү гүрний болон монгол оронд тогтож байсан Сүмбэ, Түрэг, Хиданы эзэнт гүрнүүд Муюн, Тобо, Нирун, Жужаан, Уйгар, Хиргэсийн хаант улсын түүх соёл, ёс заншлын талаар мөн айл зэргэлдээ улс гүрнүүд газарзүйн талаар Тэмүжин ихээхэн мэдлэг олж цэргийн болон засаглах эрдэмд суралцсаар байв. Түүнчлэн хөх цэнхэр огторгуй од эрхэс, нар сарны хувирал хөдөлгөөн, байгаль дэлхийн уул ус, уудам тал хангай говийн амьтан ургамал, тэдгээрийн амьдрал хувьсал, мөнх тэнгэр байгаль орчин хүний үйлдлээс хамаардгийг ойлгон усыг гурван эрдэнэ, амьтан ургамлын гайхамш уулс сарьдгаа буурал дээдэстэйгээ зүйрлэх монгол ухааныг гүн тийш ухаарчээ.
Чингис хааны оюун бодлын хүрээ өргөжин гүнзгийрч хөх тэнгэрийг шүтэх монгол ухаан, буддын ба Энэтхэг, Төвөдийн гүн ухаан. Герег, Хятадын түүх, утга зохиол Күнзийн сургаал, Египетийн “Ипусерийн сургаал үг” Энэтхэгийн “Артха шастри” корон болон библийн номлол “Хятадын түүхэн тэмдэглэл” Шумер, Ром, Вавилон, Персийн эзэнт гүрнүүдийн түүх, Энэтхэг Египет, Хятад, Япон, Солонгос, Алтан, Тангуд улсын талаар олон орны судлаач худалдаачин жуулчин урт дурын хүмүүстэй уулзаж сонин содон ном зохиол эд өлгийн зүйл үзэн огторгуйн орон зай, цаг хугацаа, нар дэлхий, сарны тогтолцоо Ази, Европ, их далай улс орнуудын талаар мөн Месопотами, Дравид, Скиф, шумерууд, Атилийн монголчууд, Готуудын тухай эрдэм мэдлэгээ арвижуулсаар байв. Элбэг хангалуун амьдралд бус элдэв гачаал зовлон амсаж амьдрах ухаан суун, амь өрсөх тэмцэлд хатуужсан, урваж шарвах, ууж идэхийн муухайг үзэн дээрэм тонуул, хүчирхийлэл, тархай бутархай овог аймаг энэ бүхэн ард олныг туйлдуулж нэгдмэл улс болохын зайлшгүйг Тэмүжин бие сэтгэлдээ гүн гүнзгий мэдэрснээр байгаль нийгмийн юмс үзэгдэл, Энэтхэгийн гүн ухааны нөлөөгөөр Чингис хааны ертөнцийг үзэх төв үзэл бүрэлдэн тогтсон байна. Энэ нь мөнх тэнгэрийн хүч ивээл дор ертөнцөд өгөгдсөн биет ба хийсвэрлэлийн тусгал мөн.
Түүний философи үндэслэл нь ертөнцийн бүх юмс үзэгдэл шүтэн барилдсан, харилцан шилжиж байдаг. Ийнхүү Чингис хааны бөөгийн тэнгэр шүтлэг Хүннү, Сүмбэ, Хиданы үеэс дэлгэрсэн будда, лал, христийн дэвшилт үзэл санааны ололтоор улам баяжин шарын шашны том төлөөлөгч Нагаржунагийн төв үзлийг хүлээж авсан байна. “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг Чингис хааны томьёолол нь бүх шашин шинжлэх ухааны уулзвар болж байгааг задлан шинжлэх ёстой.
Нэгэн зүйл: Чингис хаанаар удирдуулсан монголчууд тэнгэрийн зарлигийн дагуу нүүдэл хийж уул ус, ой мод, ан амьтныг хайр найргүй сүйтгэж олон түмний амьдралд нөлөөлсөн хэт сууринлаг байдлыг задлах аян-илбэн төвхнүүлэх үйлсийг Ази, Европын тал нутагт өрнүүлсэн. “Дэлхий дахины түмэн бодисыг түмэн өөрөөр шинжлэх буюу” гэж Чингис хаан хэлсэн. Одот орчлон, хөх тэнгэр, наран бурхан эх дэлхий, уул усаа хайрлан биширдэг өнө эртний монголчуудын ухааныг Чингис хаан өөртөө шингээн хүмүүн болон хамаг амьтны өмнөөс дээд зэргийн шившлэг айлтгал, ерөөл тайлга үйлдэн оюун санаа нь дээд ертөнцтэй холбогдож байхуйд: гасалж орилтол газар нутгаа онгичин, галав юүлэв гэмээр ой мод, амьтан араатныг авлаж, гол усаа ширгээн, хэн юу байдаг нь үл хэрэм барилга олшрохуйд хөх тэнгэр дургүйцэж эхэлснийг их сартваахь хаан мэдэрсэн юм.
Ази, Европыг хамарсан хэт суурьшил, байгаль, нийгмээс хэт ихийг авах болсноор тэдгээрийн тэнцвэр алдагдан, даварсан харгис хүчин, шуналт бүлэглэлүүд ард олон айл саахалт улс орныг ч амар заяа үзүүлэхгүй боолчлол, бурангуй ёс журмаа тулгах болсон байна. Үүнийг эрт үеэс чөлөөт ил тод байдал эрхэмлэгч Чингисийн монголчууд тэвчиж эс чадаад илбэн төвхнүүлж хэт суурьшлыг задлан байгаль дэлхий, хүн ардыг аврах, хайрлан зохицож амьдрах их аяныг өрнүүлэхээр хөдөлжээ. Харгис бурангуй ёс дэглэм, хүчирхийлэл, боолчлол мөлжлөгийг очсон газар бүрдээ халж, жирийн ард олон, шинжлэх ухаан боловсрол, шашин шүтлэг, мэргэжлийн үй олон хүмүүст чөлөөт байдал олгосноор хүн төрөлхтний сэргэн мандах үеийн эхлэл тавигдаж, хэт суурьшлыг задалснаар үйлдвэрлэх хүчин, хүмүүсийн амьдрал таран байршиж байгальдаа ойртон экологийн сүйрлийг олон зуунаар хойшлуулсан билээ.
Хоёр тивд байгаль орчны доройтол 300 жилээр хойшилж Өрнө, Дорноор хүн ам таран байршиж, нутаг ус эзэнтэй болоод хөрс ургамал сэргэснийг эрдэмтэд нотолсон билээ.
Нэгэн зүйл Чингис хаан: “Би эгнэгт хол эрдэм боловсролоор дэлхий дахины үндсийг байгуулж өгвөөс миний сайхан санаагаар...” замнахыг уриалсан билээ.
Төрийн байгуулалт шинэ тогтолцоо: Ард олны дотроос аравт зуут, мянгат түмтийн ахлагч нарыг сонгож тэдгээрийн их бага хуралдай, түүний төв цэцдийн зөвлөл эдгээр нь хамгийн шударга ил тод ардчилсан хямд төсөр нийгмийн бүх бүлэг давхаргад хүрч ажилладаг. Ямар ч нам сонгууль гэхгүй төрийн байгуулалтын нэгжээс шалгарсан тэргүүн хүмүүс хуран чуулж ололт амжилт, нэр хүнд алдаа оноогоо ярилцаж дэвшүүлэхээ дэвшүүлэн, буулгахаа буулгадаг. Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн, билиг хурц хүмүүсийг сайшаан хүндлэх цэцэн мэргэн түшмэл төрийн эрдэнэ, цэцэн мэргэн хатан гэрийн эрдэнэ гэж Чингис хаан хэлжээ. Эзэн хаан төв, баруун, зүүн гарын ноёдыг хүртэл зарлан мэдэгддэг монголчуудын нүүдлийн соёл иргэншил их эзэн богд Чингис хааны бүтээн бий болгосон Их, Бага хуралдай бол Ром, Английн болон орчин үеийн сонгодог парламентын ёсноос олон талаар давуу дэвшил болж үеэ өнгөрөөсөн нам сонгуулийг халж хүн төрөлхтний үлгэр жишээ төрийн байгуулалт байж чадна.
Монголын төрт ёсыг өвлөн хамгийн гол нь ардаа асрах, тэдэнд итгэх, тулж түших явдал гэж үзээд, хаан хүний явдал гэвээс үс хялгасын төдий хуурмаггүй, үнэнч шударга, хатуу чанд, энэрлээр явж хамаг самууныг энхжүүлэх, иргэнийг асрах, мал сүрэгт нь шилдэг сайн бэлчээр олгох, өвөл зун нүүдэллэн малжваас өрх гэр төр улс цэрэг лугаа маш чухал гэдгийг тунхаглан хэлж байв.
Нэгэн зүйл: Монголын эзэнт гүрэн бол холбооны улсын анхны шударга, дээд, дунд, доод бүлгийн төлөөлөл бүхий анхны загвар байв. Монголын эзэнт гүрний тогтоосон хилгүй нутаг дээр Орос, Хятадын эзэнт гүрнүүд бие даасан 30 гаруй улс бий болж, тэдгээрт олон монгол элит хүчирхэг эрчүүд жирийн иргэд дасан зохицож шингэсэн билээ. Атомын зэвсэг, цэргийн сүр хүчээр ийм холбоог тогтоох нь эдийн засаг, нэр хүнд, ёс суртахууны нүсэр их хохирол дагуулж байна. Найман тэрбум ухаант хүмүүн бид эх байгалиа ямар болгов. Бурхдын үр сад бие биенээ яаж анхаарч байгааг бодох цаг болжээ. Зэвсэг хангинуулж шунал тачаалаа гайхуулахын оронд хүн хүнээ өрөвдөн энэрье, хүмүүнлэг ёсоо баримтлан үнэн шударга байхыг бурхад, эх байгаль хүсэж байна. Бид мөнх биш шүү дээ. Бөмбөрцөг яльгүй шилгээхэд бид алга болох ба дараагийн ухаант амьдрал дэлхийд ирж бидний амьдрал, бичиг соёлыг тайлах болюу.
Нэгэн зүйл: Өрнө, дорнын хооронд худалдаа, соёл, улс төр, аялал жуулчлал, шуудан мэдээллийн харилцаа холбоо сэргэн шинэ мянганы эхлэл болжээ. Морин өртөө буудал харуул анх үүсэв. Тухайн цаг үеийн эрэлт болсон цай, давс торго бөс бараа, мал үнэт эдлэлийн солилцоо өсжээ. Морин өртөө цагт 30-40 км-ийн хурдтай хоногт 600 км туулах чадвартай бөгөөд өртөө бүрд буухиа шууданч, хөнгөн хурдны морь бэлэн байж, шөнийн цагт өндөрлөг газар түүдэг гал асаана. Ийм төрийн цэргийн зохион байгуулалттай байжээ. Худалдааны жингийн цуваа, цэргийн хоол хүнс, мал туувар гурван чиглэлээр явагдаж дээрэмчид, гал усны аюулаас хамгаалж өгсөн байжээ. Хүний нөөц солилцоо өсөж угсаатны чанар дээшлэн хүмүүний сүлэлт явагджээ.
Худалдаа, төрийн элч төлөөлөгчдийг нь устгаж дайсагнасан Хорезмын шах Мухамедтай хэрхэх талаар ч\Чингис хаан цэцдийн зөвлөгөө хийж Бурхан Халдун ууландаа бараалхаж долоон хоног залбирал бясалгал үйлдэж байх зуур гурван өдөр дараалан бараан хар үүл баруун зүгээс гарч тэнгэр газар харанхуйлан гамшиг аюул болох нь уу гэмээр байтал тэнгэрийн ташуур-цахилгаан үргэлжлэн цахиж огторгуй цэлмээд газар дэлхий бүгд амгалан тайван сэтгэл баясгах өнгө өнгийн солонго татахуй дор Чингис хааны зөн совинд харгис бурангуй ёс дэглэмийг газар сайгүй номхотгох хэрэгтэй. Энэ бол тэнгэрийн зарлиг гэсэн санаа бодол салбарлан тэлж нугаршгүй ноён нуруу удирдамж болон цогцолсон буйза. /н.б/ Эрх ямбатан олширвол эгэл түмэнд халтай, идэж уух эдэлж хэрэглэх ихэсвэл эх байгальд халтай, ил тодгүй элдэв явдал эгц хана хэрмийн цаана идээ бээр мэт, уул ус уйлагнаж хөрс шороо ёолж буйг мэдэрсэн их сартваахь Чингис хаан илбэн төвхнүүлэх Их Монгол аяныг эхлүүлэхээр хөх тэнгэр хөрс дэлхий хүн зон хүчит баатар цэрэг эрс, төр улсдаа тангараглан шившлэг айлтгал үйлдсэн билээ.
Нэгэн зүйл: Бамбай улсууд. Энэхэн замбуу тивийн наран дор Арабын хойг, Египет ороод суурин амьдралын эрхээр гар урлал газар тариалан хот суурин уран барилга, оюуны соёл хөгжсөн хэдэн мянганыг элээсэн дорно дахин өвөг дээдсийнхээ үлдээсэн эрхэм дээд өв соёлыг нүдний цөцгий мэд хайрлан шүтсээр газар малдаа хоргодсон гэнэн хонгор, шунал тачаалгүй овог аймгаар тархан амьдарч байх дор Ромын эзэнт гүрэн бүрэн бутарч доодос дээдэс бүгд тансаг, дур зоргоор баян чинээлэг байхыг хүсэгч олон улс гүрэн бий болж газар нутаг эд баялаг боолын эрэлд гарч байв. Дарвид, Скиф, Шумер, Перс, Хүннү, Хинди, Хятадын хаант улс талын зоригтнууд, талын морьтон дуулиантай залган Чингисийн монголчууд тэнгэрийн зарлиг өвөрлөн Их Монгол Улсын Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадай, Төмөрийн хаант улсууд Энэтхэгийн Могулын эзэнт гүрэн, Их Юань улс зэрэг сүр хүчин бамбай улсууд дорно дахины их өв соёлт ард түмэнд 500 жил хамгаалж /н.б/ дорно дахины сэргэн мандалттай золгосон хэзээ ч үл мартагдах гавьяатай. Аль нэг шашин хүч түрэн байсныг тогтоон барьж зэрэгцэн орших болсон шинэ мянганы гол дэвшил байж мэднэ.
Нэгэн зүйл: Цэргийн шинжлэх ухаанд монголчууд морьт армийг сонгодог мэргэжлийн арми болгож стратеги, тактикийг шинэчлэн аравт, зуут, мянгатын зохион байгуулалт маневрлах чадварыг дээд түвшинд гаргав. Монголчуудын эрийн гурван наадам уур амьсгал нутаг усны шим тэжээлийн нөлөөгөөр монгол эрчүүд агт морьдын авхаалж самбаа, хүч зориг, хөдөлгөөнт чадвар цойлон дээшилж, тогтоон барих саад тотгор болох хүчин үгүй болж сүрлэг эрсийн уухай цуурай уул усыг нэвтлэн, мөндөр мэт сумны исгэрэлт, гал бутрах илд бамбайн хавиралт тал хөндий доргиох морьтон цэргийн чимээ эсрэг талд тэнгэрийн хүч аянга цахилгаан мэт нүргээн үүсгэж байв. Энэ нь сүр хүчний нөлөө, тайван ба тайван бус арга ухаан байв.
Цэргийн шинжлэх ухаанд зуут, мянгат, түмтийн зохион байгуулалт нэтрүүлсэн морьт армийн нэрт жанжин персийн Дарий хаан, Герегийн Македоны Александр, Ганибал нарын арга ухааныг давуулан эзэмшиж морьт армийн хүнд хөнгөн, хөдөлгөөнт бүлэглэлүүд, байлдах урлаг тактикийг цоо шинэ шатанд дэвшлүүлжээ. Цэргийн өндөр сахилга бат, бие бялдар, хүч зориг, сэтгэл зүйг эрхэмлэн агт морьд, зэвсэг туршлага сургуулилалтыг чадамгай хөгжүүлжээ.
Нэгэн зүйл: Шашин төрийн харилцаа. Бүх шашин өөрийн дээд төлөөллөө тэнгэрт байршуулж байгаа нь хүн төрөлхтөн их эрт үеэс тэнгэр шүтлэгээ эрхэмлэж дэлхийн амьдрал сайн сайхан тэнгэрийн хүч нөлөөн дор явагддагийг мэдэж байсан бололтой. Монголчуудын хөх тэнгэрээ шүтэх ухаанаас бөөгийн мөргөл үүсэж дэлхийд түгэн бүх шашны угтвар болсон юм. Тиймээс бүх шашин сүсэг бишрэлийг монголчууд хүндэтгэн “Аливаа шашин суртахууныг хүндэтгэмэй. Ямар нэгэн шашин онц эрхийг эдэлж үл болой” гэж Чингис хаан хэлсэн байна. Замбуу тив-эх дэлхийг хайрлаж хамгаалж хүн байгалийн тэнцвэр, бүрэн бүтэн үзэсгэлэн төгөлдөр байлгахын төлөө хүн төрөлхтөн нэгдэж нягтрах нь зайлшгүй бөгөөд бүх шашин үүнийг дагаж мөнх тэнгэрээ шүтэх монгол ухаанаар замнах буйзаа.
Нэгэн зүйл: Эзэн хааны эгэл даруу амьдрал. Хамаг Монголын тэнгэр заяат хиад боржигоны алтан ургийн сурвалжит Есүхэй баатар ухаант Өэлүн нар учран ханьсахуй дор Долоон бурхан оддын хөтлөн тэмүүлэгч одноос III жарны жигүүрт хилэн хар морин жил НОТ-ын 1162 онд түмэн олноо тэргүүлэн төрийн жолоо атгах ер бусын олон шинж ерөөл дэмбэрэлтэй тэнгэрийн хүү Тэмүжин мэндэлсэн билээ. Тэр хөвүүн хүний ертөнцийн буруу зүйлийг арилган урагшлуулах тэнгэрийн элч болж ураг төрлийн охь, унаган бие эрүүл, уудам талын жавхаа, эрч хүч, эрдэм ухаан хурсан нүүрийн буянтай, нутаг усандаа хүндтэй хөвүүн болжээ. “Хүн болох багаасаа, өсөхийн жаргал өөтэй” гэсэн өвөг дээдсийн сургаалыг барин эцэг Есүхэй баатар, ухаант Өэлүн эх Тэмүжин хүүдээ онцгой анхаарч мөнх тэнгэр бурхнаа сүслэн шүтэх, ард олон ахуй ертөнцөө хайрлан хамгаалах, улс орон яаж орших, монгол түмний үлгэр туульс бичиг соёлын эрдмээс зааж сургасаар байв. Тэмүжин 4-9 насандаа уралдааны морь унаж, нум сум харваж, сэлэм эргүүлж сураад аав, анд нөхөдтэйгөө авд явж аавын бийд хүнтэй танилцаж газар үзэхээр дорнод Монголын их тал, өмнийн их говь, Сартуул нутаг, Алтай хангай, Хөвсгөлийн өндөр уулс, ой хөвчийг хүлэг морьдын хүчээр туулж шандас булчин, уушиг зүрх нь хүчирхэгжин зориг тэвчээр, авхаалж самбаа, оюун ухаан, сэтгэл нь тэнийж тэнгэрлэг байх бүх чанар бүрджээ.
Дээд их орчлон-мөнх тэнгэр, эх байгалиа чин сэтгэлээсээ бишрэн шүтэж түмэн олны хувь заяа өөрийн болон нөхдийнхөө зам мөрөө даатган, олон өдөр шөнө залбирч, бясалгал үйлдэн байхуйд хариу нь зөн совингоор дамжин ирдэг байна. Тайчууд, Мэргэд, Найманы зүгээс Тэмүжинийг хороох хэд хэдэн оролдлого талаар болж Онон голын цэнгэг ус, Бурхан Халдун уулын ой мод далдлан, гэнэт мориных нь эмээл холбирох, гэрийн чинээ чулуу хөндөлсөх, Сорхон Шарын мэргэн ухаан зэрэг далдын хүч үйлчилжээ.
Чингис хааны бүх амьдрал үйл хэрэг, үг яриа, хууль цааз, билиг сургаал, үнэнч шударга, энх амгалан, баялгаа бүтээх чадамжтай улс орон, ард иргэдтэй болохын төлөө эрх ямба, эмс охид, эд баялгаас татгалзан ишгэн дээл, суран бүс, ширэн гутал, үнэгэн лоовууз, модон эмээл, эсгий гэртээ жаран таван жил аж төрөн шинэ ертөнц бүтээжээ. Шүр сувдан бүс, жолоо цулбуур, алт эрдэнэсийн эмээл, ор дэр, гэр байшин бариулж болох л байв. Чингис хааны “Мөнх тэнгэрийн хүчин дор” суут томьёолол нь монгол хасын ухаан адил маш их задаргаа тайлал хийж болох хураангуй агаад түүний хүсэл итгэлд үнэнч байх далдын зөн совин, хүн байгалийн хөгжлийг танин мэдсэн, эрдэм ухааныг эрхэмлэгч эгэл жирийн, ардач, суут хүн байжээ. Түүний агуу их авьяас чадвар, оюун ухаан, эр зориг, бүтээн бий болгосон зүйл үнэнч шударга зан чанар нь бүх цаг үеийнхэнд сургамж болсоор байна. Аугаа их сартваахь, эзэн богд Чингис хаан хэлэхдээ: “Би үүнээс хойш энэхүү улс ардаа “Хөх Монгол” гэсэн нэр авч явахыг хүсье. Монгол үрс олон төрж үржвээс зуун мянган он бидний үрсийн тул бодох хэрэг” гэж гэрээсэлжээ. Чингис хааны угсаа залгамжлагч Бахадур шах П-ыг британичууд зайлуулах хүртэл монголчууд Энэтхэг орныг удирдаж, Бухарын эмир Алим хаан Зөвлөлтөд 1920 онд эрх мэдлээ алдах хүртэл долоон зууны турш эзэнт гүрний үлдэц оршиж байлаа.
Харь элэгтнүүд Чингис хааны нэр хүнд Алтан ургийг нь таслахаар олон зууны турш харгис хатуу ов мэхээр оролдон, Чингис хаанаас айдаг, тойрон зугтаадаг хүнээ үндэстэн дотор нь суулгаж өгсөн байна. Ийм түүхээ үл ойлгогчид улам цөөрсөөр, монголчууд бидний оюун ухааны хөтөч аугаа их эзэн богд Чингис хаан түм буман жил бидэнтэй хамт мөнхөд оршмой.
Түлхүүр үгс:
Орчлон ертөнц, улс түмний
их тэнцвэрийн онолч
Чингис хаан-аугаа экологич
төв үзлийн онолч
Чингис хаан бол мянганы
№ 1 суут хүн
Н.Баатар
/Өв соёл судлаач, доктор/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна