Социал демократ үзэл баримтлалтай Монгол Ардын Нам нь Ази тивд анх байгуулагдсан улс төрийн институц юм. Оршин тогтносон цаг хугацааны түүх, боловсон хүчний нөөц, засгийн эрх барих туршлага арвин, түүх зузаантай МАН-ын гадаад харилцаа жил ирэх тусам өргөжин тэлж өнгөрсөн онд л гэхэд дэлхийн 50 гаруй улс төрийн намтай идэвхтэй харилцаа өрнүүлэн ажилласан байна.
Товчхон
Хоёрдугаар сар:
СоцДем Азийн дэвшилтэт улс төрийн академиас Филиппиний Себу хотод зохион байгуулсан “Уур амьсгалын хямралд үзүүлэх дэвшилтэт аргачлал” сэдэвт олон улсын сургалтад МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч О.Батнайрамдал илтгэл тавьж оролцлоо.
Гуравдугаар сар:
-“Хятадын коммунист нам болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний цахим уулзалт”-ын нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэмжихээ илэрхийлэв.
-Хятадын коммунист намын ХХ Их хурлын тайланг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Шү Чымин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзалт хийлээ. Тус айлчлал нь “Ковид-19” цар тахлын дараа Монгол Улсад хийгдэж буй анхны гадаад төлөөлөгчдийн айлчлал байв.
Дөрөвдүгээр сар:
МАН, ФЭС-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан СоцДем Азийн феминизмын сургалтад Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Боомтын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцлоо.
Тавдугаар сар:
-БНСУ-ын Пусанд зохион байгуулсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын бизнесийн форумд Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Зургадугаар сар:
-Германы социал демократ намын дарга Ларс Клингбайл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази тивийн анхны улс төрийн хүчин МАН-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав.
-Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан “Залуучуудын хурал” хөтөлбөрт СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандорж нар оролцлоо.
-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, МАН, ХКН хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлж, үр өгөөжтэй хамтарсан ажлуудыг үргэлжлүүлэх тухайд хэлэлцэв.
Наймдугаар сар:
Дэлхийн 52 орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн Ази тивийн хамгийн том байгууллага болох Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII хурлыг Улаанбаатар хотод тус тус зохион байгууллаа. Уг хуралд 21 орны, улс төрийн 28 намын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.
ICAPP-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МСДЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Номин нар тус тус сонгогдов.
Есдүгээр сар:
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлал хийж, МАН болон ИБУИНВУ-ын Хөдөлмөрийн намтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж,
1.Хоёр намын харилцаагаа улам өргөжүүлэх, стратегич, зөвлөхүүдийн хооронд туршлага солилцох,
2.Намын бодлого, бүтээн байгуулалтын талаар мэдээллээ хуваалцахад хамтран ажиллаж байхаар тохиролцов.
Аравдугаар сар:
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал нар Испанийн Хаант улсад айлчилж, Испанийн эрх баригч Хөдөлмөрчдийн намын Олон улсын бодлого, хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Хана Жаллоул, Хөдөлмөрчдийн намын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Франциско Серрано нартай уулзалт хийлээ. Энэ үеэр социал демократ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өргөн хүрээтэй хамтран ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хоёр намын судалгааны байгууллагын судлаач, эрдэмтэд, зөвлөхүүдийн хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих, намууд хоорондоо туршлага судлах, намуудын хөгжил төлөвшлийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.
-МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шүлц тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийлээ. Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад Монгол Ардын Намын зүгээс дэмжлэг үзүүлэв.
-Дэлхийн 106 улсын 145 гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том улс төрийн залуучуудын байгууллага болох Олон улсын Социалист залуучуудын холбооны (IUSY) Ази, Номхон далайн бүсийн зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
.
Арваннэгдүгээр сар:
-Тайландын Бангкок хотод зохион байгуулсан “Ардчиллын ирээдүй: Ардын хүчийг тодорхойлох нь” сэдэвт СоцДем Ази, Номхон далай-прогрессив аллиансын хуралд Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал илтгэгчээр оролцов.
-БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын VI медиа форумд Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хурлын үеэр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Г.Баярхүү АУТНОУБХ-ын Медиа зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хятадын коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао, ХКН-ын Сахилга батын хяналтын хороо, БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Фужянь мужийн намын хороо зэрэг байгууллагуудын удирдлагуудтай тус тус уулзаж, нам хоорондын төдийгүй Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрлээ.
Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор оюутнуудад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэв
Бид 2022 оны гуравдугаар сарын 22-нд VIII их хурлаа зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүн, өнгө төрхөө шинэчлэн, Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийг, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Лхагвабаярыг сонгон ажиллаж байна. Өнгөрсөн онд тохиосон холбооны 25 жилийн ойн уулзалтыг үе үеийн удирдлага, гишүүдийг оролцуулан зохион байгуулав. Мөн өнгөрсөн онд Социал демократ Монголын оюутны холбооны гадаад харилцааг сайжруулахад анхааран ажиллав. Үүний хүрээнд БНСУ, БНХАУ руу оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Энэтхэг, Австри, Малайз, Тайланд улсын оюутны холбоодтой хамтран ажиллахаар тохиролцов. Харин энэ онд бүсчилсэн хуваарилалт хийж сургалт, уулзалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Өнгөрсөн онд оюутны эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдэл гаргах зорилго зорилт дэвшүүлэн ажиллав. Үүний хүрээнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд “Student day” оюутны арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын төлөөлөл оролцож оюутанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын 111 дүгээр тогтоолыг баталсан юм. Ингэхдээ 12 сургуулийн 2000 гаруй оюутантай тулгамдаж буй асуудлыг тандах хэлэлцүүлэг зохион байгуулж 1000 гаруй оюутнаас цахим санал асуулга авсан. Судалгааны үр дүнд дараах арван асуудлыг гарган тодорхой хэмжээнд шийдвэрлэн ажиллав.
1.U-Money картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс
2.Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь
3.Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж /энэ жил 160 оюутан хамрагдах төсөв батлагдсан/
4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
5.Боловсролын зээлийн сангийн хүртээмж
6.Багшийн ёс зүй, ур чадвар
7.Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /эрт илрүүлэг/
8.Дотуур байрны орчин, нөхцөл
9.Сайн дурын ажлыг кредит тооцох, баталгаажуулах
10.Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ
Засгийн газрын 111 дүгээр тогтоолын хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэв:
-“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов.
-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэхээс үл хамааран оюутнуудыг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулдаг боллоо.
-Төрийн өмчийн их, дээд сургуулиудын номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулж байна.
-Оюутнууд нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг “E-Мongolia” аппликейшнээс олгох, нийтийн тээврээр зорчих тоог 44 болгож нэмэгдүүллээ.
-”E-Мongolia” систем E-student цонхтой болж оюутнуудад төрөөс үзүүлж буй үйлчилгээг энэ цонхоор дамжуулан авах боломжтой боллоо.
Сургалт арга хэмжээний хүрээнд:
-“S300” ур чадвараа хөгжүүлэх цогц сургалтыг 33 дахь удаагаа зохион байгуулж өнгөрсөн онд 12 салбар холбоодын 3000 гаруй оюутныг сургалтад хамруулан социал демократ үзэл баримтлалыг сурталчлан таниуллаа.
-Салбар холбоодын оюутнуудыг идэвхжүүлэх зорилготой “SDCAMP” арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 600 гаруй оюутан оролцов.
-“Хүний эрх хамгаалагч оюутан” төслийг санаачилж 1200 сургагч багшийг бэлтгэн 30 их, дээд сургуульд салбар холбоогоо байгуулж хүний эрхийн мэдлэгтэй оюутнуудыг бэлтгэх ажлыг эхлүүллээ.
-Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран оюутны гарааны бизнесийг дэмжих зорилготой “SD HUB”-г байгуулж “Student Incubator” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
-“E-Nam” цахим гишүүнчлэлийн системд Оюутны холбооны гишүүдийг бүртгэн мэдээллийг шинэчлэх ажлыг зохион байгуулав.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна