Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог 1994 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулан тэргүүнээр нь УИХ-ын Судалгааны төвийн секторын эрхлэгч, МАХН-ын Бага хурлын гишүүн Д.Алтай сонгогдсон түүхтэй бөгөөд эдүгээ 30 жилийн ойтойгоо учран золгож байна. Манай холбоо 21 аймаг, есөн дүүргийн салбар холбоод, сум, хороодын салбар зөвлөлүүдийн хамт нийгмийн тэнцвэртэй байдлыг бий болгох үйлсийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, эгнээндээ 98000 гаруй гишүүнийг нэгтгэсэн хүчирхэг байгууллага болон өндийхөд үе үеийн удирдлагын баг, гишүүд дэмжигчдийн оролцоо, хамтын ажиллагаа итгэлцэл түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд зохион байгуулсан холбооны ээлжит бус их хурлаар СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Мандхай нар сонгогдон удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн, үндэсний хэмжээнд Социал демократ үзэл баримтлалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж ирлээ.
Холбооны ажлын албанаас СДМЭХ-ны 30 жилийн түүхэн замналаас цуврал нийтлэл бэлтгэн “Цахим сэтгүүл”-ээрээ дамжуулан гишүүд дэмжигчдэдээ хүргэн ажиллаж байна. Түүнчлэн 21 аймаг, есөн дүүрэгт бүтээлч аяныг өрнүүлэх бэлтгэл ажлыг эхлүүллээ.
Бүсийн чуулганаас гаргасан “Уриалга”-ыг хэрэгжүүлж байна
СДМЭХ-ны Удирдах зөвлөл, ажлын алба, аймаг, нийслэл, дүүргүүдийн салбар холбоодтойгоо хамтран бүсийн чуулгануудаа Ховд, Дорноговь, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав. Эдгээр бүсийн чуулганаас дэвшүүлэн гаргасан “УРИАЛГА”-д тусгасан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ажил өдгөө өрнөж байна.
Бага хурлын II хуралдаанд 200 орчим гишүүн оролцов
Холбооны Бага хурлын II хуралдаанаа цахим хэлбэрээр өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хуралдаанд 21 аймаг, нийслэлийн салбар холбооны бага хурлын 200 орчим гишүүн оролцлоо. Тус хуралдааны эхэнд СДМЭХ-ны ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшинд тэр дундаа УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилго зорилтын талаар танилцуулсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ сайн засаглалыг бий болгоход эмэгтэйчүүд та бүхний оролцоо, үүрэг чухал гэдгийг тодотголоо.
“Цахим сэтгүүл”-ийн найм дахь дугаараа гаргалаа
Холбооны ажлын албаны дэргэд “Цахим сэтгүүл”-ийн редакц байгуулан ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Тус редакцын хамт олноос энэ оны нэг болон хоёрдугаар сарын дугаараа уншигчдадаа өргөн барив. Цахим сэтгүүлээрээ дамжуулан холбооныхоо үйл ажиллагаа, салбар холбоодын онцлох ажил, гишүүд дэмжигчдээс ажил үйлсээрээ тэргүүлсэн эмэгтэйчүүд, холбооноос гаргасан түүхэн шийдвэрүүд, туршлага, судлах түгээн дэлгэрүүлэх ажлын явц үр дүн, хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлыг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.
“Цаг үе ба эмэгтэйчүүд” цувралд 50 гаруй төлөөллийг оролцуулав
УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн шинэ дүр төрхийг тодотгох, нийгэмд таниулах зорилгоор “Цаг үе ба эмэгтэйчүүд” нэвтрүүлэг, контентыг “Малчин” телевизтэй хамтран бэлтгэдэг бөгөөд одоогоор 10 дугаарыг цувралаар олны хүртээл болголоо. Нэвтрүүлэг болон контент бүтээхэд давхардсан тоогоор 50 гаруй төлөөллийг оролцуулав.
Эрүүл мэндийн салбарт гурван том төслийг хэрэгжүүллээ
Бид холбооны Бага хурлын VI, VII хуралдаанаа танхимаар зохион байгуулж, холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Галсанг сонгож, бага хурал болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийхээ гишүүдийн 30-35 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэв. Өнгөрсөн онд үндэсний хэмжээний болон зорилтот бүлэгт зориулсан нийгмийн хариуцлагын 48 төслийг олон улс, төрийн болон төрийн бус 30 орчим байгууллагатай хамтран хэрэгжүүллээ.
Төсөл хөтөлбөр:
-Холбооны дэргэдэх Нийгмийн ардчилал залуучуудын сангаас БНХАУ-ын Энхтайван хөгжлийн санд санал тавьж, үүний хүрээнд эрүүл мэндийн салбарт томоохон хэмжээний гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт бүх өвчтөний амин үзүүлэлтийг нэгэн зэрэг хянах төвлөрсөн системийг суурилуулахын зэрэгцээ тус тасагт хэсэгчилсэн засвар хийж, тав тухтай орчин бүрдүүлэв. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг хүүхдэд ээлтэй байдлаар тохижууллаа. Түүнчлэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах орчныг бүрдүүлэх зорилгоор “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагын мэдрэхүйн болон биеийн тамирын өрөөг тохижуулав.
-SDY academy Training of trainer сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 92 сургагч багшийг бэлтгэлээ.
-БНСУ-ын Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын холбоотой хамтран залуучууд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд БНСУ-аас 15 хүн Монголд ирж, олон улсын сургалтад хамрагдлаа.
-Олон улсын социал демократ залуучууд бүс нутгийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, Монголд чуулсан бөгөөд Ази, Номхон далайн социал демократ залуучууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв.
-Социал демократ залуучуудын санаачилга, санхүүжилтээр Булган аймгийн Гурванбулаг суманд гурван га газарт мод бут, сөөг, модлог ургамал тарьж, сурагчдад зориулсан экологийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сургалт, арга хэмжээ:
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон нийтэд тайлбарлан ойлгуулах зорилгоор “Яагаад 152 гэж” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
-Тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор "ABILITY EXPO 2023" арга хэмжээг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, ажлын байрны өдөрлөг гэх мэт бүх талын оролцоо, хүртээмжийг хангахад чиглүүлэв.
-Холбооны гишүүдээ бэлтгэх, чадавхжуулах, энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлыг хэлэлцэх хүрээнд Sdy for SDG “Тогтвортой хөгжлийн төлөө социал демократ залуучууд” бүсийн уулзалт, сургалтыг хангай, баруун бүсийн найман аймаг болон Налайх, Багануур, Багахангай дүүрэгт зохион байгууллаа.
-Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт зочноор Харвард болон Колумбын их сургуульд тэтгэлэгтэй суралцаж буй Монгол, Бразил, Доминикан, Чили, Энэтхэг, Индонез улсын иргэд оролцсон юм.
Мэндчилгээ
Социал демократ Монголын залуучуудын холбооны нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой эрхэм гишүүд та бүхэн болон бидний ажилд дэмжлэг үзүүлж байдаг хамтрагчдадаа Эх орончдын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооныхон бидний хувьд Эх орончдын өдөр бол гүн гүнзгий утга учиртай, зорилго зорилтоо эргэн санадаг өдөр юм. 103 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэлд томоохон үйл явдлууд өрнөж байсан нь маргаангүй үнэн.
Тэгвэл өнөөдөр монголчууд бид олон улсын тавцанд хэн байх, эх орондоо хэрхэн амьдрахаа шийдэх томоохон өөрчлөлт, сорилтын өмнө байна. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг эрс өөрчилж байгаа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, шинэ үеийн техник технологийн хөгжлөөс бид хоцрох ёсгүй.
Техник технологи нь хүндээ үйлчилдэг, иргэн бүрд тэгш гарааны боломжийг бий болгох арга хэрэгсэл болдог байх ёстой. Иймд орчин цагийн өөрчлөлт, шинэчлэлийг хамтдаа түүчээлэхийг Монголын залуустаа уриалж байна.
Та бүхэнд Эх орончдын өдрийн мэндийг дахин дэвшүүлье.
Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.УЧРАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна