Авлигын системийг нурааж, тогтолцооны реформ эхлүүлсэн гурван жил


Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хатуу хөл хорионы ид үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-нд байгуулагдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын гурван жилийн ой Сар шинийн баярын өмнө тохиосон. 2004 оноос хойш байгуулагдсан Засгийн газруудтай харьцуулахад урт хугацаанд, тогтвортой ажилласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юу хийж бүтээв, ямар ажлуудыг амжуулав гэсэн асуулт нийгмийн зүгээс тавигдаж, хариултаа аваад эхэлжээ. Засгийн газар байгуулагдсан цагаасаа цар тахлыг даван туулах, ковидын дараах, дэлхийн геополитикийн хүндхэн сорилттой үед эдийн засгаа сэргээх, олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформ хийх ажилд анхаарлаа хандуулжээ. Энэ дугаартаа бид Засгийн газрын гурван жилд хийж бүтээсэн ажлаас тоймлон хүргэж байна.

 

Е-Mongolia систем иргэдийн 339 тэрбум төгрөгийг хэмнэлээ

 

Дэлхийд геополитикт өөрчлөлт явагдаж, олон улсын нөхцөл байдал хувирч, хуваагдал, мөргөлдөөн, эдийн засгийн хямрал өрнөсөөр байгаа ч улс орнууд “цахим хувьсгал”-д эрчтэй бэлдэж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар энэ үйл явцаас алхам ч хоцорсонгүй. Төрийн үйлчилгээг олон нийтэд нээлттэй, шуурхай болгож, авлигыг бууруулж, цаг хугацаа, зардлыг хэмнэх цахим өөрчлөлтийг тасралтгүй өрнүүлж буй. Анх 21 аймаг, 335 сум, суурин газрыг шилэн кабелийн сүлжээнд холбож, төрийн үйлчилгээг харилцаа холбоо, мэдээллийн технологиор дамжуулан хүргэх ажлыг эр­чим­жүүлж байсан Засгийн газар тө­рийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia-д төрийн 86 байгуулла­гын 1170 үйлчилгээг холбож, 1.7 сая идэвх­тэй хэрэглэгчтэй болгож, 39 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, иргэдийн 339 тэрбум төгрөгийн шууд бус зардлыг хэмнэж чадлаа.

Мөн e-Mongolia, e-business.mn, Lavlagaa.e-mongolia.mn, Мобайл аппликейшн, ХУРДАН төрийн үйл­чилгээний operator.e-mongolia.mn, kiosk.e-mongolia.mn гэсэн зургаан сувгийг нээсэн юм. Иргэд бүх төрлийн бичиг баримтын лавлагаа, Газар зохион байгуулалтын албаны мэдээлэл, ЭМД, НД-ын баримтаас эхлээд визэд орохоор аль нэг улсын Элчин сайдын яаманд хандах гэх мэт бүх төрлийн бичиг баримтыг яг байгаа газраасаа цахимаар авч, цаг мөнгө хоёроо хэмнэдэг болов.

 

Хөгжлийн банкийг аварч, дефолтын эрсдэлийг хаав

 

Улс орны эдийн засгийг түүчээлэх бодлогын төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк 2021 оны төгсгөлд олгосон зээлүүдээ эргүүлэн авч чадахгүй, хөрөнгийн хэмжээ нимгэрч, банк дампуурлын ирмэгт ирсэн байв. ОУВС Хөгжлийн банкийг аврах ямар ч найдваргүй хэмээн дүгнэж байсан бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар “Хөгжлийн банкны өөрийг төлүүлж, банкийг дампуурлаас, Монгол Улсыг дефолтын хямралаас гаргах” хөшүүргийг зоригтой эхлүүлсэн юм. Засгийн газар өөрөө шүгэл үлээж, Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд зарлаж, Сангийн яаманд тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлэх үүрэг өгч байлаа.

Энэ үед хийгдсэн шалгалтаар 2012-2016 онд Монгол Улсын Хөгжлийн банканд төвлөрсөн бондын мөнгө зээл нэрээр тарж, зээл авсан хэдий ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан аж ахуйн нэгжүүд цөөрсөн байв. 2023 оны арваннэгдүгээр сард Засгийн газар, Сангийн яам, Хөгжлийн банк 1.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргүүлэн төлүүлж, орж ирсэн орлогоор бондын өрийг амжилттай төлсөн юм.

Мөн Засгийн газар “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн нээлттэй сонсгол явуулах санаачилгыг гаргаж, найдваргүй зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсөн бөгөөд 2023 оны хавар нэр бүхий 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн анхан шатны шүүх хурал болсон. 47 өдөр үргэлжилсэн 80 холбогдогчтой шүүх хурлыг явуулсан шүүгчид 32 хүнийг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргалаа.

 

Авлигатай ширүүн тэмцэл өрнүүлэв

 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хууль бус хуйвалдаан, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр”-т шунасан хууль бус хувьчлалуудыг хүчингүй болгож, төрийн мэдэлд авсан Засгийн газар Хөгжлийн банкны зээлийн түүхийг эргэн сөхсөн сонсгол, Нүүрсний сонсголыг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд нийгмээс өндөр итгэл хүлээлээ. Засгийн газар 2023 оныг ”Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээ амласан юм. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сан, Нийслэлийн газар хувьчлал, газар өмчлөлийн мэдээллийг ил болгож, “5Ш” ажиллагаа зохион байгууллаа.

Гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ажиллагааг түүхэнд анх удаа манлайлж, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг зарлан

1. Шүгэл ажиллагаа

2. Шүүр ажиллагаа

3. Шувуу ажиллагаа

4. Шилжүүлэн авах ажиллагаа

5. Шил ажиллагааг өрнүүллээ.

“5Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн 30 жилийн ужиг тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөө ёс зүйгээр манлайлах жишиг тогтоох зорилготой юм. Сүүлийн жилүүдэд улсын хилээр гарч зугтаасан, гадаадаас авчрах шаардлагатай 92 хүний нэрсийг “Шувуу” ажиллагаагаар олон нийтэд зарласан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авчрах бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. 

 

Сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, УИХ 126 гишүүнтэй болно

 

УИХ өнгөрсөн хавар Засгийн газраас санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж батал­сан юм. Гишүүдийн 97.2 хувийн саналаар Үнд­сэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэмжигдсэн бөгөөд Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын ги­шүү­ний тоог 126 байхаар тусгаж, тогтолцооны өөрчлөлт хийлээ.

Ингэснээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх бөгөөд, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүн олон нийтийг төлөөлж, 48 гишүүн хувь тэнцүүлэх зарчмаар сонгохоор өөрчиллөө. Нийт 13 тойрогт хуваагдаж буй энэ удаагийн өөрчлөлтийг даган жалга довны улс төр, аймаг сумаас хальдаггүй бодлогыг задалж, илүү улс орны ирээдүй, хөгжил рүү чиглэсэн төслүүдээ хөдөлгөж, ашиглалтад оруулах шинэ реформ хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна.

 

Нүүрс, төмрийн хүдрээ Хөрөнгийн биржээр арилжиж эхэллээ

 

Монгол Улсын Засгийн газар стратегийн орд газруудыг эзэмшиж буй уул уурхайн салбарт тэргүүлдэг компаниудыг нэгтгэн, нэгэн зүгт харж ажиллах, улс орны эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амьдралын чанарыг тэтгэх үндсийг тавьсан. Энэхүү шийдвэр оновчтой байсныг баталж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 2023 онд амжилттай ажиллав. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39.4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлого оллоо. Валютын нөөцөд нэг тэрбум ам.доллар нийлүүлж, улсын болон орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөг төвлөрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхэн дээд амжилт тогтоолоо. 

“Эрдэнэс Тавантолгой”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг ард түмний өмнө ил тод болгох ажлыг эхлүүлсэн. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилов. Компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог цэгцлэв. Хулгайгаар зардаг байсан нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн бөгөөд 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.3 их наяд төгрөгийн үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлж, Монгол Улсын гадаад валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллароор зузаатгалаа. Ийнхүү нүүрсээ биржээр, хил нөхцөлтэй худалдаалж эхэлснээр нүүрсний үнэ нэмэгдэж компанийн борлуулалтын орлого өслөө. 

Мөн "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК 2023 оны есдүгээр сарын 15-наас эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр хүдрийн баяжмалаа олон улсын зах зээлийн үнээр арилжаалж эхэллээ. Оны эцэст “Монголросцветмет” ТӨҮГ 425.2 мянган тонн, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 169.4 мянган тонн баяжмал борлуулж, 2.5 сая ам.долларын нэмэлт орлого бүрдүүллээ. Ийнхүү Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшаар борлуулдаг боллоо. 

 

Авлигын гэмт хэрэгтэнд ногдуулах ялын бодлогыг чангатгав

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар батлууллаа. Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Энэ хуулийн өөрчлөлтөөр:

-Халдашгүй байдлыг нь баталгаа­жуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа.

-Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсон. Энэ нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ҮХЦ-ийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, УДШ-ийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, яамны ТНБД, Засгийн газрын агентлагийн дарга болон үүний дээр нэмээд хамгийн их хардлага дагуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болсон.

-Албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар болсон. 

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг ногдуулахгүй байхаар зохицуулсан. 

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг болов.

 

Улс төр бизнесмэнүүдэд ашиггүй болов

 

Тогтолцооны өөрчлөлтийн хөрс суурь болсон сонгодог парламентыг бүрдүүлэх, улс төрд бизнесмэнүүд олноор орж ирдэг сүүлийн 30 жилийн алдааг залруулах томоохон алхмыг 2023 онд хийлээ. Засгийн газраас санаачилж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар батлуулав. Хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг тавигдана гэдгийг тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын индрээс мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор хуульд тусгалаа.

 

Боомтууд сэргэж байна

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслүүдийг цогцоор хэрэгжүүлж, Монгол Улс хилийн экспортын төмөр замын таван гарцтай болохоор бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсын Засгийн газар 2023 онд найман боомтыг хөгжүүллээ. Энэхүү ажлын хүрээнд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо боомтуудад боомтын авто зам, төмөр зам, олон төрөлт чингэлэг тээврийн терминал, хил хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Үүнийг товчлон дүгнэвэл БНХАУ-тай хиллэж байгаа байнгын ажиллагаатай 13 боомтоос найман боомт, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос дөрөвт нь боомтын бүтээн байгуулалт хийлээ. Мөн 2024 оноос Цагааннуур, Хавирга, Булган боомтод бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх хөрөнгө оруулалт шийдвэрлэлээ.

Одоогоор Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудыг байнгын ашиглалтад хүлээн авч, шинэ төмөр замаар мидлинг болон өмнийн бүсийн шатахуун тээврийг хийдэг боллоо. Монгол Улс ийнхүү боомтынхоо нэвтрэх чадавхыг хоёр дахин нэмэгдүүлж 2023 онд 70 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн дээд амжилт боллоо. 

Мөн Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхэллээ. Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг. Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиосон. Бүтэн 70 жилийн дараа, экспортын төмөр замын хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх гарцыг үе шаттай нээж байна.

 

2023 онд 6.3 сая зорчигч олон улс болон орон нутагт зорчлоо

 

2021-2023 он зам, тээврийн салбарт түүхэн дээд амжилт тогтов. Тухайлбал, 2023 онд зам тээврийн салбар түүхэндээ хамгийн их буюу 106 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 71 сая.тонныг анх удаа автотээврээр, 35 сая.тонныг төмөр замаар тээвэрлэсэн юм. Түүнчлэн бүх төрлийн тээврээр олон улс, орон нутагт зорчигчдын тоо 6.3 саяд хүрсэн бөгөөд үүний 1 сая 750 мянган зорчигчийг агаарын тээврийн салбарынхан тээвэрлэж байв.

Мөн 2023 онд орон нутгийн нислэгийн чиглэл, тоо давтамжийг нэмэгдүүлж, найман аймаг руу 10.3 мянган удаагийн нислэг үйлдэн 423 мянган зорчигч тээвэрлээд байна. Олон улсын болон дотоодын нислэгийн тийзийн үнэ 2-3 дахин хямдарлаа. “Агаарын харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Америкийн Нэгдсэн Улс, Катар, Грек, Лаос улстай тус тус байгуулснаар Монгол Улс дэлхийн 43 улсын 122 цэг рүү нислэг үйлдэх боломжтой боллоо. 

 

Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэв

 

Засгийн газрын “Шинэ сэр­гэл­тийн бодлого”-ын АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТ-ийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн олбор­лолтыг энэ онд эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани 2022 оны нэгдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүлэв. Ингэснээр Оюутолгой зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдлээ. Оюутолгойн гүний уурхай долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт. 

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюутолгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюутолгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байна.

 

Төсвийн орлого анх удаа давж биелэн, цалин тэтгэвэр нэмэгдлээ

 

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн тодотгол үргэлж хийж ирсэн. Үргэлж төсвийн дутсан орлогыг нөхөх боломжийг эрж хайж байсан бол 2023 онд анх удаа төсвийн орлого давж биелсэн тул Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төсвийн тодотгол хийж төрийн албан хаагчдын цалинг нэмсэн юм.

Төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийж 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь цалин болгон оновчтой болгож үндсэн цалинг 40 хувь, орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд тэтгэвэр тооцох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тэтгэврийн зөрүүг ойртуулснаас гадна бүх тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр 2020 онтой харьцуулахад дундаж тэтгэвэр 65.1 хувь нэмэгдээд байна. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж нийт 496.3 мянган тэтгэвэр авагчдын дундаж тэтгэврийг 23.1 хувиар өсгөн, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхэд бүрд олгосноор өрхийн орлого бодитоор өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсгөөд байна.

 

Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй

 

Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш нийт долоон бонд гаргасан. Хамгийн анхны буюу 2012 онд гаргасан “Чингис” бонд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалттай байсан. Түүнээс хойш 2015 онд нэг, 2016 онд тус бүр хоёр бонд гаргасан. Тэдгээрээр төсвийн алдагдал нөхсөн. Бондын өр төлбөрийн нөхцөл байдал хүндэрсэн 2017 оноос хойш “Хуралдай”, "Гэрэгэ", "Номад" бондыг гаргаж, өмнөх өрөө дахин санхүүжүүлсэн юм. Өнөөгийн Засгийн газар нийт зургаан багц бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авсан. Эдгээр өр төлбөрийг дараах хоёр арга замаар барагдуулдаг. Эхний шатанд төсөв өөрөө даахуйц хэмжээтэй бол шууд төлөлт хийж байна. Дааж чадахгүй хэсгийн хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг бууруулах замаар дахин санхүүжүүлж байгаа юм.

Засгийн газар энэ сард мөн 2024 онд төлөх байсан “Хуралдай”, 2026 онд төлөх “Номад” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй болж байна. Арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлж, Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.

 

Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгов

 

Засгийн газраас хэрэгжүүлсэн “5Ш” ажиллагааны нэг “Шил” ажиллагааны хүрээнд ердөө хагас жилийн дотор төрийн шийдвэр гаргалттай холбоотой, төрийн 123 байгууллагын 550 багц мэдээлэл Shilen.gov.mn сайтад төвлөрсөн байдаг. Боловсролын Зээлийн сангаас эхлээд Засгийн газрын тусгай 21 сангийн мэдээллийг ил болгож, 40 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн юм. Шилэн.мн сайтад одоогоор

-Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашиглалтын төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, 

-Үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл, 

-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хувийн эрхзүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг эхийн нэр, өөрийн авч байгаа цалин хөлс, урамшуулал тухайн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага удирдлагыг сонгон шалгаруулсан журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, 

-Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт хүргүүлэхийг Засгийн газрын тусгай сангийн удирдлагуудад, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, 

-Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаар товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааны мэдээлэл ил тавигдлаа.

Түүнчлэн Засгийн газар авлигын шалтгаан, салаа мөчрүүдийн нэг болох лиценз буюу тусгай зөвшөөрлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй болгосон юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи” УТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, “E Mongolia” системээр зургаа, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна

 

“Welcome to Mongolia” 3.4 их наяд төгрөгийн орлого авчрав

 

“Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” илэрхийллийн түлхүүр үг, брэндинг, өнгө төрхийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 410 дугаар тогтоолоор батлуулж, Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” хуанлийг гаргасан. “Welcome to Mongolia” цогц арга хэмжээг БНСУ болон БНХАУ-д тус тус зохион байгуулж, Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг 500 гаруй төлөөлөгчдөд толилууллаа. 

Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650 мянган жуулчныг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо. Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна. Ирэх жил “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа дөрвөн улирлын болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эергээр дэлхий дахинд сурталчлан таниулав. 

 

Олон талт, тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжсэн гурван жил

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн гурван жилд Монгол Улсын гадаад бодлогыг солонгоруулах чиглэлээр ажиллав. Оны эхний сард Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын мар­кетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийсэн юм. Өнгөрсөн гурван жилд Ерөнхий сайдын гаднын улс оронд хийсэн албан ёсны айлчлал эх орныхоо гадаад бодлогыг өргөжүүлэхэд хэрхэн үр дүнгээ өгсөн талаар товчлон өгүүлэхэд, 

Япон улсад хийсэн айлчлал ба үр дүн: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны айлчлал манай гуравдагч хөрш Япон улс байлаа. Эхний айлчлалын ҮР ДҮН нь Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахад хамтран ажиллах санал нааштайгаар шийдэгдсэн юм. 

Сингапурт хийсэн айлчлал ба үр дүн: Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын хүрээнд транзит тээвэр болон аялал жуулчлалыг татах чиглэлд Сингапур улсын туршлагыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байна.

Герман улсад хийсэн айлчлал ба үр дүн: Өмнөговь аймагт баригдаж байгаа Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц болон газрын ховор элемент, зэс боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах эхлэлийг тавилаа 

БНСУ-д хийсэн айлчлал ба үр дүн: Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг Солонгосчууд таатай хүлээн авлаа. Орхоны хөндийд байгуулах шинэ хотын төсөлд БНСУ хамтран ажиллахаар болсон юм. Мөн Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран үр дүнтэй ажиллаж байна 

АНУ-д хийсэн айлчлал ба үр дүн: “Агаарын тээврийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон юм. Манай Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах, англи хэлний багш бэлтгэх, газрын ховор элемент олборлоход хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ. 

ОХУ: 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо Дор­нын эдийн засгийн чуулганд оролцож, Шинэ сэргэлтийн бодлогын боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байдаг. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гадаад бодлогын үр дүнд эх орондоо хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлэн, жуулчдыг урин дуудаж, гадаад харилцаагаа солонгоруулж чадлаа. Улиран одсон гурван жилд явуулсан олон тулгуурт гадаад бодлогын үр дүн өгөөжөө өгч эхэлж байна.

 Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


2
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22