Эдийн засагч Баасандаваагийн ДӨЛГӨӨН
-Монгол Улсын нийт гадаад өр гэдэг нь Засгийн газар, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын өрийг бүгдийг нэгтгэж хэлдэг. Тухайлбал, ХААН, Худалдаа хөгжлийн банк, ЭмСиЭс Групп, Оюутолгой гэх мэт компаниудын өр бүгд л нийт гадаад өр гэж тооцогддог. Эдгээр уул уурхай, хувийн арилжааны банк, компаниудын өрийг Засгийн газар төлөхгүй. Татвар төлөгч та бид хоёр ямарваа нэг арилжааны банк, хувийн компаниудын өрийг өмнөөс нь нэг цент, нэг доллар ч төлөх үүрэг байхгүй. Ингээд харвал Засгийн газрын өр 2023 оны зургадугаар сарын 30-ны байдлаар нийт гадаад өрийн 23.7 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 100 ам.долларын 77 нь хувийн компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын тавьсан өр байна.
Аливаа улсын Засгийн газрын өрийг тухайн улсын эдийн засагтай харьцуулдаг нийтлэг жишиг байдаг. Үүний шалтгаан нь эдийн засаг томрох тусам тухайн улсын өр зээлийг эргэн төлөх чадвар сайжирдагт оршино. Өрх гэрээр зүйрлэвэл цалин өсөх тусам өмнө авсан зээлээ бид илүү хурдтай төлж барагдуулах боломжтой адил юм. Монгол Улсын Засгийн газрын өр 2011 онд эдийн засагтайгаа харьцуулахад 43 хувь байсан бол 2016 оны эцэс гэхэд 78.8 хувь болж нэмэгдсэн байдаг. Харин өмнө тавьсан эдгээр өрүүдийг Засгийн газар 2017 оноос хойш үе шаттайгаар амжилттай төлж барагдуулж байна. Үүний үр дүнд Засгийн газрын өр буурч, 2023 онд эдийн засгийнхаа 43.3 хувьтай тэнцэх түвшинд хүрч бараг хоёр дахин буурчээ.
Өнөөдөр Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрчимтэй явуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа. 2023 онд Монгол Улсын эдийн засаг 61 их наяд төгрөг буюу 17.7 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Улмаар гадаадад Монгол Улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна