Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлүүдээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо, шударга ёс, цахим засаглал гэсэн дөрвөн зорилтыг дэвшүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгээс... 2021.01.29
Хүн амын бүрэн вакцинжуулалт 64.2 хувьд, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар бид хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдлээ.
Хичээлийн шинэ жилийн мэндчилгээнээс... 2021.09.01
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого нь шинэ зууны гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн. Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.
МАН-ын 30 дахь Их хурлын илтгэлээс... 2021.12.06
Хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болж, “Оюутолгой” төслийн өнөөг хүртэл үүссэн хөрөнгийн Монголын талын эзэмших 34 хувийг үнэ төлбөргүй авч байна гэсэн үг юм. Энэхүү зөвшилцөл амжилттай болсноор ирэх оноос далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2023 онд багтаан ашиглалтад оруулах нөхцөл бүрдлээ.
“Оюутолгой”-н хэлэлцээрийн талаар УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үгээс... 2021.12.21
Цар тахлаас үүдэж -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна.
Шинэ оны мэндчилгээ. 2021.12.31
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа. 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.
Төсвийн тодотголоор ахмад настнуудын тэтгэврийг нэмэв. 2022.02.28
Вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт III тунд 52 хувь, IV тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна.
Цар тахлын хязгаарлалтыг цуцлах тухай мэдэгдлээс... 2022.02.14
“Давааны цаана даваа” гэж монголчууд бид ярьдагчлан, шар түвшинд шилжсэнээс хойш 10 хоногийн дараа манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой.
Инфляцыг хязгаарлах арга хэмжээний талаар УИХ-д хэлсэн үгээс 2022.04.08
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн босгон дээр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг ашиглалтад бүрэн оруулж байна. Нэг үгээр хэлбэл, 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусаж байна.
“Мянганы зам” төсөл амжилттай хэрэгжсэн тухай Загастайн давааны автозамын нээлтэд хэлсэн үгээс... 2022.07.24
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гаднын өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Авлигатай тэмцэх ялын бодлогыг чангатгаж, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихад хэлсэн үгээс... 2022.12.15
Өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна.
Шинэ оны мэндчилгээнээс... 2022.12.31
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Оюутолгой”-н төслийн гүний уурхайн мянга хоёр зуун жаран таван метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлон байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
“Оюутолгой”-н Гүний уурхайн нээлтийн өдөр хэлсэн үгээс... 2023.03.25
Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцөл, судлаач эрдэмтдийн олон жилийн зөвлөмжид нийцүүлж, түүхэн цаг хугацааны өмнө эс үйлдэл хийхийг хүсээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихад хэлсэн үгээс... 2023.05.03
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг шилжүүлэн авчирч, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
“5 Ш” ажиллагааны талаар хэлсэн үгээс... 2023.05.04
2020 оны аравдугаар сарын 2-ны өдөр “E-Mongolia” системийг нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нээж, анхны хэрэглэгчээ авч байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна.
“И Монгол 3” аппликейшныг нээхэд хэлсэн үгээс... 2023.05.24
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёр дахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа. Ужгирсан асуудлуудыг бүрэн цэгцлэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн мандах нарны туяа тусаж, ардчиллын хоёр дахь давлагаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.
Шинэ оны мэндчилгээ. 2023.12.31
Юуны өмнө, олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодит шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудал шийдэгдэж, олон жил ярьсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа.
Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлэх тухай мэдэгдлээс...
2024.01.24
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна