Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 29-64 хувиар нэмлээ
Төрийн албан хаагчдын цалин хөлс 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгаж чадлаа. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоонд шинэчлэл хийж 14 сүлжээний 566 шатлалтай цалинг зургаан сүлжээний 61 суурь цалин болгон оновчтой болгож үндсэн цалинг 40 хувь, орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд тэтгэвэр тооцох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тэтгэврийн зөрүүг ойртуулснаас гадна бүх тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр 2020 онтой харьцуулахад дундаж тэтгэвэр 65.1 хувь нэмэгдээд байна. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж нийт 496.3 мянган тэтгэвэр авагчдын дундаж тэтгэврийг 23.1 хувиар өсгөн, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхэд бүрд олгосноор өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсөөд байна.
Төрийн албан хаагчийн цалин 10-20, орон нутгийн нэмэгдэл 20-40 хувиар нэмэгдэнэ
УИХ-аас 2024 оны төсөвт төрийн албан хаагчдын цалин, орон нутгийн нэмэгдлийг нэмэгдүүлэхээр хуульчлан батлав.
-Төрийн албан хаагч таны үндсэн цалин 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс инфляцтай уялдан нэмэгдэнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалин 20 хувиар өснө. Бусад албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдэнэ.
-Хөдөөгийн суманд ажиллаж буй 51.8 мянган албан хаагч үндсэн цалингийнхаа 40 хувьтай тэнцэх нэмэгдлээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн авна. Аймгийн төв, алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүрэгт ажилладаг 53.4 мянган албан хаагчид цалингийнх нь 20 хувиар тооцсон нэмэгдлийг нэмж авна. Орон нутгийн бүх албан хаагчийн цалингийн нэмэгдэлд нийт 306.8 тэрбум төгрөг зарцуулна.
-Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 900 000, суманд 1.260.000, аймгийн төв, алслагдсан дүүргүүдэд 1.080.000 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
-Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдлийн тоо хэмжээ, хамрагдах хүрээг 2023 онд өсгөсөн юм.
-Хөдөөгийн багш, эмч, сувилагч, урлаг соёлын ажилтнууд зэрэг төрийн үйлчилгээний албан хаагч цалингийнхаа 8-20 хувийн нэмэгдэл авч байсан.
-Дээрх нэмэгдлийн үр дүнд төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1.100.000, суманд 1.540.000 төгрөг, аймгийн төв, алслагдсан гурван дүүрэгт 1.320.000 төгрөг болно.
Тэтгэвэр зургаан удаа нэмэгдэж, дундаж хэмжээ нь 2.2 дахин өсөв
2016 оноос хойш тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нийтдээ зургаан удаа нэмээд байна. Үүүний үр дүнд дундаж тэтгэврийн хэмжээ 2.2 дахин өсчээ.
2023 оны төсвийн тодотголоор Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан нь үр дүнгээ өгч эхэллээ.
Энэ удаагийн нэмэгдлийн хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Мөн төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.
-Анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалингийн түвшинд хүргэх тоон илэрхийллийг “Итгэлцүүр” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил ажил мэргэжлээр, ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэврийн зөрүү ойртох юм. Гэвч 2014 оноос хойш есөн жилийн туршид тэтгэвэр тооцох итгэлцүүрийг шинэчлээгүй. Есөн жилийн дараа буюу 2023 оны зургадугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн батлав. Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвөө тодотгон, шинэ итгэлцүүр хэрэгжүүлэхэд шаардлагатай 200.0 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган батлав. Энэхүү арга хэмжээнд 161 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн зөрүү ойртож нэмэгдсэн болно.
-Засгийн газраас 2023 оны долдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 550.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 440 мянган төгрөгөөр тогтоож бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүллээ. Дундаж тэтгэврийг 550 мянгаас 687 мянган төгрөгт хүргэлээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 288 мянган төгрөг байсныг 325 мянган төгрөг болголоо.
Хүүхдийн мөнгө 20-100 мянган төгрөг болж тав дахин нэмэгдлээ
Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай. Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомстолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм бөгөөд Засгийн газар хүн амаа өсгөх бодлогыг тууштай дэмжиж, хүсэлт гаргасан Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгож байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна