Н.Энхбаатар: 30 жилийн завхралыг засаж залруулахын төлөөх гурван жил байлаа


Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа.

-МАН өнөөдөр төрийн эрхийг барьж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг сайн ажилласан гэж үнэлэх хүн ч байна. Үүнтэй зэрэгцээд муу ажиллаж байна гэж үзэх ч хүн цөөнгүй бий. Намын Нарийн бичгийн даргын хувьд та ямар үнэлгээ өгөх вэ?
-Ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөхөөсөө өмнө би жаахан түүх ярьчих уу.

-Болно.
-Ардчилсан тогтолцоонд шилжсэн  1990 оноос хойш хамгийн хүнд үеийг туулсан хоёр Засгийн газар ажилласан гэж би боддог. Нэгдүгээрт, 1992-1996 оны үеийн П.Жасрай гуайн тэргүүлсэн Засгийн газар. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, өөрчлөлт шинэчлэл өрнөж байсан тэр үед шинэ Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг хангаж, хууль эрх зүйн орчны суурь өөрчлөлтүүдийг хийх, эдийн засгаа сэргээх, том реформ хийх шаардлагатай болсон. 

 Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, ажилгүйдэл, ядуурал газар авч, талх гурил, махаа хүртэл картаар худалдаж авахаас өөр аргагүй байдалд орсон хүнд үед П.Жасрай гуай Засгийн газрыг тэргүүлж, тогтолцооны өөрчлөлтийн суурийг маш сайн тавьсан.  

Дараа нь 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50 суудал авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. "Ардчилсан холбоо" эвсэл Засгийн газраа дөрвөн  удаа сольж, үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай ажиллаж байлаа. Тэр үед өмч хувьчлал нэрээр үндэсний томоохон үйлдвэрүүдээ нураасан. Үүний горыг одоо ч бид амссаар байна. Ер нь 1996-2000 оны үед өнөөдрийн алдаа дутагдлын эх үндэс тавигдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн өмчийг үнэгүйдүүлэх суурь бий болсон гэж би үздэг. 
П.Жасрай гуайн Засгийн газраас хойш хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар бол Л.Оюун-Эрдэнийн танхим  гэж би хэлнэ. Өмнө нь монголчууд бид "Ковид-19" шиг дэлхий нийтийг хамарсан айхавтар цар тахалтай нүүр тулж байсангүй. Анх удаа цар тахлын хөлд нэрвэгдэж үзлээ. Зөвхөн монголчууд биш дэлхий нийтээрээ цар тахлын хөлд нэрвэгдэж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээр хохирч, эдийн засаг нь уруудаж доройтлоо. 

Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг – 4.6 хувьд хүрч уналтад орсон. Нөхцөл байдал хүнд байсан ч Монголчууд цар тахлыг хамгийн бага хохиролтой даван туулсан таван орны нэг болсон. Бид зөв цагт нь хилээ хааж, цар тахлын тархалтыг Монголд оруулалгүй жил орчим барьж чадсан. Энэ хугацаанд ард иргэдээ вакцинжуулах ажилд онцгой анхаарсан. Тахлын анхны тохиолдол вакцинтай хамт орж ирж байсан шүү дээ. 

Маш богино хугацаанд вакцин татан авч, хүн амынхаа 86 хувийг бүрэн вакцинжуулах арга хэмжээ аваагүй бол цар тахлаас үүдэн 50 мянга гаруй хүн амь насаа алдах байсан гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байууллага гаргасан байна билээ. Нийт тохиолдолд эзлэх нас баралтын хувиараа дэлхийн дунджаас тав дахин бага байсан нь олон улсад сайн жишиг болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүн ардын амь нас, эрүүл мэндээс гадна эдийн засгаа сэргээх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. 

Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад тогтоосон бүх хорио цээр, дэглэмийг цуцалж буйгаа  Ерөнхий сайд  мэдэгдсэн. ДЭМБ-ын захирал Тедрос А.Гебрейесус “Монгол Улс бусад оронтой харьцуулахад ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван туулсан нь дэлхий дахинд сайн туршлагуудын нэг болсон. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын хувь дэлхийн дунджаас тав дахин бага байсан” гэж онцлон тэмдэглэсэн юм. Цар тахлын хориог цуцалснаас хойш яг 14 хоногийн дараа ОХУ, Украины хооронд дайн эхэлсэн. Урдаа тахалтай, хойноо дайнтай, маш хүнд үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажилласан. 

-Гэхдээ хаа байсан Украины асуудал Монголын эдийн засагтай ямар ч холбоогүй гэж гөжүүдлэх хүмүүс ч байдаг?
-Энэ дайнаас болж ОХУ гаднын улс орнуудын 1000 гаруй хориг арга хэмжээнд ороод байна. Орос, Хятад гэсэн хоёрхон хөрштэй Монгол Улсын эдийн засагт Орос Украины асуудал  асар их нөлөөлөл үзүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын газар нутаг дээгүүр онгоцоо нисгэж чадахгүйд хүрсэн. 

Манайхаар дамжаад ОХУ-ын газар нутаг дээгүүр нисдэг байсан бүхий л нислэг зогссон. Үүнийг дагаад навигацын орлого бүрэн тасарсан. ОХУ-аар дамжуулан Европын орнуудаас авдаг байсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогслоо. ОХУ-аас авдаг шатахуун, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт ч хүндхэн байдалд байна. Ийм хүнд нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж байгаа. 

Цар тахлын үед  - 4.6 хувь хүртлээ унаад байсан эдийн засгаа дайн, геополитикийн амаргүй нөхцөлд богино хугацаанд сэргээж долоон хувь хүртэл өсгөж чадлаа. Энэ өсөлт бол Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээний өсөлт. Хөл хориог бүрэн цуцалснаас хойш ганцхан жилийн дотор Монгол Улсын төсвийн орлого 1.7 их наядаар давж биелж, давсан орлогоороо төрийн албан хаагчдынхаа цалин, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ. Өмнө нь бид тасарсан төсвөө хэрхэн нөхөх вэ гэж төсвийн тодотгол хийдэг байсан бол түүхэндээ бараг анх удаагаа илүү гарсан мөнгөө яаж хуваах вэ гэж УИХ дээрээ хэлэлцэж үзлээ шүү дээ.  Тиймээс би Засгийн газрыг маш сайн ажиллаж байгаа гэж хэлнэ. Мэдээж алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. 


-Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар том сорилтыг давж гарахаас гадна хамгийн том шүүмжлэлийн дунд ажиллаж байна. Үнэхээр алдаа дутагдал ийм их байна уу, эсвэл ард түмэн ингэж их бухимдалтай байна уу?
-Хоёр талтай. Юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг. Цар тахал, геополитикийн хүнд нөхцөл байдалд амаргүй олон шийдвэр гаргасан. Авлига албан тушаалын гэмт хэргүүдийг илчилж,  “Хөгжлийн банк”, “Ногоон автобусны асуудал”, “Боловсролын зээлийн сан”, “Нүүрсний хулгай”, “Эрдэнэт үйлдвэрийн хууль бус хувьчлал” гээд алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч, алга болсон мөнгө төгрөгөө нэхэмжлэх ажлыг эхлүүлсэн. 

Үнэндээ шударга ёсны төлөө хийсэн тэмцэл болгоны эсрэг талд мөнгөтэй, хөрөнгөтэй, эрх мэдэлтэй том улс төр, бизнесийн бүлэглэлүүд бий. Төр, ард түмний өмчийг хууль бусаар авч хөрөнгөжсөн этгээдүүд Засгийн газрыг, Ерөнхий сайдыг харлуулах, хийсэн ажлыг нь зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулах ажлыг ч  хангалттай сайн хийж байна. 

Хэвлэл мэдээлэл, цахим орчинд хэдэн төгрөг өгөөд засгийг, МАН-ыг харлуулах бол тэр том гарын хулгайч нарт юу ч биш шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх, албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр сүлбэлдсэн бизнесийн бүлэглэлүүдийн эсрэг тууштай ажиллаж байгааг л ойлгох хэрэгтэй. Ганцхан жишээ дурдъя л даа. Монгол Улсын эдийн засаг 2012 оны сонгуулийн өмнө 17 хувьд хүрч, дэлхийд гайхуулж байсан. 

Харамсалтай нь 2012 оны сонгуульд АН ялсан. 2012-2016 оны хооронд “Чингис”, “Самурай” бонд гээд олон зээл  авсан. Үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж, гудамжинд хэдэн арван тэрбумаар нь нэг наст цэцэг тарьж, өөрсдийнхөө намын гишүүдийн хувийн компаниудад зээлсэн мөнгөө тараачихсан байсан.  2016 онд манай нам ялж Засгийн газраа байгуулахад эдийн засгийн өсөлт 0 болж, улсын төсвөөс гадна хэд хэдэн төсөвтэй, Монгол Улс дампуурлаа зарлахад бэлэн байсан. 

Өнөөдөр АН-ынхны тавьсан тэр их өрийг төлж дуусгаж байна. “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өр төлбөрийг 2023 онд, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өр төлбөрийг 2022 онд, “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өр төлбөрийг 2021 онд тус тус төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нийт 13 их наяд гаруй төгрөгийн гадаад өр төлсөн байна.

 Шударга ёсыг тогтоох, тогтолцооны гажуудлыг арилгах, өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болж бугшсан хээл хахууль, авлига, албан тушаалын хэргүүд, газрын наймааг илчилж, төрөөс төрсөн тэрбумтнууд, банк дампууруулсан эзэд, хууль шүүхийнхэнтэй сүлбэлдсэн улстөрчидтэй хийх тэмцэл амаргүй. 

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлига хээл хахуультай хамгийн зоригтой тэмцсэн Засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эрх баригч намын Засгийн газар  авлига, албан тушаалын гэмт хэрэг яриад гарч ирэхээр өөрсдийнхөө гишүүдийг хүнд байдалд оруулдаг, нэг ёсондоо өөрөө өөрийнхөө хормойд ч бас гал тавьдаг юм байна?

-Энэ аалзны тор шиг хэрсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны өр зээл, Боловсролын сангийн зээл ганцхан жилийн дотор бий болчихсон юм биш. Сүүлийн 30 жилийн дотор бий болсон алдаа завхрал. Үүнийг засаж, залруулахын тулд тэмцэхээс өөр гарц байхгүй. Хүний өөрийн нам гэж ялгахгүйгээр үнэнийг дэлгэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаас өөр арга байхгүй. Та бод л доо. Өмнө нь хэзээ УИХ-ын ийм олон гишүүнийг эргүүлэн татаж, шүүхийн танхимд суулган, ял оноож байсан юм бэ? Өмнө нь УИХ-ын гишүүдийг хуулийн байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт орж ирэхэд хаацайлж хамгаалаад аваад үлддэг байсан. 

Ер нь МАН 2016 оны сонгуульд ялсан цагаасаа  хойш авлигатай тэмцэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан юм. Тухайн үед энгийн иргэн, эрдэмтэн доктор, салбар бүрийн төлөөллүүдтэй уулзсан, маш их судалгаа хийсэн.

 Бидний зовлон бэрхшээлүүдийн хамгийн том шалтгааны нэг нь шударга бус байдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг байсан. Үүнийг олж харсан учраас Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  “Хулгайчгүй Монгол болъё. Шударга бус байдлыг таслан зогсооё, баялагтаа эзэн нь байя” гэсэн уриа дэвшүүлж оролцсон. Сонгогчид үүнийг л дэмжиж саналаа өгсөн. Түүнийхээ төлөө л Засгийн газар ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд хулгай, луйварт холбогдсон хүмүүсийн олонх нь МАН-ын гишүүд байхыг ч үгүйсгэхгүй. 

Гэлээ гээд бид “Намын нэр хүнд уначих вий. Бид сонгуульд ялагдчих вий”, “Нэг намын журмын нөхрөө хамгаалж үлдье” гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй биз дээ. Олон жил нөхөрлөсөн, найз нөхдийн харилцаатай хүмүүс ч шалгагдаад явж л байна. “Даанч яав даа” гэж харамсах үе ч гарах л юм. Гэхдээ хуулийн байгууллага шалгаад эдгээр нөхдийн гэм буруу нь тогтоогдвол бид зарчмынхаа дагуу хандах ёстой. Хэрвээ гэм буруугүй бол намын гишүүнчлэлээ сэргээгээд л явна. Монгол Ардын Нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэж, 30 дахь Их хурлаараа Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Намынхаа дүрэмд маш том өөрчлөлт оруулсан. 

Монгол Ардын Намын гишүүн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон бол намаас бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хаасан. Үүнээс гадна  намын дотоод сонгуульт албан тушаалд нэр дэвшүүлэхгүй. Намын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох юм бол тэр хүмүүс 30 хоногийн дотор өргөдлөө гаргаж, намын гишүүнээс түдгэлзэх ёстой. 

Хэрвээ түдгэлзээгүй тохиолдолд намын хяналтын Ерөнхий хороо шийдвэрээ гаргаж, тэр хүний асуудлыг шийдэх учиртай. Шалгуулаад гэм буруугүй  нь тогтоогдвол намын гишүүнчлэл нь автоматаар сэргээд явдаг дүрмийн өөрчлөлтийг оруулсан.  Намын 30 дахь Их хурлаас хойш Засгийн газар авлигатай тэмцэх ажилд бүх хүчээрээ орж ажиллаж байна.  

Авлигатай тэмцэх  5Ш ажиллагааг хэрэгжүүллээ.  Шүүр ажиллагааны хүрээнд гэхэд 6,522 зөрчил илрүүлж, шилжүүлэх ажиллагааны хүрээнд 2022 онд л гэхэд 2.4 их наяд төгрөгийг буцааж улсын төсөвт төвлөрүүлсэн тоо баримт байна. Авлигын гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд л 2.4 их наяд төгрөг Улсын төсөвт орж ирж байна гээд бодоод үз дээ. Үүний 12.2 сая ам.доллар нь гадаад руу гарчихсан байсан мөнгө. Нууц байсан, иргэд тэр бүр мэддэггүй байсан мэдээллүүдийг шилэн ажиллагааны хүрээнд ил тод болголоо. Хэн хаанаас хэдэн төгрөгийн тендер авсан, ямар албан тушаалтан хүүхдээ төрийн мөнгөөр сургасан, хэн гэгч даргын үед хэнд ямар хэмжээтэй газар олгосон бэ гээд бүхий л мэдээлэл ил тод болсон. 


Н.ЭНХБААТАР: УЛС ТӨРИЙН НАМ ГЭДЭГ АМЬД ОРГАНИЗМ

-Ер нь сонгуулийн дараа гомдогсдын том арми бий болдог. Ялангуяа ялсан намд ажил  албан тушаал аваагүй хэсэг бүлэг гишүүдийн гомдол заавал бий болдог. Үүн дээр хэрэг төвөгт холбогдсон хүмүүсийн гомдол бас нэмэгдэж байна. Намын Нарийн бичгийн даргын хувьд та бол үүнийг маш сайн мэдэрч байгаа байх?
-Өөрөө ямар нэг асуудалд холбогдсон бол намдаа, эсвэл намын дарга нартаа гомдоод яахав дээ. Шалгуулаад гэм буруутай эсэхээ л тогтоолгох шаардлагатай болно. Ер нь таны асууж байгаа зөв. Энэ бол бас л өнгөрсөн 30 жилийн алдаа завхралын л нэг хэсэг шүү дээ. Сонгууль болж засаг барьж байгаа улс төрийн хүчин солигдохоор төрийн албан хаагчдыг тэр чигээр нь халж, сольж, оронд нь өөрсдийн намынхаа хүмүүсийг тавьдаг жишиг тогтоосны л нэг илрэл. Нэг талдаа халагдсан хүмүүс нь гомддог, үүн дээр ажилд оръё гээд орж чадаагүй хүмүүс нь гомддог ийм л тогтолцоо явж ирлээ. Үүнийг засаж залруулахын төлөө бид бас ажиллаж байна. Нам гэдэг маань итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон нийтийн байгууллага.  

Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүнтэй. Гишүүдийнхээ хувийн ашиг сонирхлыг бүгдийг нь биелүүлэх боломж байхгүй. Намаас томилох боломжтой улс төрийн албан тушаалууд гарын 10 хуруунд багтахаар шахам цөөн. Гэтэл ажил албан тушаалд орох сонирхолтой хүмүүс хэдэн зуугаараа үлддэг. Энэ бол дан ганц манай намын ч биш бүх л намд тулгардаг зовлон. Энэ зовлонгоос салах ганц арга бол аливаа ажил албан тушаалтныг ажилд авахдаа  олон нийтийн хараа хяналт дор  нээлттэй сонгон шалагаруулалт зарлаж байх хэрэгтэй юм байна. 

Сая “Эрдэнэс Монгол” ХХК дээр сонгон шалгаруулалт зарласан. Боловсролтой, мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг сонгож авсан. Ер нь цаашид төрийн албыг бүрдүүлэхдээ улс төрийн намаас хамааралгүйгээр сонгон шалгаруулдаг, жил бүр атестатчилал явуулж, мэдлэг чадвартай боловсон хүчнээр цус сэлбэдэг байх нь зөв юм байна гэдгийг харлаа. 

-Шударга ёсны тэмцэл явуулж байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг илрүүллээ, сайн байна. Гэхдээ хэн ямар хариуцлага хүлээв. Хэнд ямар ял оноов гэж л иргэд асууж байна шүү дээ? 
-Бид өнгөрсөн жил Монгол Улсынхаа 330 сумаар тойрч намын гишүүд, иргэд сонгогчидтой уулзаж, 2020 оноос хойш хийсэн Засгийн газрын ажлуудыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож явлаа. Иргэдийн хамгийн их асууж байгаа зүйл бол таны наад асууж байгаа асуултууд. 

Бүгд л “Засгийн газар, Ерөнхий сайдыг дэмжиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргийг ил болгож байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ хариуцлага тооцож байгаа чинь хаана байна” гэж асууж байна. Үүн дээр бид яалт ч үгүй Үндсэн хуультайгаа л нүүр тулна. Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүх засаглал хараат бус үйл ажиллагаа явуулна” гээд заасан байдаг. Шүүхийн хараат бус байдалд аль ч сайд дарга, улс төрийн нам нөлөөлөх эрхгүй. Нөлөөлөх ч боломжгүй. Хэн нэг сайд “Энэ хэргийг хурдан шийд. Энэ хүнд ял оноо” гэж хэлэх эрхгүй. 

Ард иргэдтэйгээ адилхан хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гарахыг хүлээгээд л шударга шийдэж, хариуцлага тооцоосой гээд л харж байна шүү дээ. Засгийн газар “Хууль бус үйлдлүүд байна. Үүнийг шалга” гэдэг л мэдээллийг гаргаж ирж, олон нийтийн хяналтад оруулж байгаа. Шүгэл үлээж нүүрс, ногоон автобус Хөгжлийн банк гээд олон асуудлыг илчилж гаргаж өглөө. Ахиад ийм хулгай луйвар гарахгүй  байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тухайлбал, Боловсролын сангаас зээл авахын тулд олон нийтэд нээлттэй шалгалтад ордог боллоо.

Нүүрсний хулгайг дахин гаргахгүйн тулд нүүрсээ бирж дээр үнэ хаялцуулж, хамгийн өндөр үнэ санал болгосонд нь арилждаг системд шилжлээ. Өмнө нь хоёр хүн сууж байгаад гэрээ байгуулаад хямд үнээр нүүрс авдаг байсан бол одоо хэн ямар үнээр нүүрс авсныг бүгд ороод мэдэх боломж бүрдлээ. Ахиад энэ салбарт хулгай зэлгий гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Үүнээс гадна хууль эрх зүйн орчныг чангатгалаа. 

Эрүүгийн хуульд маш том өөрчлөлт орсон. Төрийн өндөр албан тушаалтнууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох юм бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорихоор заалт Эрүүгийн хуульд орсон. Ард түмний шүүмжилж байсан ял наймаалцдаг, хэдэн тэрбумаар нь идчихээд хэдхэн төгрөгийн торгууль төлөөд ял зэмгүй мултардаг  байдлыг таслан зогсоосон. Дээрээс нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд ямар нэгэн өршөөл үзүүлэхийг хуулиар хориглосон.
Өмнө нь шоронд ял эдэлсэн нэр зүүгээд 50 хувьд нь суугаад магадлангаар ороод хариуцлагаас мултардаг байсныг хуулиар хориглосон. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж олж авсан бүх хөрөнгийг нь хураадаг боллоо. Энэ бүхэн том ахиц дэвшил. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ дахиж ийм хэрэг гаргахгүй байх нөхцөл байдлыг бий болгох, хуулийн хүрээнд ялын бодлогыг чангатгах арга хэмжээ авч ажиллаж байна.


-Үнэхээр Монгол Улс хулгайч нарын улс болчихсон байжээ гэх харуусал олон нийтэд байна. Зөвхөн нүүрсний хэргийг сөхөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр БЭТ томилж,  хэдхэн сар хяналт тавиад ажиллахад л энэ компани олон зуун тэрбумын өрнөөсөө салж, иргэдэд ногдол ашиг хуваарилж байна?
-Үнэхээр харамсалтай. Бид анхнаасаа хулгай зэлгийгүй байсан бол, нүүрсээ биржээр арилждаг байсан бол өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил өөр түвшинд гарчихсан байгаа. 

Өмнө нь нэг тонн нүүрсийг 100 орчим ам.доллароор арилждаг байсан бол одоо биржээр арилжиж эхэлснээр 180 орчим ам.доллароор зарж байна. Үүний үр дүнд төсөвт, эдийн засагт нааштай үр дүн гарч эхэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ногдол ашиг тараалаа. Одоо 2024 оны ногдол ашгаа тараах гээд аудитын дүгнэлт хүлээж байна. 

Ер нь бол авлигачдын халаас руу урсдаг байсан мөнгө өнөөдөр ард түмний данс руу ногдол ашиг болон орж байна гэж ойлгож болно. Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарлаа. 2023 онд төсвийн ашиг болох 1.7 их наяд төгрөгөөр цалин тэтгэврээ нэмээд цаана нь 763 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Монголчууд баялагтаа эзэн болж, МАН-ын амлалт биелж байна шүү дээ.

-Авлига, хээл хахуулийн гэмт хэрэг, хулгай их ярилаа. Гэвч энэ Засгийн газрын үед л хулгай дээрэм нүүрлэсэн юм шиг бухимдах иргэд, ийм мэдээлэл тараах хүн ч олон байна. Сонгуулийн босгон дээр танай намын эсрэг ийм сөрөг мэдээлэл тарж байгаад та эмзэглэхгүй байна уу?
-Сүүлийн 30 жил явсан буруу, булхайг л засах гэж Монгол Ардын Нам, энэ намын даргын тэргүүлсэн Засгийн газар гурван жил ноцолдож байна. Монгол Ардын Намыг төгс төгөлдөр улс төрийн хүчин гэж би хэлэхгүй. Угаасаа энэ дэлхий дээр төгс төгөлдөр улс төрийн хүчин гэж байхгүй. 

Улс төрийн нам гэдэг өөрөө амьд организм. Манай нам 300 мянга гаруй гишүүнтэй. Нийт монголчуудын бараг 10 орчим хувь нь манай намын гишүүн гээд үзэх юм бол олон хүнийг нэгтгэсэн олон хүний нэгдэл. Түүн дунд сайн, муу янз бүрийн л хүн бий. Ний нуугүй хэлэхэд хулгай зэлгий хийдэг хүмүүс нь ч байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нь ч байна. Бусад нам ч яг адилхан. 

Харин манай намын өнөөгийн удирдлага, төр, засаг маань хүний өөрийн нам гэхгүйгээр тэмцэж, алдаа дутагдлаа засахын төлөө ажиллаж байгаа. Манай, танай нам гэхгүйгээр гэм буруутныг найз нөхөд гэж хаацайлж хамгаалахгүйгээр тэмцсэн улс төрийн хүчин Монгол Ардын Намаас өөр байхгүй. Хулгайг илчилж, луйврыг таслан зогсоож байж улс орон хөгжинө. 


Өмнө нь 30 гэр бүл хуваагаад идчихдэг байсан мөнгийг өнөөдөр 3.5 сая иргэн хуваан авч байна

-Ногдол ашиг хуваалаа. Одоо 2023 оны ногдол ашиг авахаар хүлээж байна. Цалин тэтгэвэр нэмсэн. Дахиад ирэх дөрөвдүгээр сард тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэнэ. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин бараг 20 гаруй хувиар өснө. Нэмээд орон нутгийн урамшуулал авна. Гэвч үүнийг сонгуульд зориулсан хахууль, санал авах өгөөш гэсэн сөрөг мэдээлэл ч их байна?
-Эерэг, сөрөг гэж харахаасаа илүү үүнийг тойрч ярьж байгаа нь сайн хэрэг. Яагаад гэхээр бид өмнө нь дандаа алдсан зүйлээ, авах ёстой байсан зүйлээ ярьдаг байсан. Одоо авсан зүйлээ ярьж байна. Энэ бол маш сайн хэрэг. Сая “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  2022 оны ногдол ашиг 1072 хувьцаанд 104 мянган төгрөг авсан. Хөдөө явж байхад ганц нэг хүн "Мөнгө дутуу орлоо, зарим нь бүр орсонгүй" гэсэн асуудал ярьж байна билээ. Шалгаад үзэхээр 2016 онд АН-ынхан Засгийн эрх барьж байхдаа “Сайн хувьцаа” гэгч зүйл гаргаад иргэдийн хувьцааг 300-хан мянган төгрөгөөр худалдаж авсан, зарим хүний хувьцааг сургалтын төлбөрт суутгаж авсан гэх мэт зүйлүүд хийсэн. 

Өнөөдөр тэр “Сайн хувьцаа” нэртэй муу бодлогын үр дүнд олон хүн хувьцаагүй болсон байна. Үүнээс гадна 2012 оноос өмнө төрсөн хүмүүс хувьцаатай байсан. Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын бүх иргэнд олгох шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргасан.  Иргэд  маань 2023 оны ногдол ашигт 256 мянган төгрөгийг гурван сарын сүүлээр авахаар болж байна. 

Өмнө нь 30 гэр бүл хуваагаад идчихдэг байсан мөнгийг өнөөдөр 3.5 сая иргэн хувааж авч байна. Ногдол ашиг цаашид ч өснө. Та сая “Сонгуулийн өмнө мөнгө тарааж шоу хийгээд байна” гэж хэлж байна. Энэ бол улс төрийн шоу биш. Одоо л П.Жасрай гуайн хэлснээр Монгол Улсын эдийн засагт нөгөө гэрэл гарч, ард түмэн байгалийн баялагтаа эзэн нь болж, өгөөжийг нь нийтээрээ хүртэх боломж гарч ирж байгаа юм.

 

Цар тахлыг амжилттай давж, эдийн засаг маань долоон хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаагаа 5000 ам.доллароос дээш гарч, 2023 онд 5220 ам.долларт хүрсэн. Өмнө нь нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн ихдээ 4244 ам.долларт хүрч байсан юм билээ. Тэгэхээр эдийн засагт одоо л боломж гарч ирж байна. Энэ боломжийг ард түмэндээ хүртээх хэрэгтэй.

“Сонгуулийн шоу хийсэн нэр хоч зүүнэ” гэж айж эмээж, ард түмэнд ногдох ёстой тэр мөнгийг дарж, нууж суух шаардлага байхгүй. Энэ чинь ард түмний өөрсдийнх нь өмч шүү дээ. Аваад юундаа хэрэглэх нь тэр хүний өөрийнх нь асуудал. Ард түмэн хувьцаагаараа дамжуулан мөнгөө авахын тулд дахиад нүүрсний хулгай гаргахгүй байхын төлөө хяналт тавьдаг болно. Яагаад гэвэл ахиу ногдол ашиг авахыг хувьцаа эзэмшигч бүр л хүснэ. Тиймээс компанийн үйл ажиллагаанд хяналт тавина.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн батлуулсан бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 2024 онд  иргэд хувьцааны ногдол ашиг 500 мянга орчим төгрөг авах боломжтой. 

Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэж байгуулах нүүрс баяжуулах, коксжуулах үйлдвэр, цахилгаан станц байгуулагдвал ногдол ашгийн хэмжээ жилдээ хоёр сая орчим төгрөгт хүрнэ гэсэн төсөөлөл бий. 

-Бэлэн мөнгө тарааснаар  инфляц өснө гэсэн болгоомжлол их байсан. Гэхдээ саяхан Монголбанкнаас гаргасан тоо баримтыг харахад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад иргэдийн мөнгөн хадгаламж 34 хувиар өссөн гэсэн тоо баримт байна. Нэг үеэ бодоход монгол төгрөгт итгэх иргэдийн итгэл нэмэгдэж байна гэж харагдаж байна?
-Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдлээ. Үүнийг дагаад хувийн хэвшлийнхэн маань ч ажилтнуудынхаа цалин мөнгийг нэмж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр хувийн хэвшлийнхний маань орлого ч бас нэмэгдэж байна. Нөгөө талаар ковид цар тахлын үед инфляц 14 хувьд хүрсэн. Одоо Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 7.6 хувьтай байна. Инфляцыг нэг оронтой тоонд барих бодлого хэрэгжүүлж байна. Цалин орлого нэмэгдэхийн хэрээр иргэдийн мөнгөн хадгаламжийн хэмжээ өсөж байна. Энэ бас л сайн мэдээнүүдийн нэг. 

-МАН-ын 30 дахь Их хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ дарга “Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулагдана” гэж мэдэгдсэн. Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан. Их зоримог, бас гэнэтийн гэмээр шийдвэр байсан ч үр дүнд хүрч эхэлж байна?

-30 дахь Их хурлын үеэр тавьсан МАН-ын даргын илтгэл нэг талдаа өнгөрсөн 100 жилд МАН-ын хийсэн ажлыг дүгнэсэн, нөгөө талдаа ирэх 100 жилд хийх ажлыг төлөвлөснөө танилцуулсан илтгэл тавьсан. Л.Оюун-Эрдэнэ дарга “Алсын хараа 2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Үүнд салбар салбарын 1200 гаруй эрдэмтэн судлаач оролцсон. Тус тусдаа байсан 567  салбар болгоны баримт бичгүүдийг нэгтгэж судалсан. 

Энэ судалгааг хийх явцад өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдал, ололт амжилтыг судлаад үзэхэд Монгол Улсын хөгжилд саад болж байгаа, монголчуудын зовлон бэрхшээлийн учир шалтгаан болж байгаа үндсэн зургаан асуудлыг гарган ирж,  “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт” "Төрийн бүтээмжийн сэргэлт" гэсэн зургаан асуудлыг дэвшүүлэн тавьсан. Энэ зургаан асуудлыг “Алсын хараа 2050” хөтөлбөрийн эхний 10 жилийн суурь өөрчлөлтийн гол бодлого болгон дэвшүүлж 2030 он гэхэд хэрэгжүүлж дуусгах ёстой гэж үзэж байгаа. 

Шинэ сэргэлтийн бодлогыг зарлаад удаагүй байна. Гэхдээ богино хугацаанд маш том үр дүнд хүрч чадлаа гэж дүгнэж байгаа. Замын-Үүдийн боомтыг бүрэн шинэчилж чадлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монголын анхны хүнд даацын төмөр замыг ашиглалтад орууллаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулснаар үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөж чадлаа. Шивээхүрэнгийн төмөр замын ажил  эхэлсэн.  

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс 700 гаруй км төмөр замыг өөрсдийн хүчээр барьсан байна. Цаашлах юм бол Шивээхүрэнгээс Арц суурийн боомт, Зүүнбаян-Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Бичигтийн боомтыг холбоно.


Ер нь Боомтын сэргэлтийн хүрээнд 44 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, жуулчдын тоо нэмэгдэж, Монгол Улс аялал жуулчлалын салбараас анх удаа тэрбум гаруй ам.долларын үр өгөөж хүртлээ. 

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт ажлын байр бий болгох, шилжин очиж байгаа иргэдэд гурван хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн. Өмнө нь нийт олгож байгаа ипотекийн зээлийн 18 орчим хувь нь л орон нутагт очдог байсан. 
2024 оноос эхлэн үүнийг 50, 50 хувь болгож байгаа. Хөдөө ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг тусгайлан нэмэгдүүлж байна. Тухайлбал, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг 40 хувиар, аймгийн төвд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд хөдөөг чиглэсэн нүүдэл 2023 онд анх удаа хот руу шилжин ирэгсдийн тооноос давсан эерэг мэдээ байна. 

-Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өндөр байна. Бид боомтуудаа нээгээд газрын баялгаа ухаад зараад байхаас илүүтэйгээр өөрсдөө боловсруулж, өртөг шингээж зарах нь чухал гэсэн шүүмжлэл их байгаа. Та үүнийг ч хүлээн зөвшөөрөх байх?
-Хөгжилд хөтлөх хамгийн гол зүйл бол аж үйлдвэржилт. “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод ч аж үйлдвэржилтийн асуудал тусаж, өнөөдөр томоохон мега төслүүдээ хөдөлгөхөөр ажиллаж байна. Үүнээс өөр гарц байхгүй. Сая ковидын үед бид ёстой нөгөө мухардал гэж юу байдгийг амслаа. Хоёрхон том хөрштэй. Нэг хөрш маань хилээ хаахад л ямар хүнд байдалд орох вэ гэдгийг сайтар ойлголоо. 

Гашуун үнэнтэйгээ нүүр тулж, өөрсдөө хийж бүтээхгүй бол, дандаа гаднаас худалдан авч хэрэглээгээ хангаж болохгүй гэдгийг мэдэрлээ. Талх хийхэд уутлах уутгүй, хэдэн өндөг аваад хайрцаглах савгүй, ус ундааны үйлдвэрүүд байгаа ч шил лаазгүй болсон. Энэ бол өнгөрсөн 30 жилд хийх ёстой байсан ч хийгээгүй ажлуудын л гор гарч байгаа хэрэг. 

Тиймээс өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлогыг Монгол Ардын Намаас дэвшүүлж тавиад одоо нефтийн үйлдвэрээ барьж байна. Нефтийн үйлдвэр, томоохон эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулахад дотоод, гадаад олон хүчин зүйлс нөлөөлдөг. 

Нефтийн үйлдвэр дээр гэхэд л 3-4 улсын оролцоотойгоор баригдаж байна. Хил гаалийн асуудлаас болж цаг алдсан, өндөр технологи шаардсан ажил учраас ажиллах хүчин хомстолтой зэрэг олон бэрхшээл бий. Гэхдээ 2026 онд үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс дотоодынхоо хэрэглээний  шатахууныг бүрэн хангах боломж бүрдэнэ.

-Шатахууны хараат бус байдлаас гарах мөрөөдөл бол 100 гаруй жилийн мөрөөдөл. Нийслэл хүрээнд Богд хаан ганц машин оруулж ирсэн цагаас хойш л бид шатахууны эрэлд гарцгаасан. Сүүлийн үед шатахууны хомстол үүсэх эрсдэл бий гэсэн болгоомжлол ард иргэдийн дунд их байна?
-ОХУ үймээн самуунтай байгаа ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шатахуунаа нийлүүлсээр байна. Гэхдээ манай хэрэглээ өсөж байна. Оросын тал “Бид гэрээнд заасан шатахуунаа өгч байгаа. Танай хэрэглээ өсөж байгаад бид буруугүй шүү дээ” хэмээн хэлэх болсон. Уул уурхайн олборлолт, тээвэрлэлт өсөж дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад шатахуун, тос тослох материалын хэрэглээний өсөлтөд нөлөөлж байна. Эдийн засаг өсөж, эргэлт нэмэгдэхийн хэрээр бидний хэрэглээ ч нэмэгдэж байна. Тиймээс урт хугацаанд төлөвлөж, боломжтой хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжуудыг бүрдүүлэх шаардлагатай.

-Нэг үеэ бодоход Монгол Улсын гадаад харилцаа сэргэсэн. Монголд итгэх итгэл нэмэгдсэн?
-Тийм ээ. Гадаад харилцааны асуудал дээр том ахиц дэвшил гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн манлайлал доор гадаад харилцаа шинэ шатанд гарч байна. Засгийн газар тэр дундаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг би их сайн ажиллаж байгаа гэж дүгнэдэг хүмүүсийн нэг нь. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд Ромын пап, Франц, Польшийн Ерөнхийлөгч, Япон, Өмнөд Солонгос, Орос, Хятадын гадаад харилцааны сайд Монгол Улсад ээлж дараалан өндөр хэмжээний айлчлал хийлээ. Олон улсад болдог дээд хэмжээний уулзалт, хурал цуглаанууд Монгол Улсад болж байна. 

Монгол Улсын төр засгийн тэргүүнүүдийг гаднын улсуудаас урих боллоо. Үндсэндээ дэлхий нийтийн анхаарал Монгол Улс руу төвлөрсөн хоёр жил өнгөрч байна. Үүнийг дагаад Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Монгол Улсын аюулгүй байдалд анхаарал тавьдаг улс орны тоо нэмэгдэж байгаад талархууштай юм. 

-Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд томоохон төслүүд, бодлогын баримт бичгүүд оруулж ирдэг. Шинэ оны өмнө гэхэд бүсчилсэн хөгжлийн талаар томоохон мэдэгдлүүд хийсэн. Магадгүй зарим хүнд хэтэрхий их мөрөөдөмтгий, үсчиж савчаад байгаа юм шиг харагддаг байх л даа?
-Бүх бодлогын суурь нь “Алсын хараа 2050”. Энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг зарлаж, хот хөдөөгөө хөгжүүлэх, аж үйлдвэрээ сэргээхийн тулд бүсчилсэн хөгжлийн асуудлыг сөхөн гаргаж ирэхээс өөр аргагүй болсон. Бүсчилсэн хөгжлийн талаар бид 2000 оноос хойш л ярьсан, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Гэвч дорвитой арга хэмжээ авч, бодитой ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. 

Гучин жилийн турш нийслэлийг зорьсон их нүүдлийг зогсоохын тулд  хөдөөгөө  бүсчилж хөгжүүлэх шаардлагатай бид тулгарч байна. Үндсэн хуулиа  өөрчилж,  анх удаа парламентын сонгуулийг холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор явуулснаар тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гэж байна. 

Ерөнхий сайд 2024 оны Улсын төсвийг хэлэлцэхээс өмнө бүх аймгаар тойрч иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсож, нэн даруй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан. Анх удаагаа УИХ-ын гишүүдийн амаар бус ард түмний хүслээр улсын төсвийг хуваарилсан гэхэд болно. 

Одоо Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн ХАА, газар тариаланг шинэ түвшинд гаргаж, хүнс экспортлогч бүс, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэгч бүс, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг  хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний гол бүс, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглэсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн аялал жуулчлалын бүс, Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хүнд аж үйлдвэр,  байгалийн эко  аялал жуулчлалын төрөлжсөн бүс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон тус тус хөгжүүлэх зорилт тавилаа.

 Ер нь бүсчилсэн хөгжил хөгждөггүй нэг гол шалтгаан нь сонгуулийн тойрог байсан. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд дараагийн сонгуульд сонгогдохоо бодоод улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, 1000 хүнтэй суманд 600 хүүхдийн сургууль барьдаг, өнөөх сургууль нь 200 хүрэхгүй хүүхэдтэй хичээллэдэг байдал хаа сайгүй байна. Ер нь цаашдаа бид бүсчилж хөгжих ёстой юм байна. Монгол Улсын 3.5 сая хүний тэн хагас нь Нийслэлд амьдардаг. Үлдсэн хэсэг нь 330 суманд хуваагдаж уул уулын мухарт 1000-2000-гаараа амьдарч байна. Үүнийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаа. 

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж бүсчилсэн байдлаар тойргуудыг хуваасан. Монголчуудын хувьд бол энэ анхны тохиолдол. Хуулийн төслийг харсан олон хүн “МАН яагаад ийм хууль барьж орж ирэв” гэж гайхсан. Өмнөх сонгуулиудыг харахад МАН жижиг тойрог дээр ялах магадлал өндөртэй шүү дээ?
-Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед “Ийм хууль гаргаад танай нам ялагдана шүү” гэж сануулах хүмүүс ч байсан. Бид ялалт харж, өөрсдийгөө бодохоос илүүтэй улс орны эрх ашгийг харсан шийдвэр гаргасан.  


-Үндсэн хуульд өөрчлөлт хийх, гишүүдийн тоог нэмэх асуудал үе үеийн парламентаар яригддаг. Гэвч хэн ч зориглож хийж чадаагүй. Харин танай нам энэ асуудлыг их амархан, зөвшилцлийн маягаар шийдэж чадлаа гэж би харж байгаа?
-Үндсэн хууль гэдэг өөрөө нийгмийн гэрээ. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд олон талын зөвшилцөл явах ёстой. Улс төрийн намууд, ард иргэд, нийгмийн бүхий л төлөөлөлтэй уулзаж, санал авах шаардлагатай болсон. Үүнд Монгол Ардын Нам эрх баригч намын хувьд яах аргагүй манлайлал үзүүлж оролцсон. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга маань онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хоёр хүний зориглож хийсэн ажлыг олон жилийн дараа түүх болгон ярих байх. 

Ер нь өнгөрсөн туулай жилд бид олон жил ярьсан асуудлуудаа цэгцэлж бугшсан идээ бээрээ шахаж, суурь өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Арван таван жил өөрчилж чадаагүй Улс төрийн намуудын тухай хуулиа өөрчилж, Сонгуулийн тухай хуулиа шинэчилж, тойргуудаа шинээр зурж, холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудлыг анх удаа Үндсэн хуульдаа тусгаж, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хангаж, тогтолцооны том реформ хийж чадлаа. Монголчуудын түүхэнд туулай жил тодоор бичигдэж хэдэн арван жилийн дараа ч яригдах болно. 1921 оны тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн, 1961 онд НҮБ-д элссэн, 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц түүхэн өөрчлөлтийн жил болон түүхэнд үлдэх болно.

-Бүсчилсэн тойрог эмэгтэйчүүдэд тун хүнд тусаж байх шиг байна. Энэ талаар танд эмэгтэйчүүдээс гомдол хэр их ирж байна вэ?
-Сонгуулийн бүсчилсэн тойрог дан ганц эмэгтэйчүүдэд биш олон хүнд гэнэтийн мэдээ болсон байх. Гэхдээ бид улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж шийдвэрүүдээ гаргах ёстой гэдэгт гишүүд маань санал нэгдэж байгаа.  Ер нь Монгол Ардын Нам анх байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийнхээ эрхийг хангах талаар дэвшилтэд бодлого баримталсаар ирсэн нам. Анхны Үндсэн хуулиа 2024 онд батлахдаа л эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан. Энэ цагаас хойш үргэлж эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх тал дээр томоохон шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн маань 30 хувь нь эмэгтэйчүүд байх болно. Өмнө нь 20 хувь нь эмэгтэйчүүд байсан. Ирэх 2028 оны сонгуульд нэр дэвшигчдийн 40 хувьд нь эмэгтэйчүүд байх заалтыг хуульд тусгаж өглөө. Намын нэрээр нэр дэвших эмэгтэйчүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтад эрэмбэлэхдээ хүйсээр нь сөөлжлүүлж бичнэ гэсэн заалтыг хуульчилж өглөө. Жагсаалтаас гадна 14 эмэгтэй тойрогт нэр дэвшинэ. Хуулийн ийм зохицуулалтууд хийснээр түүхэнд байгаагүй олон эмэгтэй төрийн эрх барих дээд байгууллагад орж ирнэ гэж харж байгаа. Монгол Ардын Нам аль болох шинэлэг, дэвшилттэй бодлого баримтлахыг зорьж байна.

-Сонгуульд өрсөлдөх гэж байгаа улс төрийн хүчнүүд дотроо бас үймээнтэй, дарга цэргээ үл хүлээн зөвшөөрч, тамга тэмдгээ булаацалдсаар байна. Зарим намын гишүүд нь намынхаа даргыг “Монгол Ардын Намтай нийлээд байгаа учраас хөөнө” гэдэг мэдэгдэл хүртэл хийж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн 30 жил хэт их улстөржиж, хэтэрхий их намчирхсаны гор л доо. Үнэхээр ард түмнээ бодож байгаа бол улс орны ирээдүй, хувь заяатай холбоотой асуудлыг нэг ширээний ард сууж байгаад ярилцаж чаддаг, санал бодлоо илэрхийлж, зөв асуудлыг дэмжиж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр парламентад суудалтай намууд нэгдэж ажлын хэсэг байгуулаад Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа боловсруулж байна. Энэ том дэвшил. Монгол Ардын Нам байгуулсан ялалт, авсан суудлынхаа тоогоор хүч түрж асуудлыг ганцаараа шийдэх гэхээсээ илүүтэй бусад намтай зөвшилцөж, тэдний үгийг сонсож ажиллах ёстой гэсэн байр суурь баримталдаг.

-Сонгууль хаяанд тулчихлаа. Монгол Ардын Нам хэнийг нэр дэвшүүлэх бол гэсэн асуулт улстөрчдийн төдийгүй нийт олны анхаарлыг татаж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Улс төрийн сонгуульд оролцох хууль, дүрмийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана. Удахгүй Монгол Ардын Намын Бага хурал хуралдаж сонгуульд  нэр дэвшүүлэх журмаа батална. 

Нэр цэвэр, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, мэдлэг боловсролтой, ард түмний итгэлийг хүлээж чадах шалгуурт тэнцэх олон мянган хүн манай намд бий. Тиймээс тойргууд дээр судалгаа явуулж, сонгогчдын, гишүүд дэмжигчдийн саналд тулгуурлан нэр дэвшигчдээ тодруулна. Олон нийтийн зүгээс намын жагсаалтад нэр хүндээ алдсан, хэрэг төвөгт холбогдсон дарга нараа оруулчихав гэж болгоомжлуулж байна. МАН-ын дарга намын жагсаалтад салбар салбарын төлөөллүүд, төрд хэрэгтэй мэргэжилтнүүдийг оруулах бодлого баримтлахаа ил тод зарлаж байгаа. 

-Сонгуульд оролцож байгаа эрх баригч намд нэг том зовлон байдаг. Энэ бол хийгээгүй ажлаасаа илүүтэй хийсэн ажилдаа шүүмжлүүлдэг?
-Өнөөдөр 103 жилийнхээ түүхийг бичиж байгаа Монгол Ардын Нам Монгол Улсын хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн бүхий л цаг үед ард түмэнтэйгээ байсан. Бид өнгөрсөн алдааг засаж залруулах гэж ард түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож эдийн засгийн хувьд тусгаар тогтносон Монгол Улсыг бүтээхээр чармайж байна. Алдсан алдаа бий. 

Гэхдээ олсон ололт, хүрсэн амжилт түүнээс ч их бий гэж дүгнэхэд буруудахгүй байх. Амаргүй хүнд цаг үед ажиллаж эдийн засгаа сэргээж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцсэн. Энэ тэмцэл цаашид ч үргэлжлэх ёстой. Төрийн тогтвортой байдал үргэлжилж байж олж авсан амжилтуудаа бид бататгаж, Шинэ сэргэлтийн зургаан бодлогоо бүрэн хэрэгжүүлж чадна.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Цоож

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


1
angry
1
care
1
haha
9
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.29
2024/03/16
1
0
авилгын хэргээр шоронд суусан хүн ийм юм яриад сууж байх юм гайхмаар
Хариулах
139.5.218.122
Өчигдөр
0
0
Ёстой ёстой. Энэ гар чинь нээрээ бараг 1 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож хоригдож байгаад гарсан нь үнэн. Угаасаа худлаа гар аа. Амарбаясгалан энэ хоёр бол ерөөсөө худлаа улсууд.
Хариулах
202.126.90.19
2024/03/11
0
1
Үнэн. Хүмүүс ой санамжтай баймаар юм аа. Цар тахалгүй, дайн дажингүй энх цагт улсын төсвийг, банк санхүүтэй нь уутыг нь сэгсрээд өгсөн улсыг олон хүнд давааг давж, өдий зэрэгтэй авч яваа нь МАН шүү. Тролл с бусад нь ойлгож л байгаа. Эрдэнэт, Дархан Төмөрлөг, Хөтөл, Багануур гээд бүгдийг авсан байсныг энэ нам элдвээр хэлүүлж улсдаа буцааж авлаа. Хүмүүс ой санамжаа сэргээ. Мөнгөний троллуудыг дагаж намираад байхгүй өөрийн бодолтой байх хэрэгтэй.
Хариулах
139.5.218.122
Өчигдөр
0
0
Бөгс долоогчид одоо явахаа байсаан андаа. Ер нь хүний Бөгс долоогоод баас л амтагдах шүү дээ миний хөгшин. МАН бол сайн нам. Энэ мэтийн үлгэрийн баатруудад боломж олгодог сайн нам. Харин энэ мэт баасны ялаанууд МАН-ыг гадна талдаа төдийгүй намынхаа гишүүдийн дэмжигчдийн дунд хог хор болгож байгаа юм даа хөөрхий
Хариулах
103.212.118.201
2024/03/11
2
0
Цүнх баригч л залуу шүү дээ зайлуул. Дарга сэтэр дуртай нэг тиймхэн л нөхөр. Эр хүний жудаг, хүн чанар тал дээрээ Амарбаясгалан энэ хоёр тун базаахгүй. Ханилж яваад нөхрөө зантай л улс. 30 жилийн завхрал гэж сүртэй мэдэгдэл хийхийнхээ оронд алгынхан чинээ Намынхаа дүрмийг хэрэгжүүлэх тал дээр Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах санаачлага гаргаж ажиллаач ээ. Танай намын дүрмээр ЕНБД чинь өөр ажил албан тушаал хавсрахыг хориглодог атал ЗГХЭГ-ын дарга хийгээд дээрээс нь тэр Бор тээг гээч юманд дунд сургуулийн хажуу ангийнхаа хүүхэдтэй орооцолдоод олны дунд ихээхэн эргэлзээ дагуулж байна. Энэ зэргийг дотоод асуудлаа, зарчмаа барьж чадахгүй байж улсын хэмжээний 30 жилийн алдаа гэж өнгөрсөнрүү төөрүүлэх хэрэг байхгүй байх аа Энхбаатараа. Ядаж өөрөөс эхэл. Хүнтэй мэндтэй устай, дуутай шуутай бай. Хамар дор нь баас түрхсэн юм шиг зангаа засаж байж нийтийн төлөө, олны төлөө гэж дуугарах хэрэгтэй.
Хариулах
202.126.89.95
2024/03/11
1
0
Нам аас нэр дэвших гэж авилгал цуглуулж ..цэцэглүүлэх танай нам больчих хэрэгтэй ..тэгвэл төр цэвэршинэ...
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22