Стратеги академи 1955 оны арванхоёррдугаар сарын 19-нд “Намын түүхийн институт” нэртэй байгуулагдсан Монгол Улсын анхны үндэсний хэмжээний бодлого судлалын байгууллага юм. Манай байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухаанч онол арга зүй, аргачлалд суурилж судалгаа шинжилгээ хийн судалгаанд суурилсан байгууллагын болон хувь хүний хөгжлийн сургалтыг зайн болон танхимын сургалтаар олгох, олон нийтэд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргах түвшинд зөвлөмж хүргүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нөлөөллийн ажил зохион байгуулж, МАН-ын түүх судлалыг эрхлэн ажиллаж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын дэг, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллан, шаардлагатай олон улсын туршлагатай холбоотой орчуулга, бичиг баримтын судалгаануудыг хийж, санал зөвлөмж өгч ажиллан түүхэн үүргээ гүйцэтгэсээр байна.
Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал тодорхойлох судалгааг тухай бүрд хийж ирснээс онцолбол, Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн үеийн рейтингийн судалгаанууд, “Монгол Улс дахь улс төрийн үзэл баримтлал ба санал өгч буй зан төлөв”, “Залуучууд болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа”, “Хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”, “УИХ-ын гишүүний дүр төрх, сонгогчдын хэв шинж тодорхойлох судалгаа”, “МАН-ын гишүүдийн сэтгэл ханамжийн судалгаа” гэх мэт үндэсний болон түүвэр судалгааг хийлээ. Харин сургалтын үйл ажиллагааны хүрээнд улс төрийн намын тухай ойлголт, улс төрийн намын үзэл баримтлалыг таниулах сургалтыг 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүн, дэмжигчид болон МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын гишүүдэд тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, 2022 онд Социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого удирдах ажилтны сургалт-2022”-ыг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албатай хамтран зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 12800 орчим намын гишүүнийг хамрууллаа.
Анх үүсгэн байгуулагдсан 1955 оноос хойш 300 гаруй ном, товхимол, эрдэм шинжилгээний бүтээл гарган олон нийтийн хүртээл болгосон. 2020 оноос хойш “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 14 дугаарыг гаргаж, МАН-ын түүх судлал, социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд дараах ном товхимлыг гаргасан.
Монгол Ардын Намын түүх судлалын хүрээнд:
• “Монгол Ардын Намын түүх” хоёр дахь хэвлэл
• “Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон”
• “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”
•XXVIII Их хурал. Илтгэл, баримт бичгүүд
•Монгол Ардын Намын түүхт найман жил
• “Ардын хувьсгалын анхны долоо”
• “XX зууны Монголын ард түмний удирдагч Дамдины Сүхбаатар” аман түүхийн баримтын судалгаа
•Монголын хувьсгалчдын түүх зөвлөлгөөн
Социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд:
•Социал демократ үзэл баримтлалд хамаарах нэр томьёоны тайлбар А-Я
•Социал демократ үзэл баримтлал (хураангуй гарын авлага)
•Социал демократ үзэл баримтлал (сургалтын гарын авлага)
•Август бебель “Социал демократ үзэл баримтлал ба ажилчдын хөдөлгөөний үүсэл”
•Эдуард Бернштейн “Cоциализмын урьдач нөхцөл”
Мэндчилгээ
Өнөөдөр та бидний хувьд онцгой баяр, түүхт өдөр тохиож байна. 1920-оод оны эхэн үед цаг төрийн байдал нэн бэрх, монгол түмний цаашдын орших эсэх нь эргэлзээтэй, түүхэн мөчид Монгол Улс хэмээх нэгэн өрх айлын тулганд итгэл найдварын оч бадарсан нь 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр МАН-ыг үүсгэн байгуулсан явдал билээ. Ташрамд, XIX-XX зууны зааг үед Ази тивд үүсгэн байгуулагдсан анхны улс төрийн намуудын нэг бол МАН гэдгийг онцлох нь зүйтэй.
Дурдаж буй цаг төрийн байдлыг сонор, соргогоор мэдэрсэн тухайн үеийн залуусын төлөөлөл Анхны долоогийн хүсэл зорилго, эв санааны нэгдэл дор улс орон, төр засгийн жолоог нэгэн зүгт чиглүүлж, цаашдын хөгжил, дэвшлийг бүтээлцэж, цаг үеийн хүнд бэрхийг зангидсан гар шиг хамтын хүчээр даван туулах эхлэл тавигдсан нь шинэ цагийн туурга тусгаар Монгол орны хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг бүтээлцсэн томоохон улс төрийн хүчин буюу МАН-ын хөгжил цэцэглэлт, бодлогын шийдэл, түүхэн замналтай салшгүй холбогдох учир эрхгүй бидний онцгой баяр, түүхт өдөр ажгуу.
МАН-ын засаг төр түшилцэх, улс орны хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлох үйл хэрэгт бодлого, судалгааны түшиц, түүчээ болсон Стратеги академи 1955 оны арванхоёрдугаар сарын 19-ний “Намын түүхийн институт” нэртэйгээр байгуулагдсан, Монгол Улсын анхны үндэсний хэмжээний бодлогын хүрээлэн юм. Харин 2014 оноос Стратеги академи нэртэйгээр сургалт, бодлогын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2024 оноос улс төрийн намын шинэчилсэн хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд XXI зууны Монгол Улсын шинэ сэргэлтийг алсын хараатай чиглүүлж буй МАН-ын судалгаа шинжилгээ, стратегич төлөвлөлт, намын түүх судлал, намын гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролыг улам сайжруулах амаргүй хэрнээ, их үйлсэд дэвшилтэт бодлогын ундарга, эрдэм шинжилгээний тэргүүлэгч байгууллага байхаар бидний нөхөд хичээнгүйлэн ажиллаж байна.
Шинэ цагийн дэвшилтэт хөгжлийн эрэлч, журмын нөхдөд
МАН үүсгэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Стратеги академийн захирал Д.Бумдарь
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр 15 аймаг, 236 сум, тосгонд 251 удаагийн сургалт зохион байгууллаа
Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлогын тухай тогтоолоор дэвшүүлсэн таван зорилтын хүрээнд дараах ажлыг зохион байгуулав.
1.Монгол Ардын Намаас томилогдсон улс төрийн болон төрийн албан тушаалтнуудад хүний эрхийг дээдэлсэн соёлыг хэвшүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн намын хороо, Бага хурлын гишүүд, СДМЭХ-ны удирдах албан тушаалтан, улс төрийн болон төрийн 1400 орчим албан тушаалтныг сургалтад хамруулав. Мөн ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийг хангах үндэсний хорооноос “Төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоог сайжруулах” ажлын хүрээнд Удирдлагын академитай хамтран төрийн албан хаагчдад “хүний эрх” сэдвээр цахим сургалт байршуулсан. Түүнчлэн Хүний эрхийг хангах үндэсний хороотой хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Хүний эрхийн манлайлагч-төлөөлөгч” сургалтын хүрээнд нийслэл болон есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөд “Иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвээр сургалт оров.
2.Нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиудын хүний эрхийн зөрчилтэй заалтуудыг өөрчлөх бодлого хэрэгжүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын 2022 оны намрын, 2023 оны хаврын чуулганаар хүрээлэнгээс нийт 12 хуулийн 46 заалтыг хүний эрхийн зөрчилтэй заалт гэж үзэн энэхүү саналаа УИХ-д хүргүүлж 12 хуулийн 36 заалтад өөрчлөлт оруулах бодлогын нөлөөллийн ажлыг хэрэгжүүллээ.
3.МАН-ын нийт гишүүний арваас дээш хувийг хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх зорилтын хүрээнд 15 аймаг, 236 сум, нэг тосгонд нийт 251 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад намын 20951 гишүүнийг хамруулав. Сургалт зохион байгуулах явцад 19 хүний эрхийн зөрчлийн 453 тохиолдол илэрч, асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн.
4.Бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрт хүний эрхийн тухай сэдэв, агуулгыг тусгах ажлыг санаачлан эхлүүлэх зорилгын хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийг хүрээлэнгийн дэргэдэх Бодлогын зөвлөл, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг байлцуулан зохион байгуулж “Хүний эрхийн боловсрол, жендэрийн эрх тэгш байдал”-ыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах хуулийн заалтыг батлуулав.
5.МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон төрийн бус бусад байгууллагатай хамтран хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд дэргэдэх төрийн бус байгууллагын 89 гишүүн хүний эрхийн сургагч багш болов. Мөн эмэгтэй гишүүдийг чадавхжуулах зорилгоор “Манлайлал-350” хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулж 21 аймаг, есөн дүүргийн 350 гишүүнийг хамрууллаа. Түүнчлэн “Хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах нь” зөвлөмж, “Хүний эрхэд ээлтэй төлөвлөе-2024” цаг тооны бичиг зэрэг цахим зөвлөмж, мэдээ, мэдээллийг намын гишүүдэд өгч, хүний эрхийн хандлага, соёлыг түгээн ажиллаж байна. Политкомис институт төрийн бус байгууллагатай хамтран анх удаа “Олон улсын хүний оршихуйг хүндэтгэх өдөр”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллав. Үүний хүрээнд зөвхөн Монгол Улсын бус дэлхийн иргэн байх, хүний нийгмийн шинэ хэв маягийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, өнөөдрийн төлөө бус ирээдүйн төлөө хүлээх хариуцлагыг нийтээрээ ухамсарлахад чиглэсэн зан суртахууны хэм хэмжээнд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилготой зургаан нөлөөллийн ажлыг зохион байгуулав.
Онцлох судалгаа: Тусгаар тогтнолын ордон болон МАН-ын мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл зэрэг холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран хүртээмжийн үнэлгээ хийж, холбогдох санал, зөвлөмжийг авлаа. Цаашид тухайн үнэлгээнд үндэслэн дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах, арга зүйн хувьд анхаарах зайлшгүй шаардлагатай. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” судалгааг хийж, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулан судалгаагаа танилцуулав.
Мэндчилгээ
Монгол Ардын Намын нийт гишүүн, дэмжигч тэр дундаа орон нутгийн намын хороо, үүрийг удирдан зохион байгуулж буй удирдлагын баг, хамт олон та бүхэнд Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн судлаачдын нэрийн өмнөөс МАН-ын 103 жилийн ойн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ын тухай 11 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулах, хүний эрхийг дээдэлсэн соёлтой гишүүдийг бэлтгэх, төрийн бодлого шийдвэр хүний эрхийг хангахад бүрэн чиглэсэн хандлагыг бэхжүүлэх их үйлсэд гишүүн бүрийн оролцоо чухал байсныг онцлохын зэрэгцээ үргэлж дэмжиж, хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлж, гүн хүндэтгэл үзүүлье.
Хүний эрхийн төлөв байдлыг сайжруулах нь эрх баригч улс төрийн хүчний тэргүүлэх зорилтын нэг бөгөөд үүний тулд соён гэгээрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албаны зүгээс хүний эрхийн асуудлыг эн тэргүүнд тавих соёл, хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх цогц бодлогын төлөө улам хичээн хамтарч ажиллахыг уриалж байна.
Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна