Эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл


-Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсан түүхийн өлгөц-

Цаг үе, нийгмийн дуудлага

 

Дотоод, гадаадын эзэрхэг түрэм­гийлэл дунд 200 гаруй жил хавчигдсан монголчууд туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсаа сэргээн бадраах хүсэл, зоригоо чангалж, эв нэгдлээ бэхжүүлэн, эх орон, элгэн саднаа өмгөөлөн тэмцэх зорилгоосоо ухарч байсангүй. Оюуны үзэл санаа, их үйлсийг бүтээх чигч шударга, чин зориг үеэс үед, үрээс үрд дамжин бойжиж байсныг тухайн цагт эзэрхэж асан талууд гадарлаагүй болов уу. 

Монголчуудын үзэл санаа XX зууны эхэн үед улам тодорч, эх оронч залуусын төлөөлөл болох “Анхны долоо” МАН-ыг үүсгэн байгуулсан юм. Энэхүү их үйл, сайн цагийн үндэс суурийн эхлэл байсан бол ХХ зууны Монгол Улсын их бүтээн байгуулалт, сэргэлт, дэвшлийн түүх, МАН-ын түүх хоёр салшгүй холбоотой бичигдэж нэгэн зууныг ардаа орхижээ. 

Харин өдгөө мэдээлэл технологийн XXI зуунд МАН нийгэм-эдийн засгийн бодлого шийдлийг тодорхойлсон, чадварлаг боловсон хүчинтэй, улс төрийн өндөр хариуцлагатай орчин цагийн улс төрийн институт болон төлөвшжээ. Энэ удаа Монголын Эх орончдын өдөрт зориулан МАН байгуулагдсан түүхийн хуудсаас өлгөсөн товч тэмдэглэл, бичвэрийг хүргэж байна. 

 

Нам байгуулагдсан нь

 

ХIX-XX зууны зааг дэлхий дахины цаг төрийн байдал амаргүй, түүхэн мөч байв. Аж үйлдвэр өндөр хөгжсөн Баруун Европоос эхэлсэн ажилчин олны эрх ашгийг хамгаалах, засаг төрийг шинэчлэх их үйлсийн давлагаа нэгэнтээ Монгол оронд өөрчлөлтийн салхийг сэвэлзүүлсэн эгзэгтэй цаг үе байлаа.

Тухайн үеийн хэсэг залуус цагийн байдлыг гадарлаж, улс төр, иргэний зориг гарган 1919 онд Оросын консулын сургуулийн багш Д.Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл С.Данзан нар Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Эдгээр бүлгэмд улс орны цаг үеийн байдлыг хэлэлцэж, санал бодлоо солилцож байсан нь хожмын эх үйлсийн эхлэл болсон байдаг.

Энэхүү үйл явц, уулзалтын үр дүнд нууц бүлгэмийн хамтарсан зөвлөгөөн хоёрдугаар сарын 20-ны өдөр болж, Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Улмаар Хүрээний ба Консулын бүлгэмийн гишүүд зургадугаар сарын 25-нд хуралдаж, “Монгол Ардын Нам” хэмээх улс төрийн байгууллагыг байгуулан Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг баталсан байна. 

Дээрх үйл явц, намын үндсэн зорилго чиглэл нь амаргүй цаг үед дотоод, гадаадын эзэрхгийн хавчлага дор эх орноо гэсэн мохошгүй зориг, цуцашгүй сэтгэл, хамтын хүчээр Ардын хувьсгалыг амжилттай өрнүүлж, харийн түрэмгийлэгчдээс улс түмнээ чөлөөлөх түүхэн үүрэг хариуцлагыг МАН-д ногдсоныг хичээнгүйлэн гүйцэтгэж чаджээ.

Яг л өндөр даралтад энгийн нэг чулуулаг очир эрдэнэ болон батжин бэхэждэг шиг эх орныхоо төлөө гэсэн чигч сэтгэл, их үйлсийн төлөөх залуус, түмэн олны итгэл, айсуй цагийн байдлыг ухан сэхээрсний үндэс суурин дээр Монгол Ардын Нам үүсэн бүрэлдэж, хатуу цагийн бэрхийг туулж, нэгэн зууны Монгол Улсын хөгжлийг чиглүүлэн, ирээдүй цагийн шинэ сэргэсэн Монгол Улсыг бүтээлцэж явна.

 

Анхдугаар Их хурал

 

Намын Анхдугаар Их хуралд оролцсон 26 хүний дотроос 16 нь гурван өдрийн бүх хуралдаанд байнга оролцсон бол бусад нь зарим өдрийн хуралдаанд оролцож чадаагүй нь тус их хурлын протоколоос мэдэгддэг. 

Намын Анхдугаар Их хуралд оролцсон төлөөлөгчдийн талаар нэлээд гүнзгий судалгаа хийсэн Б.Ширэндэв 1963 онд хэвлүүлсэн бүтээлдээ тус хуралд 41 төлөөлөгч оролцсон болохыг тэмдэглэж, тэдний 26-г орон нутгийн захиргааны харьяаллаар нь нарийвчлан гаргаж, Түшээт хан аймгийн таван хошуу, Сэцэн хан аймгийн нэг хошуу, Сайн ноён хан аймгийн хоёр хошуу, Засагт хан аймгийн нэг хошуу, Их шавийн гурван отог, Нийслэл Хүрээний харьяат нар байсныг тодорхойлжээ. [31, 255]

Тус түүхэн баримтаас үзэхэд МАН-ын их хуралд нутаг хошуу бүрийн төлөөлөл эв санаагаар нэгдэн нийлж, тухайн цаг үед улс оронд тулгамдсан асуудал, цаашдын үйл хэргийг тодорхойлоход идэвхийлэн оролцож байсныг илтгэж буй.

Тодруулбал, их хуралд оролцсон 26 хүнээс Далай, Сэнгэ нараас бусад хүний төрсөн он тодорхой байна. Тэднийг насны байдлаар ангилж үзэхэд, 21-30 хүртэл насны найм, 31-40 насны 14, 41-50 насны нэг, 51-ээс дээш настай нэг хүн байсан нь манай намын анхны 26 гишүүний олонх нь 40 хүртэлх насны идэр залуу эрчүүд байсныг харуулж байна.

Энэ нь тухайн цаг үеийн монгол залуус цаг үеийн нөхцөл байдлыг сонор соргогоор мэдэрч, улс орныхоо оршин тогтнол, хөгжил дэвшлийн төлөө чин хүслээр зүтгэх, гал эрмэлзэлтэй байсныг гэрчилж буй. Хожмоо 1921 оны гуравдугаар сарын 1-3-ны өдөр Дээд Шивээд хуралдсан “Монгол Ардын Намын төлөөлөгчид ба гишүүн нар, намын цэргийн ангийн захирал ба төлөөлөгчид болон хэдэн хошууны төлөөлөгч” [13.3] нарын зөвлөгөөнийг 1924 онд МАН-ын III Их хурлаас Э.Ринчиногийн гаргасан саналын дагуу Намын Анхдугаар Их хурал гэж нэрлэхээр албан ёсоор шийдвэрлэжээ.

 

Монгол Ардын Нам улс төрийн институт болох суурь тавигдсан нь

 

Монгол Ардын Намыг байгуулан, Намын төв хороог сонгож, намыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, намаас хувьсгалд тавих зорилт, баримтлах тактикийг тусгасан “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршил”, “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээх хоёр үндсэн баримт бичгийг хэлэлцэж намын Анхдугаар Их хурлаар баталжээ. 

Монгол Ардын Нам байгуулагдсаны дараагаар гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Ардын Намын 26 хүмүүс ба гишүүн нар” [19.8] Д.Сүхбаатар, Ж.Цэвээн нарын удирдлагаар хуралдаж, маш чухал гурван асуудал хэлэлцсэн тухай их хурлын үндсэн баримт бичигт тэмдэглэсэн байдаг. Ардын Намын Төв хороо байгуулах тухай асуудлыг мөн энэ өдрийн хуралдаан дээр хэлэлцсэн билээ. Энэ тухай тус хурлын монголоор бичсэн протоколд тэмдэглэн бичих­дээ “Намын Төв Хороо бай­гуулах, түшмэд Данзан, Лосол, Дамбадорж нарыг сонгов. Жич, олон улсын хоорондох эв хамтын олон намуудын Алс Дорно дахь хэлтсээс томилон гаргасан төлөөний түшмэл нэгийг суулгана. Мөн Хорооны бичээчид Осор (Ж.Дэжид-Осор З.Л.), Бадарчин нарыг сонгов” [19,13] гэжээ.

Тодруулбал, МАН улс төрийн төлөвшсөн институт болох эх үндэс тус түүхэн баримт бичгээр тавигдаж, хожмын Монгол орны нийгэм, улс төрийн хөгжил дэвшил, бодлогын асуудлыг шийдвэрлэх чадварлаг боловсон хүчний ундарга болжээ. XX зууны дэлхий дахин хийгээд, улс орны дотоод цаг төрийн байдал, хүнд бэрх, хариуцлагатай үеүд нь МАН-ыг улам бүр чадавхжуулж, харьцангуй төлөвшил сайтай, бодлогын чадамж бүхий улс төрийн хүчин болоход ихээхэн нөлөөлснийг онцлох нь зүйтэй.

Энэ нь орчин цагт манай улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн бусад хүчнүүдтэй харилцан уялдаатай хөгжиж, дэвшин улс төрийн тавцанд манлайлал үзүүлэх бүрэн чадамж, хариуцлагатай улс төрийн институт бол МАН гэдгийг илтгэж буй. Учир нь улс орны хатуу бэрх цагт чамбай бодлогын шийдэлтэй ажиллаж, хөгжил дэвшлийг алс хараатай чиглүүлж ирснийг түүхэн баримтууд өнөө цагт улам тодотгон, нотолсоор байгаа ажгуу.

  “Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөн” бүтээлээс дэлгэрэнгүй үзнэ үү.

  “Монголын Хувьсгалчдын түүхт зөвлөгөөн” бүтээлээс эшлэв.

 

Бэлтгэсэн: Стратеги академи

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22