​ Давосын чуулганы анхаарлын төвд Монгол Улс байлаа



Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулга уулзалт Давост өнгөрсөн нэгдүгээр сард боллоо. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор улс төр, иргэний нийгэм, банк санхүү, бизнес, технологийн салбарын хүчирхэг тоглогчид Швейцарт цугладаг уламжлалтай. Чуулга уулзалтаар хүн төрөлхтөнд тулгамдсан сорилт, ирэх оны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцдэг бөгөөд энэ  удаагийн дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцжээ. Тэд аюулгүй байдал, хамтын ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан, эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч болох, уур амьсгал, байгаль, эрчим хүчний урт хугацааны стратегийн талаар санал солилцов. Давосын уулзалтад оролцсон удирдагчид дэлхийн эдийн засгийн ахицыг хэрхэн хурдасгахаа ярилцсан юм.

Онцлох бас оролцоотой зочин 

Монгол Улс Давосын энэ удаагийн чуулганд Ерөнхий сайдын түвшинд онцгой ач холбогдол өгч оролцсоныг дурдах нь зүйтэй. Манай улс цар тахлыг эрсдэл багатай богино хугацаанд даван туулсан, ДНБ-ээ өсгөсөн, авлигын эсрэг реформын арга хэмжээнүүд авсан зэрэг эерэг үзүүлэлтээрээ анхаарал татсан оролцогч болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийснийг дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Дурдвал, Швейцарын холбооны улс, Бүгд найрамдах Армен, Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч, БНСУ, Тайланд улсын Ерөнхий сайдтай уулзаж харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн үндэстэн дамнасан корпорацуудын захирлуудтай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах санал солилцон, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзсан.  Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэж буй зарим ажлаас танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгож “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон гэмт хэргийг илрүүлсэн.  Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын үзүүлэлт хойшлох нь дамжиггүй. Гэхдээ Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэйг Ерөнхий сайд дурдсан байна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Давост товлосон чухал уулзалтын  нэг нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо байлаа. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэсэн юм.  Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд тэмдэглэлээ. Харин Швейцарын холбооны улсын  ерөнхийлөгч  Виола Патришиа Амхердтай уулзахдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлжээ. Мөн  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Швейцарын талаас оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэв. Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан. Монгол, Швейцарын байгаль, цаг уурын төстэй байдлыг харгалзан өвлийн аялал жуулчлалыг манай улсад хөгжүүлэх боломжийг талууд хэлэлцсэнээрээ онцлогтой байв. 

Жуулчдыг далласан амбиц

Давос бол улс орноо сурталчлах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх талбар. Бас олон улсын хэмжээний уулзалтуудаас хамгийн ач холбогдолтой, эдийн засгийн өгөөжтэй форум юм. Чуулга уулзалтыг зохион байгуулагчид оролцох улсуудаа тусгай шалгуураар сонгодог. Манай улс дээд хэмжээний уулзалтад тасралтгүй оролцож ирсэн нь Давосын форумын хүлээн зөвшөөрөгдсөн түнш болсны илэрхийлэл. Монголыг гэх гаднын сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг үүнээс харж болох юм.  Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан  “Go Mongolia” үндэсний брэндингийг албан ёсоор танилцуулсан. Монгол Улсын төлөөлөгчдийн энэ удаагийн чуулганд оролцсон зорилгуудын нэг нь “Go Mongolia”-г олон улсад танилцуулах явдал. 
Ажил хэрэгч хүмүүс Давост чуулдаг гэдэг. Тэдний анхаарал, сонирхлыг татсан эвентийн нэг нь Монгол Улсын зохион байгуулах “Go Mongolia”. БНХАУ-д 2023 оны зургадугаар сард болсон “Зуны Давос”-ын үеэр Ерөнхий сайд энэ санаагаа илэрхийлж, Швейцарт том амбицтай оролцохоо мэдэгдсэн. Олон талт уулзалтууд болж, манай улс хөрөнгө оруулалтын талаар цаашид баримтлах бодлогоо танилцуулснаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа. Энэ агуулгаараа Давосын дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улс энэ жил хөрөнгө оруулагчдыг урих, аялал жуулчлалын боломжоо танилцуулах гэсэн хос зорилготой оролцсон нь эхнээсээ биеллээ. Trip.com платформын төлөөлөлтэй уулзан бизнес загвар болох контентоор дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан танилцуулах, борлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Trip.com  дэлхий даяар 1.4 сая гаруй зочид буудал, 5000 гаруй хотыг холбосон хоёр сая гаруй нислэгийн сүлжээ бүхий платформ юм. Одоогоор тус платформыг 400 сая гаруй хэрэглэгч тогтмол ашигладаг. 

 Х.ЭРДЭНЭЗАЯА


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улсад хийсэн айлчлалууд - 2023 он

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад 2023 оны наймдугаар сарын 02-06-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.


Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд тус улсад албан ёсны айлчлал хийв.

Бүгд Найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаровын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчилж, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцов.

Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд тус улсад албан ёсны айлчлал хийв.


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №008/24587/



1
angry
1
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 48 минутын өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 20 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр