М.Ганхүлэг: Хаваржилт хүндэрсэн нөхцөл байдлыг хамтдаа даван туулахыг уриалж байна


Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгтэй ярилцлаа.

 

-Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар Засгийн газраас гаргасан шуурхай бүлгийнхэн орон нутагт ажиллаж эхлээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан салбар яам бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ? 

-Энэ жил сүүлийн 40 гаруй жилд тохиолдоогүй цас ихтэй жил болж байна. Зудын эрсдэлийн хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Зургаан аймгийн 23 суманд төмөр зудын, 17 аймгийн 88 суманд цагаан зудын, 17 аймгийн 79 сум, нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. Нийтдээ 19 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн. Манай улсын зудын энэ нөхцөл байдлыг НҮБ-аас албан ёсоор байгалийн гамшигт үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөөд байна. ХХААХҮЯ-ны зүгээс өвөлжилтийн бэлтгэл хангах, аймаг, сумын нөөц бүрдүүлэх ажлуудыг өмнөх жилүүдийн адил төлөвлөгөөт хугацааны дагуу зохион байгуулалтыг ханган ажилласан.

Үүний дагуу тухайлбал, өвс, тэжээлийн хомстол үүсэхээс сэргийлж бүх төрлийн экспортыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас зогсоосон. Ялангуяа өвсний экспортыг зогсоосон байсан. Мөн мал, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан. Манай улс 2023 онд нийт 80.4 мянган тн мах экспортолсон нь өмнөх жилээс тав дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон. Бүх төрлийн малын махны экспортын квотыг чөлөөлж, экспортын зөвшөөрөл олгох процессыг цахимд шилжүүлсэн нь ч чухал нөлөө үзүүлсэн. Хүнд үед өвс, тэжээлээр туслахаас илүү мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг дэмжих нь хөдөө аж ахуйн салбарыг тэлэх ганц боломж гэж бид үзэж байгаа юм.

-Шуурхай бүлгүүдийн Ажлын хэсэгт танай яамнаас холбогдох ямар мэргэжилтнүүд багтан ажиллаж байна вэ?

-Засгийн газраас улсын хэм­жээнд гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эхний удаад улс, аймгийн нөөцийг нэн хүндрэлтэй сумдад үнэ төлбөргүйгээр олгох, зам харгуйг нээх, малчдын зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Засгийн газрын гишүүдээр ахлуулсан долоон Ажлын хэсэг орон нутагт ажиллаж эхэлсэн. Энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн биржийн мэргэжилтнүүд орж, газар дээр нь ажиллаж байна. 

-Хаагдсан зам, давааг чөлөөлөхөд хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж ашиглах шаардлага үүссэн. Энэ тухайд яамнаас хэчнээн техник хэрэгсэл, хүн хүчийг дайчилж байгаа вэ?

-Засгийн газраас “Хамдаа давна” малчдад туслах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, хувийн хэвшил, олон улсын болон олон нийтийн байгууллага мөн нутгийн зөвлөлүүд, иргэд олон нийтэд уриалж байна. ХХААХҮЯ-ны зүгээс бүх ажилтан албан хаагчид маань нэгдэж нэг өдрийн цалин болох нийт 150 сая төгрөгийг хандивлаад байгаа. Мөн газар тариалангийн, хөдөө аж ахуйн томоохон аж ахуйн нэгжүүдийг өөр хоорондоо нэгдэн өөрсдийн трактор, техник, тоног төхөөрөмжөөр туслах уриалгыг гарган ажиллаж байна. 

-Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад 20 орчим мянган тонн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор боллоо. Энэ тусламжийг ямар байдлаар хуваарилсан бэ, нөөц хэр байна вэ?

-Эхний удаад УОК дээр байгаа улсын нөөцийг бүрэн түгээнэ. Түүний дараа ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпорац дээр байгаа 10 мянган тонн тэжээлийн улаанбуудайг нэн хүндрэлтэй сумдад хуваарилахаар шийдвэрлэлээ. Мөсөн зудтай хамгийн хүнд сумдад 150 тонн, цагаан зудтай сумдад 75 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор байна. Зардлыг аймгийн давсан орлогоос барагдуулж малчдад үнэ төлбөргүй олгохоор ажиллаж байгаа юм. 

-Тэжээл, импортын гурилан бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ тухайд танай яамныхан ямар оролцоотой ажиллаж байна вэ. Татварын ямар хөнгөлөлтийг, хэрхэн үзүүлэх вэ?

-Гурил, бүх төрлийн мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг дол­дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Одоогоор бэлтгэл ажил ид өрнөж байна. 

 -Амьд мал, мах худалдан авах ажлыг яамнаас хэрэгжүүлж эхэлсэн. Малын хорогдлоос урьдчилан сэргийлэх хүрээнд малчдад үзүүлж буй бас нэг бодлогын арга хэмжээ гэж ойлгож байгаа. Энэ ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү. Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Бид дийлэнхдээ БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортолж байсан. Тэгвэл одоо экспортын боломжууд нэмэгдэх болсон. Тухайлбал, булангийн орнуудад халал аргаар төхөөрсөн хонины гулуузыг онгоцоор болон авто замаар тогтмол тээвэрлэж байна. Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэх нь тодорхой байсан. Тиймээс бид экспортыг зогсоолгүй үргэлжлүүлэхэд онцгой анхаарал хандуулж, экспортын эрхтэй үйлдвэрүүдтэй хамтран ажилласан. Экспортлогч 20 гаруй үйлдвэрийг аймгуудад хувааж малчдаас амьд хонь худалдан авах “Хонь хөтөлбөр”-ийг зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл экспорт зогсолтгүй үргэлжилсээр байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн малчдын хотноос очиж хонь худалдаж авах ажлын хүрээнд 362 мянга орчим толгой амьд хонийг худалдан аваад байна. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малчид мал, махаа дундын зуучлалгүйгээр арилжих нөхцөлийг бүрдүүлж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс арилжааг эхлүүлсэн. Энэ хүрээнд мал, махны биржийн арилжааг өдөр тутамд зохион байгуулж байна. Энэ тухайд 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 225 хэлцлээр 359.3 тонн хонины мах, 111.56 тонн үхрийн мах, 26.51 тонн ямааны мах, 147.2 тонн адууны мах, нийт 644.4 тонн махыг 5.3 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн сайн мэдээтэй байна. 

-Яамны зүгээс өвөлжилт, хавар­жилтыг тогтмол үнэлж, холбог­дох арга хэмжээг эртээс авч хэрэг­жүүлж ирсэн байх. Энэ тухайд төсөв, төлөвлөгөөг хэрхэн гаргаж ирэв?

-Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай ажил, арга хэмжээг бид тогтмол хийж ирсэн. Энэ хүрээнд хийдэг ажлуудаа графикийн дагуу хийсээр ирлээ. Гэхдээ дэлхий нийтийн өмнө тулгамдсан цаг уурын өөрчлөлттэй бид илүү ухаалгаар тэмцэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлаас харахад бид мал аж ахуйн салбартаа бүрэн шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна. Хэдийгээр бид энэ талаар олон жил ярьж байгаа ч сууриар нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, тоо толгойгоо бэлчээрийн даацдаа тохируулж бууруулах, тодорхой хэсгээ нэн яаралтай эрчимжсэн аж ахуй болгон хөгжүүлэх, экспор­тын гарцуудаа нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүсийн үйлд­вэр технологийн паркуудыг хөг­жүүлж, түүхий эд бүтээгдэхүүнээ боловс­руул­даг болох гээд сууриар нь өөрчлөх шаардлагатай асуудлууд байна. 

-Цаашид цаг агаарын нөхцөл байдал ямар байх вэ. Та салбарын сайдын хувьд малчдад ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Хавар дөнгөж эхэлж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас харахад ойр ойрхон хүйтэрч, шуурах төлөвтэй байгаа. Тиймээс малчид маань дор бүрнээ бэлтгэлээ базааж хамгийн хохирол багатай даван гарах бүх боломжоо ашиглахыг зөвлөмөөр байна. Энэ жил үнэхээр олон жилийн дунджаас их хэмжээний цас орж, байгалийн давагдашгүй нөхцөл байдал тулгарч байгааг хаана хаанаа харж байна шүү дээ. Тиймээс ард иргэд, олон нийтдээ хандаж хэлэхэд цас зудын энэ хүндрэлийг даван туулахад бүгдээрээ гар бие оролцохыг уриалж байна. Хүнд, хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахыг уриалж байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр