-Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаа хийсэн малчид, хувь хүн болон албан байгууллагад хөнгөлөлттэй зээл олгоно-
Цас зудын эрсдэл, малын хорогдлоос сэргийлэх үүднээс Засгийн газар өнгөрсөн онд 233 дугаар тогтоолыг баталсан билээ. Үүний хүрээнд мал, махны арилжааг биржээр эхлүүлсэн юм. Үүний дагуу малчид Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мал, махаа дундын зуучлалгүйгээр арилжаалах боломжтой болсон. Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд нэг сарын хугацаанд биржээр дамжуулан хонь, үхэр, ямаа, адууны 465 тонн махыг 4.2 тэрбум төгрөгөөр арилжжээ. Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож нийт 238.7 сая төгрөгийн арилжааг хийжээ. Үүнд 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Тухайлбал, 303.5 тонн хонины махыг 2.6 тэрбум төгрөгөөр, 111.5 тонн үхрийн махыг нэг тэрбум төгрөгөөр, 51 тонн адууны махыг 397 сая төгрөгөөр, 26.5 тонн ямааны махыг 177 сая төгрөгөөр тус бүр арилжсан байна. Арилжааны сүүлийн долоо хоногт хамгийн их буюу 2.1 тэрбум төгрөгийн мах арилжсан гэдгийг Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ. Түүнчлэн нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын хотноос амьд мал худалдан авах ажлыг зохион байгуулж эхэлснээ ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж, малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч, Булангийн орнууд руу гаргаад байгаа ажээ.
Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг орон даяар зохион байгуулсан байна. Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортолж байгаа ажээ. Мөн цаашид захиалгад тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах юм байна. Тус биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдаалах боломжтой юм. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаж эхэлсэн нь өвөлжилт, хаваржилт хүндрээд буй энэ цаг үед малчдад томоохон дэмжлэг болж байгааг дуулгах болжээ. Тус бирж мал, махны арилжааны системийг хөгжүүлж, худалдагч, худалдан авагч хаанаас ч захиалга өгөхөд нээлттэй, хялбар систем бий болгож байгаа юм байна. Ингэснээр цаашид мал, махаа худалдаалах гэсэн малчид зардал чирэгдэлгүйгээр худалдан борлуулах боломжтой болж байгаа юм. Мөн малчдын хувьд их хэмжээний махыг аж ахуйн нэгжүүдэд зээлээр өгөөд, дараа нь буюу 1-2 сарын хугацаанд төлбөрөө авах ч боломжтой юм байна. Гол нь хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал, махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай юм. Үүнээс гадна мах бэлтгэн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс орон нутагт малчдын хотноос хонь худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд малчдаас худалдан авч буй малын махыг хадгалах зориулалтын агуулах, түүний багтаамж, стандартын шаардлага хангаж буй зэрэг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тоннын хүчин чадалтай байгаа аж. Энэ онд улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалтыг хийсэн байна. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой мал хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувь нь болж байгаа аж.
Улсын хэмжээнд нийт мал сүргийн 20 орчим хувийг хүнсэнд хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 23-ны байдлаар 1.5 сая толгой мал хорогдоод байгааг албаныхан мэдээлж байна. Цаг агаарын нөхцөл байдал ойрын хугацаанд дулаарах төлөв төдийлөн ажиглагдахгүй байгаа учраас цаашид ч малын хорогдлын энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг орон нутагт ажиллаж буй Шуурхай бүлгийнхнээс мэдээлж байгаа юм. 2023-2024 онд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байсан учраас малчид малаа ихээр бойлсон. Гэхдээ малчид өөрсдөө ингэж борлуулах нь борлуулалт муутай байсан учраас ХХААХҮЯ-наас зохион байгуулалт хийснээр ийнхүү Биржийн арилжааг амжилттай явуулж эхлээд байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд Биржээр дамжуулан арилжаа хийсэн малчид болон аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлттэй зээл олгох ажлыг ч эхлүүлээд байна. Энэ тухайд Хөдөө аж ахуйн биржийн Стратеги төлөвлөлтийн хэлтсийн менежер Б.Гантөмөр “Өвөлжилт хүндэрсэн Дорнод, Сүхбаатар, Архангай зэрэг аймагт төвлөрсөн мал, махны арилжааг зохион байгуулж байна. Бусад тохиолдолд цахим захиалгад суурилсан арилжааг мөн Хөдөө аж ахуйн биржээр өдөр тутамдаа зохион байгуулаад явж байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж болох ХХААХҮЯ-нд зээлийн албан хүсэлтийг хүлээн авч байна. Эдгээр хүсэлтийг яамнаас нэгтгээд арилжааны банкууд руу хүргүүлж байна. Ингэснээр эхний ээлжид 30 гаруй хүсэлтийг хүлээн аваад арилжааны банкуудаар тухайн зээл нь судлагдах шатандаа явж байна” гэлээ. Мал, махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулж эхэлснээс хойш бүх төрлийн дуудлага худалдаа болон арилжааны дүн мэдээллийг мал, махны төвлөрлөсөн платформоор танилцуулж эхэлсэн байна. Долоо хоног бүрийн үзүүлэлтийг харвал мал, махны арилжаа долоо хоног тутамд өсссөн үзүүлэлтэй байгаа аж. Энэ нь Хөдөө аж ахуйн биржээр мал, махны арилжааг амжилттай зохион байгуулж байгааг илтгэж байгаа юм.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна