Бид залуу парламентчдад “тийм” гэж хэлнэ


Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурал (ICAPP)-ийн Залуучуудын байгууллагын VII хурал хоёрдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. "Залуу парламентчдад бид тийм гэж хэлнэ" уриан дор өрнөж буй тус хуралд дэлхийн 18 орны улс төрийн намын төлөөлөл хүрэлцэн ирэв. Тухайлбал, ОХУ, Азербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Туркийн залуу парламентч болон Засгийн газрын гишүүд Монгол Улсад зочиллоо.

Тус хурлыг АУТНОУБХ-ын Удирдах зөвлөлийн дарга, БНСУ-ын Гадаад харилцааны сайд асан Чүнг Иёон, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал нар нээж, чиглүүлэгчээр МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Батнайрамдал, АУТНОУБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-аас АСЕАН-ы Жакарта дахь Элчин сайд асан Квон Хисог, АУТНОУБХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн, МАН-ын дэргэдэх Дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажилласан юм.

Хурдацтай өрнөж буй геополи­тикийн өөрчлөлт улс орнуудад харилцан ойлголцол, хамтын ажиллагаа юунаас ч илүү чухал болж буйг харуулсаар байна. Дэлхийн түүхийн хуудас шинээр эргэж буй энэхүү сонирхолтой өөрчлөлтийг нүдээр үзэж, чихээр сонсож буй цаг үеийнхэн нийгмийн шударга ёс, эв нэгдэл, хүний эрхийн баталгаа, үе хоорондын харилцан ойлголцол,  бодлогын хүртээмжтэй байдал, ардчиллын зарчмуудад өмнөхөөсөө илүү нэгдэх ёстой болж байна. Энэ онд дэлхийн 196 улсын 62-т нь улс төрийн сонгууль явагдах онцгой жил тохиож байна.

Ийм цаг үед Улаанбаатар хотноо дэлхийн улс орны залуучууд чуулж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниуллаа. Хурлын уур амьсгалаас улс төрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх санаачилга, нийгэмд залуучуудын өмнө тулгамдаж буй бэрхшээл нь зөвхөн нэг улсын асуудал биш. Улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудлууд ижил төстэй байна гэдэг нь анзаарагдаж байв. Харин төлөөлөгчид “Бид энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Хамгийн зөв шийдэл нь юу вэ, гарцаа тодорхойлох хэрэгтэй байна. Үүсэж буй асуудал, залууст тулгарсан бэрхшээлийг даван туулахын тулд олон нийтийн харилцааг идэвхжүүлэх нь чухал байна” гэсэн байр суурийг онцолж байлаа.

Мөн залуусын оролцоо, улс төрийн манлайллыг дэмжиж, тэдний эрч хүчийг, оюун санааг эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө дайчлах нь улс орон бүрийн хүсэл бас шийдэл гэдэгт Ази, Номхон далайн орнуудын залуус нэгдмэл байр суурьтай байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт залуусын хоёр хувь нь улс төрд, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна. Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг 39-өөс доош насны залуус эзэлдэг хэдий ч шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо арав хүрэхгүй хувьтай байгаа юм.

Улс төрийн намд нийгмээ түүчээлэх том үүрэг байдаг. Үзэл санаа, ёс суртахуун, үйл ажиллагааны түүчээ нь болж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх үүргээ Монгол Ардын Намын залуус амжилттай гүйцэтгэж, ICAPР-ийн салбар хуралдааныг эх орондоо зохион байгуулж, дэлхийн хөгжилтэй болон хөгжиж буй, хөгжингүй орнуудын улс төрийн намтай өөрсдийгөө харьцуулах, хамтдаа хөгжих, тэдний давуу талыг нээж байна. Монголчууд дэлхийн улс орнуудын улс төрийн намуудын зүгээс зохион байгуулдаг олон арга хэмжээнд өөрсдөө очиж оролцдог байсан бол өнөөдөр эх орондоо олон улсын хурлыг хүлээн авч зохион байгуулж хэвшлээ. Монгол Ардын Нам Ази тивд анх байгуулагдсан улс төрийн нам гэдгээрээ ICAPP байгууллагын гишүүн орнууд дунд нэр хүндтэй байр суурь эзэлдэг болжээ.

Хурлын төгсгөлд  “Бид залуу парламентч­дад тийм гэж хэлнэ” Улаанбаатарын тунхаглалыг батлав. Улаанбаатарын тунхаг бичиг нь залуучуудын улс төрд оролцох оролцоог нэмэгдүү­лэх, нэг нэгнээ хэрхэн дэмжих, улс эх орны хөгжлийн төлөө үзэл бодол, намын харьяалал хар­галзахгүй нэгдэх талаар тусгасан бодлогын баримт бичиг юм.

 

МАН-ын залуу улстөрчид ICAPP-ийн салбар байгууллагуудыг удирдаж байна

 

ICAPP (International Conference of Asian Political Parties) бүс нутгийн 52 орны улс тө­рийн 352 намыг үзэл баримтлал үл хар­галзан нэгтгэсэн, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой байгууллага юм. ICAPP олон улсын байгууллага нь нийгмийн олон бүлгийн нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн хэд хэдэн зөвлөлтэй бөгөөд өдгөө МАН-ын залуу улстөрчид ICAPP-ийн салбар байгууллагуудыг удирдаж байна.

Азидаа хамгийн томд тооцох улс төрийн намуудын энэхүү нэгдэлд Монголын улс төрийн МАН, АН, ХҮН идэвхтэй орол­цож, үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа МАН 2004 оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлж, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажилласан бол 2021 онд МАН-ыг төлөөлж Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн Байнгын хорооны даргаар сонгогдож байжээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Ардын Нам Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын IV хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлыг зохион байгуулж байв.

Дэлхийн 22 орны улс төрийн 28 намын төлөөлөл оролцсон тус хурлын үеэр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбоо­ны сайд, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал ICAPP хэмээх энэ томоохон эвс­лийн дэргэдэх Залуучуудын бай­гууллагын ерөнхийлөгчөөр, МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Но­мин Эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна. Социал демократ үзэл баримтлалтай Монгол Ардын Нам Азийн улс төрийн намуу­дын дэргэдэх залуучууд, эмэг­тэйчүүдийн байгууллагыг тэргүүлж байгаа нь тус намыг Ази тивийн түвшинд  улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа юм.

 

 

 

Н.Учрал: Азийн залуучууд Улаанбаатарын тунхгийг гаргалаа

-Та ICAPP-ийн Залуучуудын байгууллагын ерөнхий­лөгчөөр 2023 оны зун сон­­согдсон. Энэ удаа За­­луу­­чуудын VII хурлыг  Улаан­баа­тарт хүлээн авч зо­хион байгууллаа. Хурлын онцлог юу байв?

-Эгнээндээ Азийн улс төрийн 350 намыг нэгтгэсэн Азийн улс төрийн намуудын Олон улсын байгууллага (ICAPP) 2023 оны зун надад залуучуудын байгууллагаа удирдах эрхийг олгосон. Сая хуралдсан хурлын үеэр залуучуудын байгууллага бүс бүрээс дөрвөн дэд ерөн­хийлөгч сонголоо. Энэ удаагийн арга хэмжээнд Азийн улс төрийн 18 намын төлөөлөл, парламентын 48 гишүүн, залуу сайд нар хүрэлцэн ирж, Улаанбаатарын тунхаглалыг хамтдаа гаргасан.

Энэ онд дэлхийн олон оронд шат шатны улс төрийн сонгууль болно. Ийм цаг үед бүс нутгийн залуучууд олон улсын хэмжээнд баримтлах зарчмаа нэгдсэн байдлаар тодор­хойлсон. Энэ бол ICAPP-ийн Залуу­чуудын байгууллагын VII хурлын гол онцлог байв.

-Улаанбаатарын тунхагла­лын гол агуулга, зорилго юу вэ?

-Байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, агаарын бохир­дол, сансрын орон зайд хамтран ажиллах гэх мэт бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх тодорхой таван асуудлыг бид энэ хурлаар авч хэлэлцлээ. Энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш, олон улсын, бүс нутгийн өмнө тулгамдсан хамтаар шийдэх ёстой асуудал учраас бид санал, байр сууриа нэгтгэн Улаанбаатарын тунхаглалыг гаргалаа. Залуучуудын хурал зөвхөн парламентад ч биш бүх шатны шийдвэр гаргах түвшинд залуучууд ажиллах нь ямар эерэг үр дүнг авч ирэх вэ. Залуучууд улс төрийн намын үзэл баримтлалаас үл хамааран хэрхэн улстөржилгүй хамтран ажиллаж болох вэ гэсэн агуулга дор болж өнгөрлөө. Бид Улаан­баатар хотын тунхаглалд таван зорилтыг дэвшүүлсэн. Энэ онд дэлхий даяар болох улстөрийн 64 сонгуулийн дараа бид залуучуудын оролцоо ямар байв гэдгийг дүгнэх юм.

ICAPP-ийн Залуучуудын VIII хур­лыг Камбож улс хүлээн авч зо­хион байгуулах саналаа сая илэр­хийлсэн. Тэр хурлын үеэр Азийн улс төрийн намуудын Олон улсын байгууллагын залуучуудын хамтран гаргасан Улаанбаатарын тунхаглалыг хэрэгжүүлэх ажлаа ярилцахаар тохиролцлоо. Ер нь Монгол Улс олон улс, бүс нутгийн түвшинд бусад улс оронтой хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Геополитикийн нөхцөл байдал, дэлхий нийтэд үүсэж буй мөргөлдөөнүүдийг харахад ч манайх шиг далайд гарцгүй улс олон улсад нээлттэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал болж байна. Ийм цаг үед, өвлийн хүйтэнд Монгол Улсыг зориод гадаадаас парламентын залуу гишүүд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагын удирдлага хүрэлцэн ирж, санал шийдлээ ярьж байна. Энэ бол Монгол орныг хүндэтгэж, Монгол Улсын оролцоог дэлхийн түвшинд анхаарах ёстой гэсэн дэлхий нийтийн бидэнд хандсан эерэг байр суурь гэж ойлгож байна.

-Хурлын зочноор ирсэн гаднын парламентчдаас хамгийн залуу түшээ нь хэдэн настай байв. Энэ мэдээлэл манай залуучуудад сонин байж мэдэх юм?

-Хамгийн залуу парламентч Турк улсаас ирлээ. Гишүүний нас 24. Мөн Камбож, Азер­байжанаас 27, 28-тай гишүүн ирсэн. Ер нь залуусыг парламентад оруулахын да­вуу талууд бий. Орчин үед тренд болж буй дэлхий ний­тийн хөгжлийн чиг ханд­лагатай нийцэн ажиллах бо­­лолцоо бүрддэг. Залуу пар­ламентчтай улс орнууд Их хуралдаа Залуучуудын асуу­дал хариуцсан байнгын хо­роо хүртэл ажиллуулдаг юм билээ. Сая болж өнгөрсөн ICAPP-ийн Залуучуудын байгууллагын хуралд манай Ардчилсан нам, ХҮН-ын залуучуудын төлөөлөл ч оролцсон. Залуучууд 35-аас доош насныхан бол технологи, шинжлэх ухаан гэх мэт глобал асуудалд улстөржилгүй нэгдэж чаддаг. Манай улсын хүн амын 70 хувийг 40-өөс доош насны залуучууд эзэлдэг бол 35-аас доош насныхан 61 хувийг бүрдүүлж байна. Ийм маш залуу насны бүтэцтэй, залуу ардчилалтай улс орны парламентад залуусын оролцоог нэмэгдүүлэх нь чухал.

 

 

 

Залуусын илтгэлээс...

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг:

-Монгол Улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. УИХ-ын 1992 оны сонгуулиар эмэгтэй гурван гишүүн сонгогдож, эмэгтэйчүүд өөрсдийн төлөөллөө улс төрд бэхжүүлж байв. Сонгуулийн тухай 2005 оны хуульд “Нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн шаардлагыг тусгасан. 2011 онд “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна” гэж хуульчилснаар 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож байлаа. 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд парламент 126 гишүүнтэй байхаар хуульчлагдсан нь парламентын төлөөлөх чадамжийг сайжруулахад чиглэсэн бодлого болж өглөө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэхийн зэрэгцээ хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчийг 1:1 гэсэн харьцаагаар байршуулснаар 24 буюу тал нь эмэгтэй нэр дэвшигч сонгогдох боломжтой болоод байна.

 

БНСУ-ын Минжү (Ардчилсан) намын Үндэсний залуучуудын хорооны гүйцэтгэх дэд ерөн­хийлөгч Пак Жэ Кеун:

-Азийн чадварлаг ирээдүйг бий болгох тал дээр залуучууд  өндөр үүрэгтэй оролцох хэрэгтэй. Өнөөдөр би Солонгосын залуучууд, ирээдүйн төлөөлөл болж энд үг хэлж байгаадаа баяртай байна. Нийгэмд өөрчлөлт хийхэд залуучуудын оролцоо тун чухал. Цаг уурын өөрчлөлтийг даган үүсэж буй хүндрэл бэрхшээл,  залуучуудын ажилгүйдэл зэрэг бэрхшээлүүд бидний өмнө тулгамдаж байгаа ч дижитал технологийн эрэн цаг үеийг залуучууд манлайлж байна. Нийгмийн хүндрэлтэй асуудал, эерэг өөрчлөлтийн төлөө залуучуудыг дэмжих хэрэгтэй. Парламентад залуучуудын дуу хоолой чухал байна. Энэ өөрчлөлтийг хийх гол цөм нь ICAPP олон улсын байгууллагын залуучуудын жигүүр гол цөм болж өгөх болов уу гэж байна. Тиймээс залуучуудыг харилцан туршлага солилцуулах нь чухал юм.

 

Азербайжан улсын Парла­ментын гишүүн, Залуучуудын холбооны гишүүн Сабина Хасаева:

-Улс төрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх байр суурьтай олон улсын хуралд уригдан ирсэндээ баяртай байна. Орчин үед, энэ цагт улс төрд за­луучуудын оролцоог нэмэгдүүлж, тэднийг дэмжин гаргаж ирэх нь чухал байна. Нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд залуучуудын сонирхол, үзэл бодлыг сонсож, шийдэл хайвал илүү үр дүнтэй, цаг үедээ нийцсэн шийдвэрүүдийг гаргаж ирж чадах юм. Парламентад залуучууд орж ирснээрээ улс төрд, парламентад тогтсон уламжлалт хуучинсаг арга барилыг өөрчилдөг гэдгийг бас санах хэрэгтэй. Тэд ирээдүйн биш өнөөдрийн манлайлагчид байдаг.

Д.Отгоо

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 48 минутын өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 20 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр