Их цасны дараа их үерээс болгоомжлохыг сануулж байна

unen
21 цагийн өмнө

Тавьсан будаа хөлддөггүй гэгддэг таван ес эхэлсэн ч хүйтний эрч эрс чангарч, Улаанбаатар хотод гэхэд л -40 хэм хүрч хаа сайгүй сандаргав. Монгол орон даяар их хэмжээний цас орж, хаваржилт хүндрэн Засгийн газар яаралтай арга хэмжээ авахаар сайд нараа зурган баг болгон хуваагаад хөдөө орон нутагт ажиллах томилолт гардууллаа. Хөдөө орон нутагт нөхцөл байдал хүнд. Огцом хүйтэрч байгаа ч дулаарвал цас хайлж залгаад шар усны үер болох магадлал их байгаа учраас Засгийн газар бүхий л анхаарлаа хаваржилтад хандуулж байна. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт зуданд нэрвэгдээд байгаа малчдадаа туслах уриалга гаргасан. Энэ уриалгыг монголчууд бүгд л дэмжиж хүлээж авч, хаа сайгүй тусламжийн аян өрнөж, сошиал орчинд нэмнээ оёх нэгдлүүд хүртэл байгуулагдав. Ардын уран зохиолч Т.Галсан нэгэнтээ “Дээлээ даахтай болсныг нь сургууль аваад явчихсан учраас хөдөө эзгүйдэж, малчид ховордож байна” хэмээн ярьсан удаатай. Энэ ч үнэн бололтой. ШУТИС-д гэхэд л хөдөө орон нутгаас ирсэн 1700 оюутан сурч байгаа. Тэдний тал хувь нь хөдөө очиж, эцэг эхдээ туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс ШУТИС хөдөөний оюутнуудад дөрвөн долоо хоногийн чөлөө олгох шийдвэр гаргаснаа зарлалаа. Сайд нар бүгд хөдөө орон нутагт ажиллаж байгаа учраас өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдсангүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болжээ. АН засаг барьж байхдаа 2013 онд Хөрөнгө оруулалтын хууль баталж, “Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх” заалтыг энэ хуульд тусгасан. Монголчууд өөрсдөө газар эзэмшиж чадахгүй байхад хөрөнгө оруулагч нэртэй гаднынханд хэт найр тавьсан энэ хуулийн заалтыг өөрчлөх цаг болсон гэдгийг Их хурлын дарга ил тод мэдэгдлээ. Энэ хяналт шалгалтын үеэр нэр дээрээ олон газар авсан хүмүүсийн асуудал ч сөхөгдөх бололтой.

УИХ-аас “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог байгуулсан. Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцав. Харамсалтай нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой энэ агуулахад хугацаа нь дууссан их хэмжээний эм бэлдмэл байгаа нь шалгалтаар тогтоогджээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар ярилцаж байгаа юм байна. Хэрвээ хэлэлцээр амжилттай болбол ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй юм байна.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас өглөө. Тус банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7.2 хувьд хүрсэн хэмээн зарлав. Монгол Улсын эдийн засгийн энэ өсөлтөд Уул уурхайн экспортын сэргэлт, түүхий эдийн өндөр үнэ нөлөөлсөн гэж тэд дүгнэж байгаа юм байна. Эдийн засгийн энэ өсөлт монголчуудын амьдралд ч эерэг нөлөө үзүүлж байгааг Монголбанк тодотголоо. Учир нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад иргэдийн хадгаламжийн хэмжээ 34 хувиар нэмэгдсэн байна. Нэг үеэ бодоход монгол төгрөгт итгэх итгэл сайжирч, монголчуудын хадгаламжийн хэмжээ ч өсөж эхэлжээ.
Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэж хэлц үг бий. Нийслэлийн автотээврийн газарт яг л ийм зовлон нүүрлэжээ. Хэл амтай “Ногоон автобусны хэрэг” хуулийн байгууллагад шилжиж, хотын удирдлагууд яарч сандран шинэ автобуснууд оруулж ирсэн. Гэвч жолоочийн хүрэлцээ муу байгаа учраас В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын
төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулахаар зар тарааж, 3.5 сая төгрөгийн цалин амлаад байна. Харамсалтай нь “Ажлын байр алга” гэж гомдол мэдүүлдэг залуус маань автобусны жолооч хийх сонирхолгүй байгаа бололтой.
УИХ-ын сонгуулийн дуулиан улс төрийн намуудын идэвхийг сэргээж эхэллээ. Мөнгөтэй намын дарга нар гадаадад аялж, туршлага судалж, хөрөнгө бэл нимгэн дарга нар хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн сурталчилгаагаа янз бүрээр л эхлүүлж байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22