Ц.Сандаг-Очир: Алслагдсан дүүргүүдийн асуудлыг төрийн бодлогод тусгадаг болсон нь томоохон өөрчлөлт, дэвшил



 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.

 -УИХ-ын найм дахь удаагийн парламентын намрын отгон чуул­ганыг хаагаад байна. Бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн байна. Энэ парламентад гишүүнээр ажиллахдаа хувь хүний­хээ хувьд ямар зарчим баримталж ажиллав?

-2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган нийтдээ найман удаа хуралдахаас долоо дахь нь өндөрлөөд байна. Багануур, Багахангай, Налайх дүүргийн ард иргэдийг УИХ-д төлөөлж ажиллахдаа юуны өмнө ёс зүйтэй байхыг хувь хүнийхээ хувьд эрхэмлэж ажиллалаа. Төрийн өндөр албан тушаалтны хувьд төрийн албаны ёс зүйг өөрөөсөө эхэлж, үлгэрлэх ёстой гэдэг үүднээс ажилдаа хандаж ирсэн. Нөгөө талаас хариуцлагатай байх зарчим барьж ажиллалаа. Манай нийгэмд, тэр дундаа улс төрд хариуцлага, ёс зүй ус агаар мэт хэрэгтэй байгаа учраас хариуцлагатай төрийн түшээ, парламентын гишүүн байхад анхаарлаа хандуулж ажилласан. 

 УИХ-ын гишүүн хүн чухам юу хийж, хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг сонгогдсон тойргийнхоо иргэдэд ойлгуулж, харуулж ажиллахыг хичээсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүй, хариуцлагыг өөрсдөөсөө эхлэх ёстой гэдэг зарчмыг өнгөрсөн хугацаанд мөрдлөг болгон ажиллаж ирлээ. УИХ-ын чуулганы үйл ажилллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан шүү дээ. Тиймээс гишүүд хурал чуулгандаа идэвхтэй суухаас гадна санаачилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй хандах ёстой. “Гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байна, хуралдаа суухгүй байна, ажлаа хийхгүй байна” гэсэн санал шүүмжлэл иргэдийн дунд байсаар ирсэн, одоо ч байгаа нь нууц биш. Тиймээс энэ мэт шүүмжлэлийг хувь гишүүнийхээ хувьд гаргахгүй байхыг хичээж ажилласан. Нөгөөтэйгүүр сонгогдсон тойргийнхоо ард иргэдтэй эргэх холбоотой ажилласан гэж бодож байгаа. Иргэдийн дунд байдаг бас нэг шүүмжлэл бол “Гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллахгүй байна, иргэдтэйгээ уулзахгүй байна, төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийн чиглэлээр мэдээ мэдээлэл өгөхгүй байна, иргэдийн саналыг сонсохгүй байна” гэдэг. Сонгуулиар сонгогдоод л алга болдог, эргээд бараа нь харагддаггүй гишүүн байх ёсгүй гэдэг итгэл үнэмшлийг барьж ажилласан. Энэ ч үүднээс сонгогдсон гурван дүүрэгтээ сар, улирал бүр очиж нүүр тулан уулзаж, мэдээ мэдээллээр хангаж, тэдний санал хүсэлтийг тогтмол сонсож, УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг тогтмол тайлагнан ажиллаж ирсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудын элдэв янзын хэл ам, хууль бус үйл ажиллагаанд нэр нь холбогдож, төрийн нэр хүнд, парламентын нэр хүндийг унагаж, улмаар төрд итгэх иргэдийн итгэлийг алдуулах хэрэг явдал олон гарч байгааг ард иргэд харж л байгаа. Тэгвэл алслагдсан гурван дүүргээс сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд ямар нэг элдэв янзын хэл ам, хэрэг төвөгт холбогдолгүй, нэр цэвэр байж, шударга, ёс зүйтэй, хариуцлагатай ажилласан нь сонгогчдоо хүндэтгэж ажилласны илэрхийлэл болов уу. 

-Анх удаа сонгогдсон, шинэ гишүүний хувьд хууль батлах үйл ажиллагаанд хэрхэн оролцож ажилласан бэ?

-Жил бүр оны эцэст УИХ-ын Тамгын газраас УИХ-ын чуулганы статистик үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг. Өнгөрөгч 2023 оны хавар, намрын чуулганд миний бие чуулгандаа хамгийн өндөр ирцтэй оролцдог, байнгын хороо, чуулган дээр “Хамгийн их асуулт асууж, үг хэлсэн гишүүд”, гуравдугаарт, “Хамгийн олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүд”-ийн тоонд орж, тус тус шалгарсан. Энэ бол миний хувьд УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажилд хариуцлагатай хандаж ирсний нэг илрэл. Гишүүнээр сонгогдсоноос хойш 3.6 жилийн хугацаанд нийтдээ 37 хуулийн Ажлын хэсэгт орж ажилласнаас 23 хууль нь УИХ-аар батлагдсан бол 14 нь одоо хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн дөрвөн хууль, нэг тогтоолын төслийг бусад гишүүдийн хамтаар санаачлан өргөн барьсан бол зургаан хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Ажлын хэсгийг ахална гэдэг нь тухайн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар авч гарах хариуцлагатай ажил, хэлэлцүүлгийн бүх шатанд гишүүдийн асуусан асуултад хариулж, тухайн хуулийн төслийг авч гарах үүрэгтэйгээр ажилласан гэсэн үг. Шинээр сонгогдсон гишүүний хувьд энэ бол багагүй амжилт гэж бодож байгаа. Товчхондоо, УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачлах, батлах үүргээ хариуцлагатайгаар хийж, гүйцэтгэж ирлээ.

-Маш олон хуулийн Ажлын хэсэгт орж ажиллажээ. УИХ-ын намрын чуулганаар эцэслэн баталсан онцлох хуулиудын талаар мэдээлэл өгнө үү? 

-УИХ-ын гишүүд 2-3 Байнгын хороонд орж ажиллах ёстой байдаг. Миний хувьд Хууль зүй, Нийгмийн бодлого, Төсвийн гэсэн байнгын хороодод орж ажилласан. Мөн Хүний эрхийн дэд хороонд харьяалагдан ажиллаж ирлээ. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хамгийн том, гол хууль нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Харин Нийгмийн бодлогын байнгын хорооны харьяа гол хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын багц хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд байсан бол одоо Гэр бүлийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад явж байна. Төсвийн байнгын хорооны хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бол Төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлт маш чухал суурь шинэчлэл болж чадсан. Өнгөрсөн хугацаанд манай улс үргэлж алдагдалтай төсөв баталж ирсэн, түүнчлэн төсвийн сахилга батгүй ажиллаж ирсний улмаас улсын өр, зээлийн талаар баримталж ирсэн бодлого алдаатай явсаар өнөөдрийг хүрсэн. Төсвийн тусгай шаардлагыг зөрчиж, өөрсдөдөө тааруулж дураар өөрчилж, нэмэгдүүлдэг гэх мэт алдаа гажуудлыг тус хуулиар зассан гэж үзэж байгаа. Мөн УИХ өөрөө Засгийн газрын өргөн барьсан төсөвт нарийн судалгаа шинжилгээ хийдэггүй, хийх мэргэжлийн бүтэц, орон тоо байдаггүй байсан бол хуулийн шинэчлэлээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд ач холбогдол өгч орон тооны бус байсныг орон тооны болгож, мэргэжлийн судлаач, шинжээч, эдийн засагчдыг ил тод, нээлттэй, нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилж ажиллуулснаар төсвийн бүхий л шат олон нийтийн оролцоонд тулгуурласан, ил тод нээлттэй болж, төсвийн сахилга бат сайжирч, төсөв илүү нарийн тооцоолол, төсөөлөл, таамагт суурилан УИХ-аар хэлэлцдэг болно гэсэн үг. Багцлаад хэлбэл, өөрийн харьяалагддаг гурван Байнгын хорооны гол, суурь хуулиудын Ажлын хэсэгт бусад гишүүдийн хамтаар орж, олон чухал хуулийг УИХ-аар батлуулж ажилласан. 

-Энэ парламентын үед алслагдсан дүүргүүдийн асуудалд төр багагүй анхаарал хандуулах шиг боллоо. Жишээлбэл, таны сонгогдсон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт энэ хугацаанд ямар өөрчлөлт шинэчлэл гарсан бэ?

-Сонгуульт жилийн хугацаанд манай тойрогт хууль эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэл багагүй гарсан. Тухайлбал, өмнө нь манай Багануур, Багахангай, Налайх дүүрэг нийслэлээс татаас авч ажилладаг байсан. Төсвийн орлого нь зардалдаа хүрдэггүй гэсэн үг. Тиймээс дутсан орлогоо нийслэлээс татаас хэлбэрээр авч ирсэн. Налайхчууд, Багануурчууд олон жилийн өмнөөс бие даасан хот болохыг хүсэж мөрөөддөг байсан. Тэгвэл энэ дөрвөн жилд хоёр дүүрэг маань төсвийн хувьд бие даах татварын эрх зүйн орчин бүрдлээ. 2021онд батлагдаж 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөөр дүүрэг, орон нутгийн хүн амын орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нийслэлд төвлөрүүлдэг байсныг орон нутагт, дүүрэгт төвлөрүүлдэг болсон. Ингэж төсвийн эрх мэдлийг орон нутагт нь өгснөөр орлогоороо зардлаа санхүүжүүлэх боломж бүрдээд байна. Энэ нь цаашид алслагдсан хоёр дүүрэг бие даасан томоохон хот болохын эхлэл болсон гэж харж болно. Мөн АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-ийг хуваарилахдаа Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан олгодог хувийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангийн 60 хувийг суманд, 40 хувийг аймагт олгохоор хуульд тусгасан. Дүүрэг, орон нутагт ногдох хувь хэмжээ нэмэгдсэн. Багануур дүүргийн хувьд уул уурхайтай учраас Орон нутгийн хөгжлийн сангийн орлого энэ жилээс нэмэгдэнэ гэсэн үг. Намайг Засаг даргаар ажиллаж байхад Багануур дүүрэгт нийтдээ 1-2 орчим тэрбум төгрөгийн орлого Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагддаг байсан бол энэ жилээс зургаан тэрбум төгрөг болж, гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ төсөв хөрөнгөөр дүүрэг, орон нутгийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ, дагаад ард иргэдийн амьдралын чанарт эергээр нөлөөлнө. Ерөөсөө үр шимийг нь тухайн орон нутгийн ард иргэд хүртэнэ л гэсэн үг шүү дээ. Энэ бол том өөрчлөлт. Хоёрдугаарт, 2020 оныг хүртэл манай алсын гурван дүүрэг УИХ-ын сонгуульд бие даасан тойроггүй явж ирсэн. Улаанбаатар хотын томоохон дүүргийн хавчуургад явдаг байлаа шүү дээ. Ийнхүү ач холбогдол багатай, төвийн дүүр­гүүдийн малгай дор явж ирсний гор нь Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн дуу хоолой, эрх ашиг төрийн бодлогод тэр бүр тусаж чадахгүй байсан явдал юм. 

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Гурван дүүрэг маань УИХ-ын сонгуулийн нэг тойрог болсон нь маш том давуу тал, шинэ боломжуудыг бий болгосон. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр бодлого боловс­руулагчид болон хууль тогтоогчдод тойрог, орон нутгийнхаа онцлогийг таниулж, ард иргэдийнхээ дуу хоолой, эрх ашгийг хэлж ярьж ойлгуулдаг болсноор УИХ-аар хэлэлцэж буй хууль, тогтоомжид орон нутгийн онцлогт тохирсон тусгайлсан зохицуулалтуудыг тусгадаг болсон нь энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн том өөрчлөлт, дэвшил байлаа. Өмнө нь нийслэлийн зургаан дүүрэгтэй ижил хэмжээнд авч үздэг байхад манай гурван дүүргийн асуудал дунд нь хаягдчихдаг байсан. Төвийн зургаан дүүрэг бол эдийн засаг, хүн ам, аж ахуйн нэгж, төвлөрүүлж буй орлогын хувьд ч манай гурван дүүрэгтэй харьцуулшгүй том л доо. Багануур, Багахангай, Налайх дүүрэг Улаанбаатар хотоос алслагдсан нь өөрөө онцлог. Харин одоо УИХ-д төлөөлөлтэй болсны хувьд дүүргүүдийнхээ онцлогийг ярьж ойлгуулах, улмаар төрийн бодлогод энэ онцлогоо тусгуулах хамгийн том хөшүүрэг болсныг онцлох хэрэгтэй болов уу. Ганцхан жишээ татахад, Үндэсний их баяр наадмаа манай гурван дүүрэг тусдаа хийдэг ч, бай шагнал, цол, чимгийн хувьд албан ёсоор хуульчлагдаагүй явж ирсэн. Хэдийгээр түрүүлсэн бөх, морь, сур, шагайн харваачдадаа аймгийн цол өгдөг ч дээрээ холбооныхоо нэгдсэн бүртгэл судалгаанд ордоггүй, нэг үгээр хэлбэл хүлээн зөвшөөрөгддөггүй байсан. Тэгвэл С.Амарсайхан гишүүн бид хоёрын зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн онцлог, давуу байдлыг хэлж ярьж, ойлгуулснаар гурван дүүргийн баяр наадмыг аймгуудын баяр наадамтай адилтган авч үздэг байх өөрчлөлтийг тусгуулсан байх жишээтэй. Нөгөө талаар хөрөнгө оруулалттай холбоотой ажлуудад томоохон ахиц дэвшлүүд гарсан. Өнгөрсөн хугацаанд гурван дүүрэгт нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хоёр гишүүний дэмжлэгтэйгээр хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөөд байгаа нь дүүргүүдийн тулгамдсан олон асуудал үе шаттай шийдэгдэх бололцоо, боломжийг бүрдүүлсэн. 

-Багануур, Багахангай, Налайх дүүргийн төрийн албан хаагч­дыг орон нутгийн нэмэгдэлд хам­руулдаг болсон. Төрийн албаны тухай хуулиар танай гурван дүүр­гийнхэнд ямар боломж нээгдсэн бэ?

-Төрийн албаны тухай хуульд алсын гурван дүүргийн онцлогийг тусгайлан авч үзсэн. Тухайлбал, 2024 оноос 21 аймаг болон алслагдсан гурван дүүргийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн улс төрийн нийт 3000 гаруй албан хаагчид орон нутгийн 20 хувийн нэмэгдэлд хамрагддаг байхаар хуульчлагдсан. Төвийн зургаан дүүргийн алба хаагчдаас 20 хувиар илүү цалин авна гэсэн үг. Төрийн албаны тухай хуулиар ажилласан жилийн нэмэгдлээ ч авна. Авдаг цалингаасаа шалтгаалаад төрийн албанд ажиллах залуучуудын хүсэл сонирхол нэг хэсэг маш их буурсан. Харин төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сүүлийн үед төрийн албанд ажил­лах залуучуудын хүсэл сонирхол нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. 

Дүгнээд хэлэхэд, Багануур, Бага­хангай, Налайх дүүргийн онцлогийг анх удаа Төрийн албаны тухай хуульд тусгайлан тусгасан явдал болсон. Мөн хувийн хэвшлийнхэнд олон төрлийн боломж нээгдсэн. Тодруулбал, Татварын тухай хуу­лийн өөрчлөлтөөр алслагдсан гурван дүүрэг болон хөдөө орон нутаг, аймгуудад аж ахуйн нэгжүүд үйлдвэр, үйл ажиллагаагаа шил­жүүлбэл 50-90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх, шил­жин суурьшсан болон тухайн орон нутгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн хүүг гурван хувиар олгохоор болсон. Барьцаа хөрөнгийн тодорхой хувийг төрөөс, батлан даалтын сангаас хариуцдаг болсон, орон сууц барьсан аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд 2024 оноос хамруулдаг байх зэрэг эдийн засгийн хөшүүргийг холбогдох хуулиудад тусгуулсан нь алсын гурван дүүргийн иргэдийн амьдрал ахуй, эдийн засагт бодитой, томоохон өөрчлөлт орно гэж би хувьдаа дүгнэж байна. Ийнхүү УИХ-аас баталж буй хууль, тогтоол, шийдвэрт алслагдсан гурван дүүргийн асуудлыг тусгайлан тусгадаг болсон нь өөрчлөлт, дэвшлийн томоохон эхлэл байлаа.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22