Луу хүрхэрч, туулай буцав


Буурал жил харьж, буянтай жил айлчилж, хотол монголчууд “Хилэнт эх” хэмээх  хөх луу жилээ ёслол төгөлдөр угтан авлаа. Сар шинийн баяраар айлчин золгуут ихтэй, аливаа муу гэмт хэрэг, аваар осол багатай, архидалт, танхайрал цөөтэй, хэл ам хэрүүл тэмцэлгүй өргөн дэлгэр баярлацгаалаа.

Гэмт хэрэг, зөрчилд холбогдогсдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 70 орчим хувиар буурсан гэдэг сайхан мэдээг Цагдаагийн ерөнхий газраас дуулгасан юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, номун хан, лхаарамба Д.Жавзандорж айлчлан ирж буй луу жилийн өнгийг өөдрөг сайхнаар зурсан нь сүсэгтэн олны сэтгэлийг амирлуулав. 

Ер нь луу жил Монголын түүхэнд олон тэмдэглэлт үйл явдлаар тод томруун бичигддэг юм байна. Тэмүүжин Жамухатай Хорхонаг жубурын хөндийд андын тангараг тавьсан 1172 оны хар луу, Тулуй Хорасаныг эзэлж номхотгосон 1220 оны цагаан луу, Мөнх хааны зарлигаар Шанду хотыг бариулж эхэлсэн 1256 оны улаан луу, Хубилай Сүн улсын Саньян цайзыг бүсэлсэн 1268 оны шар луу, Тодмөнх Алтан ордын хаан суусан 1280 оны цагаан луу, Хубилай Индонезид довтолсон 1292 оны хар луу, Доголон Төмөр Хорезмыг эзэлсэн 1388 оны шар луу, Монголын хаан ширээнд Гүнтөмөр суусан 1400 оны цагаан луу, Мандухай сэцэн хатан мэндэлсэн 1448 оны шар луу, Батмөнх даян хаан Исмаил нарыг Түргэний голд дарсан 1496 оны улаан луу, Акбар Их Монголын эзэн хаан болсон 1556 оны улаан луу, Лигдэн хаан төрсөн 1592 оны хар луу, Халх-Ойрадууд  Тарвагатайн чуулган чуулж, "Дөчин дөрвөн хоёрын их цааз"-ыг баталсан 1640 оны цагаан луу, II богд Лувсандамбийдонмж мэндэлсэн 1724 оны хөх луу, Арван засгийн наадам хийж эхэлсэн 1772 оны хар луу, эх оронч Ханддорж хошуу засаг залгасан 1892 оны хар луу, Үндсэн хуулийг баталсан 1940 оны цагаан луу жилийг олон хүн ярьж байна. 

Луу жил төрийн үйл хэрэгт ээлтэй, түмний эрх ашигт нийцтэй байдаг гэсэн яриа ам дамжин яригдаж, ардын сэтгэлд ч нийцэв. Энэ жил монголчууд хоёр ч том сонгуульд оролцож сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Шинэчилсэн Үндсэн хуулийн дагуу анх удаа УИХ-ын 126 гишүүнийг сонгоно.  Тэгэхээр 2024 оны хөх луу жил Монголын түүхэнд бас л тодоор бичигдэн үлдэх нь дамжиггүй. 


Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасан. Зарлигийн дагуу сургуулиудын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр оруулах, соёлын төвүүд  морин хуурын сургалт зохион байгуулах, Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах, монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан байна. 


Өнгөрсөн долоо хоногт Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад айлчлаад буцлаа. Энэ үеэр түүний буусан буудал цахилгааны хязгаарлалтад өртсөн гэх албан бус мэдээ олон нийтийн сүлжээнд түгж, үүнтэй зэрэгцээд Герман улсаас  Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэхэд хоёр сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон мэдээ цацагдав.  Эрчим хүчнийхээ  20 хувийг гадаадаас импортолдог, үе, үе цахилгааны хязгаарлалтад өртдөг Монгол Улсын хувьд энэ тусламж яг цагаа олсон хэрэгтэй зүйл гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.  Үүнээс гадна Герман улсаас Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон гэх сайхан мэдээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуулгалаа.


Цагаан сарын өмнөхөн Төрийн ордонд шагналын хур бууж, Сүхийн талбай цэцгийн баглаа барьсан хүмүүсийн хөлд дарагдав.  Ерөнхийлөгчийн зарлигаар  энэ удаад Монгол Улс хоёр Хөдөлмөрийн баатар, нэг Ардын эмч, нэг Ардын багштай болж 60 гаруй хүн  гавьяатын тэмдгээр энгэрээ мялаалаа. 


Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Монголбанкнаас дуулгалаа. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, эдийн засаг тогтворжиж байгааг онцлов. Тодруулбал, сүүлийн 15 жилийн  хугацаанд анх удаа ашигтай гарч байгаа нь энэ. Ингэснээр төгрөгийн ханшид эергээр нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байна.  Импорт, экспорт аль аль нь өсөж, зээл олголт 18 хувиар нэмэгджээ. Гэхдээ хэрэглээний зээл бизнесийн зээлээс их байгааг ч тэд нуусангүй. Төвбанк энэ онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэж төсөөлж байгаа юм байна. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос  2023 онд дотоод худалдааны борлуулалтын орлого 44 их наяд болж өмнөх жилээсээ 18 хувь өссөн гэдгийг мэдээллээ. 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэрүүлд хэнд ч гүйцэгдэхгүй “хурдан” хүн гэдгээ  өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд баталлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дайнаас хойш анх удаа барууны хэвлэлд ярилцлага өгсөнтэй холбогдуулан тэрбээр  “Би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээн жиргэсэн юм. Түүний энэхүү жиргээ 10 сая гаруй хүнд хүрч,  2.5 мянган сэтгэгдэл авч, 100 гаруй мянган хүн хариу реакшн үзүүлжээ. Монгол хүний жиргээ анх удаа олон сая хүнд хүрч, олон мянган хүнээс хариу үйлдэл авч байгаа нь энэ юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийлээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан “Ардчилсан нам 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондоор ямар хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бүгд мэднэ. Гэтэл зөвхөн нэг жилд нүүрсний орлогоос 9.5 тэрбум ам.доллар олчихоод гарт баригдах, нүдэнд үзэгдэх ажил хийж чадсан бил үү гэдэг нь асуудал дагуулж байна” хэмээн мэдэгдэж олныг гайхширууллаа. Б.Жаргалан хатагтайн аав “Фортуна” Батбаяр тэргүүтэй АН-ынхан “Чингис”, “Самуурай” нэртэй бонд гаргаж, асар их хэмжээний өрөнд орсон. Энэ өрийг саяхан Засгийн газар нүүрс, татварын орлогоос төлж барагдуулсан гэдгийг эрхэм хатагтай мартсан, эсвэл санахыг хүсэхгүй байгаа бололтой.


Өнгөрөгч туулай жилд монголчууд бид X Богдоо ширээнд нь залсан. Тэгвэл Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба айлтгал бичиг илгээж, 10 настай X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншихыг уриалжээ. Зарим сүсэгтэн Богдын зургийг гэртээ залж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөдөг болж байгаа нь сошиал орчинд багагүй маргаан дагуулж, зарим нь дэмжиж, зарим нь шүүмжилж байна. Монголчууд бид шашин  шүтэх, эс шүтэх эрхээ Үндсэн хуулиараа хамгаалуулсан улс учраас  хэн яаж сүсэглэх нь тухайн хүний л асуудал гэдгийг бичих нь илүүц биз ээ.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22